Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/26

 

       2021        01          25                                          2021/ШЦТ/26

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 180/2021/0022/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Ж.Хонгорзул,

Улсын яллагч                                                  Ж.Батбаатар,

Хохирогч                                                           С.У,                            

Шүүгдэгч                                                          ******* нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 20390...дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                                                                   

Шүүгдэгч  ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Дунд-Ар” гэх улсын тусгай хамгаалалттай газарт хууль бусаар 2 ширхэг шинэс модыг зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэж байгаль орчинд 55.327,6 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Дунд-Ар” гэх улсын тусгай хамгаалалттай газарт 2 ширхэг шинэс модыг зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж 55.327,6 төгрөгийн хохирол учруулсан  болох нь:

 

1. Хохирогч С.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... Миний бие тус сумын байгаль хамгаалагчаар 2008 оны 04 дүгээр сарын 01-ний  өдрөөс эхлэн ажиллаж байна. Тус сумын 2 дугаар багийн нутаг Хан Хэнтий тусгай хамгаалалттай газрын харьяа “Дунд ар” гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 11-ний  хооронд хууль бусаар 2 ширхэг хуш мод бэлтгэсэн гэх 1100.050.20.0003739 дугаартай гомдол мэдээлэлд сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/175 тоот захирамжаар Өмнөдэлгэр сумыг төлөөлүүлэн иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байна... Тус газар нь Хан Хэнтий дархан цаазат газрын Бурхан Халдун Хэрлэнгийн онгон бүсэд хамаардаг. Байгаль орчны хувь их хэмжээний ойгоор хүрээлэгдсэн онгон бүсийн газар юм... Өмнөдэлгэр сумын ойн ангиас гарах экологи  эдийн засгийн үнэлгээ болон Хан Хэнтий дархан цаазат газрын улсын байцаагчийн актад тусгасан нийт хохирлыг хараагүй болохоор ямар хохирол учирсан талаар одоогоор мэдэхгүй байна... Миний хувьд ойн ангиас гарах экологи  эдийн засгийн үнэлгээ болон Хан Хэнтий дархан цаазат газрын улсын байцаагчийн актад тусгасан нийт хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдолгүй гэсэн хүсэлтээ албан ёсоор гаргаж өгнө... “ гэсэн  мэдүүлэг / хх-ийн 21-22 тал /

2. Шүүгдэгч  *******гийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар  өгсөн “... 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Дунд-Ар”  гэх газар бид нар байрлаж самар түүж байсан юм. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бид нарын түлээний мод дууссан байсан. Тухайн өдөр гадаа их хүйтэн байсан учраас их даараад, түлээний мод авчрахаар явсан. Бид нарын байрлаж байсан гзараас зүүн урагшаа 25 орчим метр газарт хэсэг мод байсан. Тэгээд хамгийн хуурай гэж харагдсан 2 модоо цахилгаан хөрөөгөөр тайрахад эхний мод нь өмх мод байсан. 2 дахь мод нь хар нойтон мод байсан. Нэгэнт модоо унагаачихсан юм чинь гээд 20 орчим хэрчим болгоод байрлаж байсан газар руугаа зөөж аваачсан. Тэгээд удалгүй цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Байгаль орчны алба хаагч зэрэг ирээд нойтон мод унагасан байна гэж хэлээд бид нарын жижиглэсэн модны зураг цахилгаан хөрөөний зураг зэргийг авсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52  тал/

3. Гэрч Б.Уранбайгалийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... Би 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А болон Тэгшжаргал, ... хүмүүсийн хамтаар хуш модны самар түүх зорилгоор Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Дунд ар ” гэх газар руу замын унаагаар хүргүүлсэн. Бид нар “Дунд ар” гэх газраа олоод самар түүх хугацаанд түлээний модгүй болж 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хамт явсан А нь цахилгаан хөрөө ашиглан отоглож байсан байрнаас ертөнцийн зүгээр урагш 20 метр зайнаас 2 ширхэг босоо хуурай шинэс модыг хөрөөдөж унагасан. Хөрөөдөж унагасан 2 ширхэг шинэс модоо хэрчимлэж жижиг болгон хөрөөдөөд отоглож байсан байрныхаа урд авчирч хураасан... А цахилгаан хөрөө ашиглаж 2 ширхэг шинэс модыг унагах үед отоглож байсан байран дотроо байсан. Цахилгаан хөрөөний дуу гараад мод унах чимээ гарч байсан. Намайг отог дотроос гарч ирэхэд А унагасан модоо жижиглээд отоглож байсан байрны гадаа авчраад хурааж байсан... Мод унагахдаа ашигласан цахилгаан хөрөө ногоон өнгийх байсан. Харин ямар маркийн хөрөө байсныг мэдэхгүй... “  гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/

4. Ойн экологи, эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 30 тал/

5. Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч С.Амгаланбаатарын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Нөхөн төлбөр тогтоох тухай” акт /хх-ийн 33-34 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд  зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар  мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 55.327,6 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч С.Амгаланбаатарын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Нөхөн төлбөр тогтоох тухай” актаар тогтоогдсон ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 174983 төгрөгийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын байгаль хамгаалах санд төлсөн болох нь түүний шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх  тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг цахилгаан хөрөөг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хурааж  улсын төсөвт шилжүүлэхээр тогтов. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлсөн  нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь  заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн  байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аг  улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан шүүгдэгч *******д   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2  жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 3.3  дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******д   тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах,  оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн,  гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч  *******д  анхааруулсугай.

 

5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч *******гийн тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн  8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөөг хурааж  улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ