Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 6

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ууганчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ЧХ ” групп“ ХХК, “ХШ” ХХК,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Даланзадгад сумын төвийн гадна гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх ДЗ2018/47” тендерийн үнэлгээний хороонд холбогдох,

"Манай компанийн тендерээс удаа дараа үндэслэлгүйгээр татгалзаж байгаа үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох” тухай, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Хамгийн сайн үнэлэгдсэн болон хамгийн бага үнийн санал хүргүүлсэн буюу хамгийн сайн тендерээр манай компани шалгарсан болох тухай үнэлгээний хорооны зөвлөмжийг захиалагч Даланзадгад сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг даалгах” нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ХШ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э , хариуцагч Э.М , хариуцагчийн өмгөөлөгч Х.Нямдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ХШ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр зарлан зохион байгуулсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Даланзадгад сумын төвийн гадна гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх ДЗ2018/47” дугаартай тендер шалгаруулалтад оролцохоор холбогдох материалыг тендерт оролцогчдын өгөгдлийн  дагуу шаардлагыг хангаж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх үнэлгээний хороонд цахим хэлбэрээр хүргүүлсэн.

Гэтэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Д  нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 998 тоот дугаар бүхий албан бичгээр “ХШ” ХХК нь татварын тодорхойлолт өр төлбөргүй байх шаардлага хангахгүй, ажлын төсвийн Зүүн сайхан 6,7 дугаар гудамж бүлгийн ажлын тоо хэмжээ зөрүүтэй гэх шалтгаанаар тендерт шалгараагүй болохыг мэдэгдэж байна гэсэн хариу ирүүлснийг манай компани үл зөвшөөрч Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргаж хянуулсан болно.

Монгол улсын Сангийн яамнаас 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 6-1/24 тоот гомдол хянасан тухай албан бичигт “...”ХШ” ХХК тендер нээсэн өдрийн байдлаар татварын өргүй, мөн магадлалаар баталгаажсан ажлын зургийн дагуу Зүүн сайхан 6, 7 дугаар гудамж бүлгийн тоо хэмжээг тооцсон байх тул тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 5.2-д заасан шаардлагыг хангасан, татгалзсан нь үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн.

Гэвч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 135 тоот албан бичгээр дахин манай компанид “...Ажлын төсвийн Зүүн сайхан 6,7 дугаар гудамж бүлгийн ажлын тоо хэмжээ зөрүүтэй тул тендерт шалгараагүй болно” гэж хариу ирүүлснийг үл зөвшөөрч Монгол улсын Сангийн яаманд энэ талаар дахин хандахад 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/1118 тоот албан бичгээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрын даргад “...Тендерт оролцогчдын тендерээс үндэслэлгүйгээр удаа дараа татгалдах шийдвэр гаргаж буй үнэлгээний хорооны шийдвэрт анхаарч зөрчлийг арилгуулах тухай заасан болно.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Д  нь Монгол улсын Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим сүлжээнд тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журмын 4 дүгээр бүлгийн 4.1-т зааснаар “...Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагуудын худалдан авах ажиллагаанд хяналт тавьж, гарсан зөрчил дутагдлыг цаг алдалгүй залруулсан байдал, мөн Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар бүлгийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан “...Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан шийдвэрлэнэ” гэж заасан журам, хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн болно.

Иймд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Д гийн хууль бус шийдвэр үйл ажиллагаанаас болж манай “ХШ” ХХК-ий хууль ёсны эрх ашиг хохирч үндэслэлгүйгээр тендерт оролцуулаагүй шалтгааныг хуулийн дагуу тогтоож, хариуцлага тооцож, ажил гүйцэтгэх гэрээг байгуулах эрхийг сэргээж өгнө үү”, мөн “Хамгийн сайн үнэлэгдсэн болон хамгийн бага үнийн санал хүргүүлсэн буюу хамгийн сайн тендерээр манай компани шалгарсан болох тухай үнэлгээний хорооны зөвлөмжийг захиалагч Даланзадгад сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХШ” ХХК тендер зарлагдахад тендерийн материалаа өгсөн. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын тендерийн үнэлгээний хорооноос татварын тодорхойлолт өр төлбөргүй байх шаардлага хангаагүй, ажлын тоо хэмжээ зөрүүтэй гэх шалтгаанаар тендерт тэнцүүлээгүй. Сангийн яамнаас 2 удаа татварын өргүй, ажлын тоо хэмжээ зөрүүгүй, шаардлага хангасан гэсэн хариу ирүүлсэн. Тиймээс үндэслэлгүйгээр тендерт оролцуулаагүй шалтгааныг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.

Хариуцагч Э.М  хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.”...Даланзадгад сумын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/103 тоот тушаалаар байгуулагдсан “Даланзадгад сумын төвийн гадна гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх ДЗ2018/47” тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийг хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг тус тус үндэслэн тендер шалгаруулалтын нээлттэй аргаар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд цахим хэлбэрээр зохион байгуулахад нийт 9 аж ахуй нэгж тендерийн материал ирүүлсэн болно.

          2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яамнаас 6-1/797 тоот гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай албан тоот ирүүлсний дагуу Үнэлгээний хорооноос дахин холбогдох материалыг хүргүүлсэн.

          “ЧХ групп” ХХК, “ХШ" ХХК дахин гомдол гаргаж Монгол улсын Сангийн яамны 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/1118 дугаартай гомдол хянасан тухай албан тоотод дахин үнэлгээ хийх чиглэл ирүүлсэн боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ «удалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасан тендер хүчинтэй байх хугацаа дууссан тул уг тендер хүчингүй болсон. Иймд “ХШ” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны 19/37 дугаартай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг үүгээр мэдэгдэж байна.

          ...Нэхэмжлэгч “ХШ” ХХК нь тендерт оролцсон 9 оролцогчийн нэг байсан. Тендерийг нээгээд хамгийн түрүүнд үнэлгээгээр эрэмбэлэн жагсаахад хамгийн бага үнийн саналтай компани “ЧХ  групп” ХХК байсан. Хоёрт нь “ХШ” ХХК байсан. Сангийн яамнаас бидэнд ирүүлсэн зөвлөмжийн дагуу “ХШ” ХХК нь тухайн өдрийн байдлаар татварын өр төлбөргүй байна. Зүүн сайхны 6, 7 дугаар гудамжны тоо хэмжээг тусгасан байна, та бүхний шийдвэр үндэслэлгүй байна гэсэн зөвлөмжийг ирүүлсэн байсан. Энэ зөвлөмжийн дагуу 9 компанийг дахиад эхнээс нь үнэлсэн. Сангийн яамнаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу “ХШ” ХХК болон бусад компаниудаас нэмж дэлгэрүүлж авах шаардлагатай материалууд байна гэж үзсэн. Сангийн яаманд “ХШ” ХХК, “ЧХ  групп” ХХК гомдол гаргасны дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй тендерийн үнэлгээний хороо 2 удаа хуралдаад дахиж үнэлэх гэсэн боловч “ХШ” ХХК нь татварын өр төлбөргүй эсэх талаар тендерийн үлгэрчилсэн маягтын дагуу тендерийн өгөгдлийн зааварчилгааны хүснэгтэн дээр тендер гэсэн тодорхойлолтыг ирүүлнэ гэж заасны дагуу тодорхойлолтоо буруу маягтын дагуу ирүүлсэн байсан. “ХШ” ХХК-ийг өр төлбөртэй гэж үзээгүй, буруу маягтын дагуу ирүүлэн байна гэсэн зөвлөмжийг явуулсан. Мөн тоо хэмжээг бид тулгаж үзэхэд 48 ширхэг ажил хийлгэнэ гээд байхад 17 ширхэг ажил хийнэ гэж ирүүлээд байгаа тоо хэмжээг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэж Үнэлгээний хороо олонхоороо шийдвэрлээд “ХШ” ХХК нь тоо хэмжээ зөрүүтэй байна. Татварын өр төлбөрийн маягтыг буруу маягт ирүүлсэн байна, тендерт оролцогчийн маягт биш байна гэдэг зөвлөмжийг Сангийн яаманд хүргүүлээд байхад Сангийн яам энэ нь үндэслэлгүй юм гэсэн албан бичгийг үнэлгээний хороонд ирүүлсэн байсан юм.

          Бид өгөгдлийн хүснэгтийг жишиг баримт бичгээр үнэлээд явдаг. Үүний дагуу тус компаниуд дутуу буюу зөрүүтэй ирүүлсэн гэж үнэлгээний хороо үзсэн юм.  Тендерийн үнэлгээний хороо нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дагуу бүх материал, жишиг баримт, маягтуудыг цахимд байршуулаад түүний дагуу компаниуд эдгээр маягтын үг, өгүүлбэр, утга агуулгыг өөрчлөхгүйгээр маягтын дагуу хоосон зайг нөхөж ирүүлэх үүрэгтэй байдаг. “ХШ” ХХК нь маягтын дагуу материалаа бүрдүүлж ирж чадаагүй юм. Иймд “ХШ” ХХК-ийн “Манай компанийн тендерээс удаа дараа үндэслэлгүйгээр татгалзаж байгаа үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

           Хариуцагчийн өмгөөлөгч Х.Нямдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын тодорхойлолт нь тухайн өдрийнхөөр биш тендер гэсэн цонхоор нэвтэрч орж тухайн тендерт холбогдох бланкийн дагуу тодорхойлолтоо авахгүй болохоор дараа нь бас өөр компани гомдол гаргаж яагаад энэ компани тендерт зориулсан тодорхойлолтоор аваагүй зүгээр татварын ерөнхий тодорхойлолт авсан юм бэ гэдэг хэл ам гарах учраас зайлшгүй тендер гэсэн цонхоор нэвтэрч орж тендер гэсэн тодорхойлолтыг сонгож авах ёстой байсан. Мөн ажлын тоо хэмжээ нь зөрүүтэй байгаа.

           Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 15.1-д заасан тендерт оролцогч нь тендерийн жишиг маягтуудаас зохих маягтыг ашиглан тендерийн санал ба үнэлэгдсэн үе шатыг ажлын хуваарийг бэлдэж ирүүлнэ. Эдгээр маягтын үг, өгүүлбэр, утга агуулгыг нь өөрчилсөн буюу орхигдуулсан аливаа өөрчлөлт хийхийг зөвшөөрөхгүй. Маягт дахь бүх хоосон зайд шаардсан мэдээллийг нөхөж бичнэ гэсэн байдаг.

           Өөрөөр хэлбэл хийх гээд байгаа цаанаас зарласан хийлгэх гээд байгаа ажил “ХШ” ХХК-ийн гаргаж байгаа санал нь тоо хэмжээний ямар ч зөрүүгүй байх ёстой. Гэтэл ажлын төсвийн Зүүн сайхны 6,7 дугаар гудамжны бүлгийн ажлын тоо хэмжээ зөрүүтэй байсан учраас тендерийн баримт бичгийн шаардлагыг хангахгүй байна гэсэн 2 үндэслэлээр буцаадаг.

           Сангийн яамнаас дахин үнэл гэсэн үндэслэлдээ дээрх 2 зүйл зөрж байгаа нь үндэслэлгүй байна гэж ирүүлж байгаа болохоос яг тоо хэмжээ нь ийм болохоор зөрүүгүй гэж үзсэн нь буруу байна гэдэг юм уу тодорхойлолт нь энэ шаардлагын дагуу зөв байна гэж үгчилж ирүүлээгүй. Яг ямар зөрчлийг яаж Үнэлгээний хороо дахин үнэлэх талаар тодорхой зөвлөмж өгөөгүй. Дахин үнэл гэсэн зөвлөмж ирүүлээд байдаг учраас Үнэлгээний хороо зөвлөмжийн дагуу дахин үнэлээд явуулаад байсан байдаг.

           Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага буюу “Хамгийн сайн үнэлэгдсэн болон хамгийн бага үнийн санал хүргүүлсэн буюу хамгийн сайн тендерээр манай компани шалгарсан болох тухай үнэлгээний хорооны зөвлөмжийг захиалагч Даланзадгад сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг даалгах” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу хамгийн сайн тендер гэж хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендерийг хэлнэ гэж заасан байдаг.

           Гэтэл тендерт оролцогч 9 компанийн үнийн саналаар хамгийн бага үнийн саналтай компаниар “ХШ” ХХК биш  “ЧХ  групп” ХХК байдаг. Ийм үндэслэлээр мөн энэ тендерт шалгарах боломжгүй юм.

           “ХШ” ХХК нь манайхыг шалгаруул гэж байгаа нь бусад компаниудын буюу өөрөөр хэлбэл хамгийн сүүлд хуулийн дагуу бичиг баримтын зөрчилгүй шалгарсан “ЭС ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа учраас энэхүү шаардлагыг биелүүлэх боломжгүй юм.

           Дүгнэж хэлэхэд тендерийн ерөнхий хугацаа 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дууссан байгаа учраас дахин үнэлгээ хийх боломжгүй болоод байгаа учраас тендерийг дахин зарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа учраас үүнийг шүүх харж үзнэ үү гэсэн саналтай байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ХШ” ХХК-иас “Даланзадгад сумын төвийн гадна гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх ДЗ2018/47” дугаартай тендерт оролцсон манай компанийн тендерээс удаа дараа үндэслэлгүйгээр татгалзаж байгаа үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, хамгийн сайн тендерээр манай компани шалгарсан тухай зөвлөмжийг захиалагч Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг даалгах” (нэмэгдүүлсэн шаардлага) нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“ЧХ групп” ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагатай нэгэн адил нэхэмжлэл гаргасан бөгөөд, хэрэг нэгтгэсний дараа уг шаардлагаасаа татгалзсан болно.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/103 дугаар тушаалаар “Даланзадгад сумын төвийн гадна гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх ДЗ2018/47” дугаартай тендерийн үнэлгээний хороог байгуулжээ.

Тендер шалгаруулалтад 9 аж ахуйн нэгж оролцсон бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тендерийн нээлтийг хийж,  тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрээр  “Гэгээн цайдам” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлэн шалгаруулж, бусад оролцогч нарт зохих мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Тендерийн үнэлгээний хороо нь  нэхэмжлэгч “ХШ” ХХК-иас ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзээд Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа (цаашид ТОӨЗ гэх)-ны 5.2-д заасан шаардлага хангаагүй, ажлын төсвийн тоо хэмжээ зөрүүтэй буюу шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс нь татгалзсан байна.

 Дээрх шийдвэрийг “ХШ” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргасны дагуу Сангийн яам гомдлыг хянан хэлэлцээд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/24 дүгээр албан бичгээр “...Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.2-д заасан шаардлагыг хангаагүй, ажлын тоо хэмжээ зөрүүтэй гэх үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй байна... тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг үүгээр мэдэгдье.” гэсэн хариуг захиалагч болон тус компанид хариуг өгчээ.

Улмаар тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар дахин үнэлээд “ХШ” ХХК-ийн ирүүлсэн тендерээс урд татгалзсан үндэслэлээр дахин татгалзаж шийдвэрлэжээ.

“ХШ” ХХК-иас 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яаманд дахин гомдол гаргасан байх ба 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/1118 дугаар албан бичгээр “...тендерээс удаа дараа үндэслэлгүйгээр татгалзах шийдвэр гаргаж буй үнэлгээний хорооны шийдвэрт захиалагч хуулийн дагуу хяналт тавьж, зөрчлийг арилгуулахад анхаарч ажиллах, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь хэсэгт заасны дагуу дээрх зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдье.” гэжээ.

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Тендерийн үнэлгээний хороо хуралдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт заасан тендер хүчинтэй байх хугацаа дууссан тул дараагийн шатны арга хэмжээ авах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

“ХШ” ХХК нь тендерийн баримт бичиг ТОӨЗ 5.2-д “Тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлохын тулд захиалагч дараах нэмэлт нотлох баримтыг тендерийн хамт ирүүлэх; Татварын тодорхойлолт (өргүй байх)” шаардлагыг хангаагүй гэж үнэлгээний хороо дүгнэсэн байдаг.

Гэтэл Үндэсний Татварын албаны 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цаг 09 минутад үүсгэсэн 1811240706231 дугаар цахим тодорхойлолтоор “ХШ” ХХК нь татварын өргүй болох нь тодорхойлогдож байхад тендерийн баримт бичигт заасан маягтын дагуу тодорхойлолтоо гаргаагүй гэж үнэлсэн үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлгүй байжээ.

Нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүн сайхан гэр хорооллын Зүүн сайхан 6, 7 дугаар гудамжны гэрэлтүүлгийн ажлын тоо хэмжээг зөрчиж тендерийн санал ирүүлснээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Энэ хуулийн 14.3-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичгийг тендерийн баримт бичигт тусгайлан заана.” гэх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Нөгөө талаар Тендерийн үнэлгээний хороо нь тендерийг зохион байгуулж, зохих зөвлөмж, шийдвэр гаргах чиг үүргийн хүрээнд  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ дараах шаардлагыг хангасан байна.” 11.1.2-т “Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн орон улсын стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт үндэслэх” гэж заасны дагуу захиалагчаас ирүүлсэн техникийн тодорхойлолт, тусгай нөхцөлийн хүрээнд тендерийг зохион байгуулах үүрэгтэй  бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж хуульчилснаар  “ХШ” ХХК-ийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй байна.                                

ТОӨЗ-ны 20.1-д тендерийн хүчинтэй хугацаа тендер нээснээс хойш 45 хоногийн туршид хүчинтэй байхаар заасан бөгөөд уг тендерийг 2018 оны 11 дүгээр  сарын 30-ний өдөр нээж, Сангийн яамны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 6-1/199 дүгээр албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д зааснаар 30 хоногоор сунгажээ.

“ХШ” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендерийн баримт бичигт заагдсан нөхцөл, шаардлагуудыг хангаагүй тул “шаардлагад нийцээгүй тендерийн санал ирүүлсэн” гэж үзэж уг тендерээс татгалзсан нь үндэслэлтэй тул тендерийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр дахин үнэлгээ хийгээгүй үнэлгээний хорооны шийдвэр нэхэмжлэгч “ХШ“ ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй гэж үзлээ.

Үнэлгээний хороо нь нэхэмжлэгч “ХШ“ ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр нь хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул “хамгийн сайн тендерээр манай компани шалгарсан тухай зөвлөмжийг захиалагч Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг даалгах даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “ХШ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.1, 27 дугаар зүйлийн 27.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ХШ” ХХК-ийн гаргасан “Даланзадгад сумын төвийн гадна гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх ДЗ2018/47” дугаартай тендерт оролцсон манай компанийн тендерээс удаа дараа үндэслэлгүйгээр татгалзаж байгаа үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, хамгийн сайн тендерээр манай компани шалгарсан тухай зөвлөмжийг захиалагч Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХШ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.БАЯРМАА