Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2023/0051

 

“МЗХ” НҮТББ-ын Ерөнхийлөгч

Л.Мын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Хонгор

Нэхэмжлэгч: “МЗХ” НҮТББ-ын Ерөнхийлөгч Л.М

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар, тус газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулга

Гуравдагч этгээд: “МЗХ” НҮТББ-ын Ерөнхийлөгч Б.С

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулгын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлт, хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №000012781 дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин олгосон №000212711 дүгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0794 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч өмгөөлөгч И.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Т.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2021/0179/З

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “МЗХ” НҮТББ-ын Ерөнхийлөгч Л.М нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, тус газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулга нарт холбогдуулан “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулгын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлт, хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №000012781 дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин олгосон №000212711 дүгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0794 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 18 дугаар зүйлийн 18.7.1, 19 дүгээр зүйлийн 19.4.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.3, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан “МЗХ” НҮТББ-ын Ерөнхийлөгч Л.Мын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, тус газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулга нарт холбогдуулан “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулгын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлт, хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №000012781 дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин олгосон №000212711 дүгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0794 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Хонгор миний бие дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

3.1. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байна.

3.2. Учир нь 1 дэх нэхэмжлэлийн шаардлага буюу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулгын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд.

Анхан шатны шүүхээс “МЗХ НҮТББ”-ын хариуцлагын хорооны дарга Э.Номин-Эрдэнээс 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр “9019110109 дугаар тамгыг дүрмийн бусаар авсан тул хүчингүй болгож өгнө үү” гэх хүсэлт ирүүлснийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулга 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлтээр “МЗХ НҮТББ”-д 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр олгосон тамга, тэмдгийн хяналтын 1115201315 дугаар тамга, тэмдгийг хураан авах, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр олгосон тамга тэмдгийн 9019110109 хяналтын дугаарыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн мэтээр илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Хариуцлагын хорооны дарга гэх Э.Номин-Эрдэнэ нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 003 дугаар албан бичигтэй тамга, тэмдэг үрэгдүүлсэн тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэж Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулга нь Зөрчлийн 115 дугаар хэрэг үүсгэж 500 нэгжээр торгосон ба тамга тэмдгийг үрэгдүүлсэн тухай 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн сонинд зарлуулсныг үндэслэж 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлт гаргасан байдаг.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9-д заасны дагуу “Тамга, тэмдэг устсан, түүнийг хаяж үрэгдүүлсэн гэсэн хоёрхон тохиолдолд хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, дүгнэлт гаргадаг. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/216 дугаар тушаалын хавсралтаар баталсан “тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 5.2-т “Хяналтын дугаар дахин авах өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана” гээд 5.2.6-д “тамга, тэмдэг устсан, эсхүл хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийн шийдвэр, хүсэлт, өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн хяналтын дугаарыг хүчингүйд тооцсон тухай хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, ногдуулсан торгох шийтгэлийн хуудасны хуулбар гэж тодорхой заасан байдаг.

Хариуцлагын хорооны дарга гэх Э.Номин-Эрдэнэ нь Монголын залуучуудын холбоог төлөөлөх эрхгүй этгээд гэдгийг ч анхан шатны шүүх үндэслэл хэсэгтээ тусгасан.

3.3. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага буюу хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №000012781 дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин олгосон №0002127711 дүгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагын тухайд.

Анхан шатны шүүхээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.8.3-д зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах эрх нь нээлттэй бөгөөд үүнд өмнө олгосон гэрчилгээ хүчин төгөлдөр байх эсэх нь хамааралгүй юм.

Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт орох бүрд гэрчилгээг дахин авах боломжтой бөгөөд ингэхдээ өмнөх хуулийн этгээдийн гэрчилгээг эх хувиар нь хавсаргах талаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, түүнд нийцүүлэн гарсан бусад эрх зүйн хэм хэмжээний актуудаар журамлаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Гэтэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд хавсаргах баримт бичгийн жагсаалтыг тус тус хуульчилсан ба үүнд 22 дугаар зүйлийн 22.1.9, Улсын бүртгэлийн гэрчилгээ хавсаргах тухай тодорхой заасан байдаг.

Улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авахдаа дараах материалыг бүрдүүлсэн байх журамтай. Үүнд: 1. Өргөдөл УБ-03, Уб-12 маягт, 2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 3. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь нь хуучирсан, гэмтсэн, ашиглах боломжгүй болсон улсын бүртгэлийн гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагад хураалгах/, 4. Гэрчилгээ үрэгдүүлснийг зарлуулсан өдөр тутмын сонин. 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн сонинд үрэгдүүлсэн гэж зарлуулсан байсан, 5. Шийдвэр, хурлын тэмдэглэл /1 хувь шийдвэр гэрчилгээ үрэгдүүлсэн, эсхүл хуучирсан, гэмтсэн тул дахин шинээр авах тухай тусгасан байх/, 6. Хууль хяналт, эрх бүхий этгээдийн шийдвэр, 7. Татварын албаны тодорхойлолт гэсэн баримтуудыг бүрдүүлэн өгсөн байхыг шаардсан байна.

О.Гэрэлт-Одын зүгээс бүрдүүлж өгсөн баримтын хувьд өргөдөл УБ-03, УБ-12 маягт, “МЗХ НҮТББ”-ын 2020 оны ?5 дугаар сарын 08-ны өдрийн 6 дугаар хуралдааны 008, 009 дүгээр тогтоолууд дээр зөвхөн ерөнхийлөгчийг сонгох чөлөөлөх тухай л тогтоол болохоос биш гэрчилгээг үрэгдүүлсэн тул дахин авах тухай тогтоол биш юм. Гэрчилгээ авахаар бүрдүүлж өгсөн баримт бичиг нь өөр хоорондоо зөрчилтэй барим бичгүүд байна.

3.4. Үүнээс үзэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газар нь “МЗХ НҮТББ”-ын шийдвэр тогтоолгүй ба баримт бичгийн бүрдэл дутуу ойлгомжгүй байхад дахин №000212711 дүгээр гэрчилгээ олгож байгаа нь хууль зөрчсөн болно.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, түүнд нийцүүлэн гарсан бусад эрх зүйн хэм хэмжээний актуудыг зөрчөөд байхад гол үндэслэл биш гэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээдээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                              

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч “МЗХ” НҮТББ-ын Ерөнхийлөгч Л.М нь “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулгын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлт, хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №000012781 дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин олгосон №000212711 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэлийн “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулгын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагатай холбоотой гомдлын тухайд:

3.1. “МЗХ” НҮТББ-ын хариуцлагын хорооны дарга Э.Номин-Эрдэнийн гаргасан хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулга 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлтээр “МЗХ” НҮТББ-д 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр олгосон тамга, тэмдгийн хяналтын 1115201315 дугаар тамга,  тэмдгийг хураан авах, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр олгосон тамга, тэмдгийн 9019110109 хяналтын дугаарыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.

3.2. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэчимэгийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3241 дүгээр дүгнэлтээр дээрх 2803 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон байх ба мөн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Чиймаа, Ө.Намжирмаа, Ц.Отгонцэцэг нарын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5256 дугаар дүгнэлтээр улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэчимэгийн 3241 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгожээ.

3.3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “Үнэн зөв, бодитой заавал биелүүлэх шинжтэй байх”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д “Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дараах үндэслэлээр дахин олгоно”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/216 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 2.1.3-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хуулийн этгээдийн цахим хувийн хэрэгтэй, шаардлагатай бол архивын эх нотлох баримт бичигтэй тулган нягталж хяналтын дугаар олгох эсэхийг шийдвэрлэх”, мөн журмын 5.2-т “Хяналтын дугаар дахин авах өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана” гээд 5.2.1-д “ашиглах боломжгүйгээр элэгдэж хуучирсан, гэмтсэн тамга, тэмдэг”, 5.2.2-т “өнгө, загвар, хэлбэрийг өөрчлүүлэх тохиолдолд тухайн тамга, тэмдэг” гэж тус тус заажээ.

3.4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулга Э.Номин-Эрдэнийн хүсэлтээр “МЗХ” НҮТББ-ын бүртгэлд шалгалт хийгээд “... тус холбооны Ерөнхий нарын бичгийн дарга Ө.Шинэхүүгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/227 дугаар хүсэлтэд 2015 онд хүчингүй болсон тэмдгийг дарсан, хавсаргаж өгсөн Удирдах хорооны 2019 оны анхдугаар хурлын 05 тоот тогтоолоор тамга, тэмдгийн загварыг өөрчилсөн шийдвэр гаргаагүй, өмнөх тэмдгийг улсын бүртгэгчид хураалгаагүй” зөрчил илэрсэн байх ба уг үйл явдал нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

3.5. Өөрөөр хэлбэл, улсын байцаагч Д.Чинтулгын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасантай нийцэж байна.

3.6. Нэхэмжлэгчээс “... Монголын залуучуудын холбоог төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан хүсэлтээр хяналт, шалгалт хийсэн” гэж маргаж байгаа боловч энэ нь хуульд заасан журмыг зөрчиж хяналтын дугаар олгосон үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4. Нэхэмжлэлийн “Хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №000012781 дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин олгосон №000212711 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагатай холбоотой гомдлын тухайд:

4.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд Улсын бүртгэлийн байгууллагын чиг үүргийг заасан байх ба 8 дугаар зүйлийн 8.8-д “Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дараах үндэслэлээр дахин олгоно” гээд 8.8.3-д “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан” гэж тус тус заажээ.

4.2. “МЗХ” НҮТББ-ын хуралдаан хуульд нийцсэн эсэх, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр хэнийг сонгосон, өмнөх гэрчилгээ нь хүчинтэй эсэхээс үл хамааран улсын бүртгэлийн байгууллагаас хуульд заасан үндэслэл, журмаар дахин хуулийн этгээдийн гэрчилгээ олгосон нь хуулийн дээрх заалттай нийцсэн байх тул “гэрчилгээ байсаар байтал дахин гэрчилгээ олгосон нь хууль бус” гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0794 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН      

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ