Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч Т.Баянмөнх,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2287/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***-д холбогдох эрүүгийн 2005029900171 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, ... настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “...” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл ..., нөхөр ... хүүхдийн хамт ... дүүрэг ... дугаар хороо, ... гудамжны ... байрны ... тоотод оршин суудаг, /РД: /, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Э-гаас “*** хотхонд хямд үнээр байр зарна, авах бол урьдчилгаа өг” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***-гаас “*** хотхонд хямд үнээр байр зарна, авах бол урьдчилгаа өг” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “...*** гэгч нь Хан-Уул дүүргийн *** дүгээр хороонд баригдаж буй *** хотхоны ... байрны ... тоот хаягт байрлах 3 өрөө байр хямд үнээр зарна гэж 20.000.000 төгрөг залилсан гэх гомдол, мэдээллийг хүлээн авав...” гэх тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

Хохирогч ***-гийн 20.000.000 төгрөг ***-н данс руу шилжүүлсэн талаарх цахим гүйлгээний баримт, хохирогч М.Э-гийн “Хас банкны” дансны хуулга, зээлийн гэрээ  /хх-ийн 11, 12, 13 тал/,

Хохирогч М.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 7, 8 дугаар сарын үед миний бие хадам эгч О-р дамжуулан Б- гэх эмэгтэйтэй анх танилцаж байсан юм. Гэтэл нэг өдөр манай хадам эгч О-  над руу залгаад Б-д *** хотхонд хямд үнээр зарах байр байгаа гэж байна. Чи одоо амьдарч байгаа байраа томруулах санаатай байгаа гэж байсан сонирхох юм уу? гэхээр нь би тухайн байрыг нь сонирхохоор болоод Б-тай холбогдоход уг байрыг үзүүлэх боломж одоогоор байхгүй гээд надад байрны дотор зураг, бичлэг зэрэг зүйлсийг утсаар харуулсан. Б- уг байрыг намайг авах бол яаралтай урьдчилгаа болох 20.000.000 төгрөг өгчих юм бол байрны чинь гэрээ баталгаажих болно гэхээр нь би Хас банкнаас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 20.000.000 төгрөгийн цалингийн зээл аваад авсан даруйдаа тухайн өдрөө Б-н Хас банкны данс руу шилжүүлсэн. Б- надад хэлэхдээ уг байрыг тун удахгүй ашиглалтад орно гэж хэлж байсан бөгөөд намайг удахгүй оруулж өгнө гэж байсан боловч хэлсэндээ намайг байранд оруулж өгөөгүй залилан мэхэлсэн. Б.Б-д өгсөн 20.000.000 төгрөгөөс надад эргүүлж 2.800.000 орчим төгрөг өгсөн. Намайг 20.000.000 төгрөг өгсөн гэдгийг баталгаажуулах гэж бид 2 хамт нотариат орж байсан. Утсаар ер нь байнга холбоо барьдаг бөгөөд Б- миний мөнгийг эргүүлж өгнө гэж маш олон удаа худлаа ярьж хуурч байгаа. ...2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Б- өмгөөлөгчөөрөө дамжуулан 10.000.000 төгрөг эргүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 44 тал/,

Гэрч ***-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие *** ХХК-д ерөнхий менежер ажил хийдэг бөгөөд манай компани Хан-Уул дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоныг барьж ашиглалтад оруулсан. 2016 онд *** манай байгууллагаас нэг өрөө байрыг анх худалдаж аваад бид нар танилцаж байсан. Тухайн цаг үеэс хойш Б- нь манай компанийн зарж буй байрыг 2-3 хүнд зуучилж байсан. дарийн гэр манай ажил хоёр нэг дор байдаг учир байнгын тааралдаж мэнд мэдээд өнгөрдөг төдий харилцаатай хүмүүс байгаа юм. Манай компани 2013 оноос хойш одоог хүртэл гурван төсөл дээр тогтвортой ажиллаж байгаа. Эхнийх нь 4-р цахилгаан станцын хажууд байрлах “Ирээдүй” хотхон, 2 дах нь Хан-Уул дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй хотхон, 3 дахь нь *** дүүрэг ***-р цахилгаан станц барих зэрэг 3-н төсөл дээр тогтвор суурьшилтай ажиллаж байгаа юм. Би *** хотхонд бусдад байр орон сууц зарж борлуулж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

Гэрч ***-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2017 онд анх *** хотхонд байр авахдаа Б-тай танилцаж байсан. Би *** хотхоны байрыг дариар дамжуулан худалдаж авч байсан. *** нь надаас маш олон удаагийн давтамжтайгаар байнгын худал хэлэн мөнгө зээлдэг байсан. 2019 оны 4-р сараас эхлэн миний урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж байнгын худал хэлж надаас нийт 170.000.000 төгрөг авсан. Мөнгө авахдаа бид хоёр ямар нэг гэрээ болон барьцаа хөрөнгө тавилгүй шууд итгээд өгчихдөг байсан. Тэгээд авсан мөнгөө 2020 оны 12 сард хамгийн сүүлийн мөнгийг маань эргүүлэн өгч бид хоёрын дундах өр зээлийн асуудал дууссан. Би яг хэдэн төгрөг өгсөн гэдгийг санахгүй байгаа хэдий ч тухайн өдөр надад мөнгө өгсөн бөгөөд уг мөнгийг хэрхэн яаж олсон гэдгийг би мэдэхгүй ч миний ***-д зээлүүлсэн мөнгийг миний Хаан банкны данс руу эргүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

Шүүгдэгч ***-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би ***-с авсан 20.000.000 төгрөгийг зүс таних О-д бүгдийг нь өгсөн. Би О-д мөнгөний өртэй байсан бөгөөд өгөх ёстой өрөө дарах гэж Э- гаас авсан мөнгийг өгсөн юм. Би хохирогч ***д *** хотхонд байр зарна гэж хэлэхдээ уг байраа хамаатны Б гэх хүний бартераар авсан байр гэж хэлсэн нь үнэн. Гэхдээ яг үнэндээ Б гэх хүнд *** хотхонд зарах байр огт байхгүй. Энэ хэрэгт ямар нэг оролцоо байхгүй бөгөөд би *** гийн итгэлийг олох гэж худал ярьсан ....” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би Э- гаас авсан 20.000.000 төгрөгийг зүс таних О-д бүгдийг нь өгсөн. 3 хүүхэдтэй тул хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Э-гийн “...2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хохирлын 10.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн *** дугаар Хаан банкны дансанд хүлээн авлаа...” гэх,

“...2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б-с 6.000.000 төгрөг хохирол төлбөрт хүлээн авлаа...” гэх,

“...2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ***-с 1.500.000 төгрөг хүлээн авсан нь үнэн болно. Үлдэгдэл төлбөр 2.500.000 төгрөгийг шилжүүлсний дараа ямар нэгэн гомдол саналгүй. Энэ мөнгийг төлөх боломжийг олгоод хөнгөхөн шийтгэж өгнө үү...” гэх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогдсон байна.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 22, 27-29 дэх талуудад авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.   

Шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл, хохирогч, гэрч нарын болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа агуулгын хувьд харилцан зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй мэдүүлгүүд, банкны дансны хуулга, хохирол төлсөн талаарх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь “***” хотхонд хямд үнээр байр зарна, авах бол урьдчилгаа өг” гэж хуурч, хохирогч М.Э-гаас 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөгийг өөрийн Хас банкны **** дансаар шилжүүлэн авч, бусдаас зээлсэн мөнгөний төлбөрөө төлж хувьдаа ашиглан, буцаан өгөөгүй үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.  

Шүүгдэгч Б.Б-н дээрх үйлдэл буюу өөрийгөө “***” хотхоны байрны захиалга авах эрхтэй этгээд мэтээр хохирогч ***-д ойлгуулж, түүнийг хуурч, байрны урьдчилгаа төлбөр гэж 20.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүх шүүгдэгч ***-г “Залилах” гэмт хэрэг үйлдсэн, тодруулбал бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Э-д 20.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна.

Хохирогч нь хавтас хэргийн 44 дэх талд “...2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Б- өмгөөлөгчөөрөө дамжуулан 10.000.000 төгрөг эргүүлэн өгсөн...” гэж мэдүүлсэн байх ба энэ талаарх баримт хэргийн 60 дахь талд авагдсан, мөн шүүхийн шатанд шүүгдэгч нь “...2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 6.000.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг...” нөхөн төлсөн болох нь хохирол төлбөр Б.дариас хүлээн авсан нь үнэн болно гэх хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогджээ.

Иймд гэмт хэргийн хохирол 20.000.000 төгрөгөөс 17.500.000 төгрөг нөхөн төлөгдсөн гэж дүгнэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар төлөгдөөгүй үлдсэн хохирол болох 2.500.000 төгрөгийг шүүгдэгч ***-с гаргуулж, хохирогч ***-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч ***-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай үеэл дүү Б- нь 1989 онд айлын том охин болон Улаанбаатар хотод төрж байсан. Зан байдлын хувьд дөлгөөн даруу зантай...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 47-49 тал/, бакалаврын диплом /хх-ийн 50-52 тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 53 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 54 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн “***” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 78 дугаартай “...Б.Б- нь 2020 оноос хойш тус компанид борлуулалтын менежерээр ажиллаж байгаа бөгөөд сарын дундаж цалин 1.400.000 төгрөг...” гэх тодорхойлолт,  оршин суух хорооны тодорхойлолт,  хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Түүний хувийн байдлыг тогтоосон дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ***-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, 7, 5, 2 настай буюу бага насны 3 хүүхэдтэй болох нь тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг бүрэн нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус харгалзаж, шүүгдэгч ***-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой, түүний үйлдэл холбогдолд нийцнэ гэж дүгнэн, 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт "шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ***-н хувийн байдлыг харгалзаж түүнд оногдуулсан торгох 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдэж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овгийн ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д 2000 /хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 5 /тав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***-д сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.дариас гэмт хэргийн хохиролд тооцож 2.500.000 /хоёр сая таван зуу мянга/-н төгрөгийг гаргуулж, хохирогч ***-д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА