| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2021/0055/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/67 |
| Огноо | 2021-03-22 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/67
2021 03 22 2021/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0055/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч С.Насанбуян, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Иргэдийн төлөөлөгч Д.Наранцацрал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл,
Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Э-д холбогдох 203..... дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ж.Э
Шүүгдэгч Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Аваргын 3-303 тоот хашааны гадна хохирогч Ш.Дтай “ манай эхнэрийг татаж, чангаасан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар хутгыг зэвсэг болгон хэрэглэн хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх шингэн агууламж, зүүн далны арын шугамаар 5,6 дугаар хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун талын арын шугамаар 5,6 дугаар хавирганы түвшинд зүсэгдсэн шарх, баруун талын хацар, завжинд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Э нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Аваргын 3-303 тоот хашааны гадна хохирогч Ш.Дтай маргалдаж цээжин тус газарт хутгалж хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Ш.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн нутаг “Гунзад” гэх газар хувиараа мал маллан амьдардаг юм. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай найз Памбага адуунд явж байгаа гээд манайхаар ирсэн юм. Тэгээд өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед Памбаг бид хоёр манайд байсан 0.75 граммын “Болор” нэртэй архийг манай гэрт хувааж уусан. Тэгээд Памбага ч явлаа гэхээр нь гаргаж өгнө гээд бид хоёр манайд байсан 0.75 граммын “Соёрхол” архийг гэрийн ойролцоо хувааж уугаад Памбага 17 цагийн үед адуундаа явлаа гээд хойшоо надаас салаад явсан. Би ч Памбагаас салаад мотоцикльтойгоо сум явсан. Тэгээд суман дээр ирэхэд гадаа харанхуй болчихсон байсан. Яаж яваад суман дээр ирснээ ч сайн санахгүй байна. Тухайн үед би нэлээн согтсон байсан. Тэгээд эмнэлгийн хашааны зүүн урд талын айлын үүдэнд Т түүний эхнэртэй гудамжинд таараад хальт юм ярьж байснаа санаж байна. Тэгээд юунаас болж Ттэй маргалдсан муудсанаа санахгүй байна. Нэг мэдсэн Ттэй дээр доороо орчихсон зодолдож байсан. Нэг мэдсэн сумын эмнэлэг дээр ирчихсэн нүүрэндээ оёдол тавиулж байсан. Тэгээд шөнө сумаас эмнэлгийн машинаар аймгийн эмнэлэгт ирсэн... Би яг юунаас болж муудсанаа санахгүй байна. Нэг мэдсэн Ттэй таараад гудамжинд зодолдож байсан. Эмнэлгийн урдхан л таарсан... Т бид хоёр нутгийн зүгээр таньдаг улсууд байгаа юм. Тг тухайн үед архи уусан байсныг мэдэхгүй байна... Би яг ямар хутгаар, хаанаас хутга гаргаад хутгалсныг санахгүй байна. Нэг мэдэхэд Т, түүний эхнэртэй гудамжинд таараад Ттэй зодолдож байснаа санаж байна... Т л гэж дууддаг. Бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Бид хоёрыг муудахад Тгийн эхнэр хамт байх шиг байсан... Баруун зүүн суганы ар хэсэгт хутганы шархтай, баруун жавьж зүсэгдсэн шархтай, биеийн байдал хүнд зэрэг байна... Урьд нь маргалдаж муудаж байгаагүй... Би тухайн үед нэлээн согтуу байсан. Яаж яваад сумын төв дээр ирснээ санахгүй байна. Нэг мэдсэн эмнэлгийн урд талд гудамжинд Ттэй түүний эхнэртэй таараад хальт юм ярьж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдсэн Ттэй зодолдож байсан. Тд хэзээ нь яаж хутгалуулснаа бол санахгүй байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/
Хохирогч Ш.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Би тухайн үед нэлээн согтуу Тэгшжаргалын гэрийн гадаа Эийн эхнэрийг тоглоом шоглоом болгож татаж чангааж өдсөн юм шиг байна лээ. Тэгээд Э гэрээс гарч ирээд согтуу байсан учир эхнэртэйгээ намайг хардаад бид хоёр хэрэлдэж маргалдаж зодолдсон юм байна лээ... Тухайн үед бид хоёр Тэгшжаргалын хашаанаас гараад гудамжинд хоорондоо ноцолдож зодолдсон... Хэрэг учрал болох үед бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй. Тэгшжаргалын хашааны гадаа машинд Болд л байсан байх гэж бодож байна. Би согтуу байсан учраас бас сайн санахгүй байна... Э надтай өдөр болгон холбогдож утсаар ярьж биеийг маань асууж байгаа. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр болох 1.226.900 төгрөгийг Э гаргасан. Миний биеийн байдал одоо сайн эмнэлгээс гарсан гадуур эгчийндээ байгаа... Э бид хоёр гэр бүлийн найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. Э миний найз байгаа юм... Би Эийг хаанаас хутга гаргаж ирснийг мэдэхгүй байна. Мөн хутга гаргаж байхыг нь бол хараагүй. Миний санаж байгаагаар би нэг мэдэхэд Эийг доороо хийчихсэн дээр нь байснаа л санаж байна... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Архинаас болж л өөрийгөө болон найз Эийг хорлочихлоо гэж бодоод л байж байна даа... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/
Хохирогч Ш.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Би 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багт байх гэртээ найз Улаанаатай 1 шил 0.75 грамм Соёрхол архи уугаад тэгээд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй мотоциклоо жолоодож Дэлгэрхаан сумын төвд ирсэн. Тэгээд Болдоо, Э хоёртой гэгээ тасарч байх үед таараад бид гурав Тэгшжаргалын гэрт очоод Тэгшжаргал болон түүний нөхөр, Болдоо, Э, Цэцэгээ, Дэлгэрмаа, Сонинбаяр, Улаанаа нарын хамт нэг шил 0.5 грамм архи хувааж уусан. Би өмнө нь архи уусан ирсэн болохоор согтчихсон байсан. Нэг мэдэхэд би Эийн дээр гарчихсан Э миний нуруу болон баруун талын хацар хэсэг рүү хутгалчихсан байсан. Би Эд хандан: “ чи намайг хутгаар хатгачихлаа шүү дээ “ гэж хэлтэл бид хоёр ноцолдохоо болиод Э намайг эмнэлэгт хүргэж өгсөн... Би хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Харанхуй болчихсон байсан. Уг асуудал Тэгшжаргалын хашааны гадаа болсон... Миний санаж байгаагаар Э намайг өөрийн эхнэр болох Дэлгэрмаатай хардсаны улмаас уг асуудал болсон. Би согтуудаа Эийн эхнэр болох Дэлгэрмаатай тоглоом хийж юм ярихад Э хардаад бид хоёр муудалцсан... Э бид хоёрын дунд хэрүүл маргаан болоогүй. Намайг сэргэх үед би Эийн дээр гарчихсан байсан. Би Эийг зодож цохисон эсэхээ мэдэхгүй байна... Э бид хоёрын хооронд урьд өмнө нь ямар нэг үл ойлголцол, хэрүүл маргаан болж байгаагүй... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/
2. Гэрч Г.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг хөдөө хэсэг “Хавчуу Худаг” гэх газарт өөрийн нөхөр Ж.Эийн хамтаар мал маллаж амьдардаг юм. Нөхөр бид хоёр 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хөдөө гэрээсээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд ирсэн. Ингээд сумын төв дээр байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 01-ний өглөө манай нөхөр манай эгчийн хашаанд 2 тооны үхэр ажиллаж махалсан. Тэгээд үхрээ ажиллаад дууссаны дараа манай нөхрийн найз Болдоо гэх залуу нөхөр рүү маань утсаар ярьж байгаад хөдөө аваад явсан. Ингээд би нөхрөө сумын төвөөр хайж байгаад орой цагийг нь сайн санахгүй байна. Эмнэлгийн сувилагч Тэгшжаргалын гэрт очиход гэрт нь Тэгшжаргал нөхөртэйгөө, Сонинбаяр, Улаанаа, Болдоогийн эхнэр нар байсан. Тэгээд удалгүй гаднаас манай нөхөр Ж.Э, Болдоо, Д нар орж ирсэн. Намайг Тэгшжаргалын гэр рүү ороход гэрт нь 0.5 л “Хараа” нэртэй архи байсан. Ингээд тэр архийг Болдоо, Сонинбаяр, Д, манай нөхөр Ж.Э нар хувааж уугаад архи дууссаны дараа би бие засах санаатай гэрээс гарсан чинь миний ардаас удалгүй Д нэлээн согтуу гарч ирээд намайг Тэгшжаргалын гэрийн ардуур оръё гэж татаж чангаагаад байхаар нь би Даас арай гэж мултраад Тэгшжаргалын 00-руу нь ороод зогсож байгаад хашаанд хүн байхгүй болохоор нь 00-с гараад урагшаа эгчийнхээ гэр рүү ганцаараа алхаад явсан. Ингээд эгчийн гэрт байж байгаад буцаад ирсэн чинь нөгөө хэд маань эмнэлэг рүү явсан байсан. Тэгээд би эмнэлэг дээр ирэхэд хутга шөвөгний асуудалтай болсон. Манай нөхөр Ж.Э, Д нар зодолдсон гэж байсан. Тэгээд Д нь хутгаар зүсүүлсэн гэж л сонссон. Миний хувьд Ж.Э, Д нарыг зодолдож байхыг нь хараагүй учир яг болсон асуудлын талаар мэдэхгүй байна... Ер нь Д шал согтуу байсан... Д тухайн үед шал согтуу галзуу нохой шиг намайг татаж чангаагаад гэрийн арагшаа авч орсон. Тухайн үед яагаад байгаа юм бэ гээд би Даас асуусан чинь өөдөөс Д яадаг юм, пизда минь гээд байсан. Ингээд би арай гэж Даас мултарч гарч ирж Тэгшжаргалын 00-руу орсон... Нөхөр маань хааяа л архи уудаг. Түүнээс байнга архи уудаггүй. Тамхи бол татдаг... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/
3. Гэрч Г.Болдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед шиг санаж байна. Өөрийн найз Ж.Э рүү залгасан чинь урд хамаатныхаа хашаанд хоёр үхэр ажиллаад дуусаж байна гэсэн. Тэгэхээр нь би Ж.Эийг дуудаад бид хоёр хөдөөгүүр ойр зуурын ажил төрөл амжуулаад орой харанхуй болсны дараа сумын төвд ирсэн. Ингээд сумын төвийн урд дэлгүүрийн гадаа Дтай Ж.Э бид хоёр таараад бид гурав Тэгшжаргал гэх хүний гэр рүү явсан. Ингээд гэрт очиход гэрийнх нь гадаа Сонинбаяр эхнэртэйгээ машин дотор сууж байсан. Ингээд гэр рүү нь ороход Д гаргасан уу, эсвэл Тэгшжаргалын гэрт байсан уу ямар ч гэсэн 0.5 хараа нэртэй архи байсан. Ингээд тэр архийг Ж.Э, Д бид нар хувааж уугаад архи дуусахаар нь Тэгшжаргалын гэрээс бүгдээрээ гарцгаасан. Тэгээд хашааных нь гадаа би машин дээрээ байж байхад хашаанаас нэлээн урагшаа Д, Э нар хоорондоо муудалцаад зодолдоод байх шиг байсан юм. Тэр үед би нээх ч санаанд ороогүй. Тэр хоёрыг тоглоом шоглоомоор ноцолдож зодолдоод байна гэж бодсон чинь Д намайг дүрчихлээ ш дээ гээд бахираад байсан. Тэр үед Э дүү Эрдэнэцогтыг дуудаад Дыг аваад сумын эмнэлэг рүү явсан. Би тэгээд араас нь очсон. Өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй байна... Би яг хутгаар хатгаж байхыг хараагүй. Тэр хоёр Тэгшжаргалын хашаанаас нэлээн урагшаа хоёулхнаа л хоорондоо маргалдаж зодолдоод байсан. Өөр хүн тэр хоёртой цуг байгаагүй... Миний бодлоор тэр хоёр ер нь гайгүй байсан.... Би сайн мэдэхгүй байна. Анхандаа тэр хоёрыг хоорондоо тоглож байгаа юм байна л гэж бодсон юм л даа.... Ж.Э зан байдлын хувьд төлөв даруухан. Манайх Эийнх хоёр айлаар нутаглаад хоёр жил гаран болж байна. Хүн чанарын хувьд сайн хүн л гэж боддог... Хааяа, хааяа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг... Нэг холбогдож байсан гэж яриад байдаг шиг санаж байна... Ер нь гайгүй даруухан хүн байгаа юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45 тал/
4. Гэрч А.Сувдаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би нөхөр Болдоогийн хамтаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хөдөө гэрээсээ Дэлгэрхаан сумын төвд ирсэн. Ингээд нөхөр маань эргээд Этэй буцаад хөдөө явсан. Би тэр хороонд нь өөрийн төрсөн эгч Тэгшжаргалын гэрт нь ойр зуурын хувцас хунараа угаагаад үлдсэн. Ингээд орой харанхуй болсны дараа намайг Тэгшжаргал эгчийн гэрт нь Тэгшжаргал эгч, түүний нөхөртэй нь цуг байж байхад гаднаас манай нөхөр Болд, Э, Д нар ирсэн. Тухайн үед Д нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай Болд, Э нар бол эрүүл байсан. Ингээд манай эгч Тэгшжаргал тэр гуравт авдраасаа 0.5 л хараа нэртэй архи гаргаж өгөөд эгч бид хоёр сумын эмнэлэг рүү явсан. Ингээд эмнэлгээс ирэхэд гэрт манай сумын Сонинбаяр эхнэртэйгээ, Эийн эхнэр Дэлгэрмаа нар ирсэн байсан. Эгч бид хоёрыг эмнэлгээс ирсэн чинь архи нь дуусчихсан эгчийн гэрт байсан хүмүүс гэр гэр рүүгээ явах гээд гэрээс гараад явсан. Ингээд юу болсныг нь мэдэхгүй байна. Эгчийн гэрээс хадмын гэрт очоод нөхрийгөө асуусан чинь эмнэлэг явсан. Д, Э нар согтуу хоорондоо зодолдоод Э ах Дыг хутгаар хатгасан гэж мэдсэн. Өөр зүйлийг бол сайн мэдэхгүй байна... Д нэлээн согтуу байсан. Э ах гайгүй байсан... Би сайн мэдэхгүй. Эгч бид хоёрыг ороход архи нь дууссан байсан учир хүмүүс гараад явсан... би тэрийг мэдээгүй. Тухайн үед би өөрөө байгаагүй юм. Дээрх асуудал гэрийн гадаа болсон юм байна лээ. Миний хувьд эмнэлгээс эгчтэй ирээд эгчийн гэрээс гараагүй л дээ. Би хараагүй... Тийм зүйл байгаагүй. Тэр гурав зүгээр л ирсэн... Ж.Э ах хувийн зан байдлын хувьд төлөв даруухан л хүн дээ. Ямар нэгэн илүү дутуу зан байхгүй. Манайх Э ахынхтай хоёр жил гаран хамт нэг хотонд амьдарч байна. Энэ хугацаанд зүгээр сайхан харилцаатай л байдаг байсан... Нээх айхтар архи уугаад байдаггүй. Хааяа л хэрэглэдэг... Би сайн мэдэхгүй байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-48 тал/
5. Гэрч Ж.Эрдэнэцогтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн орой 19 цаг өнгөрч байхад миний төрсөн ах Ж.Э гаднаас манай гэрт орж ирээд надад хандан: “Ах нь хүн хутгаар хатгачихлаа, машинаараа эмнэлэг хүргээд өгөөч” гэж хэлсэн. Ингээд би машинаа асаагаад ахтай сумын эмнэлэг орж эмч аваад нөгөө хүн рүү нь очоод эргээд эмчтэй нь цуг сумын эмнэлэгт хүргэж өгөөд гэртээ ирсэн... Надад ямар шалтгааны улмаас гэдгээ манай ах хэлээгүй... Манай гэрт орж ирээд ах нь хүн хатгачихлаа эмнэлэг хүргээд өг л гэж хэлсэн... Би эхээс 9-лээ юм л даа. Ж.Э миний дээд талын ах маань байгаа юм. Ах маань зан байдлын хувьд төлөв даруухан, мал сайн малладаг. Одоогоор Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Долоод баг хөдөө хэсэгт эхнэрийнхээ хамтаар мал маллаж амьдардаг юм... Ах маань хааяа сумын төвд орж ирэхээрээ л архи уудаг. Түүнээс байнга архи уудаггүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/
6. Гэрч А.Тэгшжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 01-ний орой 18 цаг өнгөрөөгөөд манай гэрт гаднаас Ж.Э, Болдоо, Д нар ирсэн. Ингээд нөхөр маань дээр хүмүүс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос ирэхдээ авчирсан 0.5 л “Хараа” нэртэй архийг гаргаж өгөөд тэр хэд уусан. Тухайн үед би өөрийн төрсөн дүүгийн хамтаар сумын эмнэлэг рүү явсан. Тэгээд удалгүй эргээд ирэхэд тэр хүмүүс манай гэрээс гэр гэр рүүгээ явлаа гээд гарч байсан. Дараа нь би Болдоогоос Ш.Д, Ж.Э нар хоорондоо маргалдаад Ж.Э нь Дыг хутгаар хатгасан талаар сонссон. Миний хувьд хэрэг учрал болох үед гэрээсээ гараагүй гэртээ байсан учраас сайн мэдэхгүй байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/
7. Гэрч О.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр орой 20 цаг 30 минутын үед над руу дугаар нууцалсан утаснаас залгаад хүн үзээд өгөөч гэж хэлээд удалгүй гэрийн гадаа машин ирээд намайг аваад явсан. Ингээд Эрүүл мэндийн төвөөс зүүн урагшаа айлын гадаа ирээд өвчтөнөө үзэхэд дөрвөн хөл дээрээ доош харсан байрлалтай завжнаас цус гарсан бас ар нуруунаас цус гарсан байхаар нь яаралтай сумын Эрүүл мэндийн төв рүү авч явсан. Ингээд Эрүүл мэндийн төв дээр ирээд дээрх гэмтсэн хүнд үзлэг хийхэд амин үзүүлэлт хэвийн, нүүрний баруун завжнаас чих рүү чиглэлтэй 5-с 6 см урттай 2 см орчим гүн хурц зүйлээр зүсэгдсэн шархтай, зүүн талын дал хэсгийн доор 2 см орчим урт мэсийн шархтай, зүүн талын далны доогуур 1 см орчим 0.5 см гүн зүсэгдсэн шархтай байсан. Ингээд үзлэг хийгээд оёдол тавиад бусад эм эмчилгээ хийгээд онош тодруулах зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авч явсан... Ш.Д гэж байсан... Ер нь нэлээн согтуу байсан... Ш.Д гэх хүн өөрөө хэлэхгүй байсан. Мэдэхгүй байна гээд л байсан... Ш.Д нь одоо Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь дунд л үлдсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/
8. Гэрч Л.Сонинбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 12 дугаар сарын 01-ний орой 18 цагийн үед Тэгшжаргал гэх хүний өвлийн идшийг гэрт нь хийж өгөөд тэдний гэрт байсан. Тэр үед гаднаас Ш.Д, Ж.Э, Болдоо нар ирсэн. Тухайн үед Ш.Д нэлээн согтуу нөгөө хоёр нь зүгээр шахуу байсан. Тэгээд Тэгшжаргалын гэрт нь ороход Тэгшжаргалын нөхөр нь бид нарт Улаанбаатар хотоос авчирсан гээд 0.5 л “Хараа” нэртэй архи гаргаж ирсэн. Тэгээд бид нар тэр архийг нь ууж дуусаж байхад би ганцаараа урд дэлгүүр рүү тамхинд явсан. Ингээд тамхи аваад ирэхэд Тэгшжаргалын гэрт байсан хүмүүс байхгүй. Ж.Э нь Ш.Дтай маргалдаад зодолдоод хутгаар Ш.Дыг хатгачих тэгээд эмнэлэг явсан гэж манай эхнэр Баярмаа надад хэлсэн. Тэгээд л эхнэр бид хоёр гэр рүүгээ явсан. Өөр зүйлийн талаар би сайн мэдэхгүй... Тухайн үед хажууд нь байгаагүй болохоор... Манай эхнэрийн нэрийг Улаанаа гэдэг юм... Тэр хоёрыг яагаад муудсаныг би сайн мэдэхгүй байна. Намайг гэрээс гарахад Тэгшжаргал, түүний нөхөр нь, Болдоо эхнэртэйгээ, Ж.Э эхнэртэйгээ, манай эхнэр, тэгээд Ш.Д нар байсан... Тэр хоёр огт муудалцаагүй... Манай эхнэр Баярмаа л Д нэлээн согтуу Эийн эхнэрийг татаж чангаагаад гэрийн ар руу авч орох гээд байсан гэж надад хэлсэн... Ж.Э нь хувийн зан байдлын хувьд төлөв даруухан их л тохитой хүн дээ... Хааяа сум руу орж ирэхээрээ л хэрэглэдэг байх... Архи уухаараа агсам согтуу тавьдаггүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57 тал/
9. Гэрч Г.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай нөхөр Сонинбаатар бид хоёр 2020 оны 12 дугаар сарын 01-ний орой 18 цагийн үед Тэгшжаргал гэх хүний өвлийн идшийг гэрт нь хийж өгөөд тэдний гэрт байсан. Тэр үед гаднаас Ш.Д, Ж.Э, Болдоо нар орж ирсэн. Тухайн үед Тэгшжаргал эгчийн нөхөр нь тэр хэдэд авдраасаа 0.5 л “Хараа” нэртэй архи гаргаж өгсөн. Тухайн үед гэрт Тэгшжаргал эгч нөхөртэйгөө би нөхөртэйгөө, Болдоо ах эхнэртэйгээ, Э ах эхнэртэйгээ тэгээд Д нар байсан юм. Архи дуусах гэж байхад манай нөхөр Сонинбаатар тамхигүй болсон байна тамхинд яваад ирье гээд ганцаараа гараад явсан. Ингээд архи нь ч дуусаж Ж.Э ахын эхнэр бие засна гээд түрүүлээд гэрээс гараад явсан. Удалгүй Д гэрээс гараад дараа нь би гэрээс гарсан. Тэр үед Д нэлээн согтуу Ж.Э ахын эхнэрийг хувцаснаас нь татаад гэрийн ар руу орох гээд байсан. Яах гээд гэрийн ар руу ороод байсныг би сайн мэдээгүй. Удалгүй Дэлгэрмаа эгч гарч ирээд 00-руу ороод явсан. Тэр үед Ж.Э ах гэрээс гараад над руу ирэхээр нь би Ж.Э ахад хандан: “ танай эхнэрийг Д Тэгшжаргалын гэрийн ар руу авч орох гээд байсан” гэсэн чинь Ж.Э ах уурлаад Дыг чирээд хашааны урд хэсэг рүү авч гараад хоорондоо ноцолдоод дээр доороо ороод байсан. Тухайн үед тэр хоёр гадаа ноцолдоод байсан. Хажууд нь ямар нэгэн хүн байгаагүй. Харин Болдоо ах машиныхаа тэнд байсан байх. Би тэгээд л Тэгшжаргал эгчийн гэр рүү орсон. Тэгээд эргээд гараад ирсэн чинь Дыг Э хутгалчихлаа эмнэлэг аваад явсан гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр тамхи авч ирэхээр нь бид хоёр гэртээ харьсан... Ж.Э ах эхнэрийг нь чангааж гэрийн ар руу орох гэлээ гээд уурлаад Дтай маргалдаж ноцолдсон... Би яг хараагүй. Тэгэхдээ тэр хоёроос өөр хүн тэр хоёрын хажууд байгаагүй. Тэр хоёр л хоорондоо ноцолдож зодолдоод байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/
10. Гэрч Д.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 01-ний орой 18 цаг өнгөрөөгөөд манай гэрт гаднаас Ж.Э, Болдоо, Д нар ирсэн. Тухайн үед манай гэрт манай эхнэр Тэгшжаргал, Болдоогийн эхнэр, Ж.Эийн эхнэр нар байсан. Ингээд би тэр хэдэд урьд Улаанбаатар хотоос ирэхдээ авчирсан 0.5 л хараа нэртэй архийг гаргаж өгөөд тэр хэд уусан. Ингээд архи дууссаны дараа эхлээд гэрээс Ж.Эийн эхнэр гараад Д гараад тэгээд манай гэрт байсан хүмүүс гарсан. Дараа нь би Болдоогоос Ш.Д, Ж.Э нар хоорондоо маргалдаад Ж.Э нь Дыг хутгаар хатгасан талаар сонссон. Өөр зүйлийн талаар мэдээгүй... Би тэрийг мэдээгүй. Дээрх асуудал гадаа болсон юм шиг байсан. Миний хувьд манай эхнэр бид хоёр тэр хэдийг манайхаас явсны дараа араас нь гарч хараагүй л дээ... Ж.Э гайгүй байсан. Харин Д нь нэлээн согтуу байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/
11. Гэрч Ж.Алимантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би доороо 7 дүүтэй бөгөөд Ж.Э миний 5 дахь дүү байгаа юм. Дүү маань 1978 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн. Дүү маань бага байхдаа буюу 3 настайдаа Дэлгэрхаан сумын Цэцэрлэгт орж 7 нас хүртлээ хүмүүжсэн. Ингээд 8 настайдаа Дэлгэрхаан сумын Ерөнхий Боловсролын Сургуульд элсэн орж 6 дугаар ангиа төгсөөд амьдралын боломжгүйгээс манай ээжийн талын ах дээр мал дээр гарсан. Ер нь манай дүү өнөөдрийг хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд мал маллаж амьдарч байна. Дүү Ж.Э маань эхнэр нэг хүүхэдтэй. Хувийн зан байдлын хувьд төлөв даруухан хүнд их тусархаг хүнтэй эелдэг зөөлөн харьцдаг үнэн ч шударга найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайн. Миний их л сайн дүү байгаа юм. Ер нь ч тэгээд манайх бүх л дүү нар төлөв даруухан хүмүүс байдаг юм л даа... Дүү маань хааяа л архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Тэгэхдээ байнга бол архи уугаад байдаггүй. Хөдөө мал дээрээ малаа маллаад л байж байдаг хүн байгаа юм л даа... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 тал/
12. Гэрч Г.Энхтулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумаас хүний өөрийн 100 гаран тооны адуу туугаад Сүхбаатар аймаг руу хөдөлсөн. Ингээд замдаа буюу Дэлгэрхаан сумын 2 дугаар баг хөдөө хэсэгт оршин суух Ш.Дын гэрт ирж хоноод маргааш нь адуугаа туугаад явах болсон. Ингээд 14 цагийн үед шиг санаж байна. Ш.Д гэртээ байсан 0.75 л “Болор” нэртэй архи гаргаж ирээд бид хоёр уг архийг хувааж уусан. Тэгээд удалгүй би явлаа гэсэн чинь Ш.Д намайг гаргаж өгнө гээд гэрийнхээ авдраас эхнэр нь гадагшаа гарсан хойгуур 0.75 л “Соёрхол” нэртэй архийг аваад бид хоёр түүний гэрээс гараад гэрийнх нь ойролцоо уг архийг хувааж уугаад би адуундаа явлаа гэж хэлээд адуугаа туугаад Сүхбаатар аймгийн чиглэлд явсан. Харин Ш.Д хаашаа явсныг би сайн мэдээгүй... намайг сум орон нутгийнхан Памбага ч гэж дууддаг. Мөн Улаанаа ч гэж дууддаг юм. Улаанаа гэдэг нь миний гэрийн нэр байгаа юм. Харин Памбага гэх нэр бол цаг хугацааны үед л дууддаг болсон хоч гэх юм уу даа... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72 тал/
13. Гэрч Н.Лхагвын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Ш.Д нь миний нөхөр байгаа юм. Харин Ж.Э нь нэг нутаг усны хүн, мөн манай нөхрийн найз нь байгаа юм... Миний хувьд болсон асуудлын талаар сайн мэдэхгүй. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шиг санаж байна. Манай гэрт Сүхбаатар аймаг руу адуу тууж яваа манай нөхрийн зүс таних хүн Памбага гэж залуу манай гэрээр ирсэн. Памбагыг манай нөхөр урьд нь таньдаг байсан байх. Ингээд тэр хоёр манай гэрт 0.75 л “Болор” нэртэй архийг хувааж уусан. Ингээд нөхөр маань Памбагыг гаргаж өгнө гээд явсан. Тэгээд би гэрийнхээ авдрыг уудалсан чинь манай нөхөр авдарт байсан 0.75 л “Соёрхол” нэртэй архийг аваад явсан байсан. Өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй байна... Дээрх архинуудыг 2020 оны зун наадмаар л хүн манайд бэлэглэсэн манай гэрт байсан архинууд байгаа юм... Тэр Памбага гэх хүнийг Энхтулга гэдэг байх аа. Мөн Памбагыг Улаанаа гэж дууддаг. Тэр хүн ер нь голын урд Дархан сумын гаралтай хүн байгаа юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75 тал/
14. Шинжээч Б.Өнөрборгилын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Миний 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 4 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт хэсгийн 5.6 дугаартай асуултад хохирогч зүүн тал далны арын шугамаар 5-6-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх шингэн агууламж гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заагдсанаар амь насан аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэсэн. Тэгэхээр хохирогчийн зүүн далны арын шугамаар 5-6-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх шингэн агууламж зэрэг гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэлтэд тусгасан байна. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Хутга мэс цээжний хөндийд нэвтэрсэн тохиолдолд шархны гүний хэмжээг тогтоох боломжгүй. Цээжний хөндийд нэвтэрсэн эсэхийг тогтооход цээжний рентген болон бусад шинжилгээгээр тогтоодог. Харин гүнийг хэмжих боломж байдаггүй... Ш.Дын биед учирсан далны арын шугамаар 5-6-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх шингэн агууламж гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заагдсанаар амь насанд аюултай хүнд гэмтэл учир гэмтлийн хүндэвтэр зэргээс ялгагдана... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78 тал/
15. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №738 дугаартай: “...
1. Ш.Дын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх шингэн агууламж, зүүн далны арын шугамаар 5-6-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун далны арын шугамаар 5-6-р хавирганы түвшинд зүсэгдсэн шарх, баруун талын хацар, завжинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хурц ир, ирмэгтэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.4. Дээрх зүүн далны арын шугамаар 5-6-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх шингэн агууламж гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 80-81 тал/
16. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №4 дугаартай: “...
1. Ш.Дын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх шингэн агууламж, зүүн далны арын шугамаар 5-6-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун далны арын шугамаар 5-6-р хавирганы түвшинд зүсэгдсэн шарх, баруун талын хацар, завжинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2.3.4. Дээрх гэмтлүүд нь хурц ир, ирмэгтэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
5.6 Дээрх зүүн далны арын шугамаар 5-6-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх шингэн агууламж гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
7. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 83-84 тал/
17. Шүүгдэгч Ж.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд болсон асуудлын талаар урьд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлсэн. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ш.Дыг өөрийн эхнэртэй хардаж улмаар Ш.Дтай зодолдож хутгаар биед нь гэмтэл учруулснаа бол хүлээн зөвшөөрч гэмшиж байна... Би Ш.Дын хохирлыг бүрэн барагдуулсан... Миний хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгож байна...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 107-108 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Дын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь “... Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг малчин Д би тус багийн малчин Эд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ” /хх-ийн 136 тал/ гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн, мөн шүүгдэгч нь эмчилгээний зардалд 1.226.800 төгрөг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 137 тал/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 23 см 9 мм-ийн урттай, 12 см 8 мм-ийн ажлын хэсэгтэй, “eng & feng ” гэсэн бичвэртэй хүрэн өнгийн модон бариултай 1 ширхэг хутга хураагдсан бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа болох эмчилгээний зардалд 1.226.800 төгрөгийг төлсөн нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял шийтгэлийг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Эийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 см 9 мм-ийн урттай, 12 см 8 мм-ийн ажлын хэсэгтэй, “eng & feng ” гэсэн бичвэртэй хүрэн өнгийн модон бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 1.226.800 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧИД С.НАСАНБУЯН
Э.ОДХҮҮ