| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2021/0062/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/70 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/70
2021 03 25 2021/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0062/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 2139...... дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэхийн 1-4 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Мягмарсүрэнг “чи эхнэрээ зоддог” гэж хэлснээс үүдэн уурлаж Н.Иы баруун суганы ар хэсэгт нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэхийн 1-4 тоотод согтуугаар Н.Иы баруун суганы ар хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Н.Иы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багт оршин суудаг. Би Хэнтий аймгийн Хэрлэн суманд 2021 оны 01 дүгээр сарын эхээр ирсэн. Хэдний өдөр ирснээ санахгүй байна. Хэнтий аймгийн Батширээт суманд Ганзориг гэх хүний малыг 22 хоног харж байгаад Хэнтий аймгийн төвд 2021 оны 01 дүгээр сарын 27-нд ирсэн. Би аймгийн төв ирсэн цагаасаа хойш хорихын байранд таньдаг Шинийн-нэгэн гэх нэртэй таньдаг эмээгийнд байгаа. Нэг нутгийн хүн болохоор таньдаг юм. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн орчим “Эвт” худалдааны төвөөр ганцаараа дэмий хэсэж үүдэнд нь тамхи татаж зогсож байгаад өөрийгөө Баагий гэж танилцуулсан өндөр махлаг залуутай танилцсан. Баагий “Мөнхшувуут” гэх дэлгүүрээс “Цагаан архи” гэсэн нэртэй 330 граммын нэг шил архи аваад бид хоёр танктай хөшөөний сандал дээр сууж байгаад архиа хувааж уусан. Тэгээд бид хоёр “Эвт” худалдааны төв яваад Баагий таньдаг гэх хүнээсээ 5000 төгрөг гуйж аваад надад байсан 1000 төгрөгийг нэмээд “Мөнхшувуут” гэх дэлгүүрээс дахиж “Цагаан архи” гэсэн нэртэй 330 граммын нэг шил архи аваад танктай хөшөөний сандал дээр уучхаад Баагий бид хоёр дахин “Эвт” худалдааны төв орсон. Тэнд би Мягмарсүрэнтэй таарсан. Тэгээд цаашаа хаана очсон, миний биед яагаад ийм гэмтэл учирсан талаар огт санахгүй байна. Би эмнэлэг дээр боолт хийлгэж байгаад л ухаа орсон. Би архи жоохон уухаараа болсон зүйлийг санадаггүй юм... Би Мягмарсүрэн гэх хүнийг сайн танихгүй. “Эвт” худалдааны төвийн гадна талд Мөнххаан сум явах санаатай хэд хоног унаа харж зогссон юм. Тэгж байхдаа Мягмарсүрэнтэй танилцсан. Мягмарсүрэнтэй танилцаад 10 л хонож байгаа байх... Би 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хутга биедээ авч яваагүй... Би ер нь биедээ хутга авч явдаггүй... Баагий гэх хүнтэй танилцахад миний биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй зүгээр байсан... Миний биед хэн юугаар гэмтэл учруулсныг санахгүй байна. Миний зүүн суга халуун оргисон. Тэгэхэд л хутгалсан байх. Би өөр юм огт санахгүй байна... Миний биед зүүн далны доод хэсэгт хутгалуулсан бололтой шарх учирсан.Эмч хоёр оёдол тавьсан гэсэн. Мөн баруун талын нүд хавдаж хөхөрсөн. Өөр гэмтэл шарх учраагүй... Би гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/
2. Гэрч Ц.Хүрэлчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нөхөр *******, ээж Д.Цэрэнханд, өвөө А.Чулуунбилэг нарын хамт би байж байхад Намнансүрэн манай гэрт дээлтэй танихгүй хүний хамт согтуу ирсэн. Тэр хоёр манай гэрт ирэхдээ 750 граммын нэг шил, 500 граммын нэг шил архи, нийт 2 шил архитай ирсэн. Тэгээд тэр авчирсан архийг нь манай нөхөр Б, Намнансүрэн, ээж Цэрэнханд, дээлтэй танихгүй ах дөрөв хувааж уугаад дуусгасан. Тэгээд байж байтал Намнансүрэн манай нөхрийг чи эхнэрээ зоддог гэсэн чинь манай нөхөр миний амьдрал чамд хамаагүй гээд гэрийн зүүн урд талын шүүгээнээс хар бариултай хутга аваад гэрийн баруун орон дээр сууж байсан дээлтэй ахыг зүүн далных нь доод хэсэгт хутгалчихсан. Манай нөхрийн хутгыг Намнансүрэн булааж авсан. Би дээлтэй ахын хутгалуулсан шархыг харъя гэхэд зүгээр гээд надад харуулаагүй. Дээлийнх нь гаднаас дарж үзэхэд цус нь нэвчээд байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирээд манай нөхрийн дээлтэй ахыг хутгалсан хар бариултай хутга болон гэрийн хойд орны урд талд байсан шар бариултай хутгыг хурааж аваад зураг авч байгаад явсан. Хэрэг гарсны маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 06-ны өглөө би нөхөр Бд чи өчигдөр хүн хутгалчихсан гэж хэлэхэд одоо яах вэ дээ, чи мөнгийг нь төлнө дээ гэж хэлсэн... Согтуудаа л хутгалсан байх. Яагаад хутгалсныг нь би мэдэхгүй байна... Намнансүрэн гэж Мягмарсүрэнг хэлж байгаа юм. Би Мягмарсүрэнг Намнансүрэн гэж дууддаг юм... Намнансүрэн, дээлтэй ах хоёрыг ирэхээс өмнө манай нөхөр Б Баасан, Чимгээ гэх хоёр хүнтэй нэг шил 750 граммын архи уусан байсан... А.Чулуунбилэг миний ээж Цэрэнхандын нөхөр. А.Чулуунбилэг өвөөгийн нүд юм хардаггүй сохор хүн байгаа юм. Халамжийн мөнгийг нь би авдаг... Мягмарсүрэн, И нар гэрт ирээд маргаж муудсан. Дээлтэй ах ядуу айл танайх юу түлдэг юм гэсэн чинь Намнансүрэн чи дуугүй бай гээд дээлтэй ахыг нүүрэнд нь цохиод баруун нүдийг нь хө алаг болгосон... Манай нөхөр их согтуу байсан... Манай нөхөр хутгалуулсан дээлтэй И гэх хүнийг танихгүй. Өмнө нь манай гэрт ирж байгаагүй. Анх удаа манай гэрт ирсэн хүн. Мөн манай нөхөр танихгүй. Архи ууж байхдаа манай нөхөр дээлтэй ахыг чамайг хэн гэдэг юм гэж асууж байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/
3. Гэрч Д.Цэрэнхандын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би гэртээ охин Хүрэлчимэг, хүргэн *******, нөхөр А.Чулуунбилэг нарын хамт байж байхад Мягмарсүрэн нэг танихгүй хүрэн өнгийн дээлтэй эрэгтэй хүнтэй хамт манай гэрт 15 цагийн үед ирсэн. Тэр хоёр гэрт ирэхдээ 750 граммын 1 ширхэг, 500 граммын 1 ширхэг “Ерөөл” архитай ирсэн. Мягмарсүрэн, дээлтэй танихгүй залуу хоёр манай гэрт согтуу архи нэлээн уусан байдалтай ирсэн. Тэгээд Мягмарсүрэн, хүрэн өнгийн дээлтэй залуу, манай хүргэн Б бид дөрөв авчирсан хоёр шил архийг нь хувааж уугаад 16 цаг 30 минутын орчим дуусгасан. Тэгээд байж байтал Мягмарсүрэн манай хүргэн Быг чи эхнэрээ зоддог гээд хүргэн Бтай хэрэлдээд байсан. Тэгсэн чинь хүргэн Б гэрийн зүүн урд байдаг гал тогооны шүүгээн дотроос хар өнгийн бариултай хутга аваад гэрийн баруун талын орон дээр хойшоо хараад сууж байсан хүрэн өнгийн дээлтэй танихгүй залуугийн ар нуруунд нь хутгалчихсан. Яг хаана нь хутгалсныг сайн хараагүй. Тэгсэн Мягмарсүрэн хүргэн Бы хутгыг булааж авсан. Тэгээд миний охин Хүрэлчимэг цагдаад дуудлага өгсөн. Хүргэн Бы хутгыг булааж авахдаа Мягмарсүрэн гараа зүсчихсэн байсан. Аль гараа зүссэнийг нь би санахгүй байна. Тэгээд цагдаа нар ирсэн... Мягмарсүрэн, хүрэн өнгийн дээлтэй залуу хоёрыг ирэхээс өмнө манай гэрээр Баасан, Чимгээ нар ирээд хүргэн Б бид хоёртой 750 граммын нэг шил “Ерөөл” нэртэй архи уучхаад явчихсан байсан... Манай нөхөр А.Чулуунбилэгийн нүд нь юм харахгүй сохор, чих дүлий юм сонсохгүй, явж чадахгүй, хөлгүй байнгын хэвтэрт байдаг хүн. Хэрэг гарах үед юу болсныг мэдэхгүй байх... Хүрэн өнгийн дээлтэй залуугийн зүүн нүдийг Мягмарсүрэн өшиглөсөн. Яагаад өшиглөснийг нь мэдэхгүй... Мягмарсүрэнг Намнансүрэн гэж дууддаг... Б яагаад тэр хүнийг хутгалсныг би мэдэхгүй. Миний бодлоор архиныхаа халуунд Мягмарсүрэнг айлгах гэж байгаад андуурч хутгалсан байх... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/
4. Гэрч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би “Эвт” худалдааны төвд галч хийдэг юм. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би ээлжээсээ 09 цагт буугаад ээлжээ хүлээлгэж өгчхөөд найз Гал-Эрдэнийн хамт гэрт нь 500 граммын лаазтай пиво ууж дуусгаад “Эвт” худалдааны төв явсан. Тэгээд өдөр 13 цагийн орчим “Эвт” худалдааны төв дээр явж байгаад Итай таарсан. И нэлээн согтуу явж байсан. Би Ид хоёулаа айлд очих уу гэхэд тэгье гэсэн. Тэгээд би “Од” дэлгүүрээс 750 граммын хэмжээтэй нэг шил, 500 граммын хэмжээтэй 1 шил “Ерөөл архи, нэг дүнсэн тамхитай аваад Цэрэнхандын гэрт очсон. Цэрэнхандын гэрт 15 цагийн орчим очсон байх. Би цаг хараагүй болохоор цагийг нь сайн нарийн мэдэхгүй байна. Цэрэнхандын гэрт очиход Б, Хүрэлчимэг, Цэрэнханд, хэвтрийн өвгөн Чулуунбилэг нар байсан. Б нэлээн согтуу байсан. Тэгээд 750 граммын хэмжээтэй “Ерөөл” архиа задлаад Цэрэнханд, И, Б бид дөрөв ууж эхэлсэн. Дараа нь 500 граммын “Ерөөл” архиа уугаад дууссан. Б эхнэр Хүрэлчимэгийг зодох гээд байхаар нь би Бд хандаж чи ядарсан юмыг яах гэж зодож байдаг юм гэж хэлэхэд Б би эхнэрээ зодох үгүй нь та нарт хамаагүй гээд уурлаад байсан. Тэгсэн чинь гэнэт Хүрэлчимэг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь гэрийн баруун орон дээр сууж байсан Иыг Б зүүн далных нь доод хэсэгт хутгалсан байхаар нь би хутгыг нь булааж аваад гэрийн хаалгаар гаргаад чулуудчихсан юм. Би хутгыг нь булааж авахдаа зүүн гарынхаа хоёр хурууг зүсчихсэн. Тэгээд Хүрэлчимэг цагдаа дуудсан. И Бд хутгалуулчхаад намайг чи яагаад байгаа юм бэ гээд агсраад байхаар нь би яасан юм гээд гараараа баруун нүдэнд нь цохичихсон юм... Б яагаад Иыг хутгалсныг би мэдэхгүй байна. Би Быг хаанаас хутга авсныг хараагүй. Хүрэлчимэг хүн хутгалчихлаа гэхэд Б хар бариултай хутга барьчихсан зогсож байсан. Маргааш нь би “Эвт” худалдааны төв дээр Хүрэлчимэгтэй таарахад Хүрэлчимэг манай нөхөр Б чамайг хутгалах гэж байгаад андуураад... хутгалчихсан гэж хэлж байсан. Ер нь Б архи уухаараа ална, хутгална гэж хутга барьдаг хүн... Зарим хүмүүс намайг Намнансүрэн гэж дууддаг... Би И гэх хүнийг танихгүй. Эвт худалдааны төв дээр явж байхад нь танилцсан. Таньдаг болоод удаагүй байгаа... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/
5. Шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би өмнө нь болсон явдлын талаар мэдүүлэг өгсөн. Өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90 тал/
6. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №82 дугаартай: “...
1. Н.Иы биед цээжний баруун талд суганы арын шугамаар 4-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимын салстад цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. 3. 4. Дээрх цээжний баруун талд суганы арын шугамаар 4-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц, ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Бусад гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
5. Дээрх цээжний баруун талд суганы арын шугамаар 4-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...“ гэсэн дүгнэлт /хх-ийн 62-63 тал /
7. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №6 дугаартай: “...
1. ******* нь оюуны хөнгөн хомсдол бүхий сэтгэцийн эмгэгтэй байна.
2. Энэ эмгэг нь төрөлхийн эмгэг бөгөөд тодорхой үе шатгүй болно. Энэ эмгэг нь хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй.
3. ******* нь өөрийн сэтгэцийн түвшинд болсон үйл явдлыг тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
4. ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан.
5. ******* нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 76-78 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Иы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад: “... Би гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ... “ /хх-ийн 16-18 тал/ гэсэн боловч шүүх хуралдаанд дуудаад ирээгүй, эмчилгээний зардалтай холбоотой баримтаа хэрэгт хавсаргаж өгөөгүй байх тул хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 25 см урттай, бариулны урт 12 см, ажлын хэсгийн урт 13 см, хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 25 см урттай, бариулын урт 12 см, ажлын хэсгийн урт 13 см, хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ