Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 135/шш2017/00472

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2017/00383/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг   би,

     Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: ********/-ийн  нэхэмжлэлтэй

     Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******** байр , ******* тоотод оршин суух ******* ******* овгийн ******* ******* /РД: *********/-т холбогдох

     “3,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

“О.******* би Б.*******тай 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зээлүүлж, нотариатаар батлуулж бид гарын үсэг зурсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.******* зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 14 хоногийн алданги, үндсэн зээлийн 2,500,000 төгрөг, түүний хүү болох 250,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтий хураамжид төлсөн 58,950 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“О.*******ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулна” гэжээ.

Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Б.*******ын тайлбартай танилцлаа. 2017 оны 06 дугаар сарын 15-ны дотор 3,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.*******аас 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч хариуцагч Б.******* нь 3,000,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул  зохигчийн эвлэрлийг   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:    

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр  зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч О.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид эвлэрч хариуцагч Б.******* нь 3,000,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцсэнийг баталж   хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр  зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 03 дугаар   сарын 29-ний өдөр ХААН банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 31,475 төгрөгийг, хариуцагч Б.*******аас 31,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.*******өд олгосугай.  

 3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ