| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0424Э |
| Дугаар | 2021/ШЦТ/42 |
| Огноо | 2021-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/42
2021 02 10 2021/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0424/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Хохирогч Ж.Ч,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Жавхлан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох 20390...дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Г
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутагт тус багт оршин суух иргэн Ж.Чтэй маргалдаж түүний толгойн тус газарт нь бургасаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутагт тус багт оршин суух иргэн Ж.Чтэй маргалдаж түүний толгойн тус газарт нь бургасаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Ж.Чийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай өвөлжөө рүү бог малаа хариулаад байхаар нь би олон удаа хэлж байсан. Би хүүтэйгээ хоёулаа байдаг болохоор нүүж чаддаггүй юм аа. Жилийн дөрвөн улирал байдаг болохоор гэхэд за ойлголоо гэдэг байсан. Сүүлд буюу 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дахин манай бэлчээрээр бог малаа бэлчээхэд нь уур хүрээд хонийг нь цааш туусан. Тууж байх үед малчин Б.Г ирээд гичий, янхан, чинь яагаад манай хонийг тууж байгаа юм бэ гэхэд нь би чамд 4,5 удаа хэлж байна шүү дээ, гэж хэлсэн. Тэгэхэд би чамайг ална шүү чамайг гэж ирэх хүн байхгүй ш дээ, чаддаг юм бол чамайг гэх хүн байвал аваад ир гэхэд нь хажуу талд байсан аргалыг аваад шидсэн. Тэгэхэд барьж явсан саваа модоороо миний нуруу руу цохиход нь би мориных нь цулбуурыг барьж авах гэтэл миний гар руу цохиод дараа толгой руу маань цохисон... Цохиулснаас хойш миний толгой байнга өвдөж байна... Гомдол саналтай байна. Эмнэлгээр явсан зардал, толгой руугаа модоор цохиулснаас хойш толгой маань байнга өвдөж байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13 тал/
2. Гэрч С.Ууганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар баг “Дэлбэрхийн булаг” гэх газрын зүүн толгой дээр байх гэрээсээ Ч эгч айлын хонь өвөлжөөний ард ирчихсэн байна очиж уулзчихаад ирье гээд гараад явсан. Удалгүй гэрийн гадаа мотоциклоо тавьчхаад гэр рүү орчихоор нь араас нь ортол толгойгоо барьчихсан орон дээр сууж байх үед би та яагаа вэ? Юу болов?, гэж асуухад зодуулчхаад ирлээ гэсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
3. Гэрч Ш.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Г гэдэг хүнийг мэддэг болоод 2 жил гаран болж байна. Манайд 2018 оны 08 дугаар сарын сүүлээр туслах малчнаар ирж байсан... Ер нь сайн мэднэ. Анх ирсэн цагаас хойш хүнтэй ам зөрж байгаагүй, аливаа зүйлд их хүлээцтэй ханддаг. Би өөрийнхөө хэмжээнд ирсэн цагаас нь хойш 2 жилийн хугацаанд тухайн хүн ямар зан араншин гаргадаг талаар сайн мэднэ гэж бодож байна. Хамаатан садан ах дүүс шиг байдаг. Өмнө хүнтэй муудлаа бэлчээрийн маргаанаас болоод хүнтэй маргалдлаа гэж хэлж байгаагүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал /
4. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №387 дугаартай: “...
1. 2. Ж.Чийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-30 тал/
5. Шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Намайг бог малынхаа бэлчээр дээр 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр сууж байх үед ногоон өнгийн даюун маркийн мотоцикльтой эмэгтэй ирээд манай хонийг хөөсөн. Тэгэхээр нь би очоод хонь яагаад хөөгөөд байгаа юм бэ гэхэд намайг дөхөж очиход адууны хомоолоор урдаас шидээд буугаад ир гээд байсан. Тэгээд Ж.Ч гэх эмэгтэй намайг морин дээр сууж байхад маань буугаад ир гөлөг минь, айлын муу барлаг, чай гэх малгүй барлаг минь гэж хэлэхэд нь дуугүй сууж байхад урдаас чулуу шидээд чулуу барьж ирээд миний тохой руу чулуугаараа цохисон. Тэгээд намайг явах гэтэл цулбуураас барьчхаад тавихгүй байсан. Тэгэхээр нь хүрэн өнгийн богино хатуу бургасаар толгой руу нь нэг удаа цохьчихоод давхиад яваад өгчихсөн. Өөр зүйл болоогүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна... Би зуслангийн амбаарынх нь баруун урд талд ойролцоогоор 3 км орчмын зайтай бог малаа бэлчээж байхад ирээд өвөлжөөний ойролцоох өвс идүүллээ гэж хэлсэн... Намайг анх доромжлоогүй мөн чулуугаар цохиогүй бол ийм зүйл болохгүй байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 тал /
6. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №86 дугаартай: “...
1. Ж.Чийн биед тухайн үед тархи доргилт гэмтэл учирсан байх боломжтой байна. Ирүүлсэн хэргийн материалд хавсаргагдсан 2020.06.15-ны өдрийн толгойн КТГ-н зурагт хамрын ясны баруун хажуу хана, баруун нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай гэсэн байх ба уг гэмтэл нь 2020.06.11-ний өдөр үүсээгүй байна.
2. 3. Ж.Чийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 212-215 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Чийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардалд 3.580.500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шалгаж үзэхэд 2.335.838 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Гоос 2.335.838 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Чт олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бургас модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдооүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гоос 2.335.838 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Чт олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бургас модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ