Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 7

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ууганчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “ЦӨ ” ХХК,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.А д холбогдох

“Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0171350 дугаартай шийтгэлийн хуудас болон 21 дугаартай албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах”  шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “ЦӨ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А , хариуцагч Э.А  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “ЦӨ ” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо: “Тус компанийг нийт 23 нэгж талбар бүхий 433.5 га эзэмшил газартай, мөн түүнчлэн 2 нэгж талбар бүхий 115.5 км авто замын зориулалттай нийт эзэмшил газрын 10 хувь дээр нь ногоон байгууламж байгуулаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.5 дахь хэсэгт заасны дагуу торгох шийтгэл оногдуулсан нь холбогдох материалыг болон процессын хуулиудыг буруу хэрэглэсэн, зарим үйл баримтуудыг буруу тогтоосон байх тул уг торгох шийтгэл болон албан даалгавар нь дараах байдлаар хуулийн үндэсгүй гэж үзэж байна.

  1. Уурхайн уйл ажиллагааны хүрээнд эзэмшиж байгаа эдгээр газруудыг 2013-2016 оны хооронд эзэмших эрх анх үүсэж холбогдох захирамжууд нь гарсан. Энэ бүх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай 1992 оны хуулиар ийм төрлийн зөрчиж байгаагүй бөгөөд сүүлд буюу Зөрчлийн тухай 2017 оны хуулиар анх зөрчилд тооцох болсон.  Иймд №0171350 шийтгэл нь Зөрчлийн тухай хуулийн 1.4-р зүйлийн 5 дахь хэсэгтэй шууд зөрчилдөж байна.
  2. Зөрчил гэх эс үйлдэл нь 2013 оноос тоологдож байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 1.5-д заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг эрх бүхий албан тушаалтан нь шийдвэрлээгүй байна.
  3. Нийт эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгах үүрэг нь газрын харилцаа зохицуулсан Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.5 дэх хэсэг, мөн түүнчлэн Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү “хот, тосгон ” бүхий газарт хамаарч байгаа. Энд хууль тогтоогч Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлээр тогтоосон хот, тосгон болон бусад суурины газар гэсэн газрын үндсэн ангиллыг бүхэлд нь нэр заан оруулаагүй байгаа тул уурхайн эдэлбэр газарт энэ шаардлагыг хамруулах нь хуулийг буруу хэрэглэх үндэс боллоо.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1 - 3.1 дахь хэсэгт хот, тосгон нь өөрийн бие даасан удирдлага бүхий тодорхой тооны оршин суугчтай төвлөрсөн суурин газрыг ойлгоно гэж хуульчилсан тул уурхай, түүний ажилчдын кемп болон уурхайн барилга байгууламж нь хот, тосгон гэсэн хууль зүйн томьёонд багтаагүй байна.

  1. Газрын тухай хуулийн 10-р зүйлийн 10.1.3-т газрыг түүний ашиглалтын үндсэн зориулалтаар нь үндэслэн ангилан тогтоохдоо зам, шугам сүлжээний газрыг бие даасан ангилал болгосон тул энэ зорилгоор олгосон газрыг хот, тосгон бүхий газар гэж хамтатган үзэж улмаар 10 хувьд нь мод тариагүй гэж торгууль тавьсан нь үндэслэлгүй байна.
  2. Шийтгэвэр болон албан даалгаварт 2 нэгж талбар бүхий 115.5 км авто зам эзэмшдэг гэсэн тоо баримт нь бодит байдалтай нийцэхгүй байна. Тус компанийн нэр дээр 1 нэгж талбар бүхий 47 ш газрыг Ноён сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 12 өдрийн №02 захирамжаар олгосон. Энэ замын үлдэх хэсэг 53.5 км замыг “ТЭ ” ХХК-нд Гурвантэс сумын Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №А/8 захирамжаар эзэмшүүлсэн байдаг.
  3. Тус компани нь өөрийн эзэмшил бүхий ашиглалтын XV-017162 тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмал олборлох онцгой эрхээ хэрэгжүүлэхдээ уг тусгай зөвшөөрөлтэй газрын хэвлийг Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу ашиглаж байгаа /уурхайн ам нээх, ухалт хийх/ боловч энэ зорилгоороо /газрын хэвлий ашиглах/ газар эзэмших зөвшөөрлийг:

          - Ноён сумын Засаг даргын 2015 оны а/33 захирамжаар 88 га газрыг уурхайн ашиглалтын 1 дүгээр ам нээх зорилгоор

          - Ноён сумын Засаг даргын 2017 оны а/99 захирамжаар 10.3 га газрыг уурхайн ашиглалтын 2 дугаар ам нээх зорилгоор

          - Ноён сумын Засаг даргын 2017 оны а/99 захирамжаар 35.4 га газрыг уурхайн ашиглалтын 3-р ам нээх зорилгоор тус тус эзэмшиж байгаа.

Эдгээр уурхайн малталт, олборлолтын зориулалт бүхий газар нь газрын хэвлийн ашиглах үйл ажиллагаа тул газар эзэмших зөвшөөрвөл авах ёсгүй байсан тул бид газар эзэмших эрхээ хүчингүй болгуулахаар асуудлыг тавиад байгаа.  Нөгөө талаас энэхүү уурхай дотор ашигт малтмалын нөөц тогтоогдсон, олборлолтын ажил Газрын хэвлийн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд явагдаж байгаа тул Газрын тухай хуулийн шаардлагыг газрын хэвлийд хамааруулан хэрэглэж, ногоон байгууламж байгуулах шаардлагыг хэрэглэх хуулийн болон бодит боломжгүй болно.

  1. Нүүрсний овоолго бүхий талбай /Гаалийн баталгааг талбай/, мөн түүнчлэн отвол буюу шороон овоолго бүхий газруудад мод тарих зай болон боломж байхгүй бөгөөд уурхайн нөхөн сэргээлтийн хүрээнд эдгээр овоолгыг буцаан зайлуулж, эвдэрсэн газрыг сэргээн засах хуулийн болон технологийн шаардлага тавигддаг билээ.
  2. Зөрчлийн тухай хуулийн 3.7 дуугаар зүйлд “...хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгах, учирч болзошгүй хохирол, хор уршгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна” гэж заажээ. Харин шийтгэх үндэслэл болгосон Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.5 дэх хэсэгт торгох шийтгэлийн хамт үр дагаврыг нь арилгах арга хэмжээ авах эрх хэмжээг олгоогүй байгаа тул №21 тоот албан тушаалтны даалгавар нь Зөрчлийн тухай хуулийн 3.7 дугаар зүйлтэй харшиж байна.
  3. Тус компани нь ажилчдын кемпийн дэргэд нийт 300 ширхэг хайлаас бүхий байгууламжийг байгуулсан байгаа. Эдгээр ногоон байгууламжийг хэмжин тооцоолоогүй байна” гэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.А д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.А  нь 2018 оны 04 дүгээр сарын 10-11 өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг Ноён сумын “ЦӨ ” ХХК-ий “Баруун ноён уул” нүүрсний уурхайд хийж гүйцэтгэсэн.

Хяналт шалгалтын явцад Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.5 дахь заалтад холбогдох зөрчил илрэн тус зөрчлийг 16/04/83/21 тоот хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлээд 0171350 тоот шийтгэврийн хуудсаар 5.000.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч 21 тоот даалгаврыг үйлдэж ажилласан.

         1. Уурхайн үйл ажиллагааны хүрээнд 2017 оны а/99 тоот Ноён сумын Засаг даргын захирамжаар 2-р амны эдэлбэр 10.3 га, 3-р амны эдэлбэр 35.4 га газруудыг тус тус шинээр эзэмшсэн нь Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болоогүй байгаа нь зөрчил тооцох үндэслэл болсон.

         2. ЦӨ  ХХК -ий үйлдсэн зөрчил нь 2017 онд газар эзэмших эрх зүйн харилцаа үүссэнээр тухай зөрчил үйлдсэн хугацааг тооцож эхэлсэн. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн дагуу хөөн хэлэлцэх хугацааг тооцож ажилласан.

         3. Нийт эзэмшилд авсан газруудын 10-с доошгүй хувь нь ногоон байгууламжтай байлгах үүрэг нь хот тосгон бүхий газарт хамаарч байгаа. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1 /Хот тосгон бусад суурины газарт хот тосгон, бусад суурины барилга, байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр болон нийтийн эдэлбэрийн газар, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газар хамаарна” гэж заасан байгаа нь хот тосгон бусад суурины газарт уурхайн дэвсгэр газар хамаардаг учир холбогдох хууль тогтоомжийн дагуу торгох үндэслэл болсон.

         4. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.6 дах заалтын дагуу газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжтэй газар эзэмших гэрээ байгуулдаг. Гэрээний дагуу эзэмшилд авсан газрын 10 хувьд ногоон байгууламж байгуулах үүргийг энэхүү гэрээгээр хүлээсэн байдаг. Газар эзэмших гэрээг талууд хүлээн зөвшөөрөн баталгаажуулсан байдаг.

        5. “ЦӨ ” ХХК нь авто замын зориулалтаар Ноён сумын Засаг даргын 2015 оны а/02 тоот шийдвэрээр 47 км газрын, үлдсэн авто замыг “ТЭ " ХХК-д Гурвантэс сумын Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлсэн байдаг байна. “ТЭ ” ХХК-ийн охин компани нь “ЦӨ ” ХХК тул холбогдох хуулийн дагуу хүлээх үүргийг нь хамтатган ойлгож байна.

        6. Газрын хэвлийг ашиглах үйл ажиллагаа явуулахдаа Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж үүрэгтэй. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.1 “газар” гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг, Уул уурхайн үйл ажиллагаа явуулж уурхайн ам нээж байгаа нь тухайн газар дээр үйл ажиллагаа явуулж байгаагаар нотлогдож байна.

         Иймд Газрын тухай хуулийн 27.4 “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” заалтыг биелүүлэх үүрэгтэй.

        7. Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 55 дугаар тогтоолоор “Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах газар нутгийн жагсаалт”-ыг баталсан байдаг.

         Уул уурхайн ашиглалт явуулж буй аж ахуйн нэгж нь олборлолтоор эвдэрсэн газартай ижил хэмжээний газрыг дүйцүүлэн хамгаалуулах зорилгоор мод бут тарих, ойн зурвас байгуулах ажлыг өөрийн зардлаар санхүүжүүлэн хэрэгжүүлнэ гэж заасан байдаг.

        Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 56 дугаар тогтоолоор “Тонн баялаг-Нэг мод” хөтөлбөр батлан хэрэгжүүлж ажиллаж байгаа билээ. Тус тогтоолд 1000 тонн нүүрсний олборлолт явуулахад 1 мод тарина гэж заасан байдаг. Тус тогтоолоор аж ахуйн нэгжүүд нь сумын төвийг цөлжилт, элсний нүүлтээс хамгаалах зорилгоор салхины зонхилох чиглэлийн дагуу, нийтийн эзэмшлийн талбайд ойжуулалтын ажлыг хийхээр заасан байна.

        Эдгээр тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор тухайн аж ахуйн нэгж мод тарих талбайн байршлыг сумын Засаг даргын Тамгын газартай зөвшилцөж тогтоох боломжтой юм.

        8. Зөрчлийн тухай хуулийн 3.7 дугаар зүйлд /Хууль, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгах, учирч болзошгүй хохирол, хор уршгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна./ гэж заасан байна. Тухайн заалтаас харахад хууль буюу Газрын тухай хуулийн 56 дугаар зүйл 56.6 /Хот тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгана/ гэсэн хуулийн заалтыг дагуу тус арга хэмжээ авч, үр дагаврыг арилгах албан даалгаврыг өгсөн.

        9. Уурхайн үйл ажиллагаа 2013 онд эхэлсэнтэй холбоотой 2014 онд тодорхой хэмжээний мод тарьсан байсан. 2017 онд шинээр уул уурхайн эдэлбэр газрын зориулалтаар 45.7 га газар эзэмшиж авсан байна. Тус газрын 10 хувь буюу 4.57 га талбайд ногоон байгууламж байгуулахаар газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Тус ногоон байгууламж байгуулах газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх зорилгоор улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд 21 тоот албан даалгавар бичигдсэн” гэжээ.

          Гомдол гаргагч “ЦӨ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ЦӨ ” ХХК нь өөрийн эзэмшлийн XV-017162 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд тодорхой тооны эдэлбэр газартай.

          Энэхүү шийтгэл болон албан даалгавар нь Зөрчлийн тухай хууль, Ашигт малтмалын хууль, Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудын материаллаг болон процессын хэм хэмжээ бүхий заалтуудыг зөрчсөн, хуулиудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

           Албан даалгаврын хувьд хариуцагч тал 23 нэгж талбар бүхий 433,5 га газартай, мөн нэмээд 2 нэгж талбар бүхий 115,5 км зам эзэмшдэг юм байна. Нийт эзэмшдэг газрын 10 хувьд ногоон байгууламж тариагүй гэж ярьдаг. Шүүхэд өгсөн гомдол гаргагч талын материалд эзэмшиж байгаа газрууд нь 2013 оноос эхлэн олгогдоод явсан. 2013, 2014, 2015, хамгийн сүүл 2017 онд олгогдсон байгаа. Тэгээд албан даалгавар болон шийтгэлийг харахад тухайн үед буюу 2013, 2014, 2015 онуудад Захиргааны хариуцлагын тухай хууль үйлчилж байсан. 

          Зөрчлийн тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Захиргааны хариуцлагын тухай хууль болон Газрын тухай хуульд ийм шаардлага байгаагүй. Өөрөөр хэлбэл хариуцагч тал хуулийг буцаан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил хянан шалган тухай хууль зөрчсөн шийтгэл болон албан даалгавар гэж үзэж байгаа. Мөн материаллаг хуулиа буруу хэрэглэсэн байгаа. 

          Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн толгой хэсэгт нь хот, тосгон, бусад суурин газар гэсэн толгой дор хуулийн шаардлагууд явж байгаа. Үүнд 56.1, 56.2, 56.3, 56.4 гээд бүгдэд нь хот, тосгон, бусад суурин газар гэж байгаа боловч зөрчсөн гэж үзээд байгаа Газрын тухай хуулийн 56.6 дахь заалтад хот, тосгоны өнгө, үзэмж, эрүүл ахуйг сайжруулах зорилгоор тухайн газрыг эзэмшигч нь эзэмшиж байгаа газрынхаа 10 хувьд ногоон байгууламж тарина гэж байгаа. 

          Уурхайн эдэлбэр газар нь Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар бусад суурин газар гэж заасан ангилалд багтаж байгаа бөгөөд хот, тосгон гэсэн ангилалд орохгүй байгаа. Мөн түүнчлэн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад хот, тосгон нь өөрийн бие даасан удирдлага бүхий тодорхой тооны оршин суугчидтай төвлөрсөн суурин газрыг ойлгоно гээд хуульчлаад заагаад өгчихсөн, бусад суурин газрыг оруулаагүй байгаа.

           Тэгэхээр хуульд заасан хэмжээ хязгаарыг хуулиас гадуур өргөн хэрэглэж тайлбарлаад бусад суурин газар буюу уурхайн эдэлбэр газрыг заавал 10 хувьд ногоон байгууламжтай байх талаар хуулийн заалт буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна.

          Газрын тухай хуулиар газрыг үндсэн санд ангилсан. Эдгээрийн нэг нь зам, шугам сүлжээний газар байгаа. Гэтэл зам, шугам сүлжээний зориулалтаар эзэмшиж байгаа бол 10 хувьд ногоон байгууламж тарьсан байх ёстой гэсэн хуулийн шаардлага байхгүй байхад албан даалгавартаа нэгтгэж оруулаад нийт 333,5 га дээр нэмэх нь 115,5 га дээр ногоон байгууламж байхгүй байна гэсэн даалгавар өгсөн нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

           Мэргэжлийн хяналтын газрын даргаас хяналт шалгалтын удирдамжийг хэргийн материалд өгсөн байгаа. Энэхүү удирдамжийн 4 дүгээрт шалгалтын хүрээ, хамрагдах аж ахуй нэгжүүд гэж заасан байгаа. Үүнд “ЦӨ ” ХХК байгаа. “ТЭ ” ХХК гэж огт дурдаагүй байдаг.

          Гэтэл Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь эрх бүхий байгууллагын гаргаж өгсөн удирдамжийн хүрээнээс гадуур хяналт шалгалт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

           Учир нь “ТЭ ” ХХК-тай холбоотой 53,5 км замын газарт ногоон байгууламж барих ёстой гэсэн нь хяналт шалгалтын объект биш, хяналт шалгалтад хамрагдах аж ахуй нэгж биш ийм байгууллага дээр бас зөрчил гэж үзээд шийтгэл оногдуулж албан даалгавар өгсөн нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тиймээс гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв. 

          Хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.А д хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ЦӨ ” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын Ноён сумын Засаг даргын а/99 тоот захирамжаар уурхайн 2 дугаар ам 10,3 га, 3 дугаар амны 35,4 га газруудыг тус тус шинээр эзэмшиж авсан байдаг. Энэ нь Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших газрууд гэж ойлгож байгаа. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа нь болоогүй юм гэж үзэж байна.

           “ЦӨ ” ХХК нь 10,3 га, 35,4 га, нийт 45,7 га буюу түүний 10 хувь 4,7 га газарт нь ногоон байгууламж байгуулах ёстой.

          “ЦӨ ” ХХК-ийн хувьд  ногоон байгууламж гээд хэлчихмээр зүйл уурхай дээр нь байдаггүй.

          Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Хот, тосгон, бусад суурины газарт хот, тосгон, бусад суурины барилга, байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр болон нийтийн эдэлбэрийн газар, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газар хамаарна гэж заасан байдаг.  Энэ нь иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газар гэж ойлгож байгаа.

           Ногоон байгууламж байгуулах заалт нь эзэмшиж байгаа гэж ойлгож байна гэв. Хот, тосгон, бусад суурины газарт хот, тосгон, бусад суурины барилга, байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр болон нийтийн эдэлбэрийн газар, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газар хамаарна гэсэн.

          Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хот, тосгон бусад суурины газарт газар эзэмшиж байгаа аж ахуй нэгж нь 10 хувьд ногоон байгууламж байгуулах ёстой байдаг. 

          Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт хот, тосгон, бусад суурины газарт эзэмшилд байгаа газар хамаарна гэж заасан учраас хот, тосгоны газарт “ЦӨ ” ХХК-ийн эзэмшдэг 45,7 га газар, уул уурхайн эдэлбэр газар нь бол эзэмшиж байгаа учраас хот, тосгон бусад суурин газарт хамаарах юм байна гэж ойлгож байна.

           “ТЭ ” ХХК  зам, шугам сүлжээтэй холбоотой гомдлыг бол хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 12 дугаар сард шинээр эзэмшиж авсан уурхайн эдэлбэр газруудын хувьд бол дүйцүүлэн хамгаалах зориулалтаар буюу 10 хувьд нь ногоон байгууламж байгуулах ёстой. Би Зөрчлийн тухай хуулиар эзэмшиж авсан газрын 10 хувьд нь ногоон байгууламж байгуулаагүй гэдгийг зааж өгсөн байгаа. Гомдол гаргагчийн ногоон байгууламж байгуулах хэмжээ нь л багасах болохоос бусдаар ногоон байгууламж байгуулах хуулийн заалт нь хүчин төгөлдөр байх гэж ойлгож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“ЦӨ ” ХХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.А д холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0171350 дугаар “Шийтгэлийн хуудас”, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дүгээр “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”-ыг тус тус хүчингүй болгуулах”  шаардлага бүхий гомдлын хэргийг хянан хэлэлцээд гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.А  нь /цаашид “мэргэжлийн хяналтын улсын байцаагч” гэх/ гомдол гаргагч “ЦӨ ” ХХК-ийг эзэмшил бүхий газартаа ногоон байгууламж байгуулаагүй үндэслэлээр 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0171350 дугаар шийтгэлийн хуудсаар 5 000 000 төгрөгийн шийтгэл оногдуулж, эрх бүхий албан тушаалтны 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дугаар албан даалгавар хүргүүлж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэжээ.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь “ЦӨ ” ХХК-ийн нийт 23 нэгж талбар бүхий 433,5 га эзэмшил газар, 2 нэгж талбар бүхий 115,5 км бүхий автозамын зориулалттай эзэмшил газрын 10 хувьд нь ногоон байгууламж байгуулаагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.5 дахь хэсэгт заасны дагуу 5000 нэгж буюу 5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Гомдол гаргагч тал зарим үйл баримтуудыг буруу тогтоосон, материаллаг болон процессын хуулийг зөрчсөн гэж маргасан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ...”, 4.4 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 1 дэх хэсэгт зааснаар бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж хуульчилжээ.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн “...“ЦӨ ” ХХК-ийн 2013-2017 онуудад эзэмшсэн нийт газрын хэмжээгээр болон “ТЭ ” ХХК-ийн эзэмшлийн 68,5 км авто замын газрыг хамтатган тооцож арга хэмжээ авсан, ингэхдээ шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй Ноён сумын Засаг даргын 2017 оны а/99 дугаар захирамжаар олгогдсон 10,3 га, 35,4 га газруудад ногоон байгууламж байгуулаагүй зөрчилд шийтгэл оногдуулсан..." гэх тайлбар нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0171350 дугаар “Шийтгэлийн хуудас”, мөн өдрийн 21 дүгээр “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”-т заасан үндэслэлээс зөрүүтэй бөгөөд зөрчлийг шалган шийдвэрлэхдээ холбогдох нотлох баримтыг бүрдүүлээгүй болох нь уг тайлбараар тогтоогдож байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д “...зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол,” 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх учиртай.

 Хуульд заасан дээрх нөхцөл байдлууд үүсээгүй тохиолдолд мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “ Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ” зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалгах ажиллагаа явуулж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, нотлох үүрэгтэй.

Тодруулбал, зөрчил гаргагч нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн, оногдуулж буй шийтгэлийг биелүүлэхээ илэрхийлсэн, зөрчлийн үйл баримттай маргаагүй тохиолдолд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ.

Хэргийн оролцогчдын тайлбар, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0171350 дугаар “Шийтгэлийн хуудас”, мөн өдрийн 21 дүгээр “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”-аар оногдуулж буй зөрчлүүдийг холбогдогч хүлээн зөвшөөрөөгүй, зөрчил гаргаагүй гэж маргаж байсан нь тогтоогдож байна.

Мөн мэргэжлийн хяналтын улсын байцаагч хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл хөтлөөгүй болохыг дурдав.

Иймд мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь “ЦӨ ” ХХК-ийн зөрчилтэй холбоотой асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалгах ажиллагаа явуулан, нотлох баримт цуглуулж нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0171350 дугаар “Шийтгэлийн хуудас”, мөн өдрийн 21 дүгээр “Эрх бүхий албан тушаалтны даалгавар” хууль бус гэж дүгнэн, тус тус хүчингүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1.1, 6.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “ЦӨ ” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.А ын тогтоосон 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0171350 дугаар “Шийтгэлийн хуудас”, мөн өдрийн 21 дүгээр “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”-ыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж, гомдол гаргагчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.БАЯРМАА