| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2021/0063/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/71 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/71
2021 03 25 2021/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0063/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 200...... дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар баг “Хавцлын адаг” гэх газраас иргэн Н.Мгийн өмчлөлийн 59-70 БРА улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар баг “Хавцлын адаг” гэх газраас иргэн Н.Мгийн өмчлөлийн 59-70 БРА улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:
1. Хохирогч Н.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр охин Энхнарангийн хамт Хэнтий аймаг руу хувийн ажлаар яваад буцаад 2020 оны 07 дугаар сарын 02-ны шөнө 22 цагийн үед Багануур дүүрэгт ирсэн. Багануурт ирэхэд миний нэр дээр байдаг манай эзэмшлийн 5970 БРА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн, тоёота приус-11 маркийн машин маань байхгүй байсан. Тэгэхээр нь нөхөр Буяндэлгэрээс машин хаана байгаа талаар асуутал: “2020 оны 06 дугаар сарын 30-ны шөнө машинаа алдчихсан, манайд ажилладаг Л гэх залуу шөнө надад хэлэлгүй машины түлхүүр аваад, намайг гэрийн гаднаас цоожлоод түлхүүрийг цонхоор шидчихээд яваад өгсөн байсан. 07 дугаар сарын 01-ний өдөр дүү Үүрээ танай машин Багануур дүүргийн 4 дүгээр хороо Уурхайчин дэлгүүрийн гадна талд байна гэхээр нь очтол манай машиныг эвдчихээд орхиод явсан байсан. Лг хайсаар байгаад 08 дугаар байрнаас хамаатны айлаас нь олж уулзтал ахынхаа засварын газар өгөөд засуулчихна гээд машины түлхүүр аваад үлдсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн шөнөө хоночхоод 07 дугаар сарын 03-ны үдээс хойш нөхрийн хамт машинаа үлдээсэн газар буюу Багануур дүүргийн 5 дугаар хороо ахмадын хорооны цаад талд байдаг авто засварын газрын гадна очиход манай 5970 БРА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тоёота приус 11 маркийн машины маань урд талын зүүн талын карлан чихэгдсэн, хагарсан, урд хоёр амаржин, гар нь хугарсан байдалтай хамаг суудал нь нойтон байсан ба Л нь засуулна гэж хэлчхээд засуулаагүй байхаар үнэлгээ хийдэг Баярмаа гэх эмэгтэйг таньдаг учир машины зургийг нь дараадах гээд даруулсан байгаа. Тэгээд би цагдаагийн байгууллагад хохирлоо барагдуулахаар өргөдөл гаргаж ирсэн... Манайх Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хавцалын агуй гэдэг Багануур дүүргийн төвөөс 20 км зайтай, хөдөө чацаргана тарьдаг юм. 2017 оноос хойш тухайн талбайны голын эсрэг талд байдаг Баянгол амралтын газрын манаачийг Л нь хийдэг байсан ба өвөл гол хөлдөхөөр нэг, нэгнийхээрээ орж гарч байгаад Лг таних болсон. 2020 оны 06 дугаар сарын 25-ны орчим Л нь над руу утсаар залгаад “Баянгол амралтын газрын манаачийн ажлаас хөөгдчихлөө, танай чацарганын талбайд хийх ажил байна уу” гэхээр нь манайд граж барих, чацаргана услах зэрэг ажил байсан ба Л нь тодорхой оршин суух гэр оронгүй, мөн эртнээс мэдэх учраас манайд ирээд гражны өрлөгийн ажил хий гэж хэлсэн. Тухайн өдрөө Л нь такси бариад манай чацарганын талбайд ирсэн.Манай байшингийн хоёр давхарт Л нь байрлаад ажил хийж байсан. Тэгээд намайг Хэнтий аймгийн төв рүү ажлаар явчхаад ирэх хооронд манай нөхрийг байшингийнх нь гаднаас цоожлоод түлхүүрийг нь цонхоор нь шидчихээд, машиныг маань аваад зугтаачихсан байсан. Тэгээд манай машины дугуй, обуд зэрэг дээр хэлсэн эвдрэл, гэмтлүүдийг үүсгэж машин эвдэлж хаячхаад яваад өгсөн байсан. Сүүлд нь манай нөхөр Лг олж уулзахад ахынхаа машины засвараар янзлуулаад өгчихнө гэж хэлээд түлхүүр авчхаад янзалж өгөхгүй алга болчихсон. Одоо нөхөр бид хоёр машинаа өөрсдөө янзлуулж байгаа. Лгийн ах Баянмөнх гэх Багануур дүүргийн 5 дугаар хороо ахмадын хорооны хажуу талд байдаг засвар ажиллуулдаг залуутай уулзахад урд хэсгийн сэвийг гаргаж өгсөн. Урд амаржин, гар хоёрыг угсарч өгсөн. Өөрөөсөө нэг амаржин өгсөн. Лг байнга гай болдог юм гэж хэлж байсан. Л нь одоо ахындаа байхгүй оршин суух тодорхой гэр оронгүй, хаана байгаа нь тодорхойгүй алга болсон. Би Лтай манай машиныг эвдэлснээс нь хойш нэг ч удаа уулзаагүй, манай нөхөр л нэг удаа уулзсан байсан... Анх буюу 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр машин дээрээ очиход явахгүй, хамаг юм нь зуурсан байсан. Тэгэхээр нь Лгийн ах Баянмөнхөд “Л чамаар засуулна гэж хэлсэн байсан, засаж өг” гэхэд засварынхаа гадаа янзалсан. Баянмөнх нь зүүн урд карланы хонхойсныг гаргаж, нэг амаржин өгч зассан. Нөхөр бид хоёр өөрсдийн мөнгөөр 3 дугуй, 2 обуд, 1 амаржин, 2 гар зэрэг эд зүйлсийг аваад манай нөхөр өөрөө зассан. Машинаа Баянмөнхийн засварын гадна засаж эхлээгүй байхад үнэлгээ ажиллуулдаг Баярмаа гэх таньдаг дүүгээр зургийг нь даруулсан байгаа. Одоогийн байдлаар 3 дугуй нийт 120.000 төгрөг, хоёр гар нийт 100.000 төгрөг, хоёр обуд нийт 70.000 төгрөг, 1 амаржин 60.000 төгрөгөөр тус тус худалдаж авчхаад байгаа. Одоо бага зэрэг засвар хэрэгтэй байгаа ба компьютер оношилгоонд оруулна. Гадна талын сэв зурааснуудыг будуулаагүй байгаа... Тухайн худалдаж авсан сэлбэгүүдээ Улаанбаатар хотоос хүүхдүүддээ захиж авчруулсан тул баримтууд нь байхгүй... Би Лг өөрийн хүүхэд шигээ бодож явдаг байсан. Манай машиныг эвдэлж хаячхаад явснаас хойш нэг удаа надтай ирж уулзаагүйд гомдолтой байна. Мөн одоо засвар хийлгэсэн мөнгөө гаргуулж авмаар байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
2. Гэрч О.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манайх Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хавцалын агуй гэдэг Багануур дүүргийн төвөөс 20 км зайтай, хөдөө чацаргана тарьдаг ба тухайн газраа амьдардаг юм. 2017 оноос хойш тухайн талбайны голын эсрэг талд байдаг Баянгол амралтын газрын манаачийг Л гэх залуу хийдэг байсан ба өвөл гол хөлдөхөөр нэг, нэгнийхээрээ орж гарч байгаад Лг таних болсон. 2020 оны 06 дугаар сарын 25-ны үед Л нь Баянгол амралтын газрын манаачийн ажлаас хөөгдсөн, хийх ажил байна уу гээд манай эхнэр Мтай ярьсан байсан.Лг мэддэг мөн манайд худаг барих, граж барих зэрэг ажил байсан тул Лг ажиллуулахаар болсон. Тухайн өдрөө Л манайд ирсэн ба манай байшингийн 1 давхарт эхнэр бид хоёр, хоёр давхарт Л, урд талын байшинд Улаанбаатар хотоос манайд ирж ажиллаж байгаа Цогоо гэх залуу амьдарч байсан. Манай эхнэр 06 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн төв рүү ажлаар явсан. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би байгаль хамгаалагчийн ажил хийдэг учир манай ойр орчмоос элс ачихаар том ачааны машин буюу Хово, Ковш зэрэг машинууд ирсэн учир би тухайн элсэн дээр Ховонууд нь хэдэн удаа элс ачиж явж байгааг нь тэмдэглэж байсан. Өдөр 13 цаг өнгөрөөгөөд гэртээ очиж хоол идэхэд Л нь худгийн байраа бариад зогсож байгаа харагдсан. Би хоолоо идчихээд буцаад элс рүүгээ явсан ба орой 18 цагийн орчим гэртээ ирэхэд Л нь архи уусан шинжтэй байсан ба хаана, хэнтэй уусныг нь би мэдэхгүй. Би мөн адил жолооч нараас өгсөн ганц нэг шил архийг нь уусан байсан учир халамцуу байсан. Бид нар хоолоо хийж идчихээд унтах гэхэд Л нь урд байшинд байдаг Цогоотой юм ярьж байгаад ирнэ гээд гараад явсан. Би зурагтаар кино үзэж байгаад 23 цаг өнгөрөөгөөд нойр хүрээд байхаар нь унтсан. Тухайн үед Л ирээгүй байсан. Маргааш өглөө нь буюу 2020 оны 07 дугаар сарын 01-ний өглөө 05 цаг 30 минутын орчим сэрээд гарах гэтэл хаалга цоожтой, гэрийн түлхүүрийг гаднаас нь байшин дотор цонхоор шидсэн байсан. Би унтахдаа хаалгаа цоожлоогүй ба гэрт байсан түлхүүрээр байшингаа онгойлгоод гартал гадаа манай 5970 БРА улсын дугаартай приус 11 машин байхгүй байсан. Тэгэхээр нь Лг гэрт болон Цогоогийн амьдардаг байшинд үзэхэд байхгүй байсан ба миний Лд өгсөн гар утсыг Л нь орон дээр тавьчхаад яваад өгсөн байсан. Л манай машиныг унаад явсан байсан. Удахгүй ирэх байх, Лг ирэхээр нь надад хэлэлгүй машин аваад явчихсан байна гээд загнана гэж бодоод байж байтал Л ирээгүй. Би ажлаа хийгээд байж байтал манай гадна овьёос тарьж байсан манай дүү Үүрээ нь Багануурын төв рүү орчхоод ирэхдээ танай машин Багануур 4 дүгээр хороо Уурхайчин дэлгүүрийн гадна зогсож байна гэхээр нь Цогоотой хамт мотоцикльтой Багануур дүүргийн 4 дүгээр хороо Уурхайчин дэлгүүрийн замын эсрэг талд байдаг цагдаагийн путикны дэргэд машин дээрээ ирэхэд манай машины зүүн урд карлан, урд гупер зэрэг зүйлс хагарч, эвдэрсэн зүүн талын хоёр дугуй хагарсан, хаалга нь цоожтой байсан. Тэгээд би дугуй засвар ороод хоёр дугуй аваад Лгийн дүүгийн гэрийг нь мэдэх учир гэрт нь очоод Лг хаана байгааг асуухад 8 дугаар байранд байна гэж хэлсэн. 8 дугаар байранд очиход Л гарч ирсэн ба чи надад хэлэлгүй машин авч явлаа гэж загнахад юу ч дуугараагүй ба сүүлд нь ахынхаа засвар дээр машиныг чинь аваачаад засуулж өгнө гэсэн. Манай машины түлхүүр Лд байсан ба Лг дагуулан машин дээрээ очиж хагарсан дугуйнуудыг нь солиулаад Лгаар өөрөөр нь унуулаад айлын хашааны гадна тавих гээд Тамхи-Со дэлгүүрийн ойрхон явж байтал зүүн урд талын дугуй карландаа хавирсаар дахиад хагарсан. Тэгээд Л дугуй олж ирнэ гээд хэсэг явж байгаад жижиг шар дугуй олж ирээд машинд тавьсан. Би Лгийн ахын засвар гэх Багануур дүүргийн 5 дугаар хороо Ахмадын хорооны хажууд байдаг засвар дээр очоод ахынх нь эхнэр гэх эмэгтэйд танай дүү Л бид нарт хэлэлгүй нууцаар машин хулгайлж унаж явж байгаад эвдэлсэн байна, эвдэлсэн юмыг нь янзалж өгөөрэй гэхэд Л бид нарт хамаагүй, гадуур тэнэдэг, золбин амьдралтай гээд над руу дайраад байхаар нь би явсан. Лд машиныхаа түлхүүрийг өгчхөөд янзлуулаарай гэж хэлээд би хөдөө гэр рүүгээ явсан. 07 дугаар сарын 03-ны өдөр эхнэрийн хамт Лгийн ахын засвар дээр очиход манай машин гадаа нь байсан бас засаагүй байсан. Лг хайгаад олоогүй. Лгийн ах Баянмөнх нь урд гуперийн сэвийг гаргуулж, урд амаржинийг 1-ийг нь өөрөөсөө гаргаад сольж өгсөн. Үлдсэн засвар буюу 3 дугуй нийт 120.000 төгрөг, хоёр гар нийт 100.000 төгрөг, 2 обуд нийт 70.000 төгрөг, 1 амаржин 60.000 төгрөгөөр, компьютер оношилгоо 30.000 төгрөгөөр хийлгэсэн байгаа ба манай машин бүрэн гүйцэд янзлагдаагүй байгаа... Би машиныхаа түлхүүрийг гэрт бурхны тавиурын шургуулгад хийчихдэг. Тухайн өдөр мөн адил шургуулгад байсан. Л нь манай гэрт байнга ирдэг ба сүүлд хамт амьдарч байсан учир манай гэрт хаана, юу байгааг маш сайн мэддэг учир машины түлхүүр хаана байсныг мэдэж байсан. Машинаа олоход хаалганууд нь цоожтой байсан ба түлхүүр нь Лд өөрт нь байсан. Одоо Л нь олдохгүй машины түлхүүр Лд явж байгаа ба надад илүү түлхүүр байсан учир машинаа онгойлгоод засаж байгаа... Би Лг надад хэлэлгүй миний машиныг ав яваад, эвдэлсэн байна гэж зөндөө загнасан боловч надтай юу ч ярихгүй, дуугарахгүй байсан. Сүүлд нь машиныг чинь засварт өгөөд засуулаад өгчихье гэж хэлсэн. Би Лг 2017 оноос мэддэг. Сүүлд нь машиныг маань ахдаа өгөөд засуулаад өгчихье гэхээр нь итгээд цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Одоо Л нь хаана байгаа нь тодорхойгүй, машиныг маань янзлуулж өгөөгүйд гомдолтой байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/
3. Гэрч Т.Цогмагнайгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 06 дугаар сарын 28-ны шөнө Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд Буяндэлгэр ахын чацарганын талбайд ажиллахаар ирсэн. Би Буяндэлгэр ахын охиныг нь таньдаг юм. Тэгээд охиноор нь дамжуулж ажил хийхээр ирсэн. Тухайн өдөр намайг Багануур дүүрэгт ирэхэд Буяндэлгэр ах эхнэр М эгч, бас чацарганын талбайд ажилладаг Л гэх гурван хүн ирж намайг чацарганын талбай руугаа авч явсан. Би чацарганын талбайн хажууд байдаг байшинд ганцаараа байрлаж ажил хийж байгаа. Буяндэлгэр ах, М эгч, Л нар нь миний амьдардаг байшингаас хойш 150-200 метрийн зайд байдаг байшинд байдаг юм. 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр би Л гэх залуутай хамт чацарганын талбайд ажилласан. Тухайн өдрийн шөнө М эгч Хэнтий аймгийн төв рүү явсан. Маргааш нь буюу 06 дугаар сарын 30-ны өдөр би Л гэх залуутай худгийн блокон хашаа барьж байгаад 15 цагийн үед блок дуусаж бид хоёр ажлаасаа буугаад хойд гэрт очиж хоол хийж идчихээд би гэр рүүгээ харьж амарсан. Гэртээ амраад байж байтал шөнө 22 цаг өнгөрөөгөөд Л нь миний амьдарч байсан гэрт орж ирж сууж байгаад гарсан. Тухайн үед Л нь архи үнэртүүлсэн байсан. Надтай маргааш ямар ажил хийх талаар ярилцаж байгаад ойролцоогоор 30 орчим минут сууж байгаад гарсан. Буяндэлгэр ахын хамаатан Үүрээ гэх залуу миний ажиллаж байсан газрын ойролцоо тав, зургуулаа тариа тарьж байгаад 23 цагийн үед Буянтогтох ахын байшингийн гадаа трактор зэрэг багаж зэвсэг техникээ авчирч байх шиг байсан. Лг гарсны дараа би унтсан. 07 дугаар сарын01-ний өглөө 08 цагийн үед босоод Буяндэлгэр ахын байшинд очиход Буяндэлгэр ах цайгаа чаначихсан сууж байсан ба “ Л байхгүй, намайг гэрийн гаднаас цоожлоод, миний машиныг аваад явчихсан байна” гээд сууж байсан. Би ажилдаа гараад ажлаа хийж байтал Буяндэлгэр ахын хамаатан Үүрээ нь Багануурын төв орчхоод ирсэн ба Буяндэлгэр ахын машиныг дөрвөн замын уулзвар дээр мөргөлдүүлээд орхичихсон байна гэж хэлсэн. Тэгээд Буяндэлгэр ах машины олж ирнэ гээд надтай хамт мотоцикльтой Багануур дүүргийн төв рүү орж ирсэн. Багануур орж ирээд Буяндэлгэр ахын найз гээд цэнхэр приустэй ахынд ирээд бид гурав хайж байгаад Буяндэлгэр ахын машиныг засмал замын хажуугаас олсон. Би Багануур дүүргийн нутаг дэвсгэрийг мэдэхгүй, хүн танихгүй учир Буяндэлгэр ахын машин аль хэсэгт байсныг нь мэдэхгүй байна. Мөн Буяндэлгэр ахын найзын нэр болон гэрийг нь хаана гэдгийг нь ч хэлж мэдэхгүй байна. Буяндэлгэр ахын машин дээр очиход зүүн талын хоёр дугуй нь хагарсан, урд талын хоёр амаржин хойшоо их бие рүүгээ налсан байдалтай, зүүн талын карлан нь цөмөрсөн, хаалганууд нь цоожтой байсан. Би гэрээ цоожлоогүй мөн бороо орох гээд байсан учир Буяндэлгэр ахыг үлдээгээд мотоцикльтойгоо гэр рүү явсан... Би Л гэх хүнийг өмнө нь харж байгаагүй ба чацарганын талбайд ажил хийх гэж ирээд л харсан. Бид хоёр өдөр хамт ажил хийсэн. Би Лгийн талаар өөр зүйл мэдэхгүй. Машин авч явсан гэх өдрөөс хойш хараагүй... тухай өдөр Лг хэнтэй архи уусныг нь ч мэдэхгүй байна... Манай чацарганын талбайн хажууд өөр ногоо тарьж байгаа гээд хүмүүс байсан... Би тэр хүмүүсийг нь танихгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/
4. Гэрч Д.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Л нь манай төрсөн дүү байгаа юм. Л нь манай хамаатан садны хүмүүс дээр байдаггүй. Сүүлийн жилүүдэд Хэрлэн голын эрэг дээр байдаг Баянгол гэдэг амралтын газар ажил хийж байгаад ажлаасаа гарсан гэж байсан. Хамгийн сүүлд надтай таарахдаа сар өдрийг нь мэдэхгүй байна. Баянгол амралтын эсрэг талд байдаг айлд байж байгаад приус -11 маркийн машиныг нь унаж явж байгаад эвдэлсэн гээд манай засварын гадна тухайн машины жолооч гэх хүн авчирсан. Тэр үед нь би машиных нь дугуй, урд карлан зэрэг зүйлсийг нь янзалж өгөөд явуулсан. Тэрнээс хойш би Лийг хараагүй. Улаанбаатар хотод байгаа гэж сонсогдож байсан. Улаанбаатар хотод ямар ажил хийж байгаа болон утасны дугаар зэргийг нь мэдэхгүй. Л нь манай гэрээр ирээд байдаггүй учир холбоо бариад байдаггүй. Одоо хаана байгаа талаар нь мэдэхгүй байна... Тухайн машины доод тэнхлэгийн гар, урд амартизатор хоёр нь мурийсан, урд карлан хонхойсон, нэг дугуй нь хагарсан байсан бас сэлбэгүүдийг нь тухайн машины хүмүүс авчраад би янзалж өгсөн... Би М, Буяндэлгэр гэх хүмүүсийг танихгүй. Лийн унаж явж байгаад эвдэлсэн гэх машины эзэн нь Буяндэлгэр, М гэх хүмүүс байсан. Би урд нь харж байгаагүй... Машиныг нь засаж өгөхдөө анх харсан.... Надад тэр тухайгаа яриагүй... Хүний машин унаж яваад эвдэлчихлээ, янзлаад өгөөч гэхээр нь янзалсан төдий... Би нарийн зүйлсийг нь мэдэхгүй... ” гэсэн мэдүүлэг / хх-ийн 30-31 тал /
5. Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би Багануур дүүргийн 4 дүгээр хороо Хэрлэн голын баруун талд байдаг Баянголын амралтад манаачаар 4 жил ажилласан. Тухайн амралтад ажиллаж байх хугацаандаа голын цаад талд буюу Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум Согоот багт байдаг Буяндэлгэр, М гэх чацаргана тарьдаг ах эгч хоёртой танилцаж гэрээр нь орж гарч байдаг болсон. Баянгол амралтын газрын манаачийн ажлаас 2020 оны 06 дугаар сард гараад Буяндэлгэр ах М эгч хоёр дээр очиж чацарганын талбайн гадаа худаг болон машины граж барих ажилд нь туслахаар болоод тэр хоёрын гэрт байрлаж ажиллаж байсан юм. 2020 оны 06 дугаар сарын сүүлээр М эгч Хэнтий аймгийн төв рүү явсан ба гэрт нь Буяндэлгэр ах хотоос ирсэн гэх залуу бид гурав үлдсэн юм. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Буяндэлгэр ах бид хоёр Хэрлэн гүүрэн дээр байдаг дэлгүүр ороод хоёр шил 750 граммын “Хараа” нэртэй архи худалдаж аваад нэг шил архийг нь Буяндэлгэр ах бид хоёр хувааж уугаад үлдсэн нэг шил архиа чацарганын талбайн ард талд зусаж байсан хөдөөгийн айлд очиж гэрийн эзэнтэй нь хувааж уусан. Тухайн гэрийн эзэн бид хоёрт дахиж нэг шил 750 граммын “Хараа” нэртэй архи гаргаж өгч бид гурав түүнийг хувааж уусан. Архиа ууж дуусчхаад 20-21 цагийн орчим Буяндэлгэр ах бид хоёр гэртээ ирсэн. Гэртээ ирээд Буяндэлгэр ах согтоод тасраад уначихсан. Тухайн үед би бас согтсон учир зарим нэг үйлдлээ сайн санахгүй байгаа. Багануур дүүргийн төв рүү очиж ажлын хувцас авъя гэж бодож байсан ба тухайн үед би Буяндэлгэр ахад хэлэлгүй 59-70 БРА улсын дугаартай саарал өнгийн тоёота приус 11 маркийн машиныг унаад Багануур дүүрэгт ирсэн. Би согтуу байсан учир Багануур дүүрэгт ирэх замдаа Багануур дүүргийн 3 дугаар хороо цэргийн ангийн орчим байдаг найз Хуягаагаар машинаа бариулах гээд гэрээс нь очиж авсан. Тэгээд найзаараа бариулаагүй өөрөө бариад найз Хуягаагаа хажуудаа суулгаад дүү Зандансүрэнгийнд очиж хувцсаа авахаар явж байгаад Багануур дүүргийн 4 дүгээр хороо Соронз дэлгүүрийн урд талын автозамын хашлага боржуурыг дайраад машиных нь доод эд анги болох гар, урд гупер, дугуй зэргийг нь эвдчихсэн юм. Тэгээд замын цагдаагийнхан ирээд намайг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Маргааш нь намайг дүүгийндээ байхад Буяндэлгэр ах Багануурт ирээд надтай уулзаад машин хулгайлж авч явлаа гээд уурлаад загнаад байсан. Тэгэхээр нь би ахынхаа засварт засуулаад өгье гээд Багануур дүүргийн 3 дугаар хороо “Цахиур” авто засварыг ажиллуулдаг Баянмөнх ах дээр машиныг нь аваачиж өгсөн. Баянмөнх ах тухайн машины урд гар, амартизаторыг янзлан урд гуперний хонхойсон хэсгийг нь янзалсан. Би Буяндэлгэр ахад манай ах таны машиныг янзлаад өгчихнө гэж хэлээд явсан ба тэрнээс хойш Буяндэлгэр ахтай уулзаагүй. Багануур дүүрэгт 3-4 хоног архи ууж явж байгаад Улаанбаатар хот руу явж таньдаг хүнтэйгээ уулзаад хамгаалалтын албаны ажил байна гэхээр нь тухайн ажилд нь ороод Дорнод аймагт “Мардай”-н уурхайд харуул хамгаалалтын ажил хийж байгаад 2020 оны 09 дүгээр сарын дундуур ажлаасаа гараад Улаанбаатар хотод барилгын ажил хийсэн. Тухайн ажлаасаа гараад 2020 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Мөнгөнморьт суманд самар түүж байгаад 10 дугаар сарын 24-ний орчим Багануур дүүрэгт ирсэн. Багануурт ирээд архи ууж явж байгаад цагдаад баригдсан. Буянтогтох ахын машиныг зөвшөөрөлгүй авч яваад согтуу явж байхдаа Багануур дүүргийн замын цагдаад баригдсан байсан. Тэгээд тухайн зөрчилдөө Улаанбаатар хот хонхорт байдаг баривчлах төвд 30 хоног баривчилгаанд явахаар болсон. Тэндээс гарч ирээд Буянтогтох ах М эгч нарын машиныг эвдсэн хохирлыг барагдуулж өгнө. Би цагдаа дээр ирэхээсээ айгаад байсан учир өдийг хүртэл цагдаагийн байгууллага дээр ирж хэрэг зөрчлөө шийдвэрлүүлж чадахгүй яваад байсан юм. Одоо баривчилгаанд явж ирчхээд өөрт холбогдох хэргээ шийдвэрлүүлнэ. Би Багануур дүүрэгт Баянмөнх ахын засварын газарт Буянтогтох ахын машиныг үлдээхдээ түлхүүрийг нь ахын засварын газрын лангууны өлгүүр дээр үлдээсэн. Манай хамаатан садны хүмүүс намайг тоодоггүй учир би хамаатны хүмүүстэйгээ уулзаад, холбогдоод байдаггүй. Багануурт ирснээсээ хойш засварын газар ажиллуулдаг Баянмөнх ахтай уулзаагүй. Машиных нь түлхүүр Баянмөнх ахын засвар дээр байгаа байх... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа ба Буяндэлгэр ах М эгч нарыг сайн таних учир хохирлыг нь төлж өгнө... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би хүлээн зөвшөөрч байна... Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Буяндэлгэр ахын гэрт тэдний ахуйн ажилд нь тусалж амьдардаг байсан юм. Тэгсэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Буяндэлгэр ахын эхнэр М эгч охиныхоо хамтаар Хэнтий аймгийн Чингис хот руу хүргэнийхээ машинаар явсан. Харин Буяндэлгэр ах бид хоёр гэрээ сахиж үлдсэн юм. Ингээд М эгчийг Чингис хот руу явахаар нь Буяндэлгэр ах бид хоёр М эгчийн нэр дээр байдаг 59-70 БРА улсын дугаартай приус 10 маркийн автомашиныг нь унаад Хэрлэнгийн гүүр орж 0.75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архинаас 2 шилийг аваад буцаж гэртээ ирээд хоёулаа хувааж уусан. Ингээд бид хоёр архи дуусахаар нь Буяндэлгэр ахынхаас 500 метр орчимд нутаглаж байсан Буяндэлгэр ахын таньдаг айлд нь очсон. Ингээд тэр айлд очиход бид хоёрт нэг шил архи гаргаж өгсөн. Ингээд уг айлд нэг шил архи уучхаад Буяндэлгэр ах бид хоёр буцаж гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд Буяндэлгэр ах нэлээн согтсон байсан учир тасраад унтаад өгсөн. Тэгэхээр нь би Багануур дүүрэг рүү явж ажлын хувцас авчрахаар М эгчийн нэр дээр байх машиныг нь унаад Багануур дүүргийн төвд зам тээврийн осол гаргаж машиныг нь эвдэлж гэмтээчихсэн юм... Би хэнээс ч машиных нь талаар зөвшөөрөл аваагүй... Би М эгчийн машинд учирсан гэмтэл засвар үйлчилгээнд зарцуулсан мөнгө төгрөг буюу учирсан хохирлоо бүрэн барагдуулна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/
6. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ний 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №378 дугаартай: “... Тоёота приус 11 учирсан хохирлын үнэлгээг 590.000 /таван зуун ерэн мянга/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 45-47 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Мд 590.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч *******оос 590.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Мд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Лийг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 800.000 /найман зуун мянга / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 590.000 /таван зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Мд олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ