| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2021/0034/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/66 |
| Огноо | 2021-03-18 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ж.Баянжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/66
2021 03 18 2021/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0034/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
Улсын яллагч Ж.Баянжаргал,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П,
Хохирогчийн өмгөөлөгч Л.Наранчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг,
Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М-д холбогдох 20.... дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.М
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч *******нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг “Хар чулуут” гэх газарт тоёото хайлюкс маркийн 62-79 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн “3/ батлагдсан замаас гарч шинэ зам гаргах/, мөн дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс иргэн Д.Нгийн дээгүүр машинтайгаа гарч дайран амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг “Хар чулуут” гэх газарт тоёото хайлюкс маркийн 62-79 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж иргэн Д.Нг машинаараа дайран амь насыг нь хохироосон болох нь:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би өөрийн талийгаач нөхөр Д.Нгийн хамтаар Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэн 8-2 тоотод амьдардаг байсан юм. Нөхөр бид хоёр стана маркийн машинтай бөгөөд түүгээрээ ойр зуурын худалдаа, үйлчилгээ бусад ажил төрлөө амжуулдаг, мөн 6 нэрийн жижиг хүнсний дэлгүүртэй байдаг байсан юм. 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай Норовлин сумаас урагшаа 70 гаран км зайд Салхитын алтны уурхайд 2 уурхайн өдөрлөг болоод тэмцээн уралдаан зохион байгуулагдахаар нь талийгаач нөхөр бид хоёр өөрсдийнхөө 71-46 УНЧ улсын дугаартай Стана маркийн машинтай наймаа хийхээ дэлгүүрийнхээ барааг аваад уг газарт очиж худалдаа наймаа эрхэлсэн. Ингээд орой 19 цагийн үед манай талийгаач нөхөр Д.Н нь элэгнийхээ эмийг уусан юм. Манай нөхөр хүчтэй элэгний эм уудаг байсан учраас эмээ уусныхаа дараа заавал хэвтэхгүй бол болдоггүй юм. Эхлээд нөхөр маань машиндаа хэвтэж байснаа машины сандал тохигүй байна гээд гадаа хэвтэнэ гэхээр нь би машиныхаа хамарны өөдөөс нь харуулаад 3 орчим метр зайд нөхөртөө чийгний гудас газар тавиад дээр нь бас нэг зүйл тавиад хэвтүүлсэн. Ингээд би наймаагаа үргэлжлүүлэн машиныхаа хажууд хийж байхад 62-79 УБВ улсын дугаартай хар өнгийн дунд оврын жип машин хар хурдаараа ирж зогсож жолооч гээд нэг махлах залуу та манай кемп дээгүүр очиж наймаа хийхгүй юу гэж асуухаар нь би түүнд: “ Үгүй ээ” гэж хэлсэн чинь тэр залуу машинаа өндөр дуутай хаазалж байснаа намайг тойроод стана маркийн машины маань урдуур нь гараад явсан. Тэр үед тэнд байсан хүмүүс “Яана аа, Д.Н ахын дээгүүр нь машин гараад явчихлаа ш дээ” гэж бахирахаар нь би эргээд талийгаачийг харсан чинь нөхрийн маань зүүн гар нь хугараад эргэчихсэн байсан. Тэгээд би талийгаач нөхөр рүүгээ гүйж очиход нөхрийг маань дайрсан машины залуу бас машинаасаа буугаад гүйгээд ирсэн. Тэгээд талийгаач нөхөр маань тэр жолооч залууд хандан: “Яаж байгаа юм бэ?, миний дүү, чи ахынхаа дээгүүр машинтайгаа бүтэн гараад явчихлаа” гэж хэлсэн чинь тэр жолооч залуу бас сандарсан байдалтай “Ах аа би харсангүй, уучлаарай” гэж байсан. Тэгээд сумын эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй Норовлин сумаас эмнэлэг цагдаа ирээд эмнэлэг манай нөхрийн биед үзлэг хийж цус тогтоох тариа зэргийг хийгээд аймгийн төв рүү дөхөе, эхлээд Баян-Овоо сум бараадъя гэж явж байгаад замдаа нөхөр маань нас барсан. Ийм л асуудал болсон. Миний хувьд асар их гомдолтой байна. Тэр жолооч хүү нөхрийг маань санаатай дайраад алчихлаа л гэж бодож байна... Тэр жолооч*******гэх залуу надаас хүнсний бараа худалдаж аваагүй. Зүгээр машинтайгаа хар хурдаараа давхиж ирж миний хажууд зогсоод өдөрлөг дуусвал манай алтны уурхай руу очиж наймаа хийх үү гэж асуучихаад эргээд намайг тойроод хар хурдаараа манай машины урдуур гарахдаа талийгаач нөхрийн маань дээгүүр нь гарчихсан юм... Тэр машины жолооч хүү эрүүл, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна гэж би харсан. Ер нь тэр хавиар архи зарсан хүн байгаагүй. Ганц нэг айраг байсан байж магадгүй... Тэр хавид ер нь шороон болон засмал зам харгуй огт байгаагүй. Тачирхан өвстэй, тал газар байсан. Мөн жолоочид бүх л зүйл харагдаж байсан. Бас үзэгдэх орчин хангалтгүй гэх зүйлгүй байсан... Хэрэг учрал болох үед олон хүн л байсан. Яг хэн хараад байж байсныг би одоо болтол санахгүй л байгаа юм... 5-с 6 метр орчим газарт л талийгаач нөхөр маань хэвтэж байсан... Би сайн эмнийх нь нэрийг мэдэхгүй байна... Уг магадлагаа, шинжээчийн дүгнэлттэй танилцаж гарын үсэг зурсан. Надад асууж тодруулах зүйл байхгүй... Миний хувьд маш их гомдолтой байна. Талийгаачийн буяны ажилд мөн бусад зардлуудыг дараа нь албан ёсоор бичгээр хүсэлт гарган өгч нэхэмжилнэ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/
2. Гэрч Ж.Хатанбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай алтны уурхай нөхөрлөлтэй хамтарч тэмцээн зохион байгуулсан. Би нөхөрлөлийнх нь нэрийг мэдэхгүй байна. Тэмцээн өглөөний 09 цагт эхлэж орой 19 цагийн орчим дууссан. Тэмцээний үеэр цагаан өнгийн стана маркийн машин хүнсний бараа зарж байсан. Тэмцээн дуусаад уурхайн дарга М өөрийнхөө хар өнгийн 62-79 улсын дугаартай Хайлюкс машинаа бариад хүнсний бараа зарж байсан Истана машины зүүн хойд талаас нь очоод баруун талаар тойроход нэг юман дээгүүр гарах шиг болсон. Тэгээд машинаа зогсоогоод бууж харахад истана машины жолооч ёолоод хэвтэж байсан. Тэгээд түргэн дуудсан байх. Би тэндээс уурхай руугаа явсан.. Талийгаачийн эхнэр гэх хүн манай уурхайн Мөнхзул, дарга бид хоёр байсан. Өөр хүн байсан үгүйг сайн санахгүй байна... М дарга архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ер нь тэмцээн дээр архи хэрэглэсэн хүн байгаагүй... Би жолоочийн эсрэг талын арын суудалд сууж явсан. Талийгаачийн дээгүүр зүүн талын арын дугуй гарсан... Би утсаар зураг үзэж явсан болохоор хараагүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-29 тал/
3. Гэрч М.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчим би нөхөр Мөнх-Эрдэний хамт истана машин дээр очоод бараа худалдаж авч байхад уурхайн дарга зүүн хойноос хайлюкс машинтайгаа ирээд истана машины хойд талд зогсоод бараа зарж байсан эгчээс та бараатайгаа уурхайгаар орох юм уу гэж асуухад эгч үгүй, үгүй, гэж хариулсан. Тэгээд М машинтайгаа хөдлөөд Истана маркийн машины баруун талаар тойроход хүн дайрчлаа гээд хүмүүс хэлсэн. Тэгээд намайг дуудахаар нь би очсон. Намайг очиход машинд дайруулсан хүний зүүн гар нь шуугаараа хугарсан байхаар нь би... боосон. Тэгээд би даралт, пүүлсийг нь үзээд өвчин намдаах эм өгсөн. Хоёр цагийн дараа түргэний машин ирээд уурхайгаас зөөлөн явдалтай машин гаргаад түргэний эмч машинд дайруулсан хүнийг аваад аймгийн төв явсан...*******эрүүл байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/
4. Гэрч Г.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай Салхитын алтны уурхай хамтын хүч төрийн бус байгууллагатай хамтарсан тэмцээн уралдаан зохион байгуулсан. Тэмцээн өглөө 08 цагт эхэлж орой 19 цагийн орчим дууссан. Тэмцээн дууссаны дараа би эхнэр Мөнхзултай хамт өөрийнхөө цагаан өнгийн 57-85 ХЭА улсын дугаартай пробокс машинтай бараа зарж байсан Истана машины хойд талд буюу зүүн талд очиж зогсоод эхнэр бид хоёр бараа худалдан авч байхад М даргын машин араас ирээд Истана машины буруу талд буюу ертөнцийн зүгээр хойд талд нь зогсоод М дарга худалдагчаас юм асууж байсан. Би машин дотроо хүүхэдтэйгээ байж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь Истана машины баруун талд хүмүүс цуглаад байхаар нь очиж харахад Истана машины баруун урд талд М даргын машин, машины ард нэг эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай байсан. Тэгээд манай эхнэр газар хэвтэж байсан хүний зүүн гарын шуугаар нь хатуу цаас барьж боосон. Тэгээд түргэн дуудсан. Түргэн 2 цаг орчим болж ирсэн. Манай эхнэр сувилагч мэргэжилтэй болохоор түргэн иртэл хажууд нь байсан. Тэгээд түргэний эмч ирж үзээд уурхайгаас Ланд-100 маркийн машин гаргаад орой 23 цагийн орчим Хэнтий аймгийн төв рүү аваад явсан... 62-79 УБВ улсын дугаартай Хайлюкс машин манай уурхайн дарга Мийн машин. Истана машины хажууд ирж зогсоход 62-79 УБВ улсын дугаартай Хайлюкс машиныг уурхайн дарга М жолоодож ирсэн... Уурхайн дарга тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37 тал/
5. Гэрч Э.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 08-ны 19 цагийн орчим Хэнтий аймгийн Норовлин сумын Эрүүл мэндийн төвд машинд хүн дайруулчихлаа гэсэн алсын дуудлага ирсэн. Тэгээд би сувилагч Д.Эрдэнэцэцэг, жолооч Г.Ариунжаргал, сумын цагдаа Батмөнх нарын хамт дуудлаганд явсан. Хэрэг болсон газар 22 цагийн орчим ирэхэд газар хэвтээ байдалтай эрэгтэй хүн байсан. Тухайн хүний биеийн байдлыг үзэхэд өөрийн ухаантай, биеийн байрлал албадмал, арьс салст цэвэр чийглэг, зүрхний авиа тод, хэм жигд, артерийн даралт 80/60 байв. Зүрхний цохилт нэг минутад 83 удаа, уушиг цулцангийн амьсгалтай, хэвлий тэмтрэлтээр эмзэглэлтэй, зөөлөн байсан. Элэг дэлүү тэмтрэгдэхгүй байв. Асуумжаар унтаж байхад дээгүүр машин гарсан гэж өөрөө хэлж байсан. Гадаа байсан болохоор өвчин намдаах болон бөөлжилтийн эсрэг тариа хийсэн. Мөн зүүн гарын шууны хэсгээр хугарсан байсныг цаасан хайрцаг барьж боосон байсан. Тэгээд ар гэрээс нь шууд төв газар руу авч явъя гэсэн тавьсан болохоор Хэнтий аймгийн төв рүү уурхайгаас гаргаж өгсөн машинтай аймгийн төв рүү тээвэрлэсэн. Тээвэрлэхдээ уян зүү тавьж дусал хийж явсан. Тээвэрлэх явцад хурууны болон нүдний салст цайралт өгөөд байхаар нь дотуур цус алдаж байна гэж үзээд цус тогтоох тариа хийсэн. Талийгаач замд явж байгаад таталт өгөөд амь тэнцэхээр нь зүрх судас дэмжих тариа хийх гэхэд амьсгал хураасан. Тэгээд Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвд ирэхэд талийгаач амьсгал хураачихсан байсан. Тэгээд Баян-Овоо сумас Норовлин сум руу буцсан. Норовлин суманд 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 08 цаг 10 минутад ирсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/
6. Гэрч Ч.Намсрайгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 8 хүүхэд төрүүлж өсгөсөн.*******нь миний 7 дахь хүүхэд буюу доороосоо 2 дахь хүү маань байгаа юм. Хүү маань 1987 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн. Бага насандаа цэцэрлэгээр хүмүүжээгүй гэртээ би хардаг байж байгаад 1993 онд аав нь нас бараад бид гэр бүлээрээ Улаанбаатар хот руу шилжсэн. Ингээд хүү маань 1996 онд шиг санаж байна. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Улаанхуарангийн 68 дугаар сургуульд элсэн ороод 2006 онд 10 жилийн сургуулиа төгсөөд 2011 онд Газарчин дээд сургуульд элсэн орж 2015 онд сургуулиа төгсөж дээд боловсрол эзэмшсэн. Хүү маань зан байдлын хувьд төлөв даруухан хүнтэй маш эелдэг харьцдаг, олон найз нөхөдтэй, найз нөхдийн дунд нэр хүндтэй, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй сайн хүүхэд байгаа юм. Хүү маань Одоогоор Улаанбаатар хотод надтай амьдардаг. Миний бие тааруу зүрхний титэм судасны нарийсал гэсэн оноштой яаралтай эмнэлэгт хэвтэх болчихоод хүүгээ бас асуудалд орсон гэхээр нь улам санаа зовоод хямраад эмнэлэгт хэвтэх гэж байснаа арга ядаж Хэнтий аймагт ирээд мэдүүлэг өгөөд л байж байна даа. Хүү маань л намайг асарч хоол ундыг маань дөхүүлж өгдөг юм... Хүү маань цэргийн алба хаагаагүй... урьд гэмт хэрэг зөрчилд холбогдох шалгагдаж байгаагүй... Би 3 хүүтэй миний 3 хүү архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Багад нь аав нь нас барсан учраас би хүү нараа том хүү Ариунбилэгтэй л харуулдаг байсан... Тийм ээ би мэдэж байгаа. Би тухайн үед Хэнтий аймгийн Норовлин суманд байсан юм. Тэр үед осол боллоо гэдгийг сонсоод бага хүүхдийнхээ хамтаар хэрэг явдал болсон газарт очиж харсан. Намайг очиход эмнэлэг ирсэн байсан. Миний хувьд хүүгээ өмөөрөхөөс илүү нөгөө талын ар гэрийнхэнд их санаа зовж байгаа. Тэр хүмүүст бас хэцүү л байгаа байх даа... Миний хувьд нөгөө талын ар гэрийнхэнд харамсаж байгаагаа илэрхийлмээр байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-46 тал/
7. Гэрч Н.Ариунбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би эхээс 8-лаа дээрээ нэг эгч, доороо 6 дүүтэй. М нь эрэгтэйгээс миний дараагийн төрсөн дүү маань байгаа юм л даа. Дүү маань зан байдлын хувьд төлөв даруухан томоотой, нийгмийн идэвхи сайтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, байнга хүнд тусалж явдаг, хамт олон, нутгийнхаа иргэдийн дунд нэр хүнд сайтай залуу байгаа юм. Одоогоор дүү маань Хэнтий аймгийн Норовлин суманд манай ЭБЭГ ХХК-н уурхайн дарга хийж байгаа юм. Мөн дүү маань ажилдаа сайн, даалгасан ажлыг цаг хугацаанд нь хийгээд л явдаг хүүхэд байгаа юм... Дүү маань урьд гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Ажил хийж байгаад амарч байх хугацаандаа Улаанбаатар хотод ээжийг хараад л гэртээ байдаг, их томоотой, муу зүйлээс өөрөө холуур явахыг хичээдэг хүүхэд байгаа юм... Би мэдэж байгаа. Их л золгүй явдал болсон доо. Мөн талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Мөн би талийгаачийн буяны ажилд оролцохоо очсон. Мөн ар гэрийнхэнтэй нь уулзаж учирсан. Мөн манай зүгээс талийгаачийн ар гэрт учирсан хохирлыг барагдуулахад бэлэн. Ямар нэгэн цаархалхах зүйл байхгүй байгаа... Миний хувьд золгүй явдал болсонд маш их харамсаж байгаа. Мөн талийгаачийн ар гэрт ямар хэцүү байгааг мэдэж байгаа. Хүнээ алдсан хүмүүс ямар л сайн байхав дээ. Мөн ээж маань бие тааруу зүрхний титэм судасны нарийсал гэсэн оноштой бие хаа нь өвөөд байхад хүүгээ бас хэрэг төвөгт орооцолдсон гэхээр өдөр шөнөгүй шаналж байгаа. Манай дүү*******л манай ээжтэй амьдарч ээжийг асардаг юм л даа... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/
8. Шинжээч Ж.Жаргалтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Дээрх цээж хэвлийн хавсарсан гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай үхэлд хүргэх гэмтэл мөн... Талийгаачийн биед учирсан цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтлийг сумын төвд оношлох боломжгүй. Шатлалын эмнэлэгт хүргэгдсэн ч амь насыг аврах боломж бага... Яаралтай тусламжийн хуудастай танилцахад талийгаачийн биед цус тогтоох болон өвчин намдаах тайвшруулах эмчилгээнүүд хийгдсэн байна. Дээрх анхан шатны онош нь задлан шинжилгээний оноштой тохирч эмчилгээ зөв хийгдсэн байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51 тал/
9. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №82 дугаартай: “...
1. 2. Талийгаач Д.Нгийн цогцост цээжний баруун 1,2,3,4,5,6-р хавирга эгэмийн дунд шугамаар шууд, зүүн 1,2,3,4,5,6,7-р хавирга суганы урд шугамаар шууд бус хугарал, дагуух зөөлөн эдэд цус хуралт, нойр булчирхайн задрал, цээж хэвлийн хөндий дэх дотуур цус алдалт /2600 грамм/, зүүн шууны дунд 1/3 хэсгийн далд хугарал, цээж, зүүн дал, бүсэлхий, зүүн сарвуунд зулгаралт, цээж, баруун даланд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд дайрагдах үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байна.
4. Талийгаачид үхэд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд спирт илрээгүй байна.
6. Талийгаач нь цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас дотуур цус алдаж цус алдагдаж нас баржээ.
7. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 68-71 тал/
10. Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн мөрдөгч Г.Ганхуягийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн: “...
-62-79 УБВ улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцсон М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн 3/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах заалтыг зөрчсөн, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.
-62-79 УБВ улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцсон М нь Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн бүртгэл хайлт лавлагаагаар жолоочийн №671105 дугаарын “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй /хүчинтэй/ байна.
-Явган зорчигч амь хохирогч Н нь хээр замгүй газар унтаж байсан үйлдэл нь зам тээврийн осол болоход нөлөөлөөгүй. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрчөөгүй байна... “ гэсэн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 74-75 тал/
11. Шүүгдэгч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна... зам тээврийн осол гаргаснаас хүлээн зөвшөөрч байна... Би дөнгөж хөдлөөд л явсан юм. Багцаагаар 3-с 4 км цагийн хурдтай л явж байсан байх... Би хараагүй дээгүүр нь гараад явсан юм.... Би эрүүл саруул байсан... Би одоогоор Хэнтий аймгийн Норовлин суманд алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Баян-Эрдэнэс ХХК-д ажилладаг юм. Миний хувьд талийгаачийн ар гэрийнхний хохирлыг ойрын хугацаанд бүрэн барагдуулна.. хохирогч нартай холбогдох гэсэн боловч талийгаачийн 49 хоногийг өнгөрөөгөөд эргээд холбогдъё гэж хэлсэн... Миний хувьд зам тээврийн осол гаргаснаа хүлээн зөвшөөрч гэмшиж гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байгаа... Би “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй... Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсонд миний хувьд маш их харамсаж байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-85 тал/
12. Шинжээч Б.Энхтайваны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн: “...
1. 62-79 УБВ улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцсон М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн 3/ батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, мөн дүрмийн 10.1 жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн дүрмийг зөрчсөн байна.
2. Гадаа унтаж байсан гэх Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл байхгүй.
3. 62-79 УБВ улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцсон М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн 3/ батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, мөн дүрмийн 10.1 жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн дүрмүүдийг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 202-203 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос шүүгдэгч Н.Мийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн 3-т заасан “батлагдсан замаас гарч шинэ зам гаргах” гэсэн заалтыг зөрчиж хүний амь насыг хохироосон гэж дүгнэсэн боловч тухайн зөрчил нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоогүй, батлагдсан замаас гарч шинэ зам гаргасан үйлдлийн улмаас шууд бусдын амь нас зайлшгүй хохирох нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн болно.
Энэ гэмт хэргийн улмаас Д.Нгийн амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П нь оршуулгын болон бусад зардалд 30.543.042 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь төлж барагдуулсан буюу 31.000.000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн буюу оршуулгын зардлыг төлж барагдуулсан нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 31.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ