Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 118/2022/0027/З |
Дугаар | 221/МА2023/0024 |
Огноо | 2023-01-04 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2023/0024
Д.М*******ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Д.М
Нэхэмжлэгч Д.М
Хариуцагч Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19*******ний өдрийн 28 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 118/2022/0027/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.М нь Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторт холбогдуулан “... Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ч*******ын 2022 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 1305/54/54/А1370330/ЗАА*******2022/89/СТА*******ТШЗ дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19*******ний өдрийн 28 дугаар шийдвэрээр Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 21 дүгээр зүйлийн 21.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын 2022 оны 02 сарын 22*******ны өдрийн Төлбөр барагдуулах тухай 1305/54/54/А1370330/ЗАА*******2022/89/СТА*******ТШЗ дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Д.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Завхан аймгийн Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 13*******ны өдрийн хурлын шийдвэр, БСУГ*******ын 2020 оны 11 дүгээр сарын 12*******ны өдрийн 1/318 дугаар албан бичиг Дэвшил сургуульд ирсэн, тус албан бичигт хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад хоол хүнсээр үйлчлэх ажлыг зохион байгуулахыг сургууль, цэцэрлэгүүдэд үүрэг болгосон. БСУГ*******аас 2021 оны 04 дүгээр сарын 27*******ны өдөр ирүүлсэн албан бичигт эргүүл, пост, дайчилгаанд гарч байгаа багш, ажилтнуудынхаа дархлааг дэмжин ажиллах үүрэг чиглэл өгөгдсөн. Энэ үүрэг чиглэлийг биелүүлэн хариуцлагатай ажилласан.
3.2. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт бичигдсэнээр “үдийн хоолны зардлаас онцгой комиссын шуурхай штабын ажилтнуудад 745,000 төгрөгөөр илүү зардал гарган хоол өгсөн гэдэг нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт буюу батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоол, 2021 оны 234 дүгээр тогтоолыг тус тус зөрчсөн байна” гэж, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ... мөн Засгийн газрын 2019 оны “Хоолны зардлын норматив тогтоох тухай” 450 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны “Үдийн хоолны норматив тогтоох тухай” 237 дугаар тогтоол, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2006 оны “Журам батлах тухай” 379/341 дугаар тушаалын холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж Дэвшил сургуульд нийт 2,245,840 төгрөгийн төлбөр тавьсан байна” гэж байгаа нь Завхан аймгийн Онцгой комиссоос өгөгдсөн үүрэг чиглэлийг биелүүлэн ковидын үеийн онцгой нөхцөл буюу гамшгийн нөхцөл байдлын үед хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад хоол хүнсээр үйлчлэн, эргүүл, пост, дайчилгаанд гарч байгаа багш, ажилтнуудын дархлааг дэмжин ажилласныг буруутгасан гэж үзэж байна.
4. Нэхэмжлэгч намайг Дэвшил сургуулийн захирлын үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байх үед 2022 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн 1305/54/54/А1370330/3АА*******2022/89/СТА*******ТШЗ дугаартай актын төлбөрийг төлж барагдуулахыг хариуцуулсан. Миний бие захирлын ажлыг хийж байх хугацаанд уг актыг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд, уг актыг хүчингүй болгох гомдлыг холбогдох газарт хандсан. Уг актыг хүчингүй болгуулах талаар гомдол гаргасан болон нэхэмжлэл шүүхэд өгөгдөж байх хугацаанд Дэвшил сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Н актыг холбогдох хүмүүсээр төлүүлэн биелэлтийг хүргүүлсэн. Намайг ажилд буцаж орохоос өмнө нягтлан бодогч Т.Э нь 2021 оны 09 дүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн, нярав Ж.Ж*******ийг Дэвшил сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Т.Н*******ын 2022 оны 02 дугаар сарын 21*******ний өдрийн тушаалаар 2022 оны 03 дугаар сарын 01*******ний өдөр ажлаас чөлөөлж, тэтгэвэрт гарган ажил хүлээлцүүлэх шийдвэр гаргасан байсан. Ингээд нярав Ж.Ж*******ийн ажлыг 2022 оны 03 дугаар сарын 01*******ний өдрөөс өмнөх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалын дагуу хүлээлцүүлсэн. Үүний дараа маргаан бүхий акт 2022 оны 03 дугаар сарын 15*******ны өдөр Дэвшил сургуульд ирсэн тул төлбөр барагдуулах актанд тусгагдсан зөрчлийн талаарх нягтлан, нярав нар тэтгэвэрт гарсан ба надад хамааралгүй бөгөөд мөн үндэслэлгүй төлбөр тавигдсан.
4.1. Манай сургууль нь 1212 сурагч, 72 ажилтантай, үдийн хоол хөтөлбөрт 650 гаруй ангийн суралцагчид хамрагддаг санхүүгийн 1 жил 1,400,000,000 төгрөгийн төсөвтэй, тэр хэмжээний зарцуулалт хийгддэг бөгөөд миний үндсэн ажил буюу захирлын үндсэн чиг үүрэг нь сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зохион байгуулах ба бодит байдал дээр захирлын хариуцахгүй ажил байхгүй хэмжээний бүх асуудалд оролцдог зөвхөн нэг жилийн дотор 1 тэрбум 400 сая төгрөгийн төсөв эргэлддэг газар нярав, тогоочийн буруутай үйлдэл тэр хүмүүс нь сайн дураар төлсөн захирал намайг буруутгаж актад төлбөр төлөгч гэх хэсэгт захирал биш дээрх тогооч, няравыг оруулах байсан.
4.2. Ийм хэмжээний төсөвтэй сургуульд санхүүгийн мэргэжилгүй захирал нь 2 сая төгрөгийн /бага хэмжээний/ баримтын дутуу бүрдэл хувьдаа авсан зүйлгүй гаргасныг аудитын үндсэн чиг үүргийн дагуу зөвлөн туслах ёстой байтал шууд акт тавигдсанд гомдолтой байна.
5. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт “... Дэвшил сургууль сурагчдын үдийн хоолонд 2021 онд гүйцэтгэлээр 36,745,470 төгрөг зарцуулсан байх боловч нягтлан бодогчийн тайлангаар 38,297,760 төгрөг зарцуулагдсанаар тайлагнаж, 1,552,290 төгрөгийн зөрүү гаргасан байна” гэж, “... Онцгой комиссын хурлын шийдвэр, боловсрол соёл урлагын газрын албан бичгээр өгсөн үүрэг чиглэлийн дагуу сурагчдын үдийн хоолны зардлаас хөл хорионы онцгой дэглэм тогтоосон хугацаанд эргүүл хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч нарын хоол унданд нийт 1,571,745 төгрөг, багш ажилтнуудын хоол унданд 380,545 төгрөг, нийт 1,522,920 төгрөг зарцуулсан болох нь няравын гаргасан хоолны материалын жагсаалт, аудиторын гаргасан шалгалтын тооцоогоор тогтоогдож байх ба нэхэмжлэгч үнийн дүнд маргаагүй байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн ба миний бие хаягдсан ногооны 200, эргүүл пост, багш ажилчдын хоолны 500 гаруй мянган төгрөгийг тусгаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Гэтэл энэ үйл баримтад ямар ч дүгнэлт хийгээгүй, дээрхээс харахад зөрүүтэй дүгнэлтийг хийсэн байна.
5.1. Энэхүү актыг үндэслэж сумын Засаг дарга намайг удаа дараа дахин захирлын ажлаас чөлөөлж миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн.
5.2. Аудитаас 2021 оны санхүүгийн бүтэн жилээр тайланд шалгалт хийсэн ба тухайн төлбөр тавигдах зөрчлийн хугацаанд буюу сумын Засаг дарга намайг сургуулийн захирлын ажлаас 2021 оны 08 дугаар сарын 18*******ны өдөр хууль бусаар чөлөөлсөн ба тухайн санхүүгийн жилд 7 сар хагас ажилласан байхад бүтэн жилээр тооцож гаргасан нь үндэслэлгүй.
6. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд:
2. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл “Төсвийн шууд захирагч, түүний бүрэн эрх”*******ийг тодорхойлж, 16.5.5*******д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж зааснаар маргаан бүхий Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ч*******ын 2022 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 1305/54/54/А1370330/ЗАА*******2022/89/СТА*******ТШЗ дугаар актаар “Дэвшил сургууль”*******д нийт 2,245,840 төгрөгийн төлбөр тавьсан нь үндэслэлтэй болжээ.
3. Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Завхан аймгийн Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 13*******ны өдрийн хуралдаанаас аймгийн шуурхай штаб, Улиастай*******3, Сонгино, Тосонцэнгэл, Тэлмэн, Их*******Уул, Отгон сумдын постод үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлж, хоол, хүнсээр хангах ажлыг зохион байгуулах чиглэл өгсний дагуу Завхан аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 13*******ны өдрийн 1/322 дугаар албан бичгээр хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад халуун хоол, хүнсээр үйлчлэх ажлыг хуваарь гарган хариуцлагатай зохион байгуулахыг ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт мэдэгдэж, үүний дагуу Дэвшил сургуулиас дээрх гүйцэтгэлийг хийжээ. Гэтэл сурагчдын үдийн хоолонд 2021 онд гүйцэтгэлээр 36,745,470 төгрөг зарцуулсан байх боловч нягтлан бодогчийн тайлангаар 38,297,760 төгрөг зарцуулагдсанаар тайлагнаж, 1,552,290 төгрөгийн зөрүү гарч, энэ нь аудиторын шалгалтын тооцоогоор нотлогдож, мөн “Дэвшил сургууль”*******ийн захирлын 2021 оны А/106 дугаар, А/109 дүгээр, А/15 дугаар, А/25 дугаар тушаалуудаар нийт 806,450 төгрөгийг зарцуулж, 745,840 төгрөгийг ямар нэгэн шийдвэр, анхан шатны баримтгүйгээр зарцуулсан болох нь тогтоогдсон байна.
4. Аливаа байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулах бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2*******д зааснаар батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад хяналт тавих нь сургуулийн захирлын бүрэн эрх тул нэхэмжлэгчийн “... төлбөр барагдуулах актанд тусгагдсан зөрчлийн талаарх нягтлан, нярав нар тэтгэвэрт гарсан ба надад хамааралгүй, үндэслэлгүй төлбөр тавигдсан, ... нярав, тогоочийн буруутай үйлдэл /тэр хүмүүс нь сайн дураар төлсөн/ актад төлбөр төлөгч гэх хэсэгт захирал биш дээрх тогооч, няравыг оруулах ёстой байсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.
5. Түүнчлэн Дэвшил сургуулиас Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17*******ны өдрийн Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолын 1.4*******д “Энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх” гэж заасныг зөрчиж, тоглолтын хувцасны үнэ 1,500,000 төгрөгийг иргэн н.С*******ын дансанд шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогдож, тухайн байгууллагын албан хаагчдын спортын хувцас нь “нормын хувцас, зөөлөн эдлэлийн зардалд хамаарахгүй” талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.
6. Харин нэхэмжлэгч Д.М*******с байгууллагын гүйцэтгэх удирдлагын хувьд маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэл, шалтгааныг тогтоох нь түүний эрхийн асуудал боловч актын төлбөрийг холбогдох хүмүүс төлж барагдуулсан байх тул актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсэхгүй тул нэхэмжлэгчийн “... аливаа актыг үндэслэж, сумын Засаг дарга удаа дараа буюу дахин захирлын ажлаас чөлөөлж, миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчинө” гэх агуулга бүхий гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй юм.
7. Тодруулбал, маргаан бүхий актын зөрчил гарах үед нэхэмжлэгч Дэвшил сургуульд ажиллаж байгаагүй болох нь гэрчийн мэдүүлэг, 1,500,000 төгрөгөөр спортын хувцас худалдан авсан үйлдэл нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх үеийн хугацаанд хийгдсэн худалдан авалт байхаас гадна, сургуулийн 2022 оны 05 дугаар сарын 31*******ний өдрийн 68 дугаар албан бичгээр актын төлбөрийг төлж барагдуулсан талаар аудитын газарт хариу хүргүүлснээр нэхэмжлэгч Д.М*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагавар үүсэхээргүй байна.
8. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1*******д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19*******ний өдрийн 28 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.М*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН