| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2021/0024/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/32 |
| Огноо | 2021-01-29 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/32
2021 01 29 2021/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0024/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул
Улсын яллагч Ж.Батбаатар
Хохирогч Б.Б
Хохирогчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 2039......... дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар баг, Сэрүүдийн ар гэх газарт иргэн Б.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түлхэж унаган толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар баг, Сэрүүдийн ар гэх газарт иргэн Б.Бтэй маргалдаж түлхэж унаган толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг “Согоотын-Адаг” гэх газар би үхрээ туугаад явж байсан чинь О морьтой явж ирснээ үгийн зөрөөгүй цохиод авсан би мотоцикльтойгоо унасан нэг мэдсэн би ухаан алдсан байсан О яваад өгсөн. Би гэр рүүгээ яваад цагдаад мэдэгдсэн... Таньдаг нэг нутгийн хүмүүс харилцаа холбоо гээд байх юм байхгүй... аль гараараа цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Их хурдан ирээд цохисон. Миний нүүр рүү зүүн чамархай руу хэдэн удаа цохисон гэдгийг нь бас сайн мэдэхгүй байна. Унахад бас зүүн талын чамархай нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би ухаан алдсан шиг байна лээ, сайн санахгүй байгаа юм... Огийн ах Чулуунбаатар, бас аав, ээж нь ирж салгасан гэж Чулуунбаатар хэлж байсан. Би хэн хэн ирсэн гэдгийг мэдэхгүй байгаа. Ямар ч байсан ах Чулуунбаатар нь байсан... толгой өвдөж байна. Гомдолтой байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 тал/
2. Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Манай ээжийг Цэрэнпил гэдэг юм. Манай ээжийн төрсөн ах Чулуунбаатар гэх хүний туслах малчин нь Б гэдэг хүн байсан. Б нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын харъяат гэж сонсож байсан. Урьд өмнө нь би огт таньдаггүй байсан. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгий зүйл огт байхгүй байсан. 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Цэнхэрмандал сумын ”Сэрүүдийн Ар” гэх газар би адуугаа услах гээд худаг дээр очтол Чулуунбаатар ах бас малаа услаж байсан. Гэтэл Чулуунбаатар мал услаж байснаа уурлаж “Чи манай гэр бүлий хүмүүсийг хооронд нь хэрүүл маргаан үүсгээд байна” гэж хэлээд намайг нэг удаа толгой руу цохьсон. Тэгээд би бага зэрэг бухимдаж гэр рүүгээ харьсан. Гэрээсээ буцаад Б ахтай ер нь уулзах гэж очсон. Учир нь Б ах бди нарын дунд хэрүүл үүсгээд байгаа юм. Би Б ахтай муудалцаж байгаагүй. Гэтэл нэг өдөр Чулуунбаатар ах руу хов зөөсөн бололтой Чулуунбаатар ахаас сонссон. О мал услуулахгүй байна, малыг чинь хөөж туугаад хэцүү байна гэж хэлсэн байсан. Тэгээд Б ахтай манай гэрийн урд мотоцикльтой явж байсан. Тэгээд би уулзах гээд очсон. Б ах намайг ирж байна гэж бодоод зогссон. Та яагаад хүнд худлаа ярьж, хов зөөгөөд байгаа юм бэ? гэж хэлсэн. Б ах бага зэрэг сонсгол муу “Би хов зөөгөөгүй гэж хэлсэн. Тэгээд би уурандаа “Та битгий хов зөөгөөд бай” гэж хэлээд мотоциклоос нь түлхэж унагааж, толгой хэсэг рүү нь гараараа 3 удаа цохисон. Тийм л зүйл болсон. Тухайн үед манай эцэг, эх, Чулуунбаатар ах намайг салгасан. Чулуунбаатар ах Б ахыг аваад гэр рүү нь явсан байх. Б ах гэртээ эхнэртэйгээ Чулуунбаатар ах энэ гурав байдаг юм... Б ах мотоциклоос унахдаа нэг чулуу шидэж миний зүүн талын хөлний гуя хэсгийг оносон. Цохисон асуудал байхгүй. Шидсэн чулуу нь ямар нэгэн гэмтэл учруулаагүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 тал/
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна... Миний хувьд шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтэнд хохирогч Б.Бгийн зүүн нүдний ухархайн хугарал, бас зүүн нүднээс суурь яс хүртэл хугарсан гэмтэл гарсан. Үнэхээр зүүн нүдний дотор яс гэмтсэн бол гадна талдаа ч гэсэн миний цохилтоос зүүн нүдэнд хөхрөлт няцралт цус хуралт үүснэ биз дээ. Тэгэхэд ийм гэмтлүүд Б.Бгийн нүдэнд учраагүй байна. Миний цохилтын улмаас зүүн нүдэнд гэмтэл учирсан л гэж байгаа бол заавал хөхрөлт, няцралт, хавдалт үүсэх ёстой эмчийн оношинд энэ гэмтлүүд учирсан байна гэж дүгнэлт гарсан боловч дээрх хүн маань эв эрүүл сав саруул хэвийн байдалтай байгаа. Тийм учраас хүнд гэмтэл учирсан гэдэгт эргэлзээтэй байна... Ер нь бол бид нар нэг нутаг усанд нутагладаг. Одоогоос нэг жилийн өмнөөс өнөөдрийг хүртэл бэлчээрийн маргаантай яваад л байсан юм. Б.Б нь манай ээж Цэрэнпилийн төрсөн ах Чулуунбаатарын малыг малладаг туслах малчин байсан юм. Б.Б нь худлаа үнэн юм Чулуунбаатар ахад ярьж биднийг хооронд нь хэрэлдүүлж урулцуулж маш хэцүү байсан. Энэнээс болж Чулуунбаатар ах хүртэл надад гар хүрч байсан. Энэ нөхцөл байдлаас болж Б.Бтэй таарч маргалдаад цохьсон... Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Би ер нь архи уудаггүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37 тал/
3. Гэрч Г.Цэрэнпилийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 4 хүүхэд төрүүлж өсгөсний хамгийн бага нөхөр бид хоёр дээр байдаг хүү маань байгаа юм. Хүү маань Урианхан овогт Өлзийсайханы О гэдэг. Хүү маань 1993 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн. Одоо 27 настай. Хүү маань бага насандаа Улаанбаатар хотын Багануур дүүрэгт цэцэрлэгт хүмүүжиж байгаад 2001 онд анх Багануур дүүргийн 66 дугаар сургуульд элсэн орж 2009 онд дүүргийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн... Ингээд хүү маань Улаанбаатар хотод ямар нэртэйг нь мэдэхгүй байна. Нэг сургуулийн гагнуурын ангид сурч байгаад сургуулиасаа завсардан, бас нэг сургуульд орж геологийн чиглэлээр сурч байгаад тэр сургуулиасаа дахин гарч хотод ажил хийдэг байсан. Ингээд 2012 онд шиг санаж байна. Нөхөр бид хоёр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар баг хөдөө хэсэгт мал маллаж амьдардаг байсан учир өөрсдийн хариулдаг малаа дийлэхгүй болсон учир төрсөн хүү болох *******г авчираад өнөөдрийг хүртэл хүү маань нөхөр бид хоёртой хөдөө мал дээр мал маллаж амьдарч байна. Хүү маань зан байдлын хувьд төлөв даруухан үнэн ч шударга ажилсаг, хичээнгүй, малч ухаантай, хүнтэй зөв боловсон харьцдаг, ааш зан эвдрээгүй гадуур дотуур тэндэггүй, өнөөдрийг хүртэл ... хөдөө л нөхөр бид хоёртой амьдарч байгаа сайн хүүхэд байгаа юм. Саяханаас бас миний нөхөр *******гийн аав болох Г.Өлзийсайхан нь уушиг, зөөлөн эдийн хорт хавдар тусаад бид нар хэд хоног л Улаанбаатар хотоор нөхрийгөө эмчлүүлж явж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Цэнхэрмандал суманд гэртээ ирээд байж байсан. Бас айхтар цар тахал өвчин эмгэг гараад нөхрийгөө бас олигтой эмчлүүлж чадаагүй ирлээ... Хүү маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, харин хааяа л тамхи татаж байгаа харагддаг... Хүү маань урьд гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй... Хүү маань эхнэр огт авч байгаагүй бөгөөд хүүхэд байхгүй. Бид хоёр ч хүүгээ гэрээс гаргаад байдаггүй юм... Би муухан сонссон цаад хүн нь одоогоос жил гарны өмнөөс л миний хүүг хэл амаар доромжлоод хонь малыг нь услуулахгүй, хэрүүл тэмцэл хийгээд л бэлчээрийн маргаан гаргаад байдаг байсан. Би тухай бүр нь хүүгээ тэвч, тэвч гэж хүүдээ хэлдэг байсан. Тэр нөхөр л миний хүүг ийм асуудалд оруулчихлаа. Хүү маань үнэхээр тэвчихгүй болсондоо л цаад хүнээ цохичихсон юм шиг байгаа юм. Би сонсохдоо цаад хүнийх нь садан төрөл нь Улаанбаатар хотод эмнэлэгт ажилладаг их том хүмүүс байдаг гэсэн тэр хүмүүс л хүнд гэмтэл учруулсан гээд гаргасан байх гэж бодож байна. Одоо тэр цаад хүн нь архи уугаад л мотоцикль унаад л явж байдаг гэж би бас сонссон... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/
4. Гэрч Ж.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... ******* нь миний найз Өлзийсайханы хамгийн бага хүү нь байгаа юм. Зан байдлын хувьд төлөв даруухан их томоотой, үгэнд сайн ордог, мал сайн малладаг. Хааяа хөгшин бид хоёрын малыг маллаж өгдөг их сайн хүү байгаа юм. Мөн ******* нь хүнд их тусархаг нутгийн хүмүүст маш сайн ер нь байнга л тусалъя гэж боддог хүүхэд байгаа юм. Хөдөө аав, ээж дээ ******* л тус болж байна даа. Энэ жилээс манай найз Өлзийсайхан нь уушигний хорт хавдар тусаад энэ хэд маань ер нь Улаанбаатар хотоор эмнэлгээр яваад байгаа байх.... ******* нь архи дарс ёстой хэрэглэдэггүй... Нөгөө хүн нь Цэнхэрмандал суманд малтай ирээд 2 жил болж байгаа юм. Эхэндээ тэр нь юу ч хэж ярьдаггүй байсан. Харин сүүлд л одоогоос 1 жилийн өмнөөс л *******тэй бэлчээр булаацалдаж маргаан хийж малыг нь услуулахгүй хөөж туугаад байдаг болсон юм байна лээ. Ингээд л ******* нэг өдөр л уурлаад ийм асуудал болсон байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/
5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №509 дугаартай: “...
1. Б.Бгийн биед зүүн нүдний ухархайн гадна хананаас суурь ясны бага далавч хүрсэн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана, зүүн гайморын хөндийн урд болон гадна ханын зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заагдсанар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай ба цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 тал/
6. Шинжээч Б.Өнөрборгилын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан 509 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд хохирогч Б.Бгийн биед шинжилгээг эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн гэмтэл согог судлалын үндэсний төвд 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн компьютер томографи, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн компьютер томографийн бичлэг болон шинжилгээний дүгнэлтээр шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Дээрх 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн компьютер томографи, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн компьютер томографид нүдний ойр орчимд гэмтэл шарх үүссэн эсэхийг дурьдаагүй байх ба компьютер томографикд нүдний ухархайд хугарал болон бусад гэмтэл тогтоогдсоныг үндэслэн шинжээчийн дүгнэлтийг гаргасан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 80 тал/
7. Гэрч Г.Чулуунбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Бг гэртээ авчрахад Бгийн биед толгой нь хавантай, нүд нь хөхөрсөн, Б өөрөө толгой өвдөж байна гэж надад хэлж байсан. Ингээд Багануур дүүргээс Бгийн хүү Нямдавааг дуудаж Улаанбаатар аваад явсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-103 тал/
8. Гэрч Б.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын сүүлээр шиг санаж байна. Намайг Багануурт байж байхад манай аав Б нь над руу залгаад хүнд зодуулчихлаа хүрээд ир гэж хэлсэн. Ингээд би өөрийн машинтайгаа тэр оройдоо Чулуунбаатар гэх хүний гэрт очиход аав маань Чулуунбаатарын гэрт нь хэвтэж байсан. Тэгээд юу болов гэж асуухад О гэх хүнд бэлчээрт зодуулсан гэж байсан. Тэгээд аавын бие нь муудаад байхаар нь яаралтай аваад тэр оройдоо Улаанбаатар хотын Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв рүү явсан... Тухайн үед манай аав Бгийн толгой тархи нь хавдчихсан нүд нь хөхөрчихсөн хэцүүхэн байдалтай байсан... Аав маань одоогоор Төв аймгийн Мөнгөнморьт сумын хөдөө Бумбат гэх газарт байгаа. Биеийн байдал бас тааруухан бие хаа толгой тархи нь өвдөж байна гэж ярьж байсан... миний хувьд гомдолтой байна. Залуу хүн байж хөгшин настай аавыг минь зодож биед нь гэмтэл учруулсанд. Мөн дээрх О гэх хүн бидэнд эмчилгээний зардал мөнгө гэж хохирол барагдуулаагүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-105 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 1.055.380 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан болох нь шүүгдэгчээс шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид 1.055.380 төгрөг төлсөн болохыг дурдаж хохирогч нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмчилгээний төлбөрийг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ог хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 12240 /арван хоёр мянга хоёр зуун дөч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 12240 /арван хоёр мянга хоёр зуун дөч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 340.000 төгрөг төлөхөөр буюу 3 жилийн дотор хэсэгчлэн төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй ба шүүгдэгч нь хохирогчид 1.055.380 төгрөгийг төлсөн, хохирогч нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ