Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 113/ШШ2019/0019

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Гомдол гаргагч: “Х” ХХК;

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш;

Гомдлын шаардлага: “Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 0173001 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагч Э.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          “Х” ХХК-ийн Чойр салбарын захирал Л.Г шүүхэд гаргасан гомдолдоо: “Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсээс “Х” ХХК-ийн Чойр салбарт Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос албан татвар суутган тооцсон арилжааны банкуудад хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтын дагуу Хас банкыг хадгаламжийн хүүгийн орлогоос албан татвар суутган хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй, үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаа хуулийн хугацаанд Татварын албанд бүртгүүлээгүй гэх 2 үндэслэлээр Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.6, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2, 6.4 дүгээр зүйлд зааснаар торгох шийтгэл ногдуулсан.

          Уг шийтгэл оногдуулсан захиргааны актыг дараах үндэслэлээр хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.

  1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.6-д “Банк...татвар төлөгчийн мөнгөн хадгаламжийн хүү, бодох бүрдээ энэ хуулийн 23.1-д заасан хувиар албан татвар ногдуулан суутгаж тухай бүр холбогдох төсөвт шилжүүлэх” гэж заасан боловч банкны хувьд нийлмэл хүү боддог аргын онцлогоос хамаарч тус заалтад заасан хугацаанд хүүгийн орлогыг суутган шилжүүлэх боломжгүй байдаг. Энэхүү үүссэн асуудлын хүрээнд Х банкны зүгээс Татварын ерөнхий газарт 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 2а/1762 дугаар албан бичиг хүргүүлсний хариуд Татварын ерөнхий газрын зүгээс 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 05/1232 дугаар албан бичгээр банкны хүсэлтийг шийдвэрлэж банкыг харилцагчтайгаа байгуулсан гэрээ цуцлагдсаны үндсэн дээр илүү төлөлт үүссэн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.1-58.1.3-т заасны дагуу тухайн илүү төлөлтийг байгууллагынхаа дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцож болно гэсэн хариу өгсөнийг үндэслэн Х банк үйл ажиллагаагаа явуулж байгаа тул Х банкыг хадгаламжийн хүүгийн орлогоос албан татвар суутган хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй гэж үзэж буй нь үндэслэлгүй байна.
  2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “Төрийн хяналт шалгалтыг давхардуулахгүй...” гэж заасан байдаг. Гэтэл Х банкны төв албанд Татварын ерөнхий газраас 2018 оны 9 дүгээр сард хяналт шалгалт хийсэн байтал дахин давхардуулж Х банкны орон нутгийн салбарт татварын хяналт шалгалтыг хийж буй нь дээрх хуульд нийцэхгүй байна.
  3. Х банкны Чойр салбарыг 2016 онд улсын бүртгэлийн Ү-1902001029 дугаартай Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 1-р баг 68-р байрны урд залгаа хаягт байршилтай 195 м.кв 3 өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан хугацаанд татварын албанд бүртгүүлээгүй гэх зөрчлийн тухайд 2016 оны зөрчил байх тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас тус үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
  4. Банк нь тус үл хөдлөх эд хөрөнгийг татварын цахим системдээ тухайн хөрөнгийн мэдээллийг оруулж холбогдох татварыг ногдуулан төлсөн ба татварын алба тухайн тайланг хүлээж авч баталгаажуулсан байдаг. Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3, 46.3.1, 46.4, 46.4.1, 46.4.2, 46.4.4, 46.4.5-д тус тус заасны дагуу Х банкны Чойр салбар нь 2016, 2017, 2018 оны татварын тайлангаа хугацаандаа гаргаж Говьсүмбэр аймгийн Татварын албаны зүгээс дээрх хуульд заасан үндэслэлүүдийг шалгаад ямар нэгэн зөрчилгүй байна гэж Чойр салбарын татварын тайланг хүлээн авсан атлаа одоо татварын зөрчилтэй байна гэж үзэж буй нь үндэслэлгүй байна.
  5. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зарим зүйл заалтыг практикт хэрхэн зөв хэрэглэх тухай” зөвлөмжийн 1-т “... хяналт шалгалт хийсэн байгууллага, албан тушаалтнууд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл журмыг хэрхэн хангасныг голлон анхаарах” гэж заажээ. Гэвч Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсээс Х банкны Чойр салбарт хяналт шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг хангаагүй болно.
  6. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1, 5.2.3, 5.2.6, 5.2.7-д заасныг заавал хяналт шалгалтын удирдамжинд тусгахаар заасан байхад Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн Х банкны Чойр салбарт хийсэн хяналт шалгалтын удирдамж нь дээрх шаардлагыг хангаагүй буюу удирдамжийн нэгдсэн дугаар аваагүй, шалгалтын төрөл, арга хэлбэр, шалгалт эхлэх хугацаа, өмнө хийсэн шалгалтын талаарх мэдээллийг тус тус удирдамжинд тусгаагүй тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг зөрчсөн хяналт шалгалт болно.

          Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн татвар, хяналт шалгалт хариуцсан татварын улсын байцаагч Э.Ш-ийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 0173001 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

          Хариуцагч Э.Ш шүүхэд гаргасан тайлбартаа: “1/ “Х банк” ХХК-ийн Чойр салбарын захирал Л.Г нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.6-д заасныг зөрчиж

-2017 онд иргэдийн мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан 43 891 136.00 төгрөгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөлгүй 3-147 хоног хэтрүүлсэн,

-2018 онд иргэдийн мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан 69 285 748.24 төгрөгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөлгүй 3-116 хоног хэтрүүлсэн нь зөрчлийн шинжтэй байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу шийтгэл оногдуулсан болно.

          Х банкнаас Татварын ерөнхий газарт хүргүүлсэн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2а/1762 дугаар албан бичгийн дагуу Татварын ерөнхий газраас 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 05/1232 дугаар албан бичгээр “...Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.6-д заасны дагуу хадгаламжийн хүү бодох бүрдээ албан татвар ногдуулан суутгах бөгөөд хугацаатай хадгаламжийн гэрээ цуцлагдсанаас үүссэн татварын зөрүүг дараа улирлын тайланд залруулах нь зүйтэй юм. Мөн Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т зааснаар банк харилцагчтайгаа байгуулсан гэрээ цуцлагдсаны үндсэн дээр илүү төлөлт үүссэн тохиолдолд дээр дурдсаны дагуу тухайн илүү төлөлтийг байгууллагынхаа дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцож болно” гэсэн хариуг хүргүүлсэн байх тул Х банк нь иргэдийн мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй нь үндэслэлтэй гэж үзэж байна.

          2/ Татварын ерөнхий газраас Х банкны төв салбарт 2018 оны 9 дүгээр сард татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхдээ зөвхөн төв салбарын хэмжээнд шалгалтыг хийж гүйцэтгэсэн болно. Харин салбар нэгжүүдийг харьяа татварын хэлтэс хэсэгчилсэн болон иж бүрэн шалгалтуудыг хийж гүйцэтгэдэг болно. Манай зүгээс “Х банк” ХХК-ийн Чойр салбарыг шалгахдаа Татварын хэлтсийн даргын олгосон 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 32190300004 дүгээр томилолтын дагуу “хэсэгчилсэн” шалгалтыг хийж гүйцэтгэсэн болно.

          3/ “Х банк” ХХК-ийн Чойр салбар нь 2016 онд 10 086 139.00 төгрөгийн үнэлгээтэй, улсын бүртгэлийн Ү-1902001029 дугаартай, 000427159 гэрчилгээний дугаартай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг 68-р байрны урд залгаа хаягт байршилтай 195 м.кв талбайтай 3 өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан авсан боловч уг үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан хугацаанд татварын албанд бүртгүүлээгүй. Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д заасныг зөрчсөн нь шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.4-т заасан торгох шийтгэл оногдуулсан болно. Мөн Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8-д тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тоолсон тул “Х банк” ХХК-ийн Чойр салбарын захирал Л.Г-ын гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна.

          4/ “Х банк” ХХК-ийн Чойр салбар нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан боловч уг үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан хугацаанд татварын албанд бүртгүүлээгүй мөн 2016 оны үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайланд уг үл хөдлөх хөрөнгөө тусгаагүй, татварын албанд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй, 2017 оны үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайланг 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр цахим системээр илгээхдээ уг үл хөдлөх хөрөнгийг бусдад зарж борлуулсан хойноо татварт тайлагнасан болно.

          Энэ нь 2016, 2017 оны үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайлангаар нотлогдож байна.

          5/, 6/ ...“Х банк” ХХК-ийн Чойр салбарыг 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл шалгахдаа Татварын ерөнхий хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн болно. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-д заасны дагуу Татварын хэлтсийн даргын олгосон 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 32190300004 дүгээр “хэсэгчилсэн” томилолтонд томилолтын дугаар, огноо, багийн ахлагч, татвар төлөгчийн нэр, дугаар, хяналт шалгалтанд хамрагдах хугацаа, төрөл зэргийг нэг бүрчлэн тусгасан болно.

          Иймд “Х банк” ХХК-ийн Чойр салбарын захирал Л.Г-ын гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Х банк” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ш-д холбогдуулан гаргасан “Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0173001 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн даргын баталсан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн удирдамж, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу “Х банк” ХХК-д хэсэгчилсэн шалгалт хийсэн нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. 

Тус хяналт шалгалтын ажлыг гүйцэтгээд “Х банк” ХХК-ийг хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй, хуульд заасан хугацаанд татварт бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2, 6.4 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулжээ. 

Татварын ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах эрх зүйн үндсийг тогтоож, татвар төлөгч болон татварын албаны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана.”,  47.2-т “Татварын хяналт шалгалтыг татварын алба хийж гүйцэтгэнэ.”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрийн хяналт шалгалтын тогтолцоо, төрийн захиргааны хяналт шалгалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Төрийн аудитын байгууллага болон төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт /цаашид “мэргэжлийн хяналт” гэх/, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэнэ.” гэж тус тус заажээ. 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл татварын алба татварын хяналт шалгалтыг Татварын ерөнхий хуульд заасны дагуу хийж гүйцэтгэх бөгөөд төрийн хяналт шалгалтад татварын хяналт шалгалт хамаарахгүй тул энэхүү маргаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль үйлчлэхгүй юм. 

Зөрчлийн тухай хуулиийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөрчил шалган шийдвэрлэхгүй байх хугацааг зааж өгсөн боловч тус зүйлийн 8-д “Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө.”, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж тус тус заасны дагуу татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хугацааг 5 жилээр тооцох тул үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй гэх зөрчилд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. 

Хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10/1859 дүгээр албан бичгээр ирүүлсэн татварын хяналт шалгалт хийх томилолт, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, “Х банк” ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо, шийтгэлийн хуудас зэргээс үзвэл Татварын ерөнхий газраас “Х банк” ХХК-д хийсэн хяналт шалгалтад мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогын асуудал тусгагдаагүй байх тул хяналт шалгалт давхардсан гэж үзэхгүй юм.

Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг зүйлийг өмчилж буюу эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харьяалагдах татварын албанд хувийн хэрэг нээлгэн татвар төлөгчөөр бүртгүүлнэ.” гэж заажээ. 

Гэтэл “Х банк” ХХК-ийн Чойр салбар 2016 онд 10,086,139.00 төгрөгийн үнэлгээтэй улсын бүртгэлийн Ү-1902001029 дугаартай 000427159 дүгээр гэрчилгээтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 68 дугаар байрны урд залгаа хаягт байршилтай 195 м.кв талбайтай 3 өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан боловч уг үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан хугацаанд татварын албанд бүртгүүлээгүй учир Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзсэн татварын улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй байна. 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.6-д “банк, санхүүгийн байгууллага албан татвар төлөгчийн мөнгөн хадгаламжид хүү бодох бүрдээ энэ хуулийн 23.1-д заасан хувиар албан татвар ногдуулан суутгаж, тухай бүр холбогдох төсөвт шилжүүлэх.” гэж зааснаар “Х банк” ХХК нь мөнгөн хадгаламжид хүү бодох бүрдээ албан татвар ногдуулан суутгаж, тухай бүр холбогдох төсөвт шилжүүлэхдээ хугацаа хожимдуулсан гэж татварын улсын байцаагч торгууль, алданги тооцсон нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна.” гэж заасныг зөрчөөгүй байна. 

Гомдол гаргагч “...Татварын ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 05/1232 дугаар албан бичгээр …Банкны хүсэлтийг шийдвэрлэж банкыг харилцагчтайгаа байгуулсан гэрээ цуцлагдсаны үндсэн дээр илүү төлөлт үүссэн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 58.1.1-58.1.3-т заасны дагуу тухайн илүү төлөлтийг байгууллагынхаа дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцож болно гэсэн  хариу өгснийг үндэслэн “Х банк” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа тул … хадгаламжийн хүүгийн орлогоос албан татвар суутган хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй гэж үзэж буй нь үндэслэлгүй…” гэж гомдол гаргажээ. 

Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д “хууль тогтоомжийн дагуу татвар төлөх хугацааг сунгуулах;” гэж зааснаар татвар төлөгч татвар төлөх хугацааг сунгуулах эрхтэй боловч хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 05/1232 дугаар албан бичгийн агуулгаас үзвэл татвар төлөх хугацааг хойшлуулсан агуулгагүй байна. Харин илүү төлсөн татвараа дараа төлөх татварт суутган тооцох талаар мэдэгдсэн байх тул гомдол гаргагчийн дээрх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Хэдийгээр дээр дурдсан үндэслэлүүдээр “Х банк” ХХК зөрчил гаргасан нь тогтоогдож байх боловч гомдол гаргагч 2017 оны 12 дугаар сарын төлбөл зохих дүнг зөвшөөрөхгүй маргаж байна. 

Хэрэгт хавсаргасан 1917000047 дугаар зөрчлийн материалд авагдсан баримтуудаар 2017, 2018 онд мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхээр байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар дахин шинэ акт гаргах хүртэл “Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0173001 дүгээр шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Учир нь зөрчлийн материалд авагдсан “Хуульд заасан хугацаанд нь төлөөгүй мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан албан татварт ногдуулсан торгууль, алданги тооцоо” (2017 он) гэсэн баримтад төлбөл зохих нийт дүнг 43,891,136.00 төгрөг гэсэн боловч шүүхэд ирүүлсэн “Мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан албан татварын тайлан”-д (2017 оны) суутгасан татварын дүнг 39,369,272.95 төгрөг гэж тайлагнасан бөгөөд мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг ямар баримтад үндэслэн хэрхэн тооцсон болохоо нотлох үүрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрх бүхий албан тушаалтанд байх тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.6, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2, 6.4 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0173001 дүгээр шийтгэлийн хуудсыг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гомдол гаргагч “Х банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                           Н.ДАМДИНСҮРЭН