Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч Н.Энхболд,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *** овогт ***-т холбогдох эрүүгийн 2105002860230 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Элчит тэрэгний засварчин мэргэжилтэй, “... ХХК-д шуурхайн жолоочоор ажилладаг, ам бүл 3, эхнэр  хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, /РД: / урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** овогт ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2021 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хороо барилгын ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.М-н биед халдан зодож, түүний эрүүл мэндэд нь зулайн хуйх, зүүн шанаа, хүзүүний зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зүүн чихний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь 2021 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хороо барилгын ... тоотод буюу гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ хохирогч М.М-н биед халдан зодож, түүний эрүүл мэндэд зулайн хуйх, зүүн шанаа, хүзүүний зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зүүн чихний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч ***-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 21 цаг 40 минутыг орчим Баянгол дүүргийн ***-р хороо барилгын ... тоот гэртээ ирэхэд аав О- нь согтуу газар унтаж байсан. Би ээж Н-үү рүү залгаж гэртээ ирчихлээ гэж хэлсэн. Удалгүй ээж ардаас орж ирсэн. Би гэрээсээ буцаж гараад найз охин Н-гтэй уулзаж хамт гэр рүүгээ орж ирсэн. Тэгээд хувцасаа сольж байхад аав О- нь сэрээд миний гар утас хаана байна гэсэн, би утсыг нь олж өгөх гээд өрөөнөөсөө гарахад аав баруун гартаа гурилын элдүүр бариад зогсож байсан. Би нэг их тоохгүй коридорт аавын утас руу залгаад зогсож байхад араас хүзүү хэсэг рүү нэг зүйлээр цохисон. Тэгээд угсраад алхаар олон удаа цохисон, мөн үстэж дарж байгаад нүүр рүү алхаар цохисон. Би хэсэг манарч байгаад ухаан сэргээд ирэхээр нь барьж аваад газарт хэвтүүлээд дээр нь гарч суугаад цагдаад дуудлага өгсөн. ...Толгойн зүүн хэсэгт 2 удаа хагарсан, шилэн хүзүү, баруун гарын булчингийн хэсэгт хөндүүртэй, хөхөрч хавдсан байсан. Зүүн шанааны ясны хэсэгт хавдсан байсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6, 35-37 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 800 дугаартай “...М.М-н биед зулайн хуйх, зүүн шанаа, хүзүүний зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зүүн чихний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 22-23 тал/,

Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 22 цагийн орчим манай хүү М- над руу залгасан Удалгүй Баянгол дүүргийн *** дугаар хороо, барилгын *** дугаар байрны *** тоот гэртээ ирэхэд нөхөр О- нь нойрмог юм шиг харагдсан бөгөөд М- бид хоёроос утас хаана байна гэж асуухаар нь би “гаднаас орж ирсэн болохоор мэдэхгүй байна, чи гадуур архи ууж байгаад хаясан юм байлгүй дээ” гэж хэлэхэд миний хүү М- би залгаад үзье гээд утас руу нь залгая гээд явж байсан, манай нөхөр О- 00 орох гэж байх шиг байсан чинь баруун гартаа гурилын элдүүр барьсан, зүүн гартаа алх барьчихсан гэнэт хүү Мөнх-Эрдэнийн шилэн хүзүү рүү алхаар 2-3 удаа цохисон. Би алхыг авах гээд дийлэхгүй болохоор би хүүхдээ дээрээс нь дараад байж бай гэж хэлээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 63, 64 тал/,

Шүүгдэгч *** -ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ***ийн хойд аав нь байгаа юм, хамт амьдраад 10 орчим жил болж байгаа. Би 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өглөө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, барилгын ... тоотод гэртээ ажлаасаа буугаад ирсэн юм. Тэгээд би архи аваад, жоохон унтчихъя гэж бодоод ганцаараа уусан. Би ганц шил архи уучхаад нам унтчихъя гэж бодоод байсан юм. Яг болсон үйл явдлыг сайн мэдэхгүй байна. Би тасарчихсан, юугаа ч санахгүй байгаа юм. Өглөө гэртээ ирээд эхнэр хүүхдээсээ болсон асуудлыг мэдээд, намайг дараад авахгүй яасан юм бэ гэж хэлсэн. Би гэхдээ согтуудаа хийсэн үйлдлээ сайн мэдэхгүй байна. Эхнэр хүүхдээсээ асуухад намайг хүү ***ийг алхаар цохиж гэмтээсэн гэж байсан. Би 1968 оны 5 дугаар сарны 03-ны өдөр Улаанбаатар хотод 2-р төрөхөд төрсөн, ясли, цэцэрлэгт явж байсан, 6-р сургуулийг 8 дугаар анги төгсөөд, Техник мэргэжлийн дунд сургуулийг дүүргэсэн юм. 19 насандаа цэргийн алба хаасан. Түүнээс хойш ажил хийгээд явж байгаа. Би төмөр замд 25 жил ажилласан. Мөн 1993 онд эхнэртэйгээ танилцаад 2 хүүхэдтэй болсон, албан ёсны гэрлэлтийн баталгаагүй болохоор хүүхдүүд ээжийнхээ нэрээр овоглодог, бид салсан юм. 2012 оноос хойш одоогийн эхнэр ***, хүү ***-н хамт амьдарч байна. Энэ хугацаанд бид ердөө маргаан үүсгэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 56 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57, 58 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                           

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлтээр шүүгдэгч ***-ын үйлдлийн улмаас хохирогч ***-н биед  зулайн хуйх, зүүн шанаа, хүзүүний зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зүүн чихний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 800 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Мөн шүүгдэгч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, биеэ хянах чадвар нь алдагдсан нь энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болсон байна.

Иймд шүүгдэгч *** нь 2021 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хороо барилгын ... тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***-н биед халдан зодож, түүний эрүүл мэндэд нь зулайн хуйх, зүүн шанаа, хүзүүний зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зүүн чихний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч С.О-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч М.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба тэрээр хавтас хэргийн 35-37 дахь талд“...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэж, хавтас хэргийн 63 дахь талд “...сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэж тус тус мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч ***-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг С.О-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч *** овогт ***-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-т 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***-т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА