Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01307

 

М.Ж-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00055 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00037 дугаар магадлалтай,

М.Ж-ийн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдох,

цалин 443.433 төгрөг, гэм хорын хохиролд 4.431.567 төгрөг нийт 4.875.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Жандаурен, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн нэр дэвшүүлэх тухай 30 дугаар тогтоолын дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий, түүний ашиглалт, нөхөн сэргээлт, үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалтын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд томилогдон ажиллахаар болсон. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар мэргэжилтнээр томилогдож 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажиллаж байгаад 34 дүгээр тушаалаар ажлаас халагдсан.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад 2017 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн боловч давж заалдах, хяналтын шатны шүүхээс миний томилогдон ажиллаж байсан орон тоог сул орон тоо биш гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь төрийн албан хаагчийн нөөцийн жагсаалтад байгаа миний нэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын газарт дэвшүүлж томилохдоо алдаа гаргаж сул орон тоонд томилоогүйгээс болж би маш ихээр хохирсон.  Төрийн албаны салбар зөвлөлөөс ТЗ-5 шатлалтай ажилд нэр дэвшүүлж, томилох эрх бүхий этгээдээс тус албанд томилсон шийдвэр гаргасан тул би ажиллаж байсан Файнноос ХХК-иас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж уг ажилд орсон. Төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болж ажил ч үгүй, цалин ч үгүй хохирч байна. Иймд Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2016 оны 7 дугаар сарын цалин 443.433 төгрөг, мөн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 4.431.567 төгрөг нийт 4.875.000 төгрөг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар шүүхэд гаргасан тайлбартаа: М.Ж-ийн ажлаас халагдсан, цалин хөлс нэхэмжилсэн тухай гомдлыг давж заалдах, хяналтын шатны шүүх түүний ажилласан орон тоо нь сул орон тоо биш гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн маргаан бүхий ажлын байрны сонгон шалгаруулалтыг явуулахаас өмнө аймгийн Засаг даргын Тамгын газраас манай байгууллагад шалгалт ирсэн. М.Ж- тухайн орон тоонд 2016 оны 07 дугаар сарын эхээр томилогдож, 2016 оны 07 дугаар сарын сүүлээр чөлөөлөгдсөн. Түүний нэхэмжилж байгаа 1 сарын цалинг олгох боломжгүй байна. Учир нь М.Ж-ийн нэг сар ажилласан тушаал байгаа боловч байгууллагын цагийн бүртгэлээр 2 хоног л бүртгүүлсэн байна. Энэ тухай ажилчдаас асуухад нягтлан бодогч болон бусад ажилчид М.Ж-ийг 2 хоног л харсан гэж хэлж байгаа. Тиймээс М.Ж- нэг сар ажилласан эсэхийг сайн мэдэхгүй. М.Ж- нь үр дүнгийн гэрээгээр хүлээх ёстой үүргээ биелүүлээгүй, ажил хөдөлмөр хийгээгүй тул цалин олгох боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл шүүхэд гаргасан тайлбартаа: жирэмсний амралт авсан хүний орон тоонд сонгон шалгаруулалт явуулсан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын буруутай ажиллагаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч М.Ж- нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхэд хандахад нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, харин давж заалдах болон Улсын Дээд шүүх жирэмсний амралт авсан хүний эрх ашгийг хуулиар хамгаалсан, уг орон тоонд сонгон шалгаруулалт явуулсан нь буруу болсон гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгосон. Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Д.Айбекийн гаргаж өгсөн нотлох баримтаар нэхэмжлэгч М.Ж- 2 хоног ажилласан болох нь нотлогдож байна. Тийм учраас нэхэмжлэгч М.Ж- ямар нэгэн байдлаар хохирол учирсан гэж үзэхгүй. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах захиалга ирсний үндсэн дээр сонгон шалгаруулалт явуулсан учир үүнийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл хариуцах ёсгүй. Иймд М.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00055 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 4.053.488 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ж-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 378.079 төгрөг болон хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилласан хугацааны цалин 443.433 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 79.806 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ж-д олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00037 дугаар магадлалаар: 1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00055 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: 1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ж-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь Салбар зөвлөлд холбогдуулан гаргасан хохирол 4.431.567.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг: 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санхүүгээс 443.443.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ж-д олгосугай. гэж, 3 дахь заалтыг: 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93.000.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санхүүгээс 13.953.29 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ж-д олгосугай. гэж тус тус өөрчилж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Ж- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч М.Ж- миний бие хуульд заасан эрхийнхээ дагуу Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00037 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд дараах үйл баримтууд тогтоогдож байгаа. Үүнд: Миний бие “Аватекс-Хайнар” ХХК болон “Файнноос” ХХК-нд ажиллаж байхдаа Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлөөс олон нийтэд нээлттэй зарласан төрийн жинхэнэ албаны ажлын сул орон тоог нөхөх тухай зарын дагуу холбогдох материалаа бүрдүүлж өгсөн. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэр дэвшүүлэх тухай 30 дугаар тогтоолын дагуу Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын “газар, газрын хэвлий, түүний ашиглалт, нөхөн сэргээлт, үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалтын асуудал хариуцсан мэргэжилтэн”-ний орон тоонд нэр дэвшүүлсэн. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар тушаалаар Газар, газрын хэвлий, түүний ашиглалт, нөхөн сэргээлт, үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалтын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Миний бие төрийн жинхэнэ албанд томилогдсон тул “Файнноос” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 105 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тушаалаар мэргэжилтний ажлаас чөлөөлөгдсөн. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл нь төрийн албан хаагчийн нөөцийн жагсаалтад байгаа миний нэрийг Байгаль орчны газарт дэвшүүлж томилохдоо алдаа гаргаж, сул орон тоонд томилоогүйгээс болж би маш ихээр хохирч үлдсэн. Нөгөө талаар Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газар нь сул орон тооны захиалгыг буруу хүргүүлсэнтэй шууд холбоотойгоор хохирч үлдсэн. Төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болж ажил ч үгүй, цалин ч үгүй хохирч үлдсэн юм. Нөгөө талаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүргийн талаарх зохицуулалтыг анхаараагүй. Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00037 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч М.Ж- нь Баян-өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Төрийн албаны салбар зөвлөлд холбогдуулан 2016 оны 7 дугаар сарын цалин 443.433 төгрөг, гэм хорын хохирол 4.431.567 төгрөг нийт 4.875.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч,  маргасан байна.    

Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга 2016 оны 6 дугаар сарын 30-ний өдөр 25 дугаар тушаал гаргаж, М.Ж-ийг газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон боловч 2016 оны 7 дугаар 29-ний өдрийн 34 дүгээр тушаалаар түүнийг ажлаас чөлөөлжээ.

М.Ж- ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны цалин болон ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, Баян-Өлгий аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 296 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 18-ний өдрийн 300 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээхдээ хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Ш.Айсулуг 3 нас  хүрээгүй хүүхэдтэй байхад ажлаас халж, уг орон тоог сул орон тоо гэж шийдвэр гаргасан нь буруу гэж дүгнэжээ.

Дээрх үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх, хохирлыг хэн хариуцах нь маргааны зүйл болжээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т заасан бөгөөд  нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч гэм хорын хохирол гаргуулах шаардлагын үндэслэлийг “...Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь сул орон тоо зарлаж, Төрийн албаны зөвлөл миний нэрийг дэвшүүлсэн тул өөрийн хүсэлтээр өмнө эрхэлж байсан ажлаасаа чөлөөлөгдөж 13 сар цалин хөлсөөр хохирсон...” гэж  тодорхойлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1., 17.4-т зааснаар сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулах, эдгээрээс нөхөх боломжгүй бол нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс нөхөхөөр зохицуулсан.

Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журамд тухайн албан тушаалд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд заасан журмын дагуу чөлөөлсөн, халсан, эрх бүхий этгээдийн шийдвэрээр тухайн сул орон тоо шинээр бий болсон эсхүл тухайн албан тушаалд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч нас барсан болон хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдал үүссэн үед ажил олгогч сул орон тооны захиалгаа Зөвлөлд ирүүлэхээр зохицуулжээ.

Хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын газар нь хууль болон журмыг зөрчиж хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтны ажлын байранд сул орон тооны захиалга ирүүлсэн буруутай болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах үүрэгтэй ба эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гэм хорын хохирол 4.053.488 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгийн аймаг дах салбар зөвлөлд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин давж заалдах шатны шүүх “...нэр дэвшүүлснийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн, ...иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.  

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00037 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00055 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 85.856 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ