Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/78

 

 

 

 

2021        04         09                                           2021/ШЦТ/78

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0077/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Ж.Хонгорзул,

Улсын яллагч                                                  Ж.Баянжаргал,

Шүүгдэгч                                                          ******* нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 2139..........дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр баг 8-810 тоотод байрлах иргэн Цолмонбаатарын эзэмшлийн хашаанд иргэн Д.Бтэй маргалдаж, улмаар түүний баруун хөл рүү хавсарч унагааж, баруун хөлийн шаант яс хугарал бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн орчимд согтуугаар Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр баг 8-810 тоотод иргэн Д.Бтэй маргалдаж, түүний баруун хөл рүү нь  хавсарч унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол санаатай учруулсан  болох нь:

               1. Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би хөдөө Дадал сумын 1 дүгээр багийн нутаг Шанаганд байх гэрээсээ сумын төв рүү өөрийн эхнэр болох Бурмаа, хажуу айл болох Батбаатар нарын хамтаар цагаан сарын бэлтгэлээ базаах гэж сумын төвд ирсэн. Сумын төвд өдөр нь сарын бэлтгэлээ базаачхаад үдээс хойш сумын төвд хойд дугуй засварын хашаанд байх Батбаатарын ах болох хэлгүй Шаань ахынд очсон. Бид нар Батбаатарын сумын сайн  малчин болсон баярыг тэмдэглэсэн юм. Тэнд манай эхнэр Бурмаа, Шаань ах,  нутгийн дүү Т нар байсан. Би нэлээн согтсон байсан. Манай эхнэр хэлгүй  Шаань ахтай дохио зангаагаар ярьж байхад нь Т хараад инээгээд байсан болохоор миний дургүй хүрээд Тыг гараад уулзъя гээд аваад гарсан юм. Тэгээд би гараад дүүд хэдэн үг хэлсэн юм. Тэгээд би дүүг бариад автал намайг хавсраад унагаасан. Тэгтэл их эвгүй хүчтэй хавсарсан. Би унахад миний хөл хөдөлж чадахаа больсон байсан. Тэгээд эхнэр болон гэрт байсан хүмүүс гүйж гарч ирээд намайг авсан. Тэгээд бид нар бариачид очсон. Бариач очтол хөл хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд Дадалын эмнэлэг ороод яаралтай аймаг явсан. Би аймагт очоод 20 гаран хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Ийм л асуудал болсон юм... Бид хоёрт урьдын ямар нэгэн маргаан асуудал огт байхгүй. Миний баруун хөлийг нэг удаа хавсарч унагахдаа ингэж бэртээсэн. Өөр зодож цохисон асуудал огт байхгүй... одоо миний биеийн байдал сайн байгаа. Миний баруун хөлийн шилбэний яс хугарсан байсан. Би 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 4 цаг гаран хагалгаанд орсон... Одоо надад гомдол санал байхгүй. Тын ээж нь намайг аймагт эмнэлгээр маш сайн асарч, халамжилсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ асуудал болоход миний ч буруу байгаа. Би ах хүнийхээ хувьд архи дарсыг тохируулж хэрэглээгүй. Т дүүд болох болохгүй авир гаргаж ийм асуудалд хүргэсэндээ харамсаж байна. Би шүүх хуралдаанд оролцохгүй... ”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/

            2. Гэрч Я.Бурмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би нөхөр Бийн хамт сумын төвд хөдөө гэрээсээ ирсэн юм. Сумын төвөөс цагаан сарын ойр зуурын юм цуглуулаад үдээс хойш найз Батбаатарын сумын сайн малчин болсныг тэмдэглэх гээд Шаань ахынд очсон юм. Бид нар ойр зуурын юм яриад ганц нэг юм уугаад сууж байтал Онон багт байдаг Т гэх залуу хөдөө гэр рүүгээ явна гээд ирсэн. Бид нартай хамт  байсан Мөнжгөө ламтай хамт гэр рүүгээ буцах гэж ирсэн юм байна лээ. Бид хэд юм яриад байж байтал манай нөхөр Б, дүү Т нар гараад явсан. Тэгээд удалгүй манай нөхөр гадаа орилсон. Гүйгээд очтол Т манай нөхрийг унагаачихсан байсан. Тэгээд юу болов яав ийв гэтэл Т Бурмаа эгчээ уучлаарай би хавсраад унагаачихсан чинь хөл нь эвгүй болчихлоо гэсэн. Бид нар бариачид очтол хөл нь хугарсан байна, яаралтай эмнэлгийн байгууллагад ханд гэж хэлсэн. Ийм л асуудал болсон юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/

            3. Гэрч З.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн орчим манай хүү болох Т нь хөдөө Дадал сумын  “Зүүн бэлчир”  гэх газраас Мөнжгөө ламтай хамт сумын төв явсан юм. Тэгээд орой манай хүү гэртээ ирэхгүй байгаад байхаар нь сумын төвд байдаг нутгийн залуу Ууганаа руу залгасан юм. Тэгтэл Ууганаа надад Т Б ахын хөлийг гэмтээчихсэн байна. Тэгээд энүүгээр бөөн хэл ам болоод байна гэж хэлсэн. Тэгээд Ууганаа дахиж залгаад хөл нь гайгүй юм шиг байна гэж хэлсэн. Миний санаа амраад унтаад өгсөн. Би маргааш өглөө нь 09 цагийн орчим “Шанаган” гэх газарт байдаг Батаалайн утас руу залгатал манай хүү Т утас аваад “ээж би одоо очиж чадахгүй нь ээ, энд нэг асуудал гараад Бурмаа эгч цагдаа дуудсан, цагдааг хүлээгээд байж байна” гэж хэлсэн. Би өдөр нь шууд сумын төв ороход манай хүү Т цагдаа дээр байсан. Нутгийн залуу Бийн хөлийг хугалсан гэж манай хүү надад хэлсэн. Надад хэлэхдээ хавсраад унагаах гэтэл хөл нь хугарсан гэж хэлсэн. Би шууд тэр өдөртөө Бийг аваад аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явсан. Түүнээс хойш 15 хоног Бийн хөлийг эмчлүүлэх гэж сахиж эмнэлэгт цуг байсан. 02 дугаар сарын 22-ны өдөр Б хөлийг нь хадах хагалгаанд орсон. Одоо Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ийм асуудал болоод байна... Миний хүү Т 1991 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын эмнэлэгт төрсөн. Түүнээс хойш Дадал сумандаа өсөж том болсон. Дадал сумандаа 8 дугаар анги төгссөн. Их дээд сургуульд сураагүй. Цэргийн албанд яваагүй. Одоог болтол ээжтэйгээ хамт Дадал сумын Онон багийн нутаг “Зүүн бэлчир” гэх газарт малаа маллан амьдарч байна. Манай хүү их ажилсаг, нутаг орондоо нэр хүндтэй, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, томоотой хүү юм. Архи дарсны асуудал миний мэдэхийн огт гаргаж байгаагүй. Ийм хүү юм. Энэ удаагийн асуудал дээр их харамсалтай байна. Би их харамсаж байна. Миний хүү  ч гэсэн их гэмшиж ухаарч байгаа... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/

            4. Гэрч Б.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Т бол даруу төлөв зантай хүүхэд юм. Хөдөө ээжтэйгээ хамт мал маллаж амьдардаг. Дунд ангиасаа мал маллаж эхэлсэн. Цэргийн албанд яваагүй. Эхнэр хүүхэдгүй. Архи уугаад явж байгааг нь би харж байгаагүй. Тамхи татдаг. Хүнтэй зөв харьцдаг. Нутгийнхаа хүмүүсийн дунд нэр хүндтэй хүүхэд юм. Одоо болтол хүүхэд зангаараа байдаг... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/

            5. Гэрч Д.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Тыг багаас нь мэднэ. Т нь зан байдлын хувьд даруу төлөв, томоотой, гэр орны ажил төрөл хийхдээ сайн, хүнд их тусархаг, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, би лав хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь харж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Би лав Тыг архи уучихсан, согтуу явж байхыг нь бол харж байгаагүй. Тамхи татдаг. Ямар нэгэн гаж буруу зуршилгүй, мал маллах сонирхолтой, айхтар гоц гойд авьяас чадвар гэхээр зүйл байхгүй, цэргийн алба хаагаагүй, миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, одоо л хүний хөл хугалсан гэх хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байна. Эхнэр, хүүхэдгүй. Одоо Хэнтий аймгийн Дадал сумын Онон 1 дүгээр багт ээж, дүү хоёрын хамт мал маллан амьдарч байна. Ер нь  Т нь даруу төлөв, томоотой, ажилсаг, хүнд тусархаг л хүн байгаа юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/

            6. Гэрч Ш.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Тыг багаас нь мэднэ. Т нь зан байдлын хувьд даруу төлөв, ажил төрөл хийхдээ сайн, хүнд их тусархаг, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, би лав хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь харж байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйлийг хааяа нэг баяр ёслол, найз нөхөдтэйгөө уулзсан үедээ бага зэрэг хэрэглэчихдэг, тамхи татдаг эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Ямар нэгэн гаж буруу зуршилгүй, мал маллах сонирхолтой,  гоц гойд авьяас чадвар гэхээр зүйл байхгүй, цэргийн алба хаасан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна, миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, одоо л хүний хөл хугалсан гэх хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байна. Эхнэр, хүүхэдгүй. Одоо Хэнтий аймгийн Дадал сумын Онон 1 дүгээр багт ээж, дүү хоёрын хамт мал маллан амьдарч байна. Ер нь  Т нь даруу төлөв, ажилсаг, хүнд их  тусархаг  залуу байгаа юм...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/

            7. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №114 дугаартай: “...

1. 2. Д.Бийн биед баруун хөлийн шаант ясны доод 1/3 хэсгийн  мушгирсан далд хугарал зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д  зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-33 тал /

            8.Шүүгдэгч  *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Би 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гадуур явж байгаад ойролцоогоор 17-18 цагийн үед Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо  4 дүгээр багт оршин суудаг хэлгүй, дүлий Шаань гэх ахын гэрт нь очсон юм. Тухайн үед Шаань ахын гэрт нь манай Дадал сумын Б ах, Бурмаа эгч, өөр бас бус хэдэн хүмүүс байж байсан. Тэгээд би уг хүмүүстэй нэг шил архи хувааж уугаад суухад Б ахын эхнэр Бурмаа эгч Шаань ахтай дохио зангаагаар яриад хөхрөлдөөд байхаар нь би тэр хэдийг дагаад инээсэн юм. Тэгтэл Б ах над дээр хүрч ирээд надад хандан уулзъя гээд намайг дагуулаад гэрээс гарсан. Тэгээд гэрээс гарсны дараа Б ах намайг дагуулаад гэрээс жоохон холдож зогссоноо надад хандан чи ах, эгч нараараа тоглоом, шоглоом хийлээ гээд намайг заамдаж аваад миний хүзүүний орчим руу 2-3 удаа нударсан. Тэгэхээр нь би уурлаад Б ахын баруун хөлийг нь өөрийнхөө зүүн хөлөөрөө хавсарч өшиглөөд Б ахыг газарт унагаасан. Тэгэхэд Б ах хөл эвгүй болчихлоо гээд орилсон. Тэгэхэд гэр дотор байсан Б ахын эхнэр Бурмаа эгч, тэнд байсан хүмүүс гэрээс гарч ирцгээсэн. Тухайн үед нэг ийм л асуудал болсон. Би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... “ гэсэн мэдүүлэг / хх-ийн 46-48 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаад бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...Б миний бие 2021.02.09-ний өдөр *******т хөлөө хугалуулсан юм. ******* нь миний бүх хохирлыг барагдуулж бүрэн эмчилсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ” /хх-ийн 60 тал/ гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн, шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад: “... нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр  шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр   хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар *******т  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000  төгрөг төлөхөөр буюу 3  сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ