Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/27

 

 

 

2021        01         25                                         2021/ШЦТ/27

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0023/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Ж.Хонгорзул,

Улсын яллагч                                                  Ж.Батбаатар,

Шүүгдэгч                                                          ******* нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  *******-д холбогдох 2090_... дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн эхнэр болох М.Эг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвд эхнэр М.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1. Хохирогч М.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... Би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Төвийн баг Үзүүр толгойн 5-3 тоотод нөхөр 2 хүүхдийнхээ хамтаар амьдардаг юм. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед намайг өөрийн гэртээ нөхөр 2 хүүхдийнхээ хамтаар байж байхад гаднаас Жимсээ, Гангантөгс нар манай гэрт орж ирээд сумын бүжигт оръё гэж хэлсэн. Тэгээд бид манай гэрээс гараад сумын бүжигт орох гэж байгаад болиод Жаргалтхаан сумын “Хаан-Уул” нэртэй зоогийн газраас 2.5л нийслэл нэртэй пиво аваад хоорондоо ярилцаж байгаад Жимсээгийн гэрийн гадаа очоод машин дотор нь  2.5л  пиво ууж дуусгаад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны 01 цагийн үед Жимсээ гэр рүүгээ ороод М.Э эгч бид 2 гэр гэртээ  харьсан. Тэгээд гэртээ ирэхэд нөхөр маань бас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу байж байх нь таараад би өөрөө эхэлж нөхөртөө уурлан гарт баригдсан эд зүйлсээ авч чулуудаад юу болсныг сайн санахгүй байна. Өглөө миний бие өвдөөд хөдөлж чадахгүй чадахгүй хамт ажилладаг хүний гэрт унтаж байсан. Ингээд түргэн тусламж дуудаж үзүүлээд Улаанбаатар хотын Багануур дүүрэг рүү үзүүлэхээр яваад Багануур дүүрэгт дүүгийндээ хэд хонож байгаад сумын төв оролгүй хөдөө гэртээ байж байгаад дөнгөж сая Жаргалтхаан сумын төвд орж ирж байгаа юм... Ер нь жоохон согтуу байсан. Харьж явах замдаа салхинд цохиулсан байсан... Тухайн үед Багануур дүүрэгт очиж үзүүлэхэд нуруу хэсгийн мэдрэлийн цочрол өгсөн байна гэж хэлсэн. Мөн том хүүгээсээ асуухад тухайн шөнө согтуу гэрээсээ гарна гэж явж байгаад гэрийнхээ гадаа хаяанд байсан нүүрсний төмпөн дээр бас унасан юм гэсэн. Би өөрөө юу ч санахгүй байгаа юм... Урьд нөхөр маань намайг зодож байгаагүй. Гэр бүл болсон хойно хааяа маргалдах үе бол байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө л архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэртээ харьж маргалдсан байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8 тал/

Хохирогч М.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн:  “... Миний биеийн  байдал одоо зүгээр байна. Миний хавирга гэмтсэн асуудал байхгүй байна. Цээжний зураг авахуулахад зүгээр гарсан. Тухайн үед нөхөр маань намайг нэг удаа нүүрэнд алгадсан. Тэгж алгадуулснаас болж, миний дээд, доод уруул бага зэрэг хөхөрсөн, дээд уруулын дотор талд бага зэрэг язарсан. Эмч үзээд тархи доргисон байна гэж байсан. Би тэр шөнө нөхөртэйгөө  маргалдаад гэрээс гараад гэрийн үүдэнд нүүрсний төмпөн дээр унасан байсан. Тэрнээс болж зүүн талын хавирга хөндүүр болсон байсан... Надад гомдол, санал байхгүй. Би нөхөртэйгөө эвлэрсэн.. Би шүүх хуралд оролцохгүй...   “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 тал /

 

2. Гэрч Ж.Гангантөгсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...  Би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг Үзүүр толгой 7-11 тоотод хүүхдийнхээ хамтаар амьдардаг. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед би Жимсээ эгчтэй таараад сумын бүжигт оръё гэж ярилцаад бид хоёр М.Э эгчийн гэр лүү нь очсон. Ингээд М.Э эгчийн нөхөр болох *******оос гуйгаад зөвшөөрөл аваад Жимсээ эгч Э эгч бид 3 Э эгчийн гэрээс гараад сумын бүжигт оръё гэж байгаад болиод сумын “Хаан-Уул” нэртэй зоогийн газраас 2.5л нийслэл нэртэй пиво ууж дуусгаад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны 01 цагийн Жимсээ эгч гэр лүүгээ ороод М.Э эгч бид 2 гэр гэр лүүгээ харьсан... Ямар нэгэн шалтгаан байгаагүй. Зүгээр л таараад ярьж сууя гээд ганц пиво уусан юм... Би өглөө нь л сонссон.. Эын хувьд зан байдлын хувьд төлөв даруухан тохитой томоотой хүн л дээ. Гайгүй хүн л дээ...  “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 тал/

 

3. Гэрч Ш.Жимсээгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... Би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг Оонт 3-2 тоотод нөхөр хүүхдийнхээ хамт амьдардаг. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны орой сургуульд ажилладаг Гангантөгс бид 2 уулзаад сумын бүжигт оръё гэж хоорондоо ярилцаад найз болох М.Эгийн гэр лүү очсон. Ингээд М.Эгийн нөхөр болох *******оос гуйгаад зөвшөөрөл аваад Гангантөгс, Э бид 3  Эгийн гэрээс гараад сумын бүжигт орох гэж байгаад болиод сумын “Хаан-Уул” нэртэй зоогийн газраас 2.5 л нийслэл нэртэй пиво аваад хоорондоо ярилцаж байгаад манай гэрийн гадаа машинаа тавиад манай гэрийн гадаа машин дотроо уусан. Ингээд тэр пивоо ууж дуусгаад нэлээн удаан бид 3 юм ярьж сууж байгаад тэр 2 гэр лүүгээ алхаж яваад би гэртээ орсон. Өөр зүйлийн талаар мэдэхгүй. Харин өнөө өглөө буюу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цагт ажил дээрээ ирээд байж байхад *******ын ээж над руу залгаад. Та нар өчигдөр юу хийсэн юм бэ манай хүүг цагдаа нар ирээд аваад явлаа гэж хэлсэн... Би мэдэхгүй байж байгаад сая л цагдаагийн байгууллагын ажилтнаас сонслоо... Тиймээ хаая аа... Э нь зан байдлын хувьд төлөв даруухан тохитой томоотой хүн л дээ. Би *******ыг эхнэрээ зодсон гэхээр гайхаад л байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/

4. Гэрч Т.Сүрэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Төвийн баг Хүрээлэн 103-1 тоотод хүүхдийнхээ хамтаар амьдардаг. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн үүрээр 05 цаг 30 минутын үед шиг санаж байна. Манай найз М.Э над руу залгаад манай гэрт хүрээд ирээч гэж хэлсэн. Манай гэр болон М.Эгийн гэр хоорондоо ойрхон байдаг юм л даа. Тэгээд М.Эгийн гэрийн гадаа очоод М.Эгийн утас руу нь залгаад ирчих лээ гэж хэлсэн чинь М.Э гэрээсээ гарч ирсэн. Анх М.Э гэрээсээ гарч ирэхдээ нэг л сонин явж чадахгүй гарч ирсэн. Тэгээд би М.Эгаас юу болов гэж асуусан чинь М.Э надад хандан: Манай нөхөр Э намайг зодчихлоо, танай гэрт очиж хонодог юм уу гэж хэлсэн. Ингээд би М.Эг гэр лүүгээ авч явсан. М.Э манай гэрт ирээд ердөө амьсгалж чадахгүй байхаар нь би хавирга нь хугарчихсан юм болов уу гэж бодоод яаралтай сумын эмнэлэг дуудсан. Тэгээд эмч ирээд Багануур дүүргийн эмнэлэг рүү яв гэж хэлээд өглөө нь цагдаад дуудлага өгөөд Байгаль орчны улсын байцаагч Түмэнжаргалыг дуудаад машинаар нь М.Э, Түмэнжаргал бид 3 Багануур дүүргийн эмнэлэг рүү явсан... М.Эгийн уруул нь язраад гар хуруу нь цус болсон байсан. Бас амьсгалж чадахгүй хавирганыхаа ойр орчимд өвдөж байна гэж хэлсэн... М.Э надад хэлэхдээ манай нөхөр Э зодчихлоо гэж байсан... Тэрийг би сайн мэдэхгүй. 11 дүгээр сарын 03-ны өдөр нэг л зодсон байх...  “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/

 

5. Насанд хүрээгүй гэрч  Э.Мөнх-Алдарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... Ээж маань 2020 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө гэртээ орж ирсэн. Тэр үед аав бид нар гэртээ унтаж байсан. Тэгээд аав босоод явсан. Тэр үеэр нь би дүүгээ тэврээд унтаад өгсөн. Тэгээд өглөө сэрэхэд гэрт аав, дүү бид гурав унтаж байсан. Ээж маань бол гэртээ байхгүй байсан... Манай дүүг Энх-Алдар гэдэг. Дүү маань 3 настай... Аав маань 2020 оны 11 дүгээр сарын 02-ны орой гэртээ ирэхдээ архи уусан байсан. Харин 11 дүгээр сарын 03-ны шөнө ээжийг ирэхэд бол зүгээр болсон байсан... Би тэр үед унтаж байсан болохоор мэдэхгүй байна... Ээж маань шөнө гэртээ ганцаараа орж ирсэн. Орж ирэхдээ архи уусан байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/

 

6. Гэрч Ц.Пүрэвдуламын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Э нь миний 3 дахь хүү байгаа юм л даа. Хүү маань зан байдлын хувьд төлөв даруухан их л томоотой. Эсэн бусан ааш авир байхгүй. 8 дугаар анги төгсөөд л хөдөө мал дээр гарсан. Сүүлийн 2-с 3 жил сумын эмнэлгийн галчаар ажиллаж байсан. Их л томоотой хүү байгаа юм... Хүү маань хааяа л найз нөхөдтэйгөө архи уудаг байх. Тэгэхдээ байнга уудаггүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/

 

 7. Гэрч Г.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... Би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвийн баг Шийрийн 1-7 тоотод эхнэр хүүхдийнхээ хамтаар амьдардаг юм. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө хэдэн цаг гэдгийг нь сайн санахгүй байна. Ажилдаа явахын өмнө манай ажлын Т.Сүрэнцэцэг над руу залгаад М.Эг нөхөр нь  зодсон байна. Чи хүрээд ирээч Багануурын эмнэлэг рүү явах гээд байна гэж хэлсэн. Ингээд би Т.Сүрэнцэцэгийн гэрт нь очсон чинь М.Э хавиргаа  бариад ёолоод нөхөртөө зодуулсан гээд хэвтэж байсан. Ингээд Т.Сүрэнцэцэг бид хоёр  М.Эг аваад Улаанбаатар хотын Багануур дүүргийн эмнэлэг яваад хүргэж өгчихөөд ирсэн. Харин М.Э Багануурт үлдсэн... Би сайн мэдэхгүй намайг харахад лав уруул нь язарсан байсан... Уг нь зан байдлын хувьд төлөв даруухан эхнэртэйгээ муудаад байдаггүй. Хааяа архи уудаг байх гэж боддог. Мөн архи уухаараа цагдаа сэргийлэх гээд яваад байдаггүй л хүн байгаа юм...  “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/

 

8. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №710 дугаартай: “...    

1. М.Эгийн биед уруулын дотор салстад язарсан шарх, дээд, доод, уруул,  духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Биед учирсан гэмтэл нь амь насанд аюулгүй байна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 тал/

9. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...  Би 2020 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг Үзүүр толгойн 05-03 тоотод гэртээ эхнэр М.Этай маргалдаж байгаад М.Эгийн нүүрэн тус газар нь нэг удаа алгадсан. Тухайн үед миний гарын алгадалт уруул, духанд гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Уг асуудал болохын урьд орой буюу 2020 оны 11 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед эхнэр маань гэрээсээ хоёр найзынхаа хамтаар сумын бүжигт орохоор явсан юм. Би тэр орой эхнэрийг бүжигт явахаас өмнө найз Амгаланбаярын гэрт архи уугаад ирсэн байсан юм. Тэгээд би зурагт үзэж байгаад унтаад өгсөн байсан юм. Тэгтэл 2020 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 04 цагийн үед манай эхнэр Э пиво уучихсан бололтой нилээн согтуу ганцаараа орж ирсэн. Тэгэхээр нь би чи хаагуур яваад ирэв гэсэн чинь, надад уурлаад гэрээсээ гарч явах гээд байсан. Тэгээд би чи унт гэсэн чинь гэрийн гал тогооны шүүгээн дээр байсан эд зүйлийг унагаасан. Тэгэхээр нь миний уур хүрээд нүүрэн тус газар нь нилээн чанга алгадсан нь үнэн. Тэгтэл эхнэр гэрээс гарч үүдэнд нүүрсний төмпөн дугаргаад унаад өгсөн. Тэгээд би араас нь гарч гэрт оруулсан. Ингээд манай эхнэр шаралхаад найзыгаа утсаар дуудсан. Тэгээд найз нь  манай гэрийн гадаа ирчихлээ гээд утсаар хэлсэн чинь Э гэрээс гарч явсан. Араас нь харсан чинь найз Сүрэнцэцэгийн хамт явж байгаа харагдсан. Тэгээд би гэртээ унтаад өгсөн. Би өөрийн үйлдсэн хэрэгт гэмшиж байна. Өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна... “  гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад “... М.Э би 2020 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө нөхөр *******од зодуулсан... Бид хоёр сайн дураараа эвлэрсэн, ...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... “ /хх-ийн 74 тал/ гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн, шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад: “... нэхэмжлэх зүйлгүй... ” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 360  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газарт  өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин, хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ