Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/69

 

 

 

2021  03  25                                                       2021/ШЦТ/69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0061/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Ж.Хонгорзул,

Улсын яллагч                                                  Ж.Баянжаргал,

Хохирогч                                                           Г.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Д.Ганхуяг,

Шүүгдэгч                                                          ******* нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д  холбогдох 2139.....дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  ******* нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар баг “Шувуут” гэх газарт иргэн Г.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нуруун тус газар нь гараараа цохиж бүсэлхийн 2, 3 дугаар нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар баг “Шувуут” гэх газарт иргэн Г.Гтэй маргалдан түүний нуруун тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан  болох нь:

 

1. Хохирогч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай гэр Хэнтий аймгийн Батноров сум “Шувуут” гэх газарт нутагладаг юм. Харин ******* гэх хүнийх 2017 оноос эхлэн манайхтай айл саахалт болоод 3 жил болж байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай хажуу айл болох Жых өвлийн идшээ хийх гээд үхэр ажилласан юм. Тэгэхэд нь манай нөхөр Гангантөгс, Ж нар нь үхэр ажилласан. Харин Нарангэрэл бид нар үхрийн гэдэс арилгахаар болсон. Тэгээд би үхрийн гэдсийг нь шувтарч өгчхөөд Нарангэрэлд та угааж бай, би гэртээ ороод галаа түлхчхээд ирье гээд гэртээ орж галаа түлхчхээд гарч саравчинд хийсэн байсан ядарсан бяруунуудаа бас усалсан. Тэгээд гал түлэх гээд нүүрс оруулахдаа нүүрсээ дутуу хучсан байсан болохоор нүүрсээ хучих гээд байж байсан чинь над дээр Ж нь ирээд үхрийн гэдэс арилгаад өгчихгүй яасан юм бэ гээд аахилаад ирэхээр нь би юундаа уурлаад байгаа юм гэсэн чинь ******* нь үхрийн гэдэс арилгаад өгчихгүй амиа хичээсэн гөлөгнүүд чинь гэж байсан. Тэгэхээр нь би нүүрсний хучлага дээгүүрээ чулуу тавьж даруулах гээд тонгойсон чинь нурууны ар хэсэгт Ж нь цохичихсон. Тэгээд нуруу эвгүй болчихоор нь гуйлгачин пизда чинь яаж байна аа гэсэн чинь Ж нь буцаж ирээд миний хацар дээр алгадчихаад яваад өгчихсөн. Тэгээд би бараг дөрвөн хөллөөд гэр рүүгээ ороод нөхөр Гангантөгсөд намайг Ж зодчихлоо гэсэн чинь Гангантөгс гараад Жыг та яаж байгаа юм гэсэн чинь Ж нь ажилласан үхрийн махаа эвдэж байхдаа сүх хутга барьчихсан ална шүү гэсэн... Зүгээр үхрийн гэдэс арилгасангүй гэхээр нь би галаа түлж байна гэсэн... ******* нь миний нурууны ард ойролцоогоор зүүн хавирганы доод хэсэгт бөөрний дээхэн хэсэгт цохисон. Тэгээд дараа нь баруун талын хацар руу алгадчихаад яваад өгсөн... Өмнө нь муудаж байгаагүй... ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Өмнө нь гэмтэл шарх авч байгаагүй. Ямар нэгэн байдлаар унаж бэртэж байгаагүй... Миний нуруу өвдөөд алхаж суухад өвдөөд байгаа... Миний хөдөлмөрийн чадамж алдагдсан. Би Хэнтий аймаг болон Батноров сум хооронд эмчилгээ хийлгэхээр явсан замын зардал мөн эмчилгээний зардал болох 6.000.000 төгрөг нэхэмжилж байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8 тал/

2.  Гэрч Ц.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай гэр 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр идэшний үхрээ ажилласан. Тэгэхэд Гангантөгс, Гэрэлт-Од, манай нөхөр Ж нар үхэр ажиллаад үхрийнхээ гэдсийг гаргаад өгөхөөр нь Адъяа бид хоёр тухайн үхрийн гэдсийг цэвэрлэх гээд байж байсан чинь манай нөхөр Ж Гийг үхрийн гэдэс арилгаад өгөөч миний дүү гээд гуйсан чинь Г ирээд гэдэс цэвэрлэлцээд гэрт оруулж өгчихөөд Г гэртээ орж гал түлчхээд ирье гээд явсан. Тэгээд нэлээн удаж байхад манай нөхөр Ж орж ирээд Г ирж гэдэс цэвэрлэлцээгүй юм уу гээд асуухад Адъяа бид хоёр Жд Г гэртээ орж галаа түлчхээд ирье гээд явсан гэж хэлсэн.  Тэгсэн чинь Ж гараад явсан. Тэгээд байж байсан чинь Г хашгираад загнаад орилоод байхаар нь Адъяа бид  хоёр юм бодолгүй сууж байсан чинь Г  орилж загнаад байхаар нь Адъяа бид хоёр гараад харсан чинь манай нөхөр Ж халх хашааны хойд талд нь зогсчихсон харин Г халх хашааны урд талд  нүүрснийхээ хажууд зогсож байсан. Тэгээд Г нүүрс рүүгээ тонгойх үед нь манай нөхөр Ж хашаан дээгүүр тонгойгоод Гийн бэлхүүс хавьцаа нь түлхэх шиг болсон. Тэгсэн чинь Г хойшоо гэдийгээд ухарсан. Тэгээд эргээд ухарснаа манай нөхөр рүү юм шидээд байх шиг байсан. Тэгээд гэрийнхээ  зүүн талаар яваад өгсөн. Харин манай нөхөр Ж түлхчхээд ажилласан үхрийнхээ мах руу яваад өгсөн... Г Жыг цохиж зодсон үйлдэл харагдаагүй. Мөн нүүрсээр оносон эсэхийг нь мэдэхгүй байна.. Намайг гараад харахад Г манай нөхрийг хар гуйлгачин пизда минь, гичий минь гэх мэтчилэн харааж байсан. Уг нь манай нөхөр Гийн ээжтэй нь хамаатан нагац ах нь гэж хэлэгддэг хүн байгаа юм. Гэтэл Г нь нагац ахыгаа тэгж хэлж болохгүй байлтай... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/

3. Гэрч М.Гангантөгсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай эхнэрийг Г гэдэг юм. Бид хоёр хамт амьдраад 16 дахь жилийн нүүр үзэж байна. Манай гэр бүлтэй хамт айл болж амьдаръя гээд Ж ах 2018 оны 06 дугаар сарын эхэн үеэр ирсэн. Тэгээд цугтаа айл болж мал маллаж амьдарч байсан юм. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ж ахынх идэшний үхрээ ажилласан юм. Тэгэхэд нь би тухайн үхрийг  нь ажиллалцаж өгөөд би гэртээ ороод зурагт үзээж байж байсан. Манай эхнэр Г нь намайг яагаад цохиж байгаа юм гээд дуугараад байсан. Тухайн үед би зурагт үзэж байсан болохоор нээх их юм бодоогүй байж байсан чинь манай эхнэр Г гэртээ байдгаараа бөгтийчихсөн байдалтай Ж ах нуруу бөөр хэсэг рүү минь цохиод эвгүй болгочихлоо гээд орж ирсэн. Тэгэхээр нь би зүгээр байгаа хүнийг яахаараа цохидог юм гээд гарсан чинь Ж ах үхэр ажилласан махан дээрээ хутга сүх хоёр барьсан байдалтай ална шүү гээд зогсож байсан. Тухайн үед Г намайг боль яах гэсэн юм гэж хэлэхээр нь би буцаад гэртээ орсон... Намайг Ж ах заналхийлж сүрдүүлээгүй... Өмнө нь Гийн нуруу нь өвдөж байсан удаа байхгүй. Бас бэртэж гэмтэж байгаагүй. Харин Ж ахад цохиулчихлаа гээд бөгтийгөөд ороод ирсэн үеэсээ хойш нуруу нь өвдөөд сумын эмнэлэг бас аймгийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Мөн эмнэлэгт  хэвтэх гэсэн чинь хоол цай зөөх хүнгүй байсан болохоор гэртээ 20 гаран хоног хэвтрийн байдалтай байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/

4. Шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар  өгсөн: “... Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Гийн нуруунд нь түлхэж ёворсон минь үнэн, гэмтэл учруулсан гэдгийг ойлголоо. Би Гийн биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч бас их гэмшиж байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/

5. Гэрч Д.Адъяасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багт оршин суух найз Гангантөгсийн гэрт нь нөхөр Гэрэлт-Одын хамт ирсэн.  Тэр өдөр нь хажууд нь байдаг Ж гэх айлд идэшний үхэр ажиллах гээд байж байсан. Тэгээд Гангантөгс, Ж хоёр үхрээ ажилласан. Манай нөхөр цуг элбэлцэж өгсөн. Гэдэс дотрыг Г, Нараа эгч бид гурав Ж ахын гэрт цэвэрлэхээр орсон. Гэдэс дотроо цэвэрлээд байж байхад Г нь гэртээ орж галаа түлчхээд ирье гэж хэлээд гараад явсан. Тэр үед Ж ах гадаа махаа янзалж байсан. Тэгсэн удалгүй Ж ах орж ирээд Г яагаад байхгүй байгаа юм гээд гараад явсан. Тэгсэн гэрийн гадаа Ж ах Гтэй хэрэлдээд байсан. Тэгээд би даавуу авахаар гэрээс гарсан. Ж ах  Г хоёрыг хартал хоорондоо хэрэлдээд зогсож байсан. Ж ах Гийн нуруу руу нь гараараа нэг удаа цохиж байгаа харагдсан. Би удаан харж зогсоогүй. Нараа эгч миний араас гараад ирсэн. Би даавуугаа аваад гэрт орсон.Нараа эгч бас араас орж ирсэн... Тухайн үед ******* ах архи уугаагүй эрүүл байсан...  Ж ах Гийг нуруу руу нь гараараа нэг удаа цохиж байгаа харагдсан...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/

6. Гэрч Г.Гэрэлт-Одын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багт оршин суух найз Гангантөгсийн гэрт нь эхнэр Адъяасүрэнгийн хамт ирсэн. Гангантөгсийн гэрийн хажууд ******* гэх айл байдаг. Тэр айл идэшний үхэр ажиллах гээд байж байсан. Тэгээд би үхэр ажиллахад нь элбэлцэж өгсөн. Тэгээд манай эхнэр болон Ж ахын эхнэр Нараа, Г.Гангантөгсийн эхнэр Г нар нь үхрийн гэдэс цэвэрлэхээр Ж ахын гэр рүү орсон. ******* ах махаа янзлаад гадна үлдсэн. Гангантөгс бид хоёр гэртээ орсон. Тэгсэн удалгүй гэрийн гадна Ж ах Г хоёр чанга чанга дуугараад хэрэлдээд байсан. Гангантөгс бид хоёр гэрээс гарахгүй байж байсан. Төд удалгүй Гангантөгсийн эхнэр Г нь доголоод гэртээ орж ирснээ сүхээр цохисон уу, гараар цохисон уу хөл өвдөөд байна гэсэн. Тухайн үед гишгэж чадахгүй байсан. Тэгээд сумын төв явж үзүүлэхээр Гангантөгс Гийг аваад явсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/

7. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №16 дугаартай: “...

1. 2. Г.Гийн биед бүсэлхийн 2,3-р нугалмуудын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26 тал/

8. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №3 дугаартай: “...

1. Г .Гийн биед учирсан бүсэлхийн 2, 3-р нугалмуудын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь 2020.12.02-ны өдөр үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 тал/

9. Гэрч Д.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 1993 оны үеэс Жыг мэддэг болсон. Учир нь Ж нь Бэрхийн уурхайд ажиллаж  амьдарч байгаад Хэнтий аймгийн төвд 1993 онд ирж амьдарсан. Түүнээс хойш Ж нь Хэнтий аймгийн шуудан үйлчилгээний газарт шуудангийн жолоочоор 20 жил орчим ажилласан. Манай эхнэр Саранцэцэг шууданд ажилладаг байсан болохоор бид нар гэр бүлийн найз нөхөрлөлийн холбоотой болсон. Жы хувьд их тогтуухан зантай, амгалан тайван хүн. Ажил болон ажлын хамт олондоо нэр хүнд сайтай, ажилсаг хичээнгүй  онгироо зан байхгүй, даруу төлөв хүн байгаа юм. Ж нь баяр ёслолын үеэр л архи дарс хэрэглэдэг, өөр архи уудаггүй хүн байгаа юм. ******* нь шуудангаас тэтгэвэрт гарсан. Ж нь тусгай дунд боловсролтой... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 59 тал/

10. Гэрч Б.Пүрэвжавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Ж нь Хэнтий аймгийн Бэрхийн уурхай дээр Сэндэм гээд эмээтэйгээ өссөн. Багаасаа тогтуун тайван дөлгөөн зантай хүүхэд байсан... Манай Ж найз нөхдийн дунд нэр хүндтэй, нутаг усандаа тусч хүнлэг хүн гэдгээрээ нэртэй хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учирсан бөгөөд хохирогч нь  “... Би Хэнтий аймаг болон Батноров сум хооронд эмчилгээ хийлгэхээр явсан замын зардал мөн эмчилгээний зардал болох 6.000.000 төгрөг нэхэмжилж байна... ” /хх-ийн 6-8 тал/ гэсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар 232.320 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь эмчилгээний зардалд 230.000 төгрөг төлсөн болох нь  шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримт, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс 2320 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гт олгох нь зүйтэй байна. Хохирогч нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн буюу эмчилгээний зардалд 230.000 төгрөгийг төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  /нэг сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000  төгрөг төлөхөөр буюу 5  сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ас 2320  /хоёр мянга гурван зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гт олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй  ба хохирогч нь бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ