Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/77

 

 

 

2021        04         09                                           2021/ШЦТ/77

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0076/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Ж.Хонгорзул,

Улсын яллагч                                                  Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч                                                          ******* нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 2139...... дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  ******* нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр баг Онон хороонд байх өөрийн гэртээ 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Гыг ямар нэгэн шалтгаангүйгээр шаргал өнгийн бариултай, ягаан даавуугаар ороосон заазуураар зүсэж эрүүл мэндэд нь зулайн хуйх, зүүн гарын тохойд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  ******* нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр баг Онон хороонд байх өөрийн гэртээ 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр согтуугаар иргэн Ц.Гыг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь:

 

1. Хохирогч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг Даагат гэх газарт мал маллан амьдардаг юм. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би хөдөө гэртээ байж байгаад ойролцоогоор 10-11 цагийн үед сумын төв орж ирсэн бөгөөд сумын төв дээр ирснийхээ гадаа би гадуур явж байгаад гудамжинд архи уугаад байж байсан хүмүүстэй нийлээд пиво уусан. Би тухайн үед хөдөө гэрээсээ ирэхдээ халамцуу байсан юм. Тэгээд би сумын төвөөр явж байгаад ойролцоогоор 17 цагийн үед байх гэж бодоод байна. Яг цагийг нь сайн санахгүй байна. Сумын төв дээр байдаг эмээгийнхээ дүүгийн хүүхэд болох Л гэх залуугийн гэрт нь очсон. Тэгээд би Лгийн гэр рүү нь ороход Л гэртээ ганцаараа , халамцуу байдалтай гадагшаа гарах гэж байгаа бололтой үүднийхээ хэсэгт зогсож байсан. Тэгээд Л нь шууд үгийн зөрүүгүй зуухан дээрээ байсан заазуурыг аваад миний толгой руу цохих гээд далайхаар нь би зүүн гарын тохойгоороо заазуурыг нь хаасан юм.Тэгтэл миний толгой, зүүн гарын тохойны орчимд маань тус тус бага зэрэг зүсэгдээд цус гарах шиг болсон. Тэгэхээр нь би айгаад Лгийн гэрээс нь гараад шууд зугтаагаад яваад өгсөн юм. Тэгээд би гадуур явж байгаад аймгийн унаа бололтой нэг танихгүй залуу аймаг руу явж байна гэхээр нь уг унаанд нь сууж явж байгаад замдаа гэрийнхээ ойролцоо буугаад гэртээ очсон. Тэгээд би гэртээ ирээд биеэ харахад миний толгой болон зүүн гарын тохойнд маань зүсэгдсэн шарх учирсан байсан. Тэгэхэд эхнэр маань надад хандан хоёулаа яаралтай сумын төв рүү эмнэлэг явъя, наад шархыг чинь боолгоно гээд байсан. Тэгээд  л би гэртээ хэсэг байж байгаад ойролцоогоор 00-01 цагийн үед эхнэрийнхээ хамт сумын төв дээр ирээд шууд эмнэлэг дээр очсон юм. Тухайн үед нэг ийм л асуудал болсон... Тухайн үед Л нь шууд үгийн зөрүүгүй зуухан дээрээ байсан заазуурыг аваад миний толгой руу цохих гээд далайхаар нь би зүүн гарын тохойгоороо заазуурыг нь хаасан юм. Тэгтэл миний толгой, зүүн гарын тохойны орчимд маань тус тус бага зэрэг зүсэгдээд цус гарах шиг болсон. Тэгэхээр нь би айгаад Лгийн гэрээс нь гараад шууд зугтаагаад яваад өгсөн юм... Миний толгойд болон зүүн гарын тохойны орчимд зүсэгдсэн шарх гэмтэл учирсан. Өөрөөр миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй... Миний биед учирсан гэмтлийг Л учруулсан. Өөр ямар нэгэн хүн миний биед гэмтэл шарх учруулаагүй... Л нь миний биед заазуураар гэмтэл шарх учруулсан. Би тухайн үед уг заазуурыг нь сайн анзаарч хараагүй учир яг ямар өнгөтэй ямархуу заазуур байсан болохыг нь сайн хэлж мэдэхгүй байна... Тухайн үед би  ерөнхийдөө халамцуу л байсан бөгөөд өөрийгөө бол хангалттай аваад явчих чадвартай байсан. Харин Лгийн хувьд нэлээн л согтолттой байх шиг байсан бөгөөд өөрийгөө аваад явчих чадвартай байсан үгүйг нь сайн хэлж мэдэхгүй байна... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...   ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/

 

2. Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Би 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг 4 дүгээр багийн нутаг Онон хороонд байх өөрийн гэртээ өвөөгийнхөө төрсөн эгчийнх нь хүүхэд Гын биед заазуураар гэмтэл шарх учруулсан. Би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна.Ахиж ийм асуудал огт гаргахгүй. Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-54 тал/

 

3. Гэрч Р.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Эрүүл мэндийн төвд жижүүрт гарч байсан юм. Тэгээд шөнийн 00 цаг 55 минутад  Цэндийн Га нь хүнд заазуурдуулчихлаа гээд эхнэр Эрдэнэлхамын хамт ороод ирсэн. Тэгээд би жижүүр эмч рүүгээ залгаж хэлсэн. Дараа нь сумын цагдаа Чойжил руу залгаж дуудлага өгсөн. Га болон эхнэр Эрдэнэлхам нар тухайн үед юу болсон яагаад хэнд заазуурдуулсан талаар яриагүй. Анх орж ирэхдээ хүнд заазуурдуулчихлаа гээд орж ирсэн юм. Ингээд Гын биед үзлэг хийхэд амин үзүүлэлт хэвийн, толгойны зүүн дээд хэсэгт ташуу чигтэй 2,5 см урттай 1 см орчим гүн хурц зүйлээр зүсэгдсэн шархтай зүүн  талын тохойн хэсэгт 3 см орчим урт зүсэгдсэн шархтай байсан. Ингээд үзлэг хийгээд зүүн гарын тохойн зүсэгдсэн шарханд хоёр оёдол тавьсан. Ингээд Га мал ахуй маань эзгүй хөдөө байгаа гээд яваад өгсөн... архи уусан зүйл мэдэгдээгүй эрүүл байсан... Га өөрөө манай ангийн Л заазуурдчихсан гэж байсан... Гын биеийн байдал нь хэвийн байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/

 

4. Гэрч Г.Эрдэнэлхамын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манайх сумын төвөөс баруун урагш 23 км зайд “Даагат” гэх газар нутагладаг юм. Тус өдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр Цэндийн Га нь сумын төв орж ирнэ гээд намайг ганцаар маань орхиод явсан. Тэгээд би орой 21 цагийн орчимд ганцаараа малдаа яваад гэртээ ирсэн чинь Га гэртээ ирчихсэн зүүн гарын тохойноос мөн толгойны ар хэсгээс нь цус гараад тогтохгүй байж байсан. Тэгээд юу болов яасан юм гэж асуусан. Тэгтэл намайг Л ийм болгоод явуулчихлаа гэхээр нь би яагаад ингээд хүрээд ирж байгаа юм бэ, эмнэлэгт хандаж боолгож барихгүй яасан юм гээд малаа хотлуулаад Гыг аваад сумын  төвд эмнэлэгт хүргэж ирсэн. Тэгээд эмч биеийн байдлыг нь үзэж цусыг нь цэвэрлээд зүүн гарын тохойн тус газар нь хоёр оёдол тавьсан. Толгойны ар хэсэгт боолт хийж өгсөн. Тэгж байхад цагдаа орж ирсэн... архи уусан зүйл мэдэгдээгүй,эрүүл байсан... Тухайн үед Га хэлэхдээ манай ангийн Орсоогийн Л мэсээр ийм болгочихлоо гэж байсан...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/

 

5. Гэрч Л.Бат-Октябрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Лхагавсүрэнг багаас нь мэднэ. Л нь зан байдлын хувьд зөв бодолтой, шударга, хүнд хэлье гэсэн үгээ хэлчихдэг, хүнд их тусархаг,  найз нөхөд, нутгийн ард түмэндээ нэр хүндтэй, хүнтэй маргалдаж муудалцаж, зодоон цохион хийгээд байдаггүй. Би лав Лг хүнтэй маргалдаж муудалцаж, зодоон цохион хийж байхыг нь харж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйлийг байнгын бол хэрэглээд байдаггүй, яах вэ хааяа нэг найз нөхөдтэйгөө уулзсан үедээ болон баяр ёслолоор  хэрэглэх нь хэрэглэчихдэг, тамхи хааяа нэг татах нь татаад байдаг, гэхдээ заримдаа тамхинаас гарчихсан гэж  л байдаг, ямар нэгэн гаж буруу бол зуршилгүй, бөх барилдах, бөхийн эрдэм бусдад заах, хурдан морь уях, анч нохой үржүүлж тэжээж, залуучуудыг удирдан зохион байгуулж уралдаан тэмцээнд их оролцдог зэрэг их олон сонирхол, авьяас чадвартай, дүйцүүлэх хэлбэрээр цэргийн алба хаасан, миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй. Эхнэр, 3 хүүхэдтэй. Одоо эхнэр, 3 хүүхдийнхээ хамт Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төвд оршин суун амьдарч байна. Ер нь Л нь шударга, хүнд хэлье гэсэн зүйлээ хэлчихдэг, хүнд тусархаг л хүн байгаа юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/

 

6. Гэрч Т.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Лг багаас нь мэднэ. Л нь зан байдлын хувьд даруу төлөв, үг дуу цөөн, хүнтэй нийтэч, ажил хөдөлмөр хийхдээ сайн, хүнд их тусархаг, нийгмийн идэвх сайтай, олон хүний хүндэтгэлийг хүлээсэн, найз нөхөд, нутгийн хүмүүстэй нэр хүнд сайтай, хүнтэй маргалдаж муудалцаж, зодоон цохион хийгээд байдаггүй,би лав хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь харж байгаагүй, би Лтэй хамт архи дарс ууж байгаагүй учир Лг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Мөн тамхи татдаг эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар нэгэн гаж буруу бол зуршилгүй, бөх барилдах, морь уях сонирхолтой. Баян-Адарга сумандаа 3 жил дараалан бөхөөр түрүүлсэн бөгөөд сумын заан цолтой, цэргийн  алба хаасан эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй  байна. Миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй. Эхнэр, 3 хүүхэдтэй, эхнэр нь Баян-Адарга сумандаа цэцэрлэгийн багш хийдэг. Одоо Л нь эхнэр, 3 хүүхдийнхээ хамт Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төв дээр оршин суун амьдарч байна. Ер нь Л нь хүнтэй нийтэч, даруу төлөв, үг дуу цөөн, ажилсаг, хүнд их тусархаг л залуу байгаа юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 тал /

 

7. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний  албаны шинжээч эмчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №150 дугаартай: “...

1.Ц.Гын биед зулайн хуйх, зүүн гарын тохойд зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...  ” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-43 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад:  “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...   ” /хх-ийн 14-16 тал/  гэж мэдүүлсэн, мөн “... Ц.Га миний байдал зүгээр учир... *******д гомдолгүй... ” /хх-ийн 61 тал/ гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

Харин энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн бариултай, ягаан даавуугаар ороосон 1 ширхэг заазуурыг устгахаар тогтлоо.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Лг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  /нэг сая / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар *******д  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 5  сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  шаргал өнгийн бариултай, ягаан даавуугаар ороосон 1 ширхэг заазуурыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ