| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2021/0078/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/79 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/79
2021 04 09 2021/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0078/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 2139........дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 9-9а тоотод байх Б.Пийн гэрт Б.Пийг “чи Ганцэцэг эгчийгээ ингэж муухай хэлж болохгүй” гэж хэлснээс үүдэн тухайн үед ууж байсан архины шилээр толгойн зулай хэсэгт нь нэг удаа цохиж Б.Пийн эрүүл мэндэд зулайн орой хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчимд согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 9-9а тоотод иргэн Б.Пийн толгойн зулай хэсэгт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Б.Пийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ганхуяг ахтай Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 9-9а тоотод байх өөрийн гэртээ нэг шил архи хувааж уугаад сууж байхад 16 цагийн орчимд Жамсрангийн А Намхайн А хоёр архи уучихсан байдалтай 2 шил архи барьчихсан орж ирсэн.Жамсрангийн А Намхайн А, Ганхуяг ах бид дөрөв архиа хувааж ууж байсан чинь манай эхнэр Ганцэцэг маргааш цагаан сар болох гэж байна, өнөөдөр тоосны өдөр гэрээ цэвэрлэмээр байна больцгоо гэсэн чинь ******* манай эхнэрийг айлын хоолонд цадаад байна уу гээд доромжилсон. Манай эхнэр 17 цагийн орчим дэлгүүр орохоор явсан. Тухайн үе би *******ыг Ганцэцэг эгчийгээ чи ингэж муухай хэлж болохгүй гэсэн чинь л намайг ууж байсан архиныхаа шилээр цохисон. Тэгээд толгойноос цус гараад байхаар нь эмнэлэгт дуудлага өгсөн... ******* нь манайд согтуу орж ирсэн. Бас авч ирсэн архинаасаа бас уусан... ******* намайг архины шилээр толгойн дээрээс минь нэг удаа цохисон. Тэгэхэд архины шил хагарсан. Эмч хэлэхдээ толгой орой хэсэгт хоёр удаа хагарсан байна гэж хэлсэн. Тэгээд бодоход архины шил хагараад хоёр газар зүсэгдчихсэн байх гэж бодоод байгаа... Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Би *******аас 2.400.000 төгрөг аваад эмчилгээндээ зарцуулаад илүүг нь хадгалж байгаа. Би гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгнө... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/
2. Гэрч Ж.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай нөхрийг П гэдэг юм. Бид хоёр хамт амьдраад 5 жил болж байгаа юм. Манай нөхөр 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчимд 99 супер маркет явчхаад 16 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 9-9а тоотод байрлах өөрийн гэртээ орж ирсэн. Тухайн үед гаднаас орж ирэхдээ П Ганхуяг ахтай цуг орж ирсэн. Тэгэхдээ Ганхуяг ахынд архи уусан гэчихсэн халамцуу ирсэн. Тэгснээ П авдраасаа Ерөөл нэртэй 0,5 граммын архи гаргаж ирснээ Ганхуяг ахдаа өгье гээд өгсөн чинь Ганхуяг ах дүүтэйгээ хуваагаад уучихъя гээд задалсан. Тэгээд тухайн архиа задлаад П, Ганхуяг ах хоёр ууж байсан чинь гаднаас Жамсрангийн А, Намхайн Анхаа хоёр бас архи уусан байдалтай манай гэрт орж ирсэн. Тэгэхдээ 2 шил архи барьчихсан байдалтай орж ирсэн. Тэгээд би цагаан сар болох гэж байна, та нар гарцгаа би тоосны өдөр болж байхад гэрээ цэвэрлэмээр байна гэсэн чинь Жамсрангийн А та П ахын хөрөнгөн дээр их галзуурч байгаа шүү гэхээр нь би нээх юм хэлэлгүй дэлгүүр орж цагаан сарынхаа хүнсийг базаах гээд гарсан. Тухайн үед 17 цаг болж байсан. Тэгээд би дэлгүүр орж хүнс авчхаад ороод ирсэн чинь манай аргалын авдрын дэргэд бөөн цус болчихсон мөн архины шил хагарсан байдалтай байж байсан. Тэгснээ манай нөхөр Пийн толгойноос нь цус гарчихсан байдалтай цус нь тогтохгүй байхаар нь би Ганхуяг ахаас асуусан чинь Ганхуяг ах хэлэхдээ Пийг минь Жамсрангийн А толгойнд нь архины шилээр цохиод гараад явчихлаа гэсэн. Тэгэхээр нь Пийн эгч Цэндийг дуудсан. Тэгсэн чинь Цэнд эгч эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 тал/
3. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би П ахын толгой хэсэгт архины шилээр цохисон гэдгээ хүмүүсийг хэлэхээр л мэдсэн. Би хийсэн хэргээ ойлгож ухамсарлаж байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/
4. Гэрч Ц.Цэндийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 10-ны орой 17 цагийн орчимд над руу утсаар П залгаад хүнд зодуулчихлаа гэхээр нь би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Хийдийн 9-9а тоотод очиход Пийн толгойноос цус гарсан байдалтай гэрт нь аргалынх нь урд талд их цус туначихсан байдалтай бас бөөлжчихсөн архины шилний хагархайнууд байж байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Намайг Пийн гэрт ороход Ганхуяг, П байсан. Тэгсэн чинь Ганцэцэг цагдаа дуудсан гэчихсэн гаднаас орж ирсэн. Би өөр ямар нэгэн зүйл мэдэхгүй байна... П согтуу байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 тал/
5. Гэрч Л.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай гэр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 9-9 тоотод байдаг. Манай хашааны хажууд П ахын хашаа залгаа байдаг болохоор би П ахын гэрээр орж гардаг юм. Би 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн орчимд П ахаас машины эд зүйл асуух зорилгоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 9-9А тоотод байрлах П ахын гэрт орох гээд хашааных нь хаалган дээр очиход ******* ирж байгаад таарсан. Тэгэхээр нь *******тай цуг П ахын гэрт орсон чинь П ахын гэрт Ганхуяг ах байсан. Тэгэхээр нь ******* өврөөсөө нэг шил архи гаргаж ирээд П ахтай цуг уух үед би нэг татаад байж байсан чинь Ганцэцэг эгч намайг хөөгөөд бас *******ыг хөөгөөд байхаар нь би гараад явчихсан. Тухайн өдрийн орой нь цагдаа болон эмнэлэг ирчихсэн байхаар нь асуухад П ахыг А архины шилээр цохисон гэж мэдсэн... Ямар нэг хэрүүл маргаан болсон асуудал гаргаагүй. *******ыг Ганцэцэг хөөгөөд байсан... Надтай ******* анх таарах үедээ согтуу бараг тасарчихсан шахуу байсан. Хэл яриа нь ойлгогдохгүй шахуу байсан... Манай ээжийг Намхай гэдэг юм. Тэгээд Намхайн А гэсэн байх. Би ааваараа овоглодог буюу Лувсанцэрэнгийн А гэдэг юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/
6. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №116 дугаартай: “...
1. 2. Б.Пийн биед зулайн орой хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Пийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь: “... Б.П би *******тай 2021.02.10-нд маргалдаж миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Эмчилгээний сэтгэл санааны зардал 2.540.000 /хоёр сая таван зуун дөчин мянга/ төгрөгийг бэлнээр авсан. Иймд *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Мөн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” /хх-ийн 59 тал/ гэсэн нотариатаар баталгаажуулан тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн, шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад “... нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан архины шилний хагархайг устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ