Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/38

 

 

 

 

 

2021        02         05                                           2021/ШЦТ/38

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0038/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Ж.Хонгорзул,

Улсын яллагч                                                  Ж.Баянжаргал,

Хохирогч                                                           Ё.З,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Х.Биязхан,

Шүүгдэгч                                                          ******* нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 2039......... дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө 23 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 5-7 хашаанд иргэн Г.Нгийн 11-40 ХЭН улсын дугаартай кровн маркийн тээврийн хэрэгсэл рүү “Хашааны блок”-шидэж хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 918.200 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө 23 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 5-7 тоот хашаанд иргэн Г.Нгийн 11-40 ХЭН улсын дугаартай кровн маркийн тээврийн хэрэгсэл рүү цементэн блок шидэж гэмтээсний улмаас 918.200 төгрөгийн  хохирол учруулсан  болох нь:

               1. Хохирогч Ё.Згийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай ажил дээр ангийн аварга шалгаруулах галын техникийн 2 төрөлд тэмцээн болсон. Тэмцээн тухайн өдрийн өглөөний 10 цагт эхэлж өдөр 14 цагийн орчим дууссан. Тухайн тэмцээнд манай 1 дүгээр салаа 2 дугаар байранд орсон. Тэмцээн дуусаад салаагаараа Хгийн машинтай голын урд талд байдаг Хэрлэн зоогийн газарт хоол идсэн. Тэгээд тэндээсээ 16 цагийн орчим аймгийн төвд орж ирээд би Х, Мягмардаш нарын хамт Хгийн машинтай яваад “Чин тал” шатахуун түгээх станцын урд талд байдаг авто засварын газраас миний машиныг аваад Алтанговь хүнсний дэлгүүрийн гадаа очоод би утсаар Галбадрахыг дуудсан. Тэгээд байж байтал Галбадрах такси бариад ирсэн. Х намайг нэг шил архи авч өг гээд байхаар нь би 750 граммын хэмжээтэй Соёрхол архи нэгийг авсан. Х Мягмардаш хоёр бас нэг шил 750 граммын хэмжээтэй Соёрхол архи авсан. Тэгээд дэлгүүрийн гаднаас хөдлөөд Мягмардашийн гэрийн гадаа ирэхэд Мягмардашийн гэр цоожтой байхаар нь Хгийн машинд суугаад бид дөрөв нэг шил архиа ууж эхэлсэн. Тэгээд архиа ууж байгаад Мягмардашийн гэрт орж уусан. Тэгээд байж байтал Мягмардаш архиндаа согтоод унтаад өгсөн. Галбадрах хагалгаатай гээд нэг их архи уугаагүй. Х өөрөө архинаас хийгээд нэлээн их уусан. Тэгээд байж байтал Х шүлсээ хаяхад нь Галбадрах чи айлд шүлсээ хаялаа гэхэд Х би шалан дээр хаяагүй шүү алчуур дээр хаясан гэж хэлэхэд Галбадрах тэгсэн ч айлыг хүндэл гэж хэлсэн. Тэр хоёр чанга чанга дуугараад маргалдаад байхаар нь явъя гээд би гэрээс түрүүлээд гарсан. Араас Х Галбадрах хоёр гарч ирээд барьцалдаад авсан. Тэгснээ би хагалгаатай гээд Галбадрах доошоо суусан. Тэгээд Галбадрахыг хоёроос гурван удаа цохисон. Тэгэхээр нь би Х Галбадрах хоёрыг салгаад машиндаа суугаад асаагаад хөдлөх гэж байтал Х хашаан дотор сул байсан хашааны блокоор миний 11-40 ХЭН улсын дугаартай Кровн маркийн автомашины жолоочийн эсрэг талын толь, урд талын хаалганы ирмэг, арын багаж, арын гэрэл, арын хаалгыг чулуудаж гэмтэл учруулж эвдэлсэн. Хашааны блокоор миний машиныг чулуудахаар нь би айгаад яахаа мэдэхгүй машинаасаа гарч чадахгүй байсан юм. Тэгээд би цагдаа дуудсан. Тэгээд хоёр цагдаа ирээд Хг аваад явсан... надад гомдол байхгүй. Машиныхаа хохирлыг барагдуулчихвал нэхэмжлэх зүйл байхгүй...  Ямар шалтгааны улмаас миний машиныг хашааны блокоор чулуудсаныг би мэдэхгүй, ойлгохгүй байна. Бодвол согтуу хүн уурласандаа л чулуудсан байх. Х бид хоёр өмнө нь муудаж байсан удаа байхгүй... Би 11-40 ХЭН улсын дугаартай кроун машиныг 7.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдах, худалдан авах болон ямар нэгэн гэрээ хийсэн юм байхгүй. Би Наранхүү ахад машин худалдаж авсан мөнгө бэлнээр өгсөн...   ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/

            Хохирогч Ё.Згийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  дахин өгсөн: “...  Жолоочийн эсрэг талын толь, зүүн талын багажийн гэрэл сольсон. Мөн зүүн талын арын хаалганы гадна талын хэсэг, банкны доод хэсэг, зүүн талын урд хаалганы ирмэг хэсгийг засварын газраар засуулсан. Одоо сольсон толины зураасан сэв, сольсон арын гэрлийн доод хэсгийн гуперыг засварлах шаардлагатай байгаа. ******* засуулж өгнө гэсэн. Зүүн урд талын хаалганы доторлогоо, мөн урд талын салоны булан хэсгийг засварлах боломжгүй сэлбэг нь олдохгүй байгаа тул би *******гаас 270.000 төгрөг дансаар шилжүүлж авсан. Би үнэлгээний байгууллагаас гаргасан урд салон хагарсан хэсгийг 200.000 төгрөгөөр, зүүн урд хаалга доторлогоог 40.000 төгрөгөөр, эвдэрсэн эд анги сольж, угсрах хөлсөнд 30.000 төгрөг гэж заасны дагуу тооцож 270.000 төгрөг авсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/

Хохирогч Ё.Згийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  дахин өгсөн: “...   Хн миний 11-40 ХЭН улсын дугаартай кроун маркийн машиныг блокоор чулуудсаны улмаас жолоочийн эсрэг талын толь хагарч, мөн гадна талын хуванцар цуурч хагарсан, ар талын багажийн тагны жижиг улаан гэрэл хагарч бутарсан, жолоочийн эсрэг талын урд хаалганы ирмэг хэсэг хонхойж, хаалганы доторлогоо нидрэгдэж урагдсан, мөн зүүн талын арын хаалганы доод хэсэгт хонхойсон, бинзений банкны тагны доод хэсэгт хонхойсон, зүүн талын салоны паар үлээдэг хэсгийн гадна талын хар өнгийн хуванцар хүрээ хугарсан түүний доод хэсэгт доторлогоо хагарч бутарч өнгөн хэсэг нь хууларч унасан. Х миний машиныг блокоор чулуудахаас өмнө миний 11-40 ХЭН улсын дугаартай машинд дээрх гэмтлүүд нь байгаагүй зүгээр байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/

2. Гэрч Т.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тэгээд З, Х бид гурав архиа уугаад сууж байтал Х шүлсээ хаяхаар нь би чи айлд яагаад шүлсээ хаяад байгаа юм бэ? Гэж хэлэхэд Х би шалан дээр хаяагүй шалны алчуур дээр хаясан гэхээр нь би тэгсэн ч гэсэн болохгүй айлыг хүндэлж сур гэж хэлсэн. Энэ асуудлаас болж Х бид хоёр маргалдсан. Тэгээд З бид хоёрыг явдаг юм уу гээд Мягмардашийн гэрээс гараад гадаа Згийн машинд сууж байтал Х араас гарч ирээд миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод миний нүүрэнд 2 удаа цохисон. Тэгээд намайг буугаад ир гэхээр нь би бууж очоогүй. Тэгсэн чинь З машинаасаа буугаад Хг надаас холдуулахад Х гадаа байсан зууханд тээглээд газар унасан. Тэгээд З эргээд машиндаа суугаад байж байтал Х газар байсан хашааны блок аваад Згийн машины жолоочийн эсрэг талын толь, урд хаалганы дотор тал, арын хаалганы гадна тал, арын багаж, арын гэрэл зэргийг блокоор шидэж гэмтээсэн. Тэгээд З цагдаад дуудлага өгөөд хоёр цагдаа ирээд Хг аваад явсан... Надад уурласан уурласандаа машин чулуудсан байх. Дандаа миний сууж байсан талд блок чулуудсан. Намайг буугаад ир гэхээр нь би машинаас буугаагүйд уурласан байх. Би саяхан олгойны хагалгаатай болохоор оёдлоо задалчхаж магадгүй гээд буугаагүй юм. Өөр машин руу блок чулуудах шалтгаан гараагүй...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/

Гэрч Т.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагааны явцад  дахин өгсөн: “... Х 11-40 ХЭН улсын дугаартай тоёота кроун маркийн машиныг блокоор чулуудсаны улмаас жолоочийн эсрэг талын толь сууриараа хагараад унжаад байж байсан. Ар талын багажийн тагны жижиг улаан гэрэл хагарч бутарсан, жолоочийн эсрэг талын урд хаалганы шилний доод хэсэгт хонхойсон, банкны тагны доод хэсэгт мөн хонхойсон, жолоочийн эсрэг талын салоны захын паар үлээдэг хэсгийн гадна талын хар өнгийн дүпэн хүрээ хугарч унасан, түүний доод хэсгийн доторлогоо хагарч бутарсан байсан... Машины дотор талын салонд хуучин ганц нэгэн зураас байсан. Тэрнээс хагарч бутарч унасан гэмтэл байгаагүй. Машины дотор талын салоны хар өнгийн хуванцар хүрээ хагарсан түүний доод хэсгийн салоны арьс бутарч хагарсан гэмтлийг Х блокоор чулуудаж гэмтээсэн... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/

3. Гэрч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 11-40 ХЭН улсын дугаартай Кроун маркийн тээврийн хэрэгсэл манай дүү Ё.З гэх хүний машин. Би 11-40 ХЭН улсын дугаартай Кроун маркийн тээврийн хэрэгслээ 2020 оны 08 дугаар сарын 10-нд Зд зарсан юм... машинаа нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа юм... Би 11-40 ХЭН улсын дугаартай Кроун маркийн машинаа Зд зарахад миний машины урд талын салонд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй зүгээр байсан... Би машинаа... зарсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/

4. Гэрч Б.Болорсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 11-40 ХЭН улсын дугаартай Кроун маркийн машиныг 2020 оны 09 дүгээр сард засварласан. 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээлгэж өгсөн. Уг машины зүүн талын арын хаалганы дээд хэсэг, бензиний банкны тагны дээд талд, зүүн урд хаалганы дотор хажуу талд 2 хэсэг газар хонхойж гэмтсэн байсныг замаск тавьж, будаж засварласан. Дээрх гэмтлийг 2 детал гэж тооцоод 150.000 төгрөгөөр засварласан. Засварын материал 30.000 төгрөг болсон. Үйлчилгээний хөлсөнд 120.000 төгрөг авсан. Зүүн талын толь, арын багажийн гэрлийг би угсарч өгсөн. Үйлчилгээний хөлсийг оруулж тооцсон... ” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/

5. Хохирогч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... 11-40 ХЭН улсын дугаартай Кроун маркийн тээврийн хэрэгсэл миний дүү Ё.Згийн машин. Дүү Ё.З нь 2020 оны 08 дугаар сард 11-40 ХЭН улсын дугаартай Кроун маркийн тээврийн хэрэгслийг худалдаж аваад машинаа нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа юм. Ё.З миний машиныг 7.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн төгрөгөө бүрэн өгсөн байгаа... Би машинаа дүү Зд зарсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...  “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 179-180 тал/

6. Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №33622/ ДД№19513345 дугаартай 11-40 ХЭН улсын дугаартай тоёота кровн маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг 918.200 /есөн зуун арван найман мянга хоёр зуу/ төгрөгөөр үнэлсэн  дүгнэлт /хх-ийн 213 тал/

7. Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би архи ууж байгаад шалны алчуур дээр шүлсээ хаясан чинь Галбадрах чи яагаад айлд шүлсээ хаяад байгаа юм гэж хэлэхээр нь би шалан дээр нь хаяагүй шалны алчуур дээр хаяж байна гээд Галбадрахтай маргалдаж байгаад З, Галбадрах бид гурав Мягмардашийн гэрээс гарсан. Би архи их уусан болохоор зарим зүйлээ санахгүй байна.   Мягмардашийн гэрээс гараад Галбадрахтай гадаа гарч маргалдаад Галбадрах Згийн машинд сууж байхад нь толгой руу нь цохиж, Згийн хар өнгийн кровн маркийн автомашины жолоочийн эсрэг талын хойд хаалга, толь, арын багаж, гэрэл, мөн урд талын хаалганы дотор талыг хашааны блокоор шидэж гэмтэл учруулж эвдсэн байсан. Тэгээд Мягмардашийн гэрт байж байхад хоёр цагдаа орж ирсэн. Тэгээд цаашаа юу болсныг би сайн санахгүй байна. Би нэг мэдсэн эрүүлжүүлэх байранд сэрсэн... Би Згийн 11-40 ХЭН улсын дугаартай хар өнгийн кровн маркийн автомашиныг хашааны блокоор чулуудсанаа санаж байна... Архи уусан үедээ л тэнэглэж тийм муухай зан гаргасан байх. Тэрнээс би Зд муу санасандаа тийм үйлдэл хийгээгүй. З бид хоёр 2010 онд цуг Онцгой байдлын газарт орсон нэг салааны найзууд...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...  Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй... “  гэсэн мэдүүлэг /хх-ийн 236 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Згийн 11-40 ХЭН улсын дугаартай тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэлд 918.200 /есөн зуун арван найман мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “... Ё.З би... кровн маркийн автомашинд учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдол нэхэмжлэх зүйлгүй... ” /хх-ийн 144 тал/ гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн, хохирогч Г.Нг  шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад: “... нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг блокны хагархай, 2 ширхэг гэрлийн хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хг  бусдын эд хөрөнгийг гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч *******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар *******д   оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг блокны хагархай, 2 ширхэг гэрлийн хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй   болохыг  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ