Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/256

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч Н.Мөнхбат,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *** овогт ***-д холбогдох эрүүгийн 2105003890270 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл ... эхийн хамт ... дүүргийн ...дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суудаг /РД: / урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, *** овогт ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б.З-нь 2021 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Локо нэртэй пабд хохирогч ***-г цохиж, биед нь баруун нүдний доод зовхины дотор, доод хэсэгт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.З-нь 2021 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй пабд хохирогч Г.М-г цохиж, биед нь баруун нүдний доод зовхины дотор, доод хэсэгт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сараас Ү ХХК-ийн зайсан салбар дэлгүүр хүргэлтийн жолоочоор ажиллаж эхэлсэн. 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр манай ажлын М-гэх залуугийн төрсөн өдөр болоод манай ажилтнууд болох жолооч Ц, Г хяналтын ажилтан Эр, менежер Б, нярав Х, Т, менежер И нарын хамт бид нар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй пабад орсон. ...Миний захиалсан дуу явахаар нь би дуулаад микрофоноо тавьтал З-нь шууд хүрч ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр миний нүүр рүү цохисон. Манай ажлынхан салгаад, би гэрийнхэнийгээ дуудаад шууд гэмтлийн эмнэлэг рүү очиж хоёр оёдол тавиулсан. З-яагаад намайг цохисон гэдгийг мэдэхгүй байна. Тухайн үед караокены өрөөнд ямар нэгэн муудалцсан зүйл байхгүй. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Караокены өрөө рүү ортол М-нүүр хэсгээс нь цус гарчихсан. Золхүүг манай ажлын хүмүүс салгаад барьчихсан байсан. Би юу болсон бэ гэж асуухад М- З-рүү заагаад намайг цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

Гэрч Л.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...З-надтай хамт сууж байсан. М- руу муухай харж байгаад гэнэт босож ирээд М-нэг дуу дуулаад дуусаад микрофоноо ширээн дээр тавихад нь очоод нүүр рүү нь цохиод авсан. Бид нар бүгдээрээ З-н ардаас тэвэрч аваад салгасан. М-нүдний шил нь хагараад нүүрнээс нь цус гарчихсан байхаар би М-г аваад бид хоёр гадагшаа гарсан. З-ямар учраас цохисон гэдгийг мэдэхгүй байна. Гэнэт босож ирээд шууд цохисон. Ямар нэгэн маргаан болсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

Гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Бид нар бөөнөөрөө шар айраг уугаад дуулаад сууж байсан. М- микрофон аваад дуулж байхад З-гэнэт хүрч ирээд М-н нүүрэн тус газар нь цохиод авсан. Тэгтэл М-н нүдний шил хагараад нүүрнээс нь цус гарсан. Бид нар Золхүүг М- нарыг хоёр тийш нь салгаад болиулсан. М- цусаа тогтоох гээд дээшээ гарсан. З-тухайн үед гэнэт алга болчихсон. М ах нь гээд хүн ирээд авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1713 дугаартай “...Г.М-биед баруун нүдний доод зовхины дотор, доод хэсэгт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дээр гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/,

Хохирол төлбөрийн талаарх баримт /хх-ийн 27-29 тал/,

Хохирол төлбөр 1.000.000 төгрөг шүүгдэгч Б.З-с хохирогч Г.М-д шилжүүлсэн талаар хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 50 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 51, 52 тал/,

Шүүгдэгч Б.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө миний төрсөн өдөр болоод Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** нэртэй пабд найзууд болох Т, Ал, Т, И нартай хамт баяраа тэмдэглэж байгаад Т-н таньдаг дүү нар болох 20-25 орчим насны 5-6 залуучуудтай хамт нэг өрөөнд орж дуулахаар болсон. Архи уугаад дуулаад сууж байтал О гэж манай найз согтоод шалан дээр хэвтэж байхаар нь нөгөө залуучуудаас нэгийг нь босгоод сандал дээр суулгачих гээд хэлсэн үүнээс болж маргаан үүсээд гайгүй болсон. Шөнийн 1 цагийн орчим би маргаан үүсгээд байсан залууг цохисон. Тэр залуугийн нүдний шил нь унаад нүүрнээс нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон..” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор асап сангийн лавлагаа /хх-ийн 30 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 40 тал/, жолооны эрхийн лавлагаа /хх-ийн 41 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 43 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 45-46 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.З-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 18-21 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Б.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болон хохирогч Г.М-нэ мэдүүлэг, гэрч Б.Тн мэдүүлэг, гэрч Л.Э-н мэдүүлэг, гэрч Б.Ц-н мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1713 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч Б.З-йн үйлдлийн улмаас хохирогч Г.М-биед баруун нүдний доод зовхины дотор, доод хэсэгт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт гэмтэл учирсан байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 1713 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Шүүгдэгч Б.З-нь хохирогч Г.М-н цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Мөн шүүгдэгч Б.З-, хохирогч Г.М-, нэр бүхий гэрч нар нь шүүгдэгчийн төрсөн өдрийг тэмдэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үүний улмаас тодорхой хэмжээгээр биеэ хянах чадвар нь алдагдсан нь энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болсон байна.

Иймд шүүгдэгч Б.З-нь 2021 оны 2 дугаар сарын 23-наас 2021 оны 2 дугаар сарын 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй пабд хохирогч Г.М-ыг цохиж, биед нь баруун нүдний доод зовхины дотор, доод хэсэгт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.З-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1713 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Тэрээр хавтас хэргийн 27-29 дэх талд 531.500 төгрөгийн эрүүл мэнд болон эд зүйлд учирсан хохирлын баримт гарган өгсөн байна.

Хавтас хэргийн 50 дахь талд авагдсан Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр шүүгдэгч Б.З-хохирогч Г.М-од гэмт хэргийн хохирол хор уршигт тооцож 1.000.000 төгрөг өгсөн байх тул шүүгдэгч Б.З-гээс гаргуулах хохирол төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.З- нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.З- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 51 тал/

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 55-56 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.З-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.З-гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч Б.З- нь оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.З-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***-н овогт ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.З-д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.З-нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.М-од хохирол хор уршигт тооцож 1.000.000 /нэг сая/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА