| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2021/0037/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/37 |
| Огноо | 2021-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Баянжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/37
2021 02 05 2021/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0037/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
Улсын яллагч Ж.Баянжаргал,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 6-16 тоотод байх гэртээ иргэн Д.Атай марган улмаар түүнийг сандлаар чулуудан толгойн тус газарт нь онож Д.Агийн эрүүл мэндэд дух, зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:ы
Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 6-16 тоотод байх гэртээ иргэн Д.Атай марган улмаар түүнийг сандлаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Мөнхбатын дэлгүүр ороод пиво авах гэсэн боловч миний картын үлдэгдэл хүрэлцэхгүй байсан. Тэгээд би эргэж О ахынд ирээд миний картад мөнгө байхгүй байна, тар нар авсан байх гээд хэлсэн. Тэгсэн чинь О ах чи чинь юу яриад байгаа юм гээд над руу сандал аваад чулуудсан чинь миний толгойг оночихсон. Миний зүүн хөмсөгний дээд талаас цус гараад байсан. О ах хөвөнгөөр дараад цусыг маань тогтоож өгсөн. Тэгээд би тэднийхээс гарч яваад Идэрмөнх гэх найзынхаа гэрт очсон. Идэрмөнх намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэг дээр миний толгойны орой болон зүүн хөмсөгний дээд хэсэгт тус бүр 2 оёдол тавьсан... О ах намайг сандлаар чулуудахад Оюунтуул гэрийнхээ хойд орон дээр цаашаа хараад унтаж байсан. О ах намайг сандлаар чулуудахыг хараагүй... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/
2. Гэрч Г.Оюунтуулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Нөхөр О 2021 оны 01 дүгээр сарын 08-ны орой 18 цагийн үед гэртээ ирсэн. Болсон явдлын талаар асуухад өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 07-ны орой А картад байсан мөнгө байхгүй байна, та нар авсан байна гээд байхаар нь би сандал аваад чулуудчихсан чинь Агийн толгойд нь оночихсон гэж хэлсэн... Би нөхөр О, А хоёрыг муудаж байхыг харж байгаагүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19 тал/
3. Гэрч П.Идэрмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 5-08 тоотод гэртээ ганцаараа байж байхад 2021 оны 01 дүгээр сарын 08-ны шөнийн 01 цагийн орчим манай найз А зүүн хөмсөгнийхөө дээд талаас болон толгойны орой хэсгээс нь цус гарсан байдалтай согтуу орж ирсэн. Би яасан бэ?, юу болов? Гэж асуухад О ах сандлаар чулуудсан гэж хэлсэн. Яагаад ямар учраас чулуудсан талаар надад хэлээгүй. Тэгээд би Агийн гарыг нь угаалгаад цус гарч байсан хэсгийг нь алчуураар өөрөөр нь даруулж бариулаад нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт машинтай хүргэж өгсөн. А зүүн хөмсөг болон толгойн дээрээ тус бүр 2 хоёр оёдол тавиулчхаад байж байхад цагдаа ирээд А бид хоёрын хамт Булгийн 06-16 тоотод очиход О ах эхнэр Оюунтуулын хамт байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/
4. Гэрч С.Ариунбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Бид нарыг пиво ууж байхад бид нарын дунд маргалдаж муудсан асуудал огт гараагүй. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр А манай гэрт толгой нь боолттой ирсэн. Юу болсон талаар асуухад О ах сандлаар чулуудсан гэж хэлсэн. Яагаад чулуудсан талаар хэлээгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №50 дугаартай: “...
1.2. Д.Агийн биед дух, зулайн хуйханд шарх гэмтлүүд тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45 тал/
6. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... А унтаж байгаад 16 цаг өнгөрөөж сэрээд гэрт байж байгаад 19 цагийн орчим миний картад мөнгө байгаа пиво авчирна гээд манайхаас гараад явсан. Тэгээд 22 цагийн орчим А манай гэрт эргэж ирээд миний картад мөнгө байхгүй байна, та нар авчихсан байна гээд эхнэр бид хоёрыг хэлээд байхаар нь би чи дандаа яах гэж ингэж байдаг юм. Чи манай гэрт гэртээ байгаа юм шиг л байдаг байх шүү гэж хэлсэн чинь та нар намайг сэгсэрсэн байна гээд байхаар нь би Аг чи манайхаас зайл гээд гэрт байсан хүрэн өнгийн модон тавцантай төмөр хөлтэй сандлаар чулуудчихсан чинь толгойнд нь оночихсон юм. Тэгээд Агийн зүүн хөмсөгний дээд тал болон толгойны орой хэсгээс цус гарахаар нь би хөвөнгөөр дарж цусыг нь тогтоож өгсөн. Тэгээд А манай гэрээс гараад явахаар нь би хувцсаа өмсөөд араас нь гарсан боловч харанхуйд харагдахгүй байхаар нь би эргээд гэртээ орж ирсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “... Д.А би ******* гэх хүнд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ” /хх-ийн 85 тал/ гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн, шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад: “... нэхэмжлэх зүйлгүй... ” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон тавцантай төмөр хөлтэй 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 100.000 төгрөг төлөхөөр буюу 8 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон тавцантай төмөр хөлтэй 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ