Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/61

 

 

 

2021   03  09                                       2021/ШЦТ/61

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0051/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Ж.Хонгорзул,

Улсын яллагч                                                  Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч                                                          ******* нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д  холбогдох 2039.........дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг “Саадагийн-Ар” гэх газрын ойгоос хууль бусаар шинэс төрлийн 9 ширхэг буюу 1.8 метр куб модыг цахилгаан хөрөөгөөр хөрөөдөн бэлтгэж ойн экологи эдийн засагт шууд 303.579 /гурван зуун гурван мянга таван далан ес/  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг “Саадагийн-Ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 1.8 метр куб шинэс мод бэлтгэж 303.579 /гурван зуун гурван мянга таван далан ес/ төгрөгийн хохирол учруулсан  болох нь:

 

  1. Ойн экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 17 тал/

 

2. Хохирогч С.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Энэ хэргийн талаар мэдэхгүй. Цагдаагийн байгууллагаас хууль ёсны төлөөлөгч томилох тоот ирсэний дагуу миний бие Цэнхэрмандал сумын байгаль орчны улсын байцаагчийн хувьд уг хэрэгт хохирогчоор оролцож байна... Тус сум ойн ангитай учраас мод бэлтгэх эрхийн бичгийг ойн ангиас олгоно... гэм буруутай этгээдээр ойн санд учирсан хохирлыг барагдуулах санал, хүсэлтэй байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/

 

3. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны  2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШД/414 дугаартай: “... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд  тооцооллын үр дүнд Хятад улсад 2007 үйлдвэрлэгдсэн пад трактор, чиргүүл, хөрөөний зах зээлийн үнэлгээг нийт 4.254.800.0 /дөрвөн сая хоёр зуун тавин дөрвөн мянга найман зуу/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-26 тал/

 

4. Иргэний нэхэмжлэгч Э.Болдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...  Пад трактор болон мод ачсан чиргүүл нь минийх юм. Би 2007 оны хавар газар тариаланд хэрэглэх зорилгоор Улаанбаатар хотоос ногоон өнгийн пад трактор 1 сая төгрөгөөр худалдаж аваад аж ахуйдаа хэрэглэж байна. Миний трактор эвдрээд явахаас явахгүй нь их, хашаан дотор тавиатай байдаг. Эвдрэл гэмтэл ихтэй. Тухайн чиргүүлийг 2011 оны үед энэ тэндээс сэлбэг олж байгаад босгож авсан чиргүүл юм... Миний ногоон өнгийн пад трактор эвдрэл гэмтэл ихтэй, арай гэж асдаг. Хуучин заварын пад трактор учир сэлбэгийн олдоц муутай 150.000-200.000 төгрөгийн хооронд үнэлнэ. Чиргүүлийн хувьд энэ тэндээс гуйж үнэгүй цуглуулж босгосон болохоор үнэлж мэдэхгүй байна. Одоо чиргүүл дээр байгаа дугуйны шайраг хайлсан дугуйнууд нь хавагнаж тросс нь гарсан. Тэвшин цооронхой гээд тоочоод байвал бүтэн юм байхгүй. Хуучин чиргүүлж байгаа юм. Энэ чиргүүлээ үнэлвэл 100.000 төгрөг орчим болж байна... Тухайн пад трактор болон чиргүүлээ өөрсдийн үнэлгээгээр үнэлж мөнгөн дүнгийг нь тушааж эд зүйлээ буцааж авмаар байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 тал/

 

5. Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч С.Амгаланбаатарын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22-04-016/32 дугаартай “Нөхөн төлбөр тогтоох тухай” акт /хх-ийн 47-48 тал/

 

6.   Гэрч М.Бямбагаравын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би тухайн өдөр тус сумын 4 дүгээр баг Баянцогтын уурхай орчим хойд талын зассан замаар хүнээс мэдүүлэг авах зорилгоор хөдөө явж байх үед уурхайн урд талын зам дээр чиргүүлтэй мод ачсан ногоон өнгийн пад трактор явж байсан болохоор сумын экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Х.Бахитбекд утсаар холбогдож сумын төв рүү уурхайн замаар мод ачсан пад трактор явж байна, үзээд шалгаарай гэж хэлсэн. Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Х.Бахитбек тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан... Баянцогтын уурхайн 2 уулын дунд байдаг бөгөөд голын хэсгийг ухаж автомашин явах боломжгүй уулын бэлээр зассан замаар явдаг. Урд, ард талын зассан зам ойролцоогоор 3 орчим км зайтай болохоор хэн гэдэг хүн тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан, хэдүүлээ явсан талаар мэдэхгүй байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 тал/

 

7. Шинжээч Ж.Тодбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Шинжээч томилсон тогтоолыг үндэслэн Ойн тухай хуулийн 18.3.4 дүгээр зүйлд “Ойн анги ойд учирсан экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох” эрхтэй учир Цэнхэрмандал сумын цагдаагийн хэсгийн хашаан дотор чиргүүл дээр байсан модонд болон хэрэг болсон газарт очиж үзсэн. Тухайн ачиж явсан мод нь өмх, яр, гүн ан цав ихтэй, тухайн модыг 1.50 м хэмжээтэй тайрсан байсан. Хэрэг болсон газарт очиж үзэхэд унагасан модны мөчирт нойтон шилмүүс байгаагүй хуурай мод байсан. Тухайн хэрэг учрал болсон газарт хэсэг газар нь хатаж хуурайшсан моднууд байсан. “ Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 128 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.3-т түлээний хэмжээг сийрэг шоо метрээр бодно”  өөрөө хэлбэл модны өргөн, урт , өндрийг хэмжиж хооронд нь үржүүлж модны куб метрийг бодох аргачлалын дагуу чиргүүл дээр байсан модыг хэмжиж үзэхэд чиргүүлийн урт 2м, өргөн 1.50 м, өндөр 60 см байсан. Тухайн модыг аргачлалын дагуу бодоход 1.8 м3  хэмжээтэй байсан. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 9 дүгээр хүснэгтэд “бүх төрлийн хуурай мод”-ыг 1 дүгээр мужлалаар 1 м3 модыг 168.655 төгрөгөөр тооцох аргачлалын дагуу 1.8 м3 модыг тооцож 303.579 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ гарсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 тал/

 

8. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр багт эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны үеэр дүү Болорцэцэгийг түлээний гоожингийн бичиг авчихаарай, ах нь хөдөө явж ирээд түлээний модонд явна гэж хэлчихээд явсан юм. Тэгээд 11 сарын 10-ны үеэр мөн Улаанбаатар  хот хувийн ажлаар яваад дүү Болорцэцэгийн авсан гоожингийн бичгэнд заасан модоо бэлтгэж амьжаагүй. Тэгээд аав Болдын нэр дээр авсан 5 метр куб модны эрхийн бичигт заасан цэвэрлэгээний модыг бэлтгэхээр 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр аавын эзэмшлийн пад трактортой нь Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг “Саадагын-Ар” гэх газар руу явсан. Тэгээд хуучнаар мод бэлтгэж байсан Саадагын ардхан машинаа тавиад цахилгаан хөрөө ашиглан 9 ширхэг хуурай босоо шинэс мод хөрөөдөж унагасан. Тэгээд хөрөөдөж унагасан модоо чиргүүлний өргөний хэмжээгээр тайрч богиносгоод чиргүүл дээр ачсан. Тэгээд модоо бэлтгэчихээд харьж явахад сумын төвийн хойд эгнээний хажууханд цагдаа зогсоогоод шалгасан... Манай аавынх түлээгүй болсон болохоор аавын түлээг хийж өгөхөөр аавын нэр дээр авсан юм... цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэх гэдгийг тухайн үедээ сайн мэдээгүй. Сүүлд мэдэхэд унасан хуурай мод, гишүү, мөчрийг л түүж бэлтгэх байсан юм байна лээ. Би болохоор босоо хуурай шинэс модыг хөрөөдөж бэлтгэсэн болохоор тэр нь миний буруу болсон... Пад трактор чиргүүл нь манай аав Болдынх, харин цахилгаан хөрөө нь миний өөрийн эзэмшлийн хөрөө байгаа юм... Би ганцаараа явсан.... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-99 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас ойн санд 303.579 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч С.Амгаланбаатарын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22-04-016/32 дугаартай “Нөхөн төлбөр тогтоох тухай” актаар тогтоосон ойнд санд учирсан хохирлын үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 910.737 төгрөгийг төлж барагдуулсан болох нь түүний шүүх хуралдааны явцад өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан пад трактор болон чиргүүлийн үнэ болох 4.128.800 төгрөг, 1.8 метр куб шинэс мод,  эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө  зэргийг  хурааж улсын төсөвт шилжүүлж, 1.50 метр урттай тайрсан, 1.8 метр куб 64 ширхэг шинэс модыг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №07 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, ногоон өнгийн бага оврын трактор, 2 метрийн урттай, 1.5 метрийн өргөнтэй 4 дугуйтай чиргүүлийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслүүдийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А-г   ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 480  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

     3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан пад трактор болон чиргүүлийн үнэ болох 4.128.800 төгрөг, 1.8 метр куб шинэс мод,  эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө  зэргийг  хурааж улсын төсөвт шилжүүлж, 1.50 метр урттай тайрсан, 1.8 метр куб 64 ширхэг шинэс модыг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №07 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, ногоон өнгийн бага оврын трактор, 2 метрийн урттай, 1.5 метрийн өргөнтэй 4 дугуйтай чиргүүлийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслүүдийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй   болохыг  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ