| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2021/0044/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/54 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ж.Баянжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/54
2021 02 26 2021/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0044/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Х.Санжидмаа, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
Улсын яллагч Ж.Баянжаргал,
Иргэдийн төлөөлөгч Л.Түвшинтөр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т,
Хохирогчийн хууль ёсны
төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Биязхан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл
Шүүгдэгч О.Х нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Х-д холбогдох 2039........ дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, О.Х
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 22-ны шөнө 02 цагийн орчимд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Жаргалант” гэх газар оршин суух өөрийн гэртээ иргэн Т.Цтэй маргалдаж түүний цээжний зүүн дээд хэсэгт суганы өмнөд шугам 5 дугаар хавирганы түвшинд, 8 дугаар хавирганы түвшинд тус тус хутгалж, улмаар уушги, зүрхийг гэмтээж алсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Х нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 22-ны шөнө 02 цагийн орчимд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Жаргалант” гэх газар оршин суух өөрийн гэртээ иргэн Т.Цтэй маргалдаж цээж рүү нь 2 удаа хутгалж алсан болох нь:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Талийгаач нь миний том хүү юм... 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нутгийнхаа найз болох Хийд очсон юм байна лээ. Учир нь Хийх саяхан шинэ гэр барьж найр хийсэн байсан... Намайг цагдаагийн байгууллагаас дуудаж болсон явдлын талаар хэлсэн... Би маш их гомдолтой байна. Тухайн үед нуун дарагдуулж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээгүйд гомдож байна. Мөн надад мэдэгдээгүй би цагдаагийн алба хаагчаас мэдсэн... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “... Би өөрийн хүү Цийн буяны ажлын зардал болох 5.000.000 төгрөг, мөн миний талийгаач хүү Амгалан-Эрдэнэ гэх 2 настай охинтой. Би ач охиноо 16 нас хүртэл тэжээгчээ алдсаны асаргааны мөнгө болох 27.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хий ар гэрээс буяны ажилд 2.000.000 төгрөгийн бэлэн мөнгөөр, нэг тооны бяруу, нэг тооны хонь өгсөн. Би одоо нийт 30.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би маш их гомдолтой байна. Миний талийгаач хүү малаа маллаж манай гэр бүлийг ганц авч явдаг хүн байсан. Миний хөл гар өвддөг, эхнэр Мөнхжаргал даралт ихэсдэг, зүрх муутай тул мал харах боломжгүй, байнгын эмчийн хяналтанд байдаг. Би одоо өөрийн 700 гаран тооны малаа сарын 300.000 төгрөг, жилийн малын төлнийхөө 20-30 хувийг, жилдээ нэг удаа өвлийн идэш өгөхөөр тохиролцон малаа харуулж байна. Дээрх бүх зардлуудыг тооцож 30.000.000 төгрөг нэхэмжилж байна... Хэ миний хүүтэй муудаад амин бус газар хутгалж болох байсан. Тэгэхэд амин газар нь 2 удаа хутгалсныг бодоход санаатай алсан гэж бодож байна... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 46-48 тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тийн шүүх хуралдааны явцад өгсөн: "... Болсон үйл явдлын талаар мэдэх зүйл байхгүй... хохирлын хувьд анх бол 30.000.000 төгрөг нэхэмжилсэн. Одоо 18.840.000 төгрөг нэхэмжилж байна. 8.840.000 төгрөгийг төлсөн. 10.000.000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр тохиролцсон... “ гэв.
2. Гэрч Э.Төртогтохын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Баянхутаг сумаас зүүн урагшаа 30 км-т байх “Давсан бадрах” гэх нэртэй газар Т.Ц гэх хүний хамт Т гэх хүний малыг хардаг. Т.Ц бол миний төрсөн эгч Мөнхжаргалын хүүхэд. Т бол миний эгч Мөнхжаргалын нөхөр юм. Би 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчим Жаргалантын гуанзнаас 2.5 литрийн хэмжээтэй “Нийслэл” нэртэй пиво нэг ширхэгийг авсан. Тэгээд Ц бид хоёр орой нар жаргасны дараа 20 цагийн орчим Жаргалантын гуанзнаас авсан 2.5 литрийн хэмжээтэй “Нийслэл” нэртэй пивийг хувааж ууж дуусгасан. Би гэртээ унтаж байтал намайг Ц сэрээгээд би Хтой ярьчихлаа, мөнгөөр нь 500 граммын нэг шил архи өгчих гэсэн чинь ирээд ав гэж байна, хоёулаа явъя гэж хэлсэн. Би чи миний мотоциклийг унаад яваад аваад ир гэхэд Ц би таны мотоциклийн занг мэдэхгүй, хоёулаа цуг явъя гээд бид миний мотоцикльтой Жаргалант гуанзнаас зүүн урд зүгт байдаг Хгийн гэрт 22 цагийн орчим ирсэн байх. Би тухайн үед цаг хараагүй. Хгийн гэрт ирэхэд Х эхнэр хүүхэдтэйгээ хамт байж байсан. Х Ц бид хоёрыг очиход 750 граммын хэмжээтэй “Болор” нэртэй архи гаргаад Ц, Х бид гурав уусан. Хгийн эхнэр архинаас уугаагүй. Бид гурвыг архи ууж байхад Хгийн эхнэр гэрийн зүүн орон дээрээ хувцастайгаа сэрүүн хэвтэж байсан. Болор нэртэй архийг уугаад дуусахад би Хд хандаж чи 2019 оны 06 дугаар сард Алтанхуягтай хамт манай 20 гаран тооны хонийг Жаргалант гуанзны Баадай гэх хүнд зарсан асуудалд чамайг цагдаад өгсөн хүнийг намайг гэж бодоод чи юм санаад байдаг юм уу, чи гэрийн найр хийхдээ намайг яагаад урьдаггүй юм бэ гэж хэлэхэд Х таныг хол байсан болохоор хэлж чадаагүй гэж хэлсэн. Энэ үед Ц Хд хандаж чи Төртогтох ахыг цагдаад хэлсэн гэж бодоод байгаа юм уу, Төртогтох ах хэлээгүй гээд Хтой маргалдаад байсан. Би та хоёр битгий маргалдаад байгаач, Ц хоёулаа явах уу гэж хэлж байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Би унтаж байгаад сэрэхэд цагдаагийн машин дотор сэрсэн. Намайг хаана байхад хэн машинд оруулж унтуулсныг санахгүй байна. Би машин дотор сэрснээс хойш Хгийн гэрт ороогүй. Цийг үхсэн гэдгийг цагдаа нараас мэдсэн... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 50-52 тал/
3. Гэрч Г.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 10 дугаар сарын 21-ний өглөөний 08 цаг 30 минутаас 2020 оны 10 дугаар сарын 22-ны өглөөний 08 цаг 30 минут хүртэл алс ойрын дуудлагын ээлжтэй байсан. 2020 оны 10 дугаар сарын 22-ны шөнө 03 цаг 05 минутад гэртээ унтаж байхад манай ажлын сувилагч Д.Мөнхтогоо цонх тогшиж намайг сэрээгээд хүн хутгалуулсан дуудлага ирсэн. Хэсгийн төлөөлөгч Гантөмөр дуудлага өгсөн гэж хэлсэн. Би хэсгийн төлөөлөгч Гантөмөртэй утсаар ярихад Гантөмөр надад хөдөө хоёр том хүн архи уугаад согтуу зодолдоод нэгнийгээ хутгалсан юм шиг байна гэж хэлсэн. Би ажил дээрээ ирэхэд сувилагч авч явахад шаардлагатай зүйлийг бэлдчихсэн байсан. Би дуудлаганд ахлах сувилагч Ч.Эрдэнэчимэг, сумын цагдаа Отгончулуун, жолооч Зоригтбаатар нарын хамт сумын төвөөс 03 цаг 47 минутад хөдөлсөн. Хэрэг гарсан айлд 04 цаг 30 минутад ирсэн. Хэрэг гарсан айлд ирэхэд хоёр монгол гэр байсан. Баруун гэр нь том, зүүн гэр нь жижиг гэр байсан. Бид нарыг очиход Х гэх хүний аав гэрийн гадаа байж байсан. Хгийн аав бид нарыг дагуулаад зүүн талын жижиг гэрт оруулсан. Гэрт ороход Х, түүний ээж, эхнэр, хүүхэд нь сэрүүн гэрийн зүүн орон дээр сууж байсан. Харин гэрийн зүүн урд талд хэвлий хэсгээрээ дээшээ харсан, толгой нь зүүн зүгт чиглэсэн, баруун хөлөө өвдөг хэсгээрээ нугарсан, зүүн хөл шулуун жийсэн байдалтай эрэгтэй хүн байсан. Тухайн хүний гадна талын хүрэн өнгийн дээлийг цээж хэсгээр нь задгайлж дотор талаараа өмссөн хар өнгийн савхин күртик, хар хөх өнгийн цамцны цахилгааныг тайлж хар өнгийн пудволкийг дээш сөхсөн. Хэвлий хэсэг, өмд нь цусаар бохирлогдсон байсан. Шархыг нь дарсан бололтой улаан өнгийн өмд цусаар бохирлогдсон байсан. Би тухайн хүнийг дуудаж, хувцаснаас нь татахад ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Царай нь цайрч хөхөрсөн, амьсгал мэдрэгдэхгүй, хүүхэн хараа өргөссөн, гүрээний венийн болон том судасны лугшилт тодорхойлогдохгүй, захын судасны пульс тэмтрэгдэхгүй байсан. Чагнаж үзэхэд амьсгал, зүрхний цохилт сонсогдохгүй хэвлий тэмтрэлтээр хэвлий хатуу тэмтрэгдэж байсан. Тухайн хүний цээжин биенд хийсэн үзлэгээр зүүн талын хөхнөөс зүүн харалдаа 5 см орчимд зайд 3х1.5 см хэмжээтэй нэвтэрсэн шарх, хэвлийн зүүн дээд хэсэгт хавирганы нуман доор 3х1.5 хэмжээтэй нэвтэрсэн шархтай шархнаас цус багаар урсаж байсан. Харин гэрийн баруун талд ногоон өнгийн дээлтэй гадна талаараа хар хөх өнгийн хүрэм өмссөн эрэгтэй хүн хэвлий хэсгээрээ доошоо толгой нь урд зүгт харсан байдалтай унтаж байсан. Отгончулуун цагдаа тэр хүнийг сэрээх гээд татаж байгаад тухайн хүний доороос хар өнгийн 30 см орчим урттай шинэ гэмээр хутга авсан. Тэр хутга цус болоогүй цэвэрхэн байсан. Ногоон дээлтэй хүний аль нэг гарных нь хурууны үзүүр хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна гэж би харсан. Аль гар нь байсныг санахгүй байна. Гэрт ороход гэрийн зуухны хойд талд шалан дээр Болор нэртэй архины шил нэг, саарал өнгөтэй архины шил нэг байсан. Би нэрийг нь мэдэхгүй архи байсан... Анх гэрт ороод Отгончулуун цагдаа юу болсон талаар асуухад Х энэ хоёрыг гадаа муудаад байхаар нь би салгачихаад гэртээ орж ирээд байж байхад гаднаас Д орж ирсэн. Дийн цээжнээс нь цус гараад байхад нь би эхнэрийнхээ өмдөөр цусыг дарсан. Д сонин дуугараад байсан гэж хэлж байсан. Х үг хэлэхдээ хоолой нь зангираад уйлах гээд байсан нь анзаарагдсан. Харин Хгийн эхнэр хүмүүс хоорондоо муудаад байсан гэж хэлж байсан. Хэн хэнтэй муудсан талаар хэлээгүй. Бид нарыг очоод 10 минут болж байхад ажлын хэсэг ирсэн. Би цаг харж байсан юм. Ажлын хэсэг ирсний дараа гэрийн баруун талд унтаж байсан ногоон дээлтэй хүнийг Отгончулуун цагдаа гадаа гаргасан. Тэр хүн сэрэхгүй хөл нь чирэгдээд байсан. Тэгсэн Гантөмөр цагдаа ногоон дээлтэй хүнийг жоохон даарахаараа сэргэнэ байх гээд газар унтуулаад үлдээсэн. Удалгүй ногоон дээлтэй хүн сэргээд босоод шээнэ бөөлжих гээд байна гэж байгаад манай эмнэлгийн машинд орж унтсан... Тухайн хүнийг Отгончулуун цагдаа сахиж байсан... Би архи уусан эсэхийг мэдээгүй... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 57-59 тал/
4. Гэрч Б.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 21-ний 23 цаг өнгөрч байхад талийгаач Ц, Төрөө гэдэг ахын хамт улаан өнгийн мотоцикльтой сундалдаад согтуу ирсэн. Гэрт ирээд Төрөө ах намайг гэрийнхээ найранд урьсангүй гээд л үг хаяад байхаар нь манай нөхөр Болор нэртэй нэг шил архи, Сэрүүн нэртэй 2.5 литрийн шар айрагнаас нэг ширхэгийг гаргаж ирж уусан. Тэрийгээ ууж дуусаад талийгаач өврөөсөө тал шил архи гаргаж ирээд ахиад уусан. Архи ууж дуусах үед 2020 оны 10 дугаар сарын 22-ны 01 цаг өнгөрөөд 02 цаг болж байсан... Өмнө нь манай нөхөр цагдаагийн байгууллагад хулгай хийсэн гэж шалгагдаж байсан юм. Тэгсэн тэр тухай архи ууж байх үедээ яриад Төрөө ах өөрийгөө цагдаад хэлээгүй шүү гээд ахин дахин яриад байсан. Манай нөхөр мэдэж байгаа, болоод өнгөрсөн зүйл шүү дээ гэж хэлсэн. Тэр үед талийгаач манай нөхрийг Бухынхан угаасаа агсан, Бухынхан арчаагүй, архи уудаг гэх мэтчилэн үг хэлээр доромжлоод хорон үгээр идээд байсан. Тэгээд талийгаач манай нөхрийг гадаа гараад нэгийгээ үзчихье гэрт болохоор хүүхэд чинь айгаад байна гэж хэлээд гарсан. Гэрээс гарчихаад чи гарч ирж чадахгүй, арчаагүйшдээ чи гэх мэтчилэн хорон үгнүүд хэлээд байсан. Араас нь манай нөхөр гарсан. Манай нөхөр араас нь гарах үед 02 цаг өнгөрч байсан байх. Төрөө ах тэр үед тасарчихсан унтаж байсан. Манай нөхөр талийгаач хоёр гэрээс гараад удаагүй тэр хоёр ороод ирсэн. Талийгаач өөрөө алхаж орж ирээд гэрийн зүүн урд талд ойчоод өгсөн. Ойчоод өгөхөөр нь би очоод харсан чинь хормойноос нь доошоо цус болчихсон байсан. Манай нөхөр талийгаачийн цээжийг нүцгэлээд цээжний зүүн талаас урсаж байсан цусыг нь тогтоох гээд улаан өмдөөр дарсан. Цус нь тогтохгүй байсан. Цус нь тогтохгүй байж байгаад хамаг бие нь хөхрөөд сонин болчихоор нь би нөхрийн хамт гэрээс гараад би гэрэл тусгаад гэрийн хаяанаас манай нөхөр 30 гаран см урттай, хар өнгийн, хувилтай, цус болсон хутга авсан. Хутгаа авч гэрт ороод угаалтуур дээрээ угаасан. Шууд угаачихсан болохоор би хэр их цус болсон байсныг мэдэхгүй байна. Хутгаа угаачихаад манай нөхөр бас гараа угаасан. Угаасан хутгаа Төрөө ахын доогуур хийчихсэн. Төрөө ах мэдэхгүй унтаад байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хоёр хүн муудалцаж байгаад нэгнийгээ хутгалчихлаа гэж мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагад мэдэгдчихээд хадам аав, ээж хоёрт би хоёр хүн муудалцаж байгаад нэгнийгээ хутгалчихлаа гэж хэлсэн. Хадам аав, ээж хоёр манай нөхрийг дүрсэн гэдгийг мэдээгүй... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 60-62 тал/
Гэрч Б.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Тэр орой талийгаачид аймар уурлаад заамдаад аваад гарсан. Намайг янхан гичий, чамтай суухаасаа өмнө биеэ үнэлдэг байсан гэж хэлсэн. Мөн хүүг маань Хий хүүхэд биш гэж хэлсэн. Тэгээд эхнэр чинь гичий нохой шиг эрчүүл цуглуулдаг байсан гэж хэлсэн. Тэрнээс болж маш их уурлаад тэр хоёр гэрээс гарсан. Би гэрт үлдсэн болохоор гадаа юу болсныг би хараагүй. Хийн гар цустай байсан. Хэ надад миний гарт хутга байна, би хүн хутгалчихсан юм шиг байна, цагдаа дууд гэж хэлсэн... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 63-65 тал/
Гэрч Б.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Талийгаач Ц намайг чи Хэтэй суугаагүй байхдаа гичий нохой шиг эр цуглуулдаг, янхан байсан. Энэ хүү чинь чиний хүүхэд биш, чамайг байхгүй байхад эр цуглуулдаг гэж муухайгаар доромжилсон... Ц гэрт манай нөхөр Хийг заамдаад гаръя гээд ноцолдоод байснаа Ц гадаа гараад ир зайнд гараад үзье гэж хэлээд гэрээс гарахад Хэ тэгье гэж хэлээд гэрээс гарсан. Би хүүгээ тэврээд буруу хараад сууж байсан болохоор Хийг хутга авч гарсан үгүйг хараагүй. Тэр хоёр гарсны дараа гэрийн зүүн урд талд хүн ноцолдож байгаа чимээ надад сонсогдсон. Тэгээд Хэ эргээд орж ирэхэд баруун гар нь цус болчихсон гэртээ орж ирсэн... Хэ бид хоёр талийгаач Цийн цээжин биеийн хувцсыг тайлахад цээжний зүүн талаас нь цус гарч байхаар нь миний улаан өнгийн өмдөөр цусыг нь тогтоох гэж дарсан боловч цус нь тогтохгүй байсан. Би нэг л газраас цус гарч байхыг харсан. Тухайн үед талийгаачийн цус гарсан хэсгээс доош нь хувцсыг нь тайлж хараагүй... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 тал/
5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №102 дугаартай: “...
1. 2. Талийгаач Т.Цийн биед цээжний зүүн дээд хэсэгт суганы өмнөд шугамаар 5, 8-р хавирганы түвшинд хатгагдаж нэвтэрсэн шарх, зүүн талын цээжний хөндийн цус хуралдалт /1200мл/, үнхэлцэг хальс, зүрхний зүүн чих, зүүн уушгины доод дэлбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Талийгаачийн цусанд 3,5% цөсөнд 3% спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байжээ.
6. Цус нь А/II/-р бүлгийн харьяалалтай байна.
7. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрсэн хүнд гэмтлийн улмаас нас баржээ... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 116-119 тал/
6. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №44 дугаартай: “...
1. О.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. О.Х нь болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 135-136 тал/
7. Шүүгдэгч О.Хий мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 10 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчим гэртээ эхнэр хүүхэдтэйгээ байж байхад миний найз Д ....... дугаарын утаснаас залгаад нэг шил архи байна уу мөнгөөр нь авах гэсэн юм гэж асуухаар нь би нэг шил архи байна, ирээд ав гэж хэлсэн. Д бид хоёр танайд яваад очъё гэж хэлсэн. Тэгээд гэртээ байж байтал Д, Төрөө ах хоёр 23 цагийн орчим нилээн согтуу мотоциклтой ирсэн. Тэр хоёр манайд орж ирээд цай ууж байгаад Төрөө ах чи гэрийн найр хийчхээд ахдаа хэлдэггүй юм уу гэж хэлэхээр нь би нэг шил 750 граммын “Болор” нэртэй архи гаргаад Төрөө, Д нарын хамт хувааж уугаад дуусгасан. Миний эхнэр Энхжаргал архинаас уугаагүй. Төрөө ах ахиад нэг юм ууя гэхээр нь би дахиж 2.5 литрийн хэмжээтэй “Сэрүүн” нэртэй пиво гаргаад бид гурав уугаад сууж байхад Төрөө ах Аагий та хоёрыг ноднин цагдаад би өгөөгүй шүү гэж хэлэхээр нь би тэр яахав дээ болоод өнгөрсөн. Аагий бид хоёр авдаг юм аа авчихсан. Тэрийг одоо яриад яахав дээ гэж хэлсэн. Тэгээд сууж байхад Төрөө ах Дт хандаж танай аав ноднин Аагий, Х хоёрыг цагдаад өгч Аагийг шоронд хийсэн биздээ гэж хэлэхэд Д юм хэлээгүй. Төрөө ах гэрийн баруун орны урд талд унтаад өгсөн. Тэгээд байж байтал Д миний эхнэр Энхжаргалыг чи Хэтэй суухаас өмнө гичий нохой шиг эр болгонтой унтдаг янхан, биеэ үнэлдэг байсан биздээ, мөн миний хүү Өсөх-Ирээдүйг энэ чиний хүүхэд биш гэх зэргээр доромжилж эхлэхээр нь би эхнэр хүүхдээ өмөөрөөд Дтэй гэрт ноцолдож байгаад заамдалцаад гэрээс гарсан. Тэгээд нэг мэдсэн би гэрийн гадна зүүн урд талд баруун гарандаа хутга барьчихсан миний гар цус болчихсон байж байсан. Д миний хажууд газар хэвтэж байсан. Би гэртээ ороод эхнэртээ хандаж цагдаа дуудаарай, би хүн хутгалчихлаа гэж хэлээд эргэж гараад Дийн суган доогуур нь гараараа тэвэрч өргөөд гэрт оруулж ирээд гэрийн зүүн урд хэвтүүлээд дээлийг нь болон дотуураа өмссөн хувцсыг нь тайлахад цус гарч байхаар нь эхнэрийн улаан өнгийн өмдөөр цусыг тогтоох гэж дарсан болов цусыг нь тогтоож чадаагүй. Тэгээд би гэрээс гараад гэрийн гадна зүүн урд талд байсан хутгаа оруулж ирээд хутганы болон гарынхаа цусыг угаагаад өөрийнхөө өмсөж байсан цамцийг сольсон. Би Дийг хутгалсан хутгаа унтаж байсан Төрөө ахын хажууд тавьсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн... Миний ээж аав талийгаачийн ар гэрт нийт 3 сая төгрөг, нэг үхэр, нэг хонь өгсөн гэж хэлсэн... Би ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 196-200 тал/
8. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №1 дугаартай: “...
1. О.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй, энгийн согтолттой байсан байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан.
2. О.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай... ” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 58-59 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүнийг 2 удаа хутгалж алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: "... Хий хувьд өөрийн үйлдлийн улмаас Цийн амь насыг хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан " Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан " гэсэн зүйл ангиар гэм буруутайд тооцож өгөөч гэсэн саналыг гаргаж байгаа. Үндэслэл нь манай үйлчлүүлэгчийн эхнэр Энхжаргалыг хүндээр доромжлогдсон нөхцөл байдлаас болж Хий сэтгэл санаа цочрон давчидсаны улмаас бусдын амь насыг хохироох үйлдэл болсон байна гэж үзэж байгаа... Гэрч Энхжаргалын мэдүүлгээр хохирогч нь муу муухай үгээр хүндээр доромжилсон нөхцөл байдал тогтоогдож байгаа гэж үзэж байгаа ... хоромхон зуур сэтгэл санаа цочролд ороод, хэвийн байдлаа алдсан гэдгээ Хэ өөрөө "... тухайн үед хаанаас хутга авсан, хэдэн удаа хутгалснаа мэдэхгүй... тухайн үед манай эхнэрийг тэгж хэлэхээр нь уураа барьж чадаагүй, би алъя гэж бодоогүй ийм зүйл болсон байна..." гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлдэг... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгөөч..." гэж тайлбарлаж байгаа боловч
Гэрч Э.Төртогтохын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Ц Хд хандаж чи Төртогтох ахыг цагдаад хэлсэн гэж бодоод байгаа юм уу, Төртогтох ах хэлээгүй гээд Хтой маргалдаад байсан. Би та хоёр битгий маргалдаад байгаач, Ц хоёулаа явах уу гэж хэлж байснаа санаж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 50-52 тал/,
Гэрч Г.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...гэрийн баруун талд ногоон өнгийн дээлтэй гадна талаараа хар хөх өнгийн хүрэм өмссөн эрэгтэй хүн хэвлий хэсгээрээ доошоо толгой нь урд зүгт харсан байдалтай унтаж байсан. Отгончулуун цагдаа тэр хүнийг сэрээх гээд татаж байгаад тухайн хүний доороос хар өнгийн 30 см орчим урттай шинэ гэмээр хутга авсан. Тэр хутга цус болоогүй цэвэрхэн байсан. Ногоон дээлтэй хүний аль нэг гарных нь хурууны үзүүр хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна гэж би харсан... Анх гэрт ороод Отгончулуун цагдаа юу болсон талаар асуухад Х “энэ хоёрыг гадаа муудаад байхаар нь би салгачихаад гэртээ орж ирээд байж байхад гаднаас Д орж ирсэн. Дийн цээжнээс нь цус гараад байхад нь би эхнэрийнхээ өмдөөр цусыг дарсан. Д сонин дуугараад байсан” гэж хэлж байсан. Х үг хэлэхдээ хоолой нь зангираад уйлах гээд байсан нь анзаарагдсан. Харин Хгийн эхнэр хүмүүс хоорондоо муудаад байсан гэж хэлж байсан. Хэн хэнтэй муудсан талаар хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 57-59 тал/,
Гэрч Б.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад анх өгсөн “...Өмнө нь манай нөхөр цагдаагийн байгууллагад хулгай хийсэн гэж шалгагдаж байсан юм. Тэгсэн тэр тухай архи ууж байх үедээ яриад Төрөө ах өөрийгөө цагдаад хэлээгүй шүү гээд ахин дахин яриад байсан. Манай нөхөр мэдэж байгаа, болоод өнгөрсөн зүйл шүү дээ гэж хэлсэн. Тэр үед талийгаач манай нөхрийг Бухынхан угаасаа агсан, Бухынхан арчаагүй, архи уудаг гэх мэтчилэн үг хэлээр доромжлоод хорон үгээр идээд байсан. Тэгээд талийгаач манай нөхрийг гадаа гараад нэгийгээ үзчихье гэрт болохоор хүүхэд чинь айгаад байна гэж хэлээд гарсан. Гэрээс гарчихаад чи гарч ирж чадахгүй, арчаагүй ш дээ чи гэх мэтчилэн хорон үгнүүд хэлээд байсан. Араас нь манай нөхөр гарсан... Төрөө ах тэр үед тасарчихсан унтаж байсан. Манай нөхөр талийгаач хоёр гэрээс гараад удаагүй тэр хоёр ороод ирсэн. Талийгаач өөрөө алхаж орж ирээд гэрийн зүүн урд талд ойчоод өгсөн. Ойчоод өгөхөөр нь би очоод харсан чинь хормойноос нь доошоо цус болчихсон байсан. Манай нөхөр талийгаачийн цээжийг нүцгэлээд цээжний зүүн талаас урсаж байсан цусыг нь тогтоох гээд улаан өмдөөр дарсан. Цус нь тогтохгүй байсан. Цус нь тогтохгүй байж байгаад хамаг бие нь хөхрөөд сонин болчихоор нь нөхрийн хамт гэрээс гараад би гэрэл тусгаад гэрийн хаяанаас манай нөхөр 30 гаран см урттай, хар өнгийн, хувилтай, цус болсон хутга авсан. Хутгаа авч гэрт ороод угаалтуур дээрээ угаасан. Шууд угаачихсан болохоор би хэр их цус болсон байсныг мэдэхгүй байна. Хутгаа угаачихаад манай нөхөр бас гараа угаасан. Угаасан хутгаа Төрөө ахын доогуур хийчихсэн. Төрөө ах мэдэхгүй унтаад байсан... хутга өмнө нь гэрийн гал тогооны шургуулганд байсан... архи уугаад сууж байхдаа талийгаач манай нөхрийн аавыг Бухынхан угаасаа агсан, Бухынхан арчаагүй, архи уудаг, хар ус харамлаад байгаа юм уу, болилдоо би уух албагүй, гэрээсээ хөөчих юм байна л даа, үзчихье гөлөг минь айгаад байгаа юм уу гэж хэлээд бас намайг янхан минь дуугай байгаарай нөхрийгөө л баздаг юм байгаа биз намайг базахгүй шүү гэж хэлж хэл амаар доромжилж байсан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 60-62 тал/,
Шүүгдэгч О.Хийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Төрөө ах Аагий та хоёрыг ноднин цагдаад би өгөөгүй шүү гэж хэлэхээр нь би тэр яахав дээ болоод өнгөрсөн. Аагий бид хоёр авдаг юм аа авчихсан. Тэрийг одоо яриад яахав дээ гэж хэлсэн. Тэгээд сууж байхад Төрөө ах Дт хандаж танай аав ноднин Аагий, Х хоёрыг цагдаад өгч Аагийг шоронд хийсэн биздээ гэж хэлэхэд Д юм хэлээгүй. Төрөө ах гэрийн баруун орны урд талд унтаад өгсөн. Тэгээд байж байтал Д миний эхнэр Энхжаргалыг чи Хэтэй суухаас өмнө гичий нохой шиг эр болгонтой унтдаг янхан, биеэ үнэлдэг байсан биздээ, мөн миний хүү Өсөх-Ирээдүйг энэ чиний хүүхэд биш гэх зэргээр доромжилж эхлэхээр нь би эхнэр хүүхдээ өмөөрөөд Дтэй гэрт ноцолдож байгаад заамдалцаад гэрээс гарсан. Тэгээд нэг мэдсэн би гэрийн гадна зүүн урд талд баруун гарандаа хутга барьчихсан миний гар цус болчихсон байж байсан. Д миний хажууд газар хэвтэж байсан. Би гэртээ ороод эхнэртээ хандаж цагдаа дуудаарай, би хүн хутгалчихлаа гэж хэлээд эргэж гараад Дийн суган доогуур нь гараараа тэвэрч өргөөд гэрт оруулж ирээд гэрийн зүүн урд хэвтүүлээд дээлийг нь болон дотуураа өмссөн хувцсыг нь тайлахад цус гарч байхаар нь эхнэрийн улаан өнгийн өмдөөр цусыг тогтоох гэж дарсан боловч цусыг нь тогтоож чадаагүй. Тэгээд би гэрээс гараад гэрийн гадна зүүн урд талд байсан хутгаа оруулж ирээд хутганы болон гарынхаа цусыг угаагаад өөрийнхөө өмсөж байсан цамцийг сольсон. Би Дийг хутгалсан хутгаа унтаж байсан Төрөө ахын хажууд тавьсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн... “ гэсэн /1-р хх-ийн 196-200 тал/ мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч нь анх өөрийн гэмт үйлдлийг цагдаад мэдэгдсэн, мэдэгдээгүй талаар Э.Төртогтох, хохирогч нартай маргалдаж улмаар хохирогчийг эцэг, эхнэрийг маань хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар бусдыг 2 удаа хутгалж алсан, түүнчлэн үйлдлээ булзааруулах зорилгоор бусдыг алсан хутгаа өөрийн гэрт унтаж байсан гэрч Э.Төртогтохын доор хийсэн зэрэг байдлууд тогтоогдож байгаа бөгөөд үүгээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан” гэх дүгнэлт няцаагдаж байна. Харин шүүгдэгчийн эхнэрийн дахин өгсөн гэрчийн мэдүүлгүүд, шүүгдэгчийн эрх зүйн туслалцаа авсаны дараа өгсөн мэдүүлгүүдэд “хохирогч нь шүүгдэгчийн эхнэрийг Хэтэй суухаас өмнө гичий нохой шиг эр болгонтой унтдаг янхан, биеэ үнэлдэг байсан... хүү Өсөх-Ирээдүйг шүүгдэгчийн хүүхэд биш гэх зэргээр доромжилсон” гэсэн зүйл дурдагдсан боловч мэдүүлгийн эх сурвалжууд тодорхойгүй, үнэн зөв гэж дүгнэхэд эргэлзээтэй байх тул шүүх уг мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна гэж үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас Т.Цийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т нь оршуулгын зардал болон бусад зардалд нийт 30.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 18.840.000 төгрөг нэхэмжилснээс 8.840.000 төгрөгийг шүүгдэгчээс бэлэн авсан, үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч эвлэрлийн гэрээ хийсэн байх тул тэдний тохиролцсоны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Хийг Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн бөгөөд шүүгдэгч нь тэнссэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн тул уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хд... хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх... албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй“ гэсэн хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 32.5 см урттай хар өнгийн хутга 1 ширхэг, хүрэн эрээн өнгийн даавуу 1 ширхэг, ARKHI, Болор нэртэй архины шил 2 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хивсний булан хэсэг, шаргал өнгийн бариултай хайч 1 ширхэг, 20 см урттай хар өнгийн хутга 1 ширхэг Сэрүүн нэртэй пивоны хуванцар сав 1 ширхэг, улаан өнгийн өмд, 2 хэсэг болж хуваагдсан хувцасны тасархай, нүүрний алчуур 1 ширхэг, Хий өмсөж явсан гэх цус мэт улаан зүйлээр бохирлогдсон улаан өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 2 ширхэг, хар өнгийн хос гутал, талийгаач Цийн өмсөж явсан гэх хар өнгийн түрийтэй хос гутал, ягаан даавуун хөлний ороолт 1 хос, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 2 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, хүрэн өнгийн дээл 1 ширхэг, ягаан өнгийн өвлийн малгай 1 ширхэг, улаан шонхор нэртэй тамхины хайрцаг /тамхитай/, хар савхин күртик 1 ширхэг, цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, улаан өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн ажлын бээлий зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч О.Хий цагдан хоригдсон 127 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оршуулгын зардлыг төлсөн... нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ...нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгөөч... “ гэсэн өмгөөлөл явуулжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” талаар заасан бөгөөд шүүгдэгч нь учруулсан хохирлоо бүрэн төлж дуусгаагүй тул тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах үндэслэлгүй, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжгүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршгийн зарим хэсэг болох оршуулгын зардал болон бусад зардалд 8.840.000 төгрөг төлсөн буюу бусад туслалцаа үзүүлсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хийг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хийг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хд... хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх... албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй“ гэсэн хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял дээр Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 9 /ес / жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хд оногдуулсан 9 /ес / жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хий цагдан хоригдсон 127 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хэс 10.000.000 /арван сая/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тд олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 32.5 см урттай хар өнгийн хутга 1 ширхэг, хүрэн эрээн өнгийн даавуу 1 ширхэг, ARKHI, Болор нэртэй архины шил 2 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хивсний булан хэсэг, шаргал өнгийн бариултай хайч 1 ширхэг, 20 см урттай хар өнгийн хутга 1 ширхэг Сэрүүн нэртэй пивоны хуванцар сав 1 ширхэг, улаан өнгийн өмд, 2 хэсэг болж хуваагдсан хувцасны тасархай, нүүрний алчуур 1 ширхэг, Хий өмсөж явсан гэх цус мэт улаан зүйлээр бохирлогдсон улаан өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 2 ширхэг, хар өнгийн хос гутал, талийгаач Цийн өмсөж явсан гэх хар өнгийн түрийтэй хос гутал, ягаан даавуун хөлний ороолт 1 хос, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 2 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, хүрэн өнгийн дээл 1 ширхэг, ягаан өнгийн өвлийн малгай 1 ширхэг, улаан шонхор нэртэй тамхины хайрцаг /тамхитай/, хар савхин күртик 1 ширхэг, цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, улаан өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн ажлын бээлий зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй ба шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 8.840.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧИД Х.САНЖИДМАА
Э.ОДХҮҮ