| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/0924/И |
| Дугаар | 151/ШШ2017/00285 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 151/ШШ2017/00285
| 2017 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 151/ШШ2017/00285 | Төв аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуул, Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
ЭТҮ ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргалын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Заамар сумын Тосон баг Ар-Уртын цагаан хөтөлийн шилд оршин суух Г.Нарангэрэлд холбогдох,
Гэм хорын хохирол 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЭТҮ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЭТҮ ХХК нь 2007 оноос хойш газар тариалан эрхлэж, үйл ажиллагаа явуулж байгаа ба Төв аймгийн Заамар сум, Тосон багийн нутаг дэвсгэр, Ар уртын цагаан хөлтийн шил гэх газрын 144 га талбайд 2016 оноос хойш түрээсийн гэрээгээр эзэмшиж, рапс тариалж ашиглаж байна. Гэтэл Г.Нарангэрэл өөрийн өмчлөлийн малаа /үхэр/ зуны турш удаа дараа тариан талбайд бэлчээж ихээхэн хэмжээний хохирол учруулсан юм. Г.Нарангэрэл 94 тооны үхэртэй байна. Талбайгаас 500 хүрэхгүй метрийн зайд гэрээ барьж зуншиж байгаа ба нүүх талаар удаа дараа шаардсан ч нүүгээгүй. ЭТҮ ХХК нь өөрийн эзэмшлийн талбайг хариуцсан цагдааг 24 цагаар ажиллуулж, тариалангийн тухай хуулийн дагуу хамгаалах боломжит арга хэмжээг авсан. Г.Нарангэрэлийн үхэр сүрэг 10 гаруй удаа тариан талбайд орсон. Иймд Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Г.Нарангэрэлээс 30 080 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэг дээр харилцан ойлголцож нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 500 000 төгрөгийг Г.Нарангэрэлээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Нарангэрэл, түүний өмгөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон хурал дээр гаргасан тайлбартаа: Манай мал тариан талбайн захруу орж байсан нь үнэн. Тэр үед хохиролын актыг тогтоосон талаар малчдад мэдэгдээгүй, сумынхолбогдох албан тушаалтанд ч мэдэгдээгүй өөрсдөө дураараа акт бичээд үндэслэлгүй их мөнгө нэхсэн байгааг ойлгоогүй юм. Үхэр рапс иддэггүй, гишгэсэн гэхэд ийм их хэмжээний мөнгө төлөх ёсгүй. Харин хуралдааны явцад ойлголцож,
ЭТҮ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал нэхэмжлэлийн шаардлагаа 29 580 000 төгрөгөөр хасч, үлдэх 500 000 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЭТҮ ХХК нь Г.Нарангэрэлд холбогдуулан тариан талбайд мал орсноос учирсан гэм хорын хохирол 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь Төв аймгийн Заамар сум, Тосон багийн нутаг дэвсгэр, Ар уртын цагаан хөлтийн шил гэх газрын 144 га талбайг 2016 оноос хойш түрээсийн гэрээгээр эзэмшиж, рапс тариалж байсныг иргэн Г.Нарангэрэлийн өмчлөлийн малладаг үхэр тариан талбайд орж тодорхой хэмжээний газарт хохирол учруулсан болох нь
Зохичдын тайлбараар болон хэрэгт ирүүлсэн CD бичлэг зэргээр тогтоогдож байна. Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн тариан талбайд хохирол тооцсон акт гэх баримт хуульд нийцээгүйг дурдах нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ЭТҮ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 29 580 000 төгрөгийг хасч, үлдэх 500 000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Г.Нарангэрэл нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар талууд эвлэрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн308 350 төгрөгийн улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 500 000 төгрөгт төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 15 650 төгрөгийг гаргуулж ЭТҮ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч ЭТҮ ХХК-ийн нэхэмжилсэнгэм хорын хохирол 500 000 төгрөгийг хариуцагч Г.Нарангэрэл нь төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308 350 төгрөгийн улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчГ.Нарангэрэлээс улсын тэмдэгтийн хураамж 15 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭТҮ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ
Д.АЛТАНТУУЛ
Б.ЦОЛМОН