Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/34

 

 

 

2021  02   01                                                2021/ШЦТ/34

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0030/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Ж.Хонгорзул,

Улсын яллагч                                                  Ж.Батбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                          ******* нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 2039......дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 4 дугаар багийн нутагт, Баян Овоо сумын 2 дугаар багийн иргэн С.Агийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүйтэн бороонд уруудуулж алдсан 29 тооны бог малнаас 24 тооны бог малыг тээврийн хэрэгсэл ашиглан завшиж, 1 хонийг хүнсэндээ хэрэглэн, 8 тооны хонийг зарж борлуулан иргэн С.Ад 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 4 дугаар багийн нутагт иргэн С.Агийн хүйтэн бороонд уруудуулж алдсан 24 тооны бог малыг тээврийн хэрэгсэл ашиглан завшиж 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь:

 

     1. Хохирогч С.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манайх 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүйтэн борооноор бог малаа уруудуулчихсан юм. Би өөрөө тухайн үед нь гэртээ байгаагүй адуу уруудчихаад адуундаа явсан байсан. Гэртээ ирээд хонио бүртгэхэд 29 тооны хонь маань дутчихсан байсан. Анх Ч /Ч/ ах над руу залгаад танай 15 тооны хонь  салхинд уруудаж ирээд манай хоньтой нийлчихсэн байна, ирж аваарай гэж хэлсэн. Маргааш нь хонио авахаар явахдаа Батноров сумын харъяат иргэн Энхбаяр гэх айлын хонины бэлчээр дээр очих үед манай 1 тооны хонь байхаар нь манай имтэй хонь байна, танай хонинд нийлээ юу гэхэд тиймээ, Ч 2020 оны 08 дугаар сарын 12-13-нд манайд ирээд 23 тооны хонийг цагаан өнгийн портер маркийн автомашиндаа ачаад явсан гэж хэлсэн. Харин Ч ах над руу хэд хоногийн дараа миний утас руу залгаад 2 чих нь тайранхай 12 хурга, 3 хонь байна. Танай имтэй 15 хонь салхинд уруудаад манай хоньтой нийлчихжээ гэж хэлэхээр нь маргааш нь очиж хонь, хурга нийлсэн 15 тооны хонио очиж авч байсан... Би 9 тооны хонио тоогоор нь төлүүлчихвэл надад гомдол санал байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн  8-10 тал/

Хохирогч С.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  дахин өгсөн: “... Манай хонины им нь хоёр  чих нь тайрмал буюу мухар, буруу тал нь ганзага, зөв тал нь урдаасаа хөндөл, цуулбар имтэй хонинууд байдаг. Зүс нь гэвэл сайн санахгүй байна. Санаж байгаа хониныхоо зүсийг хэлье. Шар халзан төлөг, бор хүзүүтэй төлөг, орой цагаан ухаа хүзүүтэй төлөг, орой цагаан бор хүзүүтэй эм хонь, шар халзан хонины л зүсийг санаж байна...  “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/

Хохирогч С.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  дахин өгсөн: “... Би 2020 оны 08 дугаар сарын 20-д гаргаад хурга ялгах гэж бог малаа хотондоо хашиж байхдаа хонь дутсаныг мэдсэн. Тухайн үед бүртгэхэд 54 тооны хонь дутаж байсан. Тэгээд би маргааш нь Батноров сумын 4 дүгээр багийн нутаг оршин суух айлуудаар явж хонинд нь нийлсэн хонинуудаа цуглуулан авахад 29 тооны хонь дутсан. Тэгээд Батноров сумын 4 дүгээр багийн харьяат иргэн Ч ах 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай гэрт ирээд танай хэдэн хурга манай хоньтой нийлчихсэн байна очиж аваарай гэж хэлэхээр нь тухайн үедээ гэр рүү нь дагаж очоод 12 тооны хурга, 3 эм хонио ялгаж авч явсан. Хэд хоногийн дараа би Ч ахын гэрт очиход дахиад манай цуулбар араасаа хөндөл имтэй 2 тооны эм хонь маань байсан. Тэгээд тухайн үедээ надад Энхбаярынхаас 20 гаруй тооны хонь авчирсан юм аа Энхбаяр надад танай имтэй хонинууд байна ирж аваарай хашчихсан байгаа гэж хэлэхээр нь очиж авсан гэж хэлсэн... Алдсан хонио төлүүлчихвэл надад ямар нэгэн гомдол санал байхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/

2. Гэрч О.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 13-14-нд байхаа сайн санахгүй байна. Тухайн үед бороо ороод манай бог мал бэлчээрээсээ сарнисан болохоор бог малаа цуглуулаад айлын тасарч ирсэн бог малыг өгчхөөд малаа бүртгэх үед 20 гаруй тооны хонь илүү гарч байсан. Харин им нь хоёр чих нь мухар, зарим нь зөв чих нь урдаасаа хөндлөн буруу чих нь цуулбар имтэй байсан. Тухайн үед Чгийнд /Ч/ очиход эхнэр Золзаяа нь байхаар нь танай нөхөр байгаа юу, манай гадаа тийм имтэй хонинууд байна. Танайх биш үү манайх бог малаа бүртгэх гэж байна гэж хэлчхээд явсан. Тэгээд гэртээ ирээд удалгүй байж байтал Ч цагаан өнгийн портер маркийн автомашинтайгаа ирээд манай хонь мөн ч гэж хэлээгүй ачаад аваад явсан. Тэр өдрөөс хойш хойш маргааш нь бил үү нөгөөдөр өдөр нь малд явж байхдаа Чгийнд ороход эхнэр нь гэдэс арилгаад сууж байсан. Харин Ч малдаа явсан гээд сууж байсан. Ажиллаад дуусчихсан хонь нь арьстайгаа байсан болохоор харахад манайхаас очиж авсан хорь гаруй хонины нэг зүсээрээ мөн байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/

3. Гэрч Р.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Батноров сумын 6 дугаар багт байрлах ажил дээр маань ирээд 2 чих тайранхай хонь, зөв нь араасаа догол буруу нь тайранхай хонь, буруу нь урдаасаа догол зөв нь имгүй, зөв нь урдаасаа хөндөл буруу нь цуулбар имтэй нийт 22 тооны хонь дээр малын гарал үүслийн бичиг баталгаажуулсан. Мал эмнэлгийн цахим гэрчилгээ дээр оруулсан байгаа. Тэрнээс хойш дахин малын гарал үүслийн бичиг аваагүй. Харин өмнө нь авч байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/

4. Гэрч С.Золбадрахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би хүргэх ах Чд 2020 оны 04 дүгээр сард 3.5 сая төгрөгөөр зарсан. Харин одоог хүртэл өмчлөгчөөр нь миний нэр байгаа юм. Ч ах өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байгаа юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/

5. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ШД-324 дугаартай: “... С.Агийн хулгайд алдсан хонь, хурганы зах зээлийн үнэлгээг 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-29 тал/

6. Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлж ярихад би Агийн 24 тооны хониноос 9 тооны хонийг хэрэглэсэн. 15 тооны хонийг Ад буцаагаад өгсөн. Харин 8 тооны хонийг Хэнтий аймгийн төвд авч ирээд зарсан.Харин 1 тооны хонийг нь өөрийн гэрийн хүнсэндээ хэрэглэсэн. Би Ад 9 тооны хонийг нь төлсөн... Өөрийн хийсэн зүйлдээ их гэмшиж байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-59 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын малыг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Ад 1.350.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “... Сэрдамба овогтой А миний бие нь ******* ахаас гомдлоо барагдуулсан... ”  /хх-ийн 72 тал/ гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг мөрдөн шалгах ажилллагааны явцад гаргаж өгсөн,  шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад: “... нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 14-66 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4.700.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагаа хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч-г бусдын алдуул малыг завшсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар *******д  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн  8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 14-66 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4.700.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ГАНЗОРИГ