Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/59

 

 

 

2021   03   05                                                     2021/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0050

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Ж.Хонгорзул,

Улсын яллагч                                                  Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч                                                          М.У нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Уд  холбогдох 21390......дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, М.У

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  М.У нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 6-12 тоотод байх өөрийн гэртээ иргэн Р.Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан галын хайчаар түүний зулай, баруун гарын сарвууны ар хэсэгт тус тус  нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  М.У нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 6-12 тоотод байх өөрийн гэртээ иргэн Р.Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан галын хайчаар түүний зулай, баруун гарын сарвууны ар хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь:

 

1. Хохирогч  Р.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...  Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хорооллын А56 дугаар байрны орцны жижүүрээр ажилладаг юм. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн үед эгч болох Р.Сэр-Одыг хот руу гаргаж өгөх гээд Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 6-12 тоотод охин Анундарьтай хамт очсон. Тэнд очтол Сэр-Од, У нар 1 ширхэг литрийн Боргио нэртэй пиво уугаад байж байсан. Тухайн үед би тэд нартай пиво уусан юм. Манай эгч болох Сэр-Од 12 цагийн үед хот явах ёстой байсан ба эгч согтуу байсан болохоороо унаанаасаа хоцорчихсон. Тэгээд 13 цагийн үед дахиад 1 ширхэг 2 литрийн Боргио нэртэй пивийг У, Сэр-Од бид гурав хувааж уугаад би нилээн согтсон, нөгөө хоёр өмнө нь пиво уусан байсан болохоор надаас илүү согтолттой байсан. Нэг мэдсэн орой 17-18 цагийн үед У нь согтчихсон бид нарт агсан тавиад байсан. Тэгэхээр нь би харьлаа гээд У, Сэр-Од нарт хэлэхэд У нь гэрт зуухны хажууд байсан галын хайчаар миний толгой руу шууд маш хүчтэй цохисон. Тэр даруйд миний толгойноос цус гараад цусаа тогтоох гээд баруун гараараа толгойгоо дартал У дахиад миний толгой руу галын хайчаараа дахин цохих гэж байгаад миний баруун гар руу нэг удаа хүчтэй цохисон. Яг тэр үед намайг хамгаалах хүн байгаагүй, эгч Сэр-Од маань тасраад уначихсан байсан. Миний охин Анударь айгаад гадагшаа гарчихсан байсан. Үүний дараа хажуу талын айлын Гансүх өвөө цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар  ирээд намайг эмнэлэг рүү авч яваад толгойг минь боолгож өгсөн. Эмнэлэг дээр хэдэн цагийн үед очсоноо сайн санахгүй байна... У намайг галын хайчаар хоёр удаа маш хүчтэй толгой болон баруун гарын сарвууны ар хэсэгт цохисон. Үүнээс өөр цохиж зодоогүй...  Миний толгойны орой буюу зулай хэсэгт язарч хагарсан, баруун гарын алганы ар талын хэсэгт шарх үүсэж, хавдсан, үүнээс өөр гэмтэл байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/

Хохирогч  Р.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин  өгсөн: “...    2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 17-18 цагийн үед Уын гэр болох Хэрлэнгийн 6-12 тоотод байхад М.У нь миний толгой руу нэг удаа галын хайчаар баруун гарын сарвууны ар хэсэг рүү нэг удаа галын хайчаар цохисон. Өөрөөр миний бие рүү цохиогүй... Баруун зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралттай, зүүн өвдөг зулгаралт байгаа гэдэг нь би байрны цэвэрлэгч хийдэг болохоор цэвэрлэгээ хийж байгаад зүүн шилбэ болон зүүн өвдгөө юманд дэлсчихсэн бас баруун, зүүн бугалгаа орцонд цэвэрлэгээ хийж байгаад юманд цохичихсон юм. Уг гэмтлүүд нь Ут зодуулахаас өмнө үүсчихсэн байсан юм. Гэмтэл ч биш зүгээр л  хөхрөөд шалбарчихсан байсан юм. Зөвхөн толгойн хуйхны зулай хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх болон баруун сарвууны ар хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэсэн хоёр гэмтэл нь Уыг галын хайчаар цохиход үүссэн... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/

Хохирогч  Р.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин  өгсөн: “...    Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 тал/

2. Гэрч Р.Сэр-Одын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 6-12 тоотод хамтран амьдрагч Утай цуг өглөө 08 цагийн үед том савтай Боргио нэртэй пиво хувааж уусан. 09-10 цагийн үед миний төрсөн дүү болох Р.Э манайд охин Анундарийн хамт ирсэн. Тухайн үед бид хоёрын ууж байсан пиво дуусаагүй байсан ба дүүд пивоноосоо өгсөн. Р.Э орж ирэхэдээ надад жаахан үг хаяад байсан. Би 12 цагийн үед хот руу явах байсан ба нилээн согтчихсон байсан болохоор унаандаа сууж амжаагүй юм. 13 цагийн үед манай дүү Р.Э дахиад нэг пиво авч ирээд бид нар хувааж уусан. Тэгээд тэр пивийг уугаад би унтчихсан байсан. Миний хажуугаар Анундарь унтаагүй хэвтэж байсан. Р.Э, У нар хоорондоо юм яриад сууж байсан. Тэгээд 18-19 цагийн үед сэртэл нөгөө хоёр байхгүй байсан. Тэр оройноо нөгөө хоёр ирээгүй юм. Маргааш өглөө нь буюу 01 дүгээр сарын 28-ны өглөө хажуу талын айлын Гансүх гэх өвгөнөөс асуухад өчигдөр орой 17 цагийн үед танай нөхөр У чинь агсан тавиад танай дүү Р.Эийг зодоод нөхөр чинь гадагшаа гараад дүү чинь эмнэлэг рүү явсан гэж хэлсэн. Дүү Р.Этэй 01 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед уулзахад өчигдөр таныг унтсаны дараа хамтран амьдрагч У өчигдөр надад агсан тавиад миний толгой, гар руу нэг нэг удаа галын хайчаар цохиод цус гаргасан гэж хэлж байсан...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/

3. Гэрч Н.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий  аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн 6-12 тоотод амьдардаг юм. Манай хажуу талын айлд У гэх залуу ганцаараа амьдардаг юм. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагийн үед тэднийд Сэр-Од, У нарыг байхад нэг эмэгтэй ирж харагдсан. Тэр хэд улмаар согтуу чанга чанга дуугараад байсан. Би тэднийд орж хараагүй. Орой 17 цагийн үед хоорондоо муудалцаж чанга чанга орилоод байхаар нь гэрээсээ цагдаа руу дуудлага өгсөн... “ гэсэн мэдүүлэг  /хх-ийн 32-33 тал/

4. Шинжээч Ж.Жаргалтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Р.Эийн биед үүссэн толгойн хуйхны зулай хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, баруун сарвууны ар хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...  Р.Эийн биед үүссэн баруун, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд, харин толгойн хуйхны зулай хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх, баруун сарвууны ар хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хэрэг болох үед буюу 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/

5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №72 дугаартай: “...

1. 2. Р.Эийн биед толгойн хуйхны зулай хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх, баруун, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, баруун сарвууны ар хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 41-42 тал/

6. Шүүгдэгч  М.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “  ...  Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна... Би хамтран амьдрагч Сэр-Одтой 10-д жил амьдарч байна. Би 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ хамтран амьдрагч Сэр-Одын хамт гэртээ хоёулахнаа байсан юм. Тэгээд бид хоёр гэртээ байсан 1 ширхэг 2.5 литрийн Боргио пиво хоёулаа уугаад сууж байсан чинь 10 цагийн үед Сэр-Одын төрсөн дүү болох Э бага насны охиноо дагууулаад ирсэн. Тэгээд бид пиво хуваагаад уусан. Тэр өдөр Сэр-Од Улаанбаатар хот руу явах гэж байсан юм. Ингээд ууж байсан пиво дуусахаар дахин дэлгүүрээс 2 ширхэг 2.5 литрийн Боргио пиво авчирч уусан. Тэгээд бид гурав юм ярьж сууж байгаад Сэр-Одын явах шуудангийн цагийг нь өнгөрөөчихсөн юм. Ингээд Сэр-Од хот руу явах нь өнгөрсөн. Яг тэр үеэр Сэр-Од ч нилээн согтсон байсан. Тэгээд 13 цагийн үед Сэр-Од согтоод унтаад өгсөн. Э анх орж ирээд Сэр-Од эгчдээ үг хаяад байсан. Тэгээд пиво уугаад Э нилээн халсан. Э урьд өмнө шорон оронгоор орж байсан болохоор нилээн ааш зан нь эвдэрсэн л дээ. Тэгээд Сэр-Одыг унтсаны дараа Э  нилээн согтчихсон, би ч нилээн халчихсан байсан. Тэгээд Э бид хоёр маргалдсан. Би чи эгчдээ агсарлаа гэсэн чинь чамд хамаагүй пизда минь гээд л уурлаад байсан. Тэгээд пиво уунгаа юм яриад суусаар байгаад 16 цаг  хүргэсэн. Тэгээд Э гэрээс бие засахаар гарсан. Тэр үед би гэрийнхээ зуухны зүүн талд суугаад галаа түлэх гээд зуухаа онгойлгоод галын хайчаар гал түлж байсан чинь Э гэрт орж ирсэн. Тэгээд зуухны урд байсан модны авдар өшиглөөд пизда минь гэж хэлсэн. Тэр үед миний уур гэнэт хүрээд гартаа бариад байсан галын хайчаар толгой руу нь нэг удаа цохиод дахиад нэг цохих гэсэн чинь толгойгоо гараараа хаагаад гарынхаа шуу хэсэгт цохиулсан. Тэгтэл толгойн орой хэсгээс нь цус гарсан. Тэр үед Эийн охин бид хоёрыг хараад сууж байсан болохоор гэрээс гараад манай хашаанд байдаг айл руу орж хэлсэн байх. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Би Эийн толгойн тус газарт нь галын хайчаар цохисон. Гарын шуу руу нь галын хайчаар цохиж гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна... Би Эийн эмчилгээний зардалд 40.000 төгрөг өгсөн. Бид хоёр хоорондоо эвлэрсэн. Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа  бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь  “...    Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... “  /хх-ийн 20 тал/  гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн, шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад “... нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг галын  хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уыг 400  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У  нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг галын  хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.   Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ут  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ