Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2018/ДШМ/37

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 02 өдөр                          

       2018/ДШМ/37                                                              Зуунмод

Ц.Э-д холбогдох эрүүгийн

                                                        хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Однямаа, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Шүүгдэгч Ц.Э ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

Нарийн бичгийн дарга Э.Уртнасан нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ц.Э-д холбогдох 201519000487 дугаартай 2 хавтас, 337 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол овгийн Цэрэнпилийн Энхболд, Монгол улсын иргэн, Архангай аймагт 1984 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Булган ................  багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:ГП4/,  

 

Ц.Э  нь давтан үйлдлээр, машин механизм ашиглан 2015 оны 7 дугаар сарын 23-наас 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг “Урд гарамын бууц” гэх газар байсан хохирогч Ч.Амаржаргалын өвлийн байшингийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдэн орж 10.277.000 төгрөгний эд зүйл хулгайлсан, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багт “Дунхарын дэл” гэх газар байсан хохирогч Ж.Алтантуяагийн өвөлжөөний контейнер болон амбаарын цоожийг нь эвдэн орж 5.608.500 төгрөгний эд зүйл хулгайлсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Төв аймгийн Прокурорын газраас: Ц.Э ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 335 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 30  дугаар шийтгэх тогтоолоор: 

 Шүүгдэгч Ц.Э-г давтан үйлдлээр, машин механизм ашиглаж, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Ц.Э-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Э-н 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 120 хоногийг, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 хоногийг, нийт цагдан хоригдсон 192 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн үстэй түрийтэй гутал 1 хос, шар өнгийн үстэй түрийтэй гутал /өрөөсөн/ 1 ширхэг, 27см урттай, ажлын хэсэг нь 15см урттай, иш нь 12см урттай, зэсэн ороомогтой, хүрэн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр шүүгдэгч Ц.Э-н гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор хуучин, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий, 2 давхар бүрээстэй, 4 ханатай монгол гэр, хуучин 150.000  төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн “Окган” маркийн Орос хөргөгч, хуучин 100.000 төгрөгийн үнэ бүхий марк нь тодорхойгүй цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Булган аймаг, Рашаант сум, 4 дүгээр баг, 5-7 тоотод оршин суух, ГП65020303 дугаарын регистртэй, Боржигон овгийн Цэрэннадмидын Цэрэнпилд буцаан олгохыг, шийтгэх тогтоол хүчинтэй болмогц шүүгдэгч Ц.Э-д Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 3 дугаартай “яллагдагчид хязгаарлалт тогтоох тухай” захирамжийг хүчингүй болгохыг, бичгийн баримт ирээгүйг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Монгол овгийн Цэрэнпилийн Энхболдоос нийт 15.885.500 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Амаржаргалд 10.277.000 төгрөг, хохирогч Ж.Алтантуяад 5.608.500 төгрөг олгож,

Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж,

Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн тогтоолыг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг дурдаж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдаж,

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Э  давж заалдах гомдолдоо: “Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасны дагуу яллагдсан тул Төв аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. 2015 оны намрын эхэн сард Төв аймгийн Эрдэнэсан гэх газарт гарсан хулгайд сэжиглэгдэн шалгагдаж байгаад 145 дугаар зүйлийн 145.2 дахь зүйл ангиар 2 жил 6 сарын ял шийтгэл авсан. Уг хэргийн хохирогч болох Ч.Амаржаргал гэх хүн нь ор үндэсгүй эд зүйлс нэхэж байна. Би авсан эд зүйлээ хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлж байсан. Ч.Амаржаргалын ор үндэсгүй нэхэж байгаа зүйлд нь: Мөнгөн цөгц 1 ширхэг, үйтэн хуаран гадартай хурган дээл 1 ширхэг, хурган дотортой торгон гадартай дээл 1 ширхэг, хурган дотортой торгон гадартай хүүхдийн дээл 1 ширхэг, 40 килограмм саванд хийсэн борц, хурганы арьс 20 ширхэг, эрэгтэй хүний тэрлэгэн дээл 1 ширхэг, даавуун гадартай эмэгтэй хүний тэрлэгэн дээл 1 ширхэг, үйтэн хуаран дээл эмэгтэй хүний 1 ширхэг гэх эд зүйлүүдийг би аваагүй байхад нэмсэн байна. Тиймээс дахин шалгуулах хүсэлтэй байна. Мөн тус нутагт гарсан хэрэгт намайг ор үндэсгүй сэжиглэн тохсон байна. Уг хэргийн хохирогч гэх Ж.Алтантуяагийн гэр хаана байдгийг мэдэхгүй. Мөрдөн байцаагч ахмад н.Дагвадорж, прокурор Нансал, хохирогч Ч.Амаржаргал, Ж.Алтантуяа гэх хүмүүс үгсэн тохиролцож намайг бичиг үсэг мэдэхгүйг далимдуулан энэ хэргийг тохож байна. Ч.Амаржаргалынхаас авсан улаан хүрэн эмэгтэй хүний үстэй гутлаар ор үндэсгүй хардан тохсон байна. Дахин шалгаж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд  дүгнэлтдээ: “.. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон, бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Шүүх хуралдааны тэмдэглэл дээр тодорхой байж байгаа. Эд зүйлүүдийн зарим нэгийг нь аваагүй. Ж.Алтантуяагийн гэрт хулгай хийж ороогүй гэдэг дээр гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд намайг зам шалгалтаар авч яваагүй гэж байна. Гэтэл 1 дүгээр хавтаст хэрэгт /153-156/ талд мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл нь авагдсан байгаа. Гэтэл хийсэн мөрдөн байцаалтын ажиллагааг илтэд үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна. Нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Бичиг үсэг мэдэхгүйг далимдуулж хэлс хэрэгт гүтгэгдэж байна гээд байгаа нь үндэслэлгүй байна. Анх энэ хэрэг дээр өмгөөлөгч Ц.Раашзэвэг өмгөөлөгч явж байсан, анхан шатны шүүх хуралд дээр өмгөөлөгчөө солиод Д.Ганбаатар гэж өмгөөлөгч орж ирсэн. Өнөөдөр давж заалдах шатны шүүхэд Б.Энхтуяа өмгөөлөгчийг авч орж ирж байна. Мөрдөн байцаалтын шатанд хуучин хуулинд заасны дагуу өмгөөлөгч авах эрхээр нь хангасан. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа тайлбартаа: “.. Шүүгдэгч би хулгай хийсэн нь үнэн гэхдээ аваагүй хийгээгүй зүйлүүдийг нэмж миний эрх зүйн байдлыг дордууллаа гэж байна. Хэргийн хувьд хэт яллах талыг барьж шалгасан хэрэг гэж үзэж байна. Ц.Э  нь бичиг, үсэг мэдэхгүй анхан шатны шүүх хуралдаанд Ц.Раашзэвэг өмгөөлөгч ирээгүй байдаг. Шүүх төлбөрийн чадваргүй  өмгөөлөгч дуудан ирж оруулсан гэж хэлдэг. Энэ хэрэг ээдрээ маргаантай хохирогч нарын шүүх хуралдаанд оролцуулаагүй. Хохирогч Ж.Алтантуяагийн хулгайд алдагдсан зүйл гэрээс нь гарч ирсэн гэдгээр хулгайн хэрэгт холбогдуулсан. Яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан эсэх нь эргэлзээтэй, танилцуулаагүй байгаа. Ц.Э  би 8.000.000 төгрөгийн хэрэгт шалгагдаж байхад нэмж 10.000.000 төгрөг нэмсэн гэдэг Алтантуяагийн гутал гэрээс нь гарсан гэх үндэслэлээр ял оноож байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас энэ хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж, үнэн зөвийг олж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Э  нь машин механизм ашиглан,  2015 оны 07 дугаар сарын 23-наас 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг “Урд гарамын бууц” гэх газар байсан иргэн  Ч.Амаржаргалын өвлийн байшингийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдэн орж, 10.277.000 төгрөгний эд зүйл хулгайлсан,

 

- 2015 оны 08 дугаар сарын 12-ноос 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багт “Дунхарын дэл” гэх газар байсан иргэн Ж.Алтантуяагийн өвөлжөөний контейнер болон амбаарын цоожийг нь эвдэн орж, 5.608.500 төгрөгний эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай

 

 

 болох нь:

 

- хохирогч Ч.Амаржаргалын: “...2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр аргал авах гээд өвөлжөөндөө очиход манай өвлийн байшингийн гадна хаалганы цоожийг нь хөшиж эвдэж ороод 12 цагаан мөнгөн тоногтой эмээл 1 ширхэг, мөнгөн тоногтой эмээлийн 8 цагаан тоногийг нь тайлаад авсан, мөнгөн тоногтой хазаар 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг,  хурган дотортой дээл 3 ширхэг, хурган дотортой эрэгтэй дээл 1 ширхэг, хурган дотортой хүүхдийн дээл 1 ширхэг, 40 кг борц, хурганы арьс 20 ширхэг, эмэгтэй хүний өвлийн гутал 2 ширхэг, 58 алд элдсэн сур, тэрлэгэн дээл 2 ширхэг, эмэгтэй хүний үйтэн хуаран  дээл 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан” /1 дүгээр хавтас 56-57 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,  

 

- хохирогч Ж.Алтантуяагийн: “...өвөлжөөндөө 08 дугаар сарын 15-ны өдөр очиход контейнерын цоожийг эвдэж ороод, авдарт байсан их гарын 3 ширхэг, дунд гарын 8 ширхэг, жижиг гарын 2 ширхэг нийт 13 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний  булган малгай 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн тоногтой ширэн бүс 1 ширхэг, эмэгтэй хүний нохой үстэй гутал 1 ширхэг, эрэгтэй хүүхдийн бакал шинэ гутал 1 ширхэг, эрэгтэй хүүхдийн хуучин пүүз 1 ширхэг, очиртой жааз, эрэгтэй хүний мөнгөн тоногтой хормойн боолт 1 ширхэг, бууны урд хийдэг жадан хутга,  ноосон цамц, подволк, түрийвч 2 ширхэг, халбага,сэрээ, хөнжлийн даавуу, гар чийдэн, 00-ын цаас, даалуу, бумба, Хятад мотоциклийн гавал, кариветир, шаазан аяга зэрэг зүйлээ хулгайд алдсан.” /1 дүгээр хавтас 64-65 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

- гэрч Д.Жүгдэрийн: “...Манайх өвөлжөөний контейнероос 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр очиж хувцас авахад зүгээр байсан. Дараа нь 08 дугаар сарын 15-ны өдөр очиход контейнерт хулгай орж эд зүйлүүд алдагдсан байсан.” /1 дүгээр хавтас 75-76  дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

- гэрч Ц.Энхзаяагийн: “...ээж Цэрэнпилийн амбаарт цагаан өнгийн үстэй эмэгтэй хүний гутал, улаан хүрэн өнгийн үстэй, эмэгтэй хүний гутлыг нь шуудайнд хийсэн байхаар нь тэр 2 гутлыг би аваад, өвөл өмсөж хэрэглээд гэртээ хадгалж байсан.” /1 дүгээр хавтас  79-80 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

,

- гэрч Ц.Цэрэнпилийн: “...Манай хүү Энхболд нь 2015 оны намар байсан байхаа цагаан өнгийн үстэй, улаан хүрэн өнгийн үстэй 2 эмэгтэй хүний гутал авчирсан ба тэр 2 гутлыг хүнээс авсан гэж хэлж байсан,  охин Энхзаяа 2 гутлыг аваад өмссөн байсан.” /1 дүгээр хавтас  81-82 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

- гэрч С.Цэрмаагийн: “...2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өвөлжөөн дээрээ очиход өвлийн байшингийн хаалгыг эвдэж хулгай ороод эд зүйл хулгайлсан байсан, хулгай хийсэн хүн мотоцикльтой ирсэн бололтой өвөлжөөний хойд талд мотоциклийн мөр гарсан, хаалгыг хөшиж онгойлгосон, дотор хаалганы модыг нь хөлөөрөө өшиглөж цөмөлсөн гутлын мөр байсан.” /1 дүгээр хавтас 83- 84 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

- яллагдагч Ц.Э ын: “...2015 оны 07 дугаар сарын сүүлээр гэрээсээ Донгбен маркийн, улаан өнгийн, улсын дугааргүй Хятад мотоцикльтой ганцаараа бугын эвэр түүхээр явсан ба өвөлжөөн дээр эзэнгүй улаан тоосгон байшин байхаар нь эд зүйл хулгайлъя гэж бодоод байшингийн ойролцоо байсан төмрөөр байшингийн хаалгыг хөшиж эвдэж орсон. Тэгээд байшин доторх авдар, эд зүйлүүдийг онгичиж байгаад мөнгөн аяга, тоногтой эмээл 2 ширхэг, мөнгөн тоногтой хазаар 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5, жижиг гарын мөнгөн аяга 1, эрэгтэй үстэй дээл, улаан өнгийн үстэй, эмэгтэй хүний гутал, цагаан өнгийн үстэй, эмэгтэй хүний гутал, элдсэн сур зэрэг эд зүйлүүд хулгайлж авсан.  2015 оны 08 дугаар сарын эхээр өөрийн Донгбен маркийн улсын дугааргүй Хятад мотоцикльтой явж байгаад эзэнгүй өвөлжөөн дээр очиход контейнорын цоожийг нь эвдэж ороод, 5 ширхэг мөнгөн аяга хулгайлсан. Хулгайлсан эд зүйлээ Нарантуул зах дээр зарсан.” /1 дүгээр хавтас 105-108 дугаар хуудас/ гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас  6, 15 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас  7- 12, 18-22 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас  45-50 дугаар хуудас, 2 дугаар хавтас 17-19 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас 153-156 дугаар хуудас/ эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас  62, 160-165, 71, 169-175  дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Ц.Э-д  холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Ц.Э   тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд  хэрэг хянан шийдвэрлэх  хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Э  мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 07 сард өвөлжөөнд байсан эзэнгүй улаан тоосгон байшингийн хаалгыг эвдэж орж эд зүйл хулгайлсан, мөн 2015 оны 08 дугаар сарын эхээр эзэнгүй өвөлжөөнд байсан контейнерын цоожийг нь эвдэж орж, 5 ширхэг мөнгөн аяга хулгайлснаа хүлээн мэдүүлснээс гадна хохирогч Ч.Амаржаргалынхаас хулгайд алдагдсан саарал өнгийн үстэй түрийтэй өвлийн гутал, хохирогч Ж.Алтантуяагийнхаас хулгайд алдагдсан бор шаргал үстэй түрийтэй өвлийн гутал тус бүрийг Ц.Э   гэртээ  авчирч шуудайд хийж хадгалсан байсныг дүү  Ц.Энхзаяа өвөл өмсөж хэрэглэж байсан талаар гэрч Ц.Энхзаяа, Ц.Цэрэнпил нар мэдүүлсэн, хүү Энхболд нь 2015 оны намар эмэгтэй хүний, үстэй түрийтэй 2 гутал авчирсан, 2 гутлыг хүнээс авсан гэж хэлж байсан талаар гэрч Ц.Цэрэнпил  мэдүүлсэн, таньж олуулах ажиллагааны явцад хохирогч нар өөрсдийн хулгайд алдагдсан гутлаа шууд таньсан талаарх  тэмдэглэл, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд, дээрх ажиллагааг  бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон байна.

 

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ц.Э ын “Мөрдөн байцаагч, прокурор, хохирогч нар үндэслэлгүй хэрэг тохсон, хэрэг үйлдээгүй” гэх мэдүүлэг няцаагдаж байх ба “хэргийг дахин шалгаж өгнө үү” гэсэн  давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Э ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг машин механизм ашиглаж, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.     

 

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд уг хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн тохиолдолд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялаас хүндэрч байх тул  хууль буцаан хэрэглэхгүй гэж шүүх зөв дүгнэсэн атлаа зохих хуулийн зүйл, хэсгийг баримтлаагүй байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсний дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн дээрх зүйл заалтуудыг баримтлах байтал  орхигдуулсан  байх тул зөвтгөх нь зүйтэй байна.    

Түүнчлэн шүүгдэгч Ц.Э ын үйлдсэн гэмт хэргийг эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулиар шийдвэрлэсэн атлаа гэмт хэргийг “давтан үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл шинэ хуулиар хасагдсан байхад түүнийг гэм буруутайд тооцохдоо “давтан үйлдлээр” гэж дүгнэсэн нь буруу байх тул зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.            

 

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн

- 1 дэх заалтын “шүүгдэгч Ц.Э-г давтан үйлдлээр, машин механизм ашиглаж, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “шүүгдэгч Ц.Э-г машин механизм ашиглаж, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “шүүгдэгч Ц.Э-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “шүүгдэгч Ц.Э-г Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Э ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол,  эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА

 

                                ШҮҮГЧИД                                Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                 О.ОДНЯМАА