Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

Улсын яллагч Б.Чинзориг /томилолтоор/,

Шүүгдэгч Ж.Х-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч овогт Ж-н Х-д холбогдох эрүүгийн 2103000290056 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, “...” ХХК-д борлуулагчаар ажилладаг, ам бүл ..., эхнэр ...хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол ... дугаар байрны ... тоотод оршин суудаг, /РД:/ урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, *** овогт ***.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.Х-нь 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 9 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун урд уулзварт явган хүний гарц дээр *** улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “...Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайг хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Х-О-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан “...Баянгол дүүргийн 22 дугаар хороо Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн баруун урд уулзварт Тоёота приүс маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн...” гэх тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн “...Осол гаргасан хэргийн газар нь суурингийн доторх хөдөлгөөнтэй, 2 эгнээ эсрэг хөдөлгөөнтэй, уруу үзэгдэх орчин чөлөөтэй гэрлэн дохио зохицуулалттай, явган хүний гарц тэмдэг, тэмдэглэлтэй зорчих хэсэг байв. Автомашины хойноос баруун гар тийш, явган зорчигч баруунаас зүүн тийш чиглэлд зорчиж явсан байв...” гэх тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 11-12, 13-14, 15-16 тал/,

Хохирогч Х.О-г  ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 9-ний өглөө 8 цаг 45 минутын орчим хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд Баянгол дүүргийн нутаг Гэмтлийн эмнэлгийн ертөнцийн зүгээр баруун урд уулзварын баруун талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явган хүний замаар зам хөндлөн гарч байхад миний зүүн гар талаас нэг машин ирж мөргөсөн. Тухайн үед би 4 настай охин У-г баруун гар талдаа хөтлөөд явж байсан. Машинд мөргүүлээд бид 2 газарт унасан. Тухайн машин манай охиныг мөргөөгүй намайг мөргөсөн би мөргүүлсэн хүчиндээ охин түлхээд газарт унасан. Би босоод охиноо босгож байтал миний урд зам гарсан охин буцаж ирээд та зүгээр үү гээд өөрийнхөө утсаар цагдаа, түргэнд дуудлага өгсөн. Тэгээд тэр охин ажлын цаг болоод байна гээд надад утасны дугаарыг бичиж үлдээгээд яваад өгсөн. Би жолоочийн утсаар нөхөр лүүгээ залгаж осол болсон талаар хэлсэн. Удалгүй цагдаа ирээд бүрэлдэхүүн ирнэ гээд хүлээж байхад түргэн ирээд охин бид 2-г аваад явсан. Би Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тухайн үед эмч үзчихээд ноцтой хугарал байхгүй байна гэсэн. Би жолоочтойгоо тохироод маргааш биеийнхээ зургийг авахуулна гээд би цагдаа дээр очиж шалгуулаагүй. Тэгээд 3-н өдрийн дараа зургаа авхуулах гэсэн чинь жолооч нь цагдаагаар шалгуулсан нь дээр юм байна тэгвэл надад даатгалаар мөнгө олдох юм байна гэсэн. Би цагдаа дээр өргөдлөө өгөх гэтэл Улаанбаатар хотод хөл хорио тогтоогоод гарч чадахгүй явсаар байгаад өөрийнхөө мөнгөөр зургаа авхуулаад цагдаад өргөдөл өгсөн. Зүүн талын ташаа хөхөрсөн байсан доглоод явж чадахгүй байсан, толгойны цулгай хэсгээр байнга өвдөнө, нуруугаар өвдөж байсан үзүүлэхэд нуруу хугарсан байсан, охины биед гэмтэл учраагүй. Явган хүний гарц гэрэл дохиотой байсан, намайг ирэхэд улаан гэрэл асчихсан байсан болохоор ногоон гэрэл хүлээж байгаад гарсан. Эмнэлгээр явсан болон бусад зардлаа нэхэмжилмээр байна. Нийт 1.234.928 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /23, 27-30, 32-33, 119 тал/,

Иргэний хариуцагч Б.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай компани тусгай зөвшөөрлөөр иргэн аж ахуй нэгж байгууллагад зээл олгодог юм.Тэрний хүрээнд иргэн Х-нь манай байгууллагаас автомашин худалдаж авах зориулалтаар зээл хүссэн юм.Тэгээд манай байгууллага зээлийг олгох болсон тул тухайн худалдаж авч байгаа машиныг өөрийн нэр дээр шилжүүлж 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулж зээл олгосон юм.Зээлийн гэрээний гүйцэтгэл хэвийн явагдаж байгаа.Манай байгууллага Х-ын бусдад учруулсан хохирлыг хариуцахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,

Фидуцийн гэрээ, автомашин худалдан авах зээлийн гэрээ, зээл төлөлтийн хуваарь /хх-ийн 43-44, 45-47, 48, 100-102, 103 тал/

Гэрч А.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 9-ний өглөө 8 цагаас 9 цагийн хооронд ажилдаа явах гээд Гэмтэл Согог Судлалын үндэсний төвийн баруун урд уулзварын баруун талын жижиг автомашинууд баруун тийш эргэдэг жижиг явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд гарах гээд ирсэн чинь улаан гэрэл асчихсан. Би ногоон гэрэл хүлээгээд зогсоод 2-3 минут болсон байх миний явах гэж байсан гарц нь дээр миний талд ногоон гэрэл асаад би зам руугаа орж байхад ард пид гээд хүүхэд уйлахаар нь эргээд харсан чинь нэг эмэгтэй хүүхэд дээрээ дараад уначихсан байхаар нь би эргээд нөгөө хүн дээр очоод хүүхдийг татаж босгоод эгчийг босгох гэтэл гайхаж хараад суугаад байсан. Хэсэг сууж байгаад босоод ирсэн. Тэр эмэгтэйг мөргөсөн машины жолооч бууж ирэхээр нь чи хүн мөргөчихлөө шүүдээ гэсэн чинь харин тиймээ би анзаараагүй ш дээ хараагүй ш дээ гэхээр нь би чи согтуу юм уу гэсэн үгүй гэсэн. Тэгээд мөргүүлсэн эгч цагдаа, түргэн дуудаад өгөөч гэхээр нь би өөрийнхөө *** гэсэн дугаараас цагдаа, түргэнд дуудлага өгсөн. Цагдаа намайг байж байгаарай гэхээр нь би 10 орчим минут хүлээж байгаад ирэхгүй байхаар нь би буцаж цагдаа руу залгаад би ажлаасаа хоцрох гээд байна явлаа шүү гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 692 дугаартай “...Х.О-г  ийн биед ууцны 4-р нугаламын далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 60-62 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Э-н 2021 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн 725 дугаартай “...Б.У-н биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 64- 65 тал/,

Мөрдөгчийн “....Приүс маркийн *** дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Ж.Х-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийн явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн...” заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Х.О-г   нь замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” гэх магадлагаа /хх-ийн 68 тал/,

Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвд хийсэн “...Уг автомашиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд хойд тэнхлэгийн хоёр дугуйн тормосны хүчний хэмжээ, баруун зүүн гар талын хол ойрын их гэрлийн тусгал, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дуут дохио, автомашины хурдны ажиллагаа, урд болон хойд дугуйнуудын хээний гүн, зогсоолын тоормос зэрэг нь стандартын шаардлага хангаж байна...” гэх дүгнэлт, зургийн үзүүлэлт /хх-ийн 74-77 тал/,

Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 91 тал/,

Гэмтэл Согог үндэсний төвийн осол гэмтэл тохиолдол бүртгэх хуудас /хх-ийн 109 тал/,

Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, Тээврийн прокурорын газарт гаргасан хохирогч Х.О-г  ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х-миний бие хохирол болох нэхэмжилсэн 2.323.000 төгрөгийг 3 дугаар сарын 16-нд өгсөн. Одоо цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх баталгаа /хх-ийн 118, 120 тал/,

Шүүгдэгч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 9-ны өглөө ажилдаа явах гээд 8:30 минутын орчим гэрээсээ гараад Тоёота Приус маркийн *** дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Гэмтлийн эмнэлгийн ертөнцийн зүгээр баруун талын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд хөдөлгөөнд оролцож байгаад 1-р хорооллын арын зам руу орох гээд Гэмтлийн эмнэлгийн баруун урд уулзвараар баруун гар тийшээгээ эргэх гээд уулзварын баруун гар тийшээ эргэсэн туслах зам руу ороод 10-20 км цагийн хурдтай явж байгаад баруун гар тал руугаа харчихаад эргээд урагшаа харсан чинь ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зам хөндлөн гарах гээд явган хүний гарцаар нэг эмэгтэй хүн гараад ирсэн. Тэгээд би тормос гишгээд зогсож амжаагүй тухайн эмэгтэй хүнийг мөргөөд зогсох үед мөргүүлсэн эмэгтэй миний машины урд хэсгийн яг доор газар унасан. Тэгээд би машинаас ирээд өөрийнхөө *** гэсэн дугаараас цагдаа, түргэнд дуудлага өгсөн. Тухайн эмэгтэй хүүхэдтэйгээ явж байсан. Намайг машинаас бууж ирэхэд мөргүүлсэн эмэгтэй хүүхэдтэйгээ босоод ирэхээр нь би машиндаа суулгасан. Тэгээд машиндаа суугаад хүлээж байхад түргэн ирээд мөргүүлсэн эмэгтэйг хүүхэдтэй нь хамт аваад явсан. Дараа нь цагдаа ирээд хэмжилт хийсэн...“ гэх мэдүүлэг /хх-ийн 88 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирол төлбөр төлсөн талаарх баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Х-ын хувийн байдалтай холбоотойгоор гэрч Н.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х-нь хүн чанарын хувьд дажгүй боломжийн, аливаа асуудалд хүлээцтэй ханддаг, юмны түрүүнд дугардаггүй, амар тайван, аливаа зүйлд сэтгэлээрээ ханддаг, тус зан чанартай хүн. Надтай найзалж нөхөрлөсөн 7 жилийн хугацаанд миний мэдэхээр ямар нэгэн асуудалд оролцож холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 тал/, гэрч Х.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х-нь зан байдал төлөвшчихсөн, тайван зан ааштай, элдэв янзын ааш авир байхгүй хүн байгаа. Бид 2 2000 оноос хойш найзалж байгаа, 10 жилд нэг анги байсан, одоо эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, хувийн хэвшлийн компанид худалдааны төлөөлөгч ажил хийдэг, эхнэр нь бас нэг хувийн компанид ажилдаг юм. Цэрэгт яваагүй Батлан Хамгаалах их сургууль төгссөн, элдэв янзын муу зуршил байхгүй, эхээсээ 3-лаа айлын бага хүүхэд байгаа юм. Булган аймагт төрж өссөн, Улаанбаатар хотод 2015 онд орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 90 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 92 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 93 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 95 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 97 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 99 тал/ зэрэг бичгэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Х-аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 89 дэх талд авагдсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х-нь 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 9 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хороо Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн баруун урд уулзварт явган хүний гарцан дээр *** улсын дугаартай “Т” ... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “...Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Х-О-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 9 цагийн үед зам тээврийн осол болсон байх ба уг осол шүүгдэгч Ж.Х-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахих үүргээ биелүүлээгүй гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор гарчээ.

Энэ нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөн уг осолд өртсөний улмаас хохирогч Х.О-г  ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 692 дугаартай “...Х.О-г  ийн биед ууцны 4-р нугаламын далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр нотлогджээ.

Иймд шүүгдэгч Ж.Х-ын *** улсын дугаартай Тоёота приүс 41 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад тээврийн осол гарган явган зорчигч буюу хохирогч Х.О-г  ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Ж.Х-нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож бусдад хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ж.Х-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.О-г  ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба тэрээр хавтас хэргийн 120 дахь талд Тээврийн прокурорын газарт гаргасан хохирогч Х.О-г  ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х- миний бие хохирол болох нэхэмжилсэн 2.323.000 төгрөгийн 3 сарын 16-нд өгч барагдуулсан. Одоо цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирол бүрэн төлөгдсөн, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Х-аас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.

2. Шүүгдэгч Ж.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ж.Х-нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ж.Х-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ж.Х-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн болон хяналтын прокурор, шүүгдэгч нарын ял тохиролцсон байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч Ж.Х-д оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Ж-н Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-д 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Х-д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ж.Х-нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Х.О-г  т 2.323.000 /хоёр сая гурван зуун хорин гурван мянга/-н төгрөгийг хохирол хор уршигт тооцож нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА