| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0120/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/128 |
| Огноо | 2021-05-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/128
2021 05 03 2021/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч П.Отгонбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мий Бод холбогдох эрүүгийн 2138000000135 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 8-01 тоотод оршин суух иргэн Ш.Еий байнга амьдрах зориулалттай гэрт 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нууцаар, хууль бусаар нэвтрэн орж зөөврийн компьютерыг авч 400.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг үнэн зөв өгсөн, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2138000000135 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Шүүгдэгч М.Б нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 8-01 тоотод оршин суух Ш.Еий хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Dell” маркийн зөөврийн компьютер, цэнэглэгч зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 400000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Ш.Еий өгсөн: “ ....Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг 8-р гудамж 1 тоотод эхнэр Х.Сгийн хамт амьдардаг....Өчигдөр орой буюу 2021 оны 02 дугаар сарын 25-нд ажлаасаа тараад 19 цагт гэртээ ирсэн. Гэрт орж ирэхэд орон дээр байсан миний Дэлл маркийн хар өнгөтэй нотебүүк, цэнэглэгч, цүнхийн хамт алга болсон байсан. Өглөө нь би гэрийн хаалгаа түгжээд ажилдаа явахаар гарахад гэрт эдгээр эд зүйл байсан. Орой ирэхэд л ийм зүйл болсон байсан. Эхнэр бид 2 дундаа нэг түлхүүртэй. Ажлын цаг зөрж тардаг болохоор гэрийнхээ тотгонд түлхүүрээ нуугаад үлдээдэг. Өглөө нь түгжээд гарсан хашааны хаалга онгорхой байсан. Харин гэрийн хаалга түгжээтэй байсан. Би түлхүүрээ гэрийн тотгоноосоо аваад гэрийн хаалгаа онгойлгоод ороход гэр доторх зүйлүүд бүгд хэвэндээ л байсан. Хулгайч миний гэрээ цоожлоод түлхүүрээ нуусан газраас цоожны түлхүүрийг аваад гэрт орж нотебүүк хулгайлаад буцаж гараад гэр цоожилчхоод түлхүүр байсан газарт буцаагаад хийсэн байсан. Дэлл маркийн хар өнгөтэй нотебүүк, нотебүүкийн цэнэглэгч, нотебүүкийн цүнх эдгээр зүйлсээ хулгайд алдсан...Миний найз Л мэддэг. Л нь эхнэр бид 2-ыг ажилтай үед манайд ирж мод хагалж, ус зөөж, гал түлж өгдөг байсан... Л бид 2 найзууд. 1 жилийн өмнө танилцаж байсан одоог хүртэл найзалж нөхөрлөөд явж байгаа. Би 500000 төгрөгөөр хулгайд алдсан эд зүйлээ үнэлнэ.. Надад учирсан хохирлыг М.Б бэлэн мөнгөөр төлж барагдуулсан. Одоо хохиролгүй болсон..” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 26 тал/,
Гэрч Х.Сгийн өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 02-08-01 тоот буюу өөрийн гэрээсээ ажилдаа явахаар 08 цаг 50 минутын үед гэрээсээ гарсан. Тухайн өдөр ажлаасаа тараад 19 цагт нөхрийн хамт гэртээ очиход хашааны хаалга онгорхой байсан. Харин гэрийн хаалга түгжээтэй байсан. Түлхүүрээ бид 2 гэрийн тотгоноосоо аваад гэрээ онгойлгоод ороход орон дээр байсан нотебүүк цэнэглэгч цүнхний хамт алга болсон байсан. Гэрийн бусад зүйлс хэвэндээ байсан. Тэгээд нөхөр бид 2 гэр дотроо хайгаад олдохгүй болохоор нь хулгайд алдагдсаныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...2021 оны 02 дугаар сарын 24-ний орой нь би нотебүүкээ асааж кино үзэж байгаад орон дээрээ тавиад унтсан юм. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өглөө гарахад яг л орон дээр нотебүүк байж байсан...Бид 2 дундаа нэг гэрийн түлхүүртэй юм аа нөхөр бид хоёрын ажлын цаг зөрж тардаг болохоор гэрийнхээ тотгонд нуугаад явдаг юм. Манай нөхрийн найз Л гэдэг залуу мэддэг болсон байсан. Яагаад мэддэг болсныг би сайн мэдэхүй байна...Надад сэжиглэж байгаа хүн алга...” гэх мэдүүлэг /хх-ийи 29-30 тал/,
Гэрч Ш.Эы өгсөн: “... Ш.Еэ нь өнөө өглөө буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өглөө над руу утсаар залгаад “цагдаа дээр байна аа эгч нөгөө нотебүүкээ хулгайд алдчихсан өөр зүйл алдаагүй” гэж хэлсэн...Тийм ээ. Би 2019 оны намар Улаанбаатар хотод байрлах компьютер Ландаас дэлл маркийн хар өнгийн нотебүүкийг авч байсан. Цар тахлын хөл хорионоос шалтгаалаад хүүхдүүдийн хичээл орохоо больсноос хойш буюу 2020 оны 10 дугаар сард би төрсөн дүү Ш.Еэд хэрэглүүлэхээр бэлэглэсэн байсан... Улаанбаатар хотод байрлах компьютер Ландаас дэлл маркийн хар өнгийн нотебүүкээ 500,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,
Гэрч Г.Лын өгсөн: “...М.Быг би танина. Нэг их тийм дотно харилцаа холбоо байхгүй. Еэтэй найз гээд хамт тэднийд очих үед нь би танилцсан. Еэ бид хоёрыг махан дээр зогсдог байх үед Б хааяа ирдэг байсан... Хааяа эхнэр нь бас манай найз Еэ байхгүй үед би очиж галыг нь түлж, усыг нь авч тавиад явдаг.... Гэрийнхээ түлхүүрийг тотгондоо хийдэг байсан. Тэгээд би тэр түлхүүрийг нь аваад онгойлгож ордог байсан. Тэр хоёр оройтохоороо ус аваад, галаа түлчхээрэй гээд ярьдаг юм. Тэр хоёр заримдаа оройтдог болохоор намайг түлхүүрийг нь аваад гэрт нь орохыг зөвшөөрдөг байсан.... Б мэдэх байх. Еэтэй хамт гэрт нь очдог байсан гэсэн... Яг хэдний өдрийг мэдэхгүй байна. Ямар ч байсан 2 дугаар сард над руу Еэ залгаад “хөгшөөн чин нотебүүк авсан уу? Манайд очсон уу?” гэхээр нь би” үгүй, танайд очоогүй. Нотебүүк аваагүй” гэж хэлсэн чинь “тийм үү. Нотебүүк байхгүй байна. Цагдаа дуудахаас” гэхээр нь “за би одоо гарлаа” гээд очсон чинь “хаалга онгойлгоод нотебүүк аваад явсан байна” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 тал/,
Гэрч Х.Дийн өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын сүүлээр яг хэдний өдрийг мэдэхгүй байна. Орой Б над руу залгаад бид хоёр уулзаад White house буудалд ороод би найз охин Нг дуудаад 2 литр 500 граммын Сэрүүн Нэртэй 3 ширхэг пиво уугаад, 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи 1 ширхгийг бид 3 хувааж уугаад манай найз яваад Б бид хоёр буудалд хоносон. Тэгээд тэрнээс хойш уулзаагүй. Би хөдөө очиж малаа төллүүлж байгаад өглөө ирсэн... Б авсан. Мөнгийг нь Б /Б/ төлсөн... Ойролцоогоор 100.000 гаран төгрөг байсан байхаа. Архи, пиво, гоймон авсан бас буудлын мөнгө төлсөн. Мөнгө нь яг дууссан үгүйг сайн мэдэхгүй байна. Өглөө гараад шууд салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14-р тал/,
Хохирлын үнэлгээ тогтоосон “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-821/005 дугаартай: “нотебүүк 1 ширхэг 400.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-40-43 тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 02 дугаар сард хэдний өдрийг нь мартсан байна. Өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад найз Еий гэр болох Мөрөн сумын 2 дугаар багт очих үед хүн байхгүй гэрийнх нь хаалга нь түгжээтэй эзэнгүй байсан. Тэгээд тотгоны дээд талаас гэрийн түлхүүрийг нь аваад гэрийг нь онгойлгоод орсон чинь орон дээр нь нотебүүк байхаар нь аваад гадаа гараад такси бариад таксины жолоочид 100,000 төгрөгөөр худалдсан. Тэгээд тэр мөнгийг үрээд дуусгасан... Бид хоёр найз нөхдийн харилцаа холбоотой. Нөхөрлөөд 3 жил болж байна... Хөдөөнөөс орж ирсэн найзтайгаа 0,75 литрийн X нэртэй архи хувааж уусан. Нэг их согтоогүй гайгүй байсан... Хамт гэрт нь очиж түлээг нь хагалж, ус энэ тэр авч өгч тусалдаг. Байхгүй үед нь би очиж гэрийг нь галладаг учраас түлхүүр нь хаана байдаг талаар мэддэг байсан юм... Дээр үеийн dell брэндийн хар өнгөтэй нотебүүк байсан. Өөр ямар нэгэн содон шинж тэмдэг байгаагүй... Надад мөнгө хэрэгтэй байсан болохоор ийм үйлдэл гаргасан... гэрээс нь авсан орой согтуудаа найз Еий гар утас руу залгаад “би согтуудаа авсан шүү” гээд хэлэх гэсэн боловч гар утас нь холбогдохгүй байсан... Манай найз залгаад “одоо тарах гэж байна, очоод галлаж байгаач” гэхээр нь л очоод онгойлгоод ордог байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
М.Бын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, эд зүйлсийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх төдийгүй хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн хүндрүүлэх шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Быг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 8-01 тоотод оршин суух Ш.Еий хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “dell” загварын зөөврийн компьютер, цэнэглэгч зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 400000 төгрөгийн хохирол учруулсан санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Бын гэм буруутай үйлдлийн улмаас Ш.Еэд 400000 төгрөгний хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.Б, хохирогч Ш.Еэ нар нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 400000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тухай эвлэрсэн эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж /хх-ийн 69-р тал/ ирүүлсэн байх тул шүүгдэгч М.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Бын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 63-68, 71 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 66 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч М.Бын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах тул 01 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Б нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Б-ыг 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг
өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН