Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2023/0018

 

 

                                                      Х.Аын нэхэмжлэлтэй

                                                 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С нар,

Нэхэмжлэгч: Х.А,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Шийдвэр хүчингүй болгох тухай” 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгох”,

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 57 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,

Хэргийн индекс: 110/2022/0034/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.А нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдууланТөрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Шийдвэр хүчингүй болгох тухай” 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгох”-оор маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2, 27.1.3, 27.2, 27.3,  33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 33.3, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Аын “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Шийдвэр хүчингүй болгох тухай” 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна . Анхан шатны шүүх Х.Аын нэхэмжлэлийг дараах тогтоогдсон хууль зүйн нөхцөл байдлыг үндэслэн ханган шийдвэрлэх ёстой байсан.

            3.2. Х.А нь Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” 220 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны дэс түшмэлийн нөөцөд бүртгэсэн шийдвэр одоо хүчинтэй байна. Иймд Х.А нь төрийн албаны мэргэшлийн шалгалтыг 2002 оны Төрийн албаны тухай хуулийн хүрээнд өгсөн учраас түүний эрх зүйн байдлыг дордуулан дахин тусгай шалгалт өгөх ёстой гэж анхан шатны шүүхээс дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, Х.Аын энэхүү маргаанд анхан шатны шүүх 2002 оны Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх ёстой байсан.

3.3. Х.А би 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тасралтгүй 6 дахь жилдээ ажиллаж байна. Тухайлбал, Х.А нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тус газрын даргын тушаалаар тус аймгийн ХХҮГ-ын харьяа асрамжийн газарт 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нябогоор, тус газын даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/53 дугаартай тушаалаар тус газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 14 ний өдрийн “Х.Аыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/67 дугаар тушаалаар тус газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр одоо хүртэл ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Х.А нь тус газарт 7 дахь жилдээ тасралтгүй төрийн жинхэнэ албан тушаал хашиж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

3.4. X.A-т Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн албан хаагчийн тангаргийн хуудсыг гардуулсан ба уг тангаргийн хуудас нь одоо хүртэл хүчинтэй байна. Уг тангаргийн хуудсыг хуурамчаар үйлдсэн магадгүй гэж аймгийн Цагдаагийн газраас хянан шалгасан боловч уг тангаргийн хуудас хуурамч биш, эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу олгосон гэдгийг тогтоосон.

3.5. Тангаргийн хуудсыг хүчингүй болгосон гэх Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Шийдвэр хүчингүй болгох тухай” 29 дүгээр тогтоол гаргах үед хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд зааснаар Х.Ат урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй байгаа явдал нь Х.Аын тангаргийн хуудасны асуудлаар тайлбар гаргах, нотлох баримт өгөх Захиргааны ерөнхий хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн.

3.6. Маргаан бүхий тогтоолоор шийдвэрийг хүчингүй болгосон гэж байгаа мөртлөө чухам ямар байгууллагын хаана, хэзээ үйлдсэн ямар утгатай шийдвэрийг хүчингүй болгосон нь тодорхой бус байна.

3.7. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс тангаргийн хуудсыг өөрөө Х.Ат гардуулсан мөртлөө өнөөдөр тус байгууллагаас өөрсдөө өгсөн тангаргийн хуудсыг дахин үгүйсгэн хүчингүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 57 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Х.Аын нэхэмжлэлийг шаардлагын ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч Х.А нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдууланТөрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Шийдвэр хүчингүй болгох тухай” 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгох”-оор маргасан байгаа, 29 дүгээр тогтоолоор “... Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж буй Х.Аын төрийн захиргааны алба хаагчийн тангаргийн хуудас нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоол бүхий эрх зүйн актаар баталгаажаагүй, хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон гэж үзээд хүчингүйд тооцсон” байна. 

            3.2. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор тангараг өргүүлэх төрийн жинхэнэ албан хаагчдын нэрсийг баталсан, үүнд Х.Аын нэр багтаагүй бөгөөд тус зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаартай албан бичигт “... Х.Атай холбоотой нэр дэвшүүлэх тогтоол салбар зөвлөлөөс гаргаагүй, мөн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцоогүй” гэсэн, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01/1575 дугаартай албан бичигт “... салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нь салбар зөвлөлийн тангараг өргүүлэх шийдвэр гаргаагүй байхад Х.Аын төрийн захиргааны албан хаагчийн тангаргийн хуудсанд тэмдэг дарж баталгаажуулсан байна” гэсэн, мөн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/102 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолд “... Х.А нь тангараг өргөх ёслолд оролцоогүй нь тогтоогдсон, ...  тангаргийн хуудсыг салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б/53 дугаар тушаалыг үндэслэн бичиж олгосон, ... тангаргийн хуудсыг хуурамчаар үйлдээгүй...” гэжээ.

3.3. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар “... Х.Аыг Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон”, мөн газрын  даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/67 дугаар тушаалаар “... Х.Аыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон” байна.

3.4. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаартай шийдвэрээр “... Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 6 орон тоо хэвээр, Х.А нь сумын мэргэжилтэн М.Сий оронд түр томилогдсон нь тогтоогдож байна, ... Х.Аын одоогийн ажиллаж байгаа Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байр нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан үндэслэлээр бий болсон сул орон тоо биш байх тул уг орон тоонд түүнийг хууль ёсны дагуу бүр томилогдон ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй” гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, зарим нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталсан, Х.А уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй байна.

            3.5. Хариуцагч “Х.А нь 2018 онд мэргэшлийн шалгалт өгөөд нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар нөөцөд байх хугацаа 2 жил байсан” үйл баримттай маргаагүй, харин “... түүнийг нэр дэвшүүлсэн тухай тогтоол байгаагүй учир нэхэмжлэгчийн тангаргийн хуудас хүчингүй болсон, ... мөн мэргэжлийн шалгалтын нөөцөд байгаа хүн шууд бүртгэгдэнэ гэсэн зүйл байхгүй, 2019 оноос хойш заавал тусгай шалгалт өгөх шаардлагатай болсон, ... нэр дэвшүүлэх тогтоол гаргаж өгөх хүсэлтийг шүүхэд хэрэг үүссэн хавтаст хэргээс харсан” гэж тайлбарладаг. 

            3.6. Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 33 дугаар зүйлийн 33.2-т төрийн жинхэнэ албаны шалгалт “ерөнхий болон тусгай” гэсэн төрөлтэй байхаар заасан бөгөөд нэхэмжлэгчийн тухайд уг хуулийн хэрэгжилтээс өмнө төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж нэр дэвшүүлэх тухай” 220 дугаар тогтоолоор нөөцөд бүртгэгдсэн байна.

            3.7. Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 27 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд хуульд заасан журмын дагуу уг орон тоог нөхөх бөгөөд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлж, сонгон шалгаруулалт явуулж, төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилохоор хуульчилсан. Мөн 33 дугаар зүйлийн 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасан.

            3.8. Х.А нь хуульд заасны дагуу төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдоогүй бөгөөд тэрээр ийнхүү тангараг өргөсөн болохоо нотолж чадаагүй, “салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаас Б/53 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд бүр томилогдсон хэмээн тайлбарлаж тангаргийн хуудсыг тэмдэг даруулан авсан” үйл баримтыг үгүйсгэж маргахгүй байна. Иймд маргаан бүхий 29 дүгээр шийдвэрээр Х.Аын “2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн огноотой, Аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн” гэх тангаргийн хуудсыг хүчингүй болгосноор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй бөгөөд нэгэнт хууль журмын дагуу аваагүй тангаргийн хуудсыг хэвээр үлдээх нь зүйд нийцэхгүй.

4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                                                                          

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

                    ШҮҮГЧ                                                              о.ОЮУНГЭРЭЛ

                    ШҮҮГЧ                                                             Н.ДОЛГОРСҮРЭН