Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/60

 

 

2021    03  05                                      2021/ШЦТ/60

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0049

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай  хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Ж.Хонгорзул,

Улсын яллагч                                                  Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч                                                          Р.С нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.С-д холбогдох 2139..........дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Р.С

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

   Шүүгдэгч  Р.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 6А/12 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч М.Утай “авдарнаасаа дээлээ гаргаж ирээд зуухан дээрээ шатаалаа, гэрээр дүүрэн утаа болголоо“ гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний зүүн гарт хутгаар нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь зүүн шуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Р.С нь согтуугаар  2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 6А/12 тоотод хамтран амьдрагч М.Утай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зүүн гарыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан   болох нь:

               1. Хохирогч М.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 6А-12 тоотод ганц биеэр амьдардаг юм. Урьд нь надтай хамтран амьдарч байсан С гэх эмэгтэй 10 сарын үеэр манай гэрийг тохижуулж өгнө гээд ирээд байсан юм. Тэгсэн өнөөдөр Сын дүү Энхцэцэг нөхөр хүүхэдтэйгээ хамт манайд ирэхээр нь бид хоёр хоол унд хийж өгөөд хэдэн пиво ууцгаасан. Тэгсэн Энхцэцэг согтсон ч юм уу яасан ч юм С бид хоёрт үг хаяад эгчтэйгээ маргалдаад манай гэрийн хаалга үүдийг өшиглөж байгаад нөхөр хүүхэд нь аваад явсан. Тэгсэн С дүүгээ гараад явсаны дараа чи манай дүүг гэрээсээ хөөлөө гээд надад агсан согтуу тавиад надтай маргалдсан. Тэр үед би зуухныхаа хажууд галаа түлээд сууж байхад С гэнэт хутга авсанаа миний зүүн гарын шууг зүсчихсэн. Тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ, хүн алах нь уу гэсэн чинь барьж байсан хутгаа аваад гэрээс гараад явчихсан. Тэгээд гарынхаа цусыг гойжуулаад сууж байхад эмнэлэг, цагдаагаас хүмүүс ирсэн... Бид хоёр урьд нь хамтран амьдарч байгаад хоёр тийшээ болчихоод байсан юм. С саяханаас манайд түр ирчихээд байгаа юм. Тэрнээс бол хамтран амьдардаггүй... Бид хоёр хууль ёсны эхнэр, нөхөр биш, хамтран амьдарч байгаад салсан... Өдөр Сын дүү нөхөртэйгөө ирээд манайд ууцгаасан юм. Тэгээд уугаад сууж байхад С өөрөө дүүтэйгээ маргалдаад, дүү нь нөхөртэйгөө манайхаас гараад явсан. Тэгсэн дүүгээ явсны дараа намайг гэр орноосоо хөөлөө гээд надад уурлаад хутга авснаа миний гарыг зүсчихсэн. Хаанаас хутга авсныг нь анзаарч хараагүй.. Би зодож цохисон асуудал байхгүй... Намайг зуухны хажууд сууж байхад гэнэт л хутга авснаа миний зүүн гарын шууг зүсчихсэн... Бид хоёр нилээн согтуу байсан. Тэгэхдээ тухайн үед болж байгааг дүрслэн бодох ухаантай байсан... Бид хоёроос өөр ямар нэгэн хүн байгаагүй... Урьд нь маргалдаж муудаж байгаагүй... Зүүн гарын бугалганы орчимд зүсэгдсэн шарх байгаа... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-16 тал/

 

2. Гэрч Г.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Энхцэцэг гэх хүнтэй хамтран амьдраад 4-5 сар хэртэй болж байгаа юм. Тэгсэн Энхцэцэгийн төрсөн эгч нь Хэрлэн сумын 4 дүгээр багт айлд ирчихээд байгаа гэхээр нь би  Энхцэцэг бид хоёр хүүхэдтэйгээ Сын  байгаа айлд хөзөр тоглохоор 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн үед очсон. Тэгээд бид хэд хоол унд идэнгээ хөзөр тоглоод 2-3 ширхэг 2.5 литрийн пиво хувааж ууцгаасан. Тэгсэн Энхцэцэг эгчийгээ хүүхдүүдээ хаяад айлд ирж толгой хорогдлоо гээд маргалдаж муудсан. Тэгсэн Сын байгаа айлын залуу тэр хоёрын дундуур ороод гурвалжин дөрвөлжин хэрүүл болоод маргалдаад байсан. Энхцэцэг сүүлдээ мөн над руу дайраад хэрүүл хийсэн. Тэр үед эргүүлийн цагдаа нар ирж шалгасан. Тэр хэдийн хэрүүл надад хамаагүй болохоор би Энхцэцэгийг тэнд нь орхиод цагдаагийн ажилтнаар гэртээ хүргүүлсэн. Миний араас Энхцэцэг хүүхэдтэйгээ гарч яваад Хэрлэн хорооллын 10 давхрын байранд ирж хоносон гэсэн... Намайг байхад бол тэр хэд хоорондоо хэрэлдэж байсан. Намайг байхад бол зодолдож барьсан асуудал байхгүй... 2021 оны 01 дүгээр сарын 02-ны үдээс хойш 16 цагийн орчимд очсон. Миний сүүлд сонссоноор Энхцэцэг бид хоёрыг явсаны дараа тэр хоёр хоорондоо маргалдаад С нь Уынхаа гарыг хутгаар зүсчихсэн гэж байсан. Хутганы асуудал болоход нь бол би байгаагүй... Тухайн үед хэрэлдэж байхад эргүүлийн цагдаа нар орж ирээд юу болсон талаар тодруулаад цагдаа нар намайг машинаар гэрт хүргэж өгсөн. Тэгэхэд шөнийн 22 цаг болж байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/

 

3. Гэрч С.Мөнхтүлхүүрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 6-16 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-ныг шилжих шөнө буюу 00 цагийн үед гэртээ унтаж байхад нэг эмэгтэй хүн би хөлдөж үхлээ, өөрийнхөө амийг хорлолоо шүү намайг гэртээ оруулаач гээд орилоод гэрийн хаалга нүдээд байхаар нь би хүүхдүүд айчих байх гэж бодоод хаалгаа тавьж өгөлгүй шууд цагдаа дуудсан. Тэгсэн дараахан нь цагдаа нар ирээд тэр хүүхнийг манай амбаараас аваад гарсан. Тэгээд цагдаа нар тэр хүүхнийг аваад гарсныхаа дараа үүднийхээ амбаар руу ороход шалан дээр нэг бариулгүй, цус болчихсон хутга байхаар нь нөгөө хүүхнийг аваад явсан цагдаа руу дахиж залгаад энд хутга байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар тухайн хутгыг аваад явсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/

 

4. Гэрч Р.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би эхээс 4-лээ. Рагчаагийн С нь манай 3 дахь эгч байгаа юм. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байж байхад С манайд ирээд хоол ид. Ууганбаа бид хоёр хоол хийж байна гээд дуудсан. Тэгээд би охин Анундарь, өөрийн хамтран амьдрагч Чинзориг нартай С эгчийн байгаа айлд нь буюу Хэрлэнгийн 6-12 тоотод очсон юм. Тэгээд С, Ууганаа тэр хоёр авсан 2.5 литрийн том пивыг уугаад бид хэд хөзөр тоглоод жоохон суусан. Тэгээд хөзөр тоглож байхдаа эгчид та гэр орондоо харихгүй айлд ингээд байгаад байх юм, хотод байгаа хүүхэд шуухад чинь гайгүй  юу гэж хэлсэн чинь эгч надад уурлаад намайг гэрээсээ хөөсөн. Тэгсэн нэг мэдсэн цагдаа ирээд юу болоод байгаа юм, ууж идэхээ зогсоо гэж хэлсэн. Тэгсэн Чинзориг тэр ирсэн цагдаа нараар хүргүүлнэ гээд явсан. Би  ч Чинзоригийн дараа гараад охинтой шууд харьсан... Маргалдаж муудсан асуудал байхгүй... Би эгчийг айлд толгой хорогдлоо л гэж хэлсэн. Тэгсэн эгч надад уурлаад байсан. Тэгээд эргүүлийн цагдаа нар ирээд явсаных нь дараа би шууд гэр лүүгээ харьсан. Чинзориг болохоор шууд Хийдийн сууринд байдаг гэр рүүгээ хүргүүлсэн... Намайг байхад бол маргалдаж муудаагүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/

 

            5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №26 дугаартай: “...

  1. 2. М.Уын биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хурц, ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31 тал/

 

6. Шүүгдэгч Р.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би Улаанбаатар хотод нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Тэгээд урьд нь хамтран амьдарч байсан Уын гэр орныг нь тохижуулж өгөхөөр 2020 оны 10 дугаар сарын сүүлээр Хэнтий аймагт ирээд байсан юм. Тэгээд 12 сарын эхээр хот руугаа буцах гэж байгаад каринтинд боогдоод буцаж чадаагүй юм. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дүү Энхцэцэгийг нөхөртэй нь хоол идүүлэх гээд Уынд дуудсан юм. Энхцэцэг ч нөхөр хүүхэдтэйгээ 17 цагийн үед ирсэн. Тэгээд хоол хийж идэнгээ бид дөрөв 2.5 литрийн 1 ширхэг пиво, мөн хэдэн ширхэг жижиг пиво хувааж ууцгаагаад хөзөр тоглох санаатай сууж байхад манай дүү Энхцэцэг та гэр орондоо байж чадахгүй хотод хүүхдүүд чинь шээж баагаад зутарч байхад та энд дэмий айлд толгой хорогдлоо гээд надад уурлаад байхаар нь миний яаж явах нь чамд хамаагүй гээд дүүтэй маргалдсан. Тэгсэн нэг мэдсэн эргүүлийн цагдаа нар ирээд та нар зөв боловсон амарна шүү гэж хэлчихээд явсан. Харин эргүүлийн цагдаа нартай Чинзориг түрүүлээд яваад өгсөн. Харин дараа нь манай дүү хүүхдээ дагуулаад харих гээд Уынхаас явсан. Тэгээд тэр хоёрыг явсны дараа гэрт байсан дарсыг задлаад ууж байхад У гэнэт уурлаад дүү нар чинь манайд ирж агсан согтуу тавьлаа гээд надад уурлаад байхаар нь нэгийг нь яаж ийгээд явуулж байхад чи хажуугаар нь зүгээр байлдаа гэж хэлсэн чинь авдарнаасаа могойн сахиусаа гаргаж ирснээ чи энэ могойн сахиусыг гэрт байлгахад дургүй биздээ гэснээ могойн сахиусаа цээж, хүзүүгээрээ ороосноо авдарнаасаа дээлээ гаргаж ирээд зуухан дээрээ шатаагаад гэрээр дүүрэн утаа болгохоор нь би гэнэт уурлаад чи угаартаж үхэх гээ юу гээд уур хүрээд гал тогооны шүүгээн дээр байсан хутгыг аваад чи болиоч гээд Уын гарыг нь хутгаар зүсчихсэн. Тэгээд би барьсан хутгатайгаа гэрээс гарч гүйгээд зүүн талын хашааны айлын хаалгыг нүдээд цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгээд дараахан нь цагдаа, эмнэлгийн машин ирж бид хэдийг аваад явсан... У зуухан дээрээ дээлээ шатаагаад гэр орноо шатаачих гээд байхаар нь би тухайн үед уур хүрээд гарыг нь хутгаар зүсчихсэн... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ”   /хх-ийн 13-16 тал/  гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Р.Сод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 100.000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Р.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Сод  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ГАНЗОРИГ