Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 10

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Отгон-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “ЗХЮТ ” ХХК,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох,

“Өмнөговь аймгийн Ханбогд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0142078 дугаартай шийтгэлийн хуудас болон  2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1604324/07 дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “ЗХЮТ ” ХХК-ийн өмгөөлөгч К.Жархынбэк, хариуцагч Ханбогд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “ЗХЮТ ” ХХК шүүхэд гаргасан гомдол болон гомдол гаргагчийн өмгөөлөгч К.Жархынбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөговь аймгийн Ханбогд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А  нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0142078 дугаар шийтгэлийн хуудсаар “газар ашиглах эрх дуусгавар болоход газар чөлөөлөөгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлээр 10 500 000 төгрөгийн торгууль ногдуулж, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1604324/07 дугаар эрх бүхий албан тушаалтны даалгавраар зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг даалгасан нь хууль тогтоомж зөрчсөн, манай компанийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

“ЗХЮТ ” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Галба- XI талбайд 2009 оноос хойш Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ба өнөөдрийг хүртэл уг гэрээ хүчин төгөлдөр болно.

“ЗХЮТ " ХХК нь газрын тосны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг гэрээлэгчийн хувьд чанд мөрдөж ажиллаж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаас олгосон 2012 оны 09 сарын 28-ны өдрийн 0007595 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээний дагуу 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх авсан.

Газар ашиглах эрх 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болсон боловч 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй байсан тул сунгуулах талаар хүсэлтийг гаргаж амжаагүй байсан ба газар олгосон албан тушаалтнаас Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй гэж заасны дагуу газар чөлөөлөх мэдэгдэл ирүүлж байгаагүй.

Гэтэл Улсын байцаагч Б.А  нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0142078 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн 10 000 нэгж буюу 10 000 000 төгрөгөөр торгосон нь илт хууль бус гэж үзэж байна.

Тодруулбал Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ гэж заасан бөгөөд 90 хоногийн дотор чөлөөлөх үүрэг зөвхөн газар эзэмшигчийн үүрэгт хамаарна.

Харин Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж заасан ба аж ахуйн нэгж байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд заасан хугацаанд чөлөөлөх үүргийг манай компани хүлээнэ. Ханбогд сумын Засаг даргаас газар чөлөөлөх тухай мэдэгдэл, албан бичиг огт ирж байгаагүй болно.

Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3-т “Газар эзэмшигч, ашиглагч газар чөлөөлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаас үзвэл ашиглагч газар чөлөөлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгохоор зохицуулсан.

Чөлөөлөх хугацаа тогтоосон мэдэгдэл, албан бичиг ирээгүй, хуулиар газар ашиглагч газар чөлөөлөх хугацааг тогтоож, зохицуулаагүй байхад торгууль ногдуулсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох газарт тайлагнаагүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн 500 000 төгрөгийг торгууль ногдуулсан байна.

Гэтэл манай компани нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж, хэрэгжүүлж ажилласан байхад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй гэж үзсэнд гомдолтой байна. Ямар үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь тодорхой бус ба энэ талаар холбогдогч хуулийн этгээд буюу тус компанийн гүйцэтгэх захирлаас тайлбар аваагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн тайлбар, мэдүүлэг өгөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт гаргаж өгөх эрхүүдийг ноцтойгоор зөрчсөн.

Улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасны дагуу холбогдох нотлох баримтыг цуглуулж, түүний үндсэн дээр шийдвэр гаргах үүрэгтэй байтал ямар ч баримтгүйгээр зөрчил үйлдсэн гэж үзсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1.1-д “дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” 1.1-т зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол, 2-т Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна гэж тус тус заасан бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна гэж тус тус заасан байна.

"ЗХЮТ ” ХХК нь зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй, зөрчил нь үйлдэгдээгүй байхад хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь дээрх зохицуулалтыг зөрчсөн болох нь тодорхой байна.

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1604324/07 дугаар эрх бүхий албан тушаалтны даалгавраар тус газрыг чөлөөлөх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэх, харуулын пост бүрд хог хаягдлын цэг болон зориулалтын бие засах газрыг байгуулж, замуудыг засаж тохижуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэхийг даалгасан байх ба нэгэнт дээрх үндэслэлээр зөрчил гараагүй, тогтоогдоогүй хуульд заасан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй туг уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг даалгах эрх улсын байцаагчид байхгүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А ийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0142078 дугаар шийтгэлийн хуудас болон 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1604324/07 дугаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газар ашиглах эрхийн хугацаа дуусахад газраа чөлөөлөөгүй гэх зөрчлийн үндэслэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 132 тоот захирамжаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгож 0007595 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон байдаг.

Гэтэл “ЗХЮТ ” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болж газар чөлөөлөх, газрыг нөхөн сэргээх сайжруулах нөхцөл шаардлага үүссэн байх төдийгүй газар ашиглах эрхийн хугацаа дуусаад 1 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад газар ашиглагч нь газар ашиглах эрхийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргаагүй, уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хуульд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгох ямар ч арга хэмжээ аваагүй байна.

Холбогдогч газар чөлөөлөөгүй гэх зөрчил үйлдээгүй талаар тайлбарлахдаа “Хуулиар газар ашиглагч газар чөлөөлөх хугацааг тогтоож, зохицуулаагүй”, Газрын тухай хуулийн 41.1 /Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ/  дэх хэсгийг зөвхөн газар эзэмшигчийн үүрэг гэж дурджээ.

Энэ тайлбараас харахад газар ашиглагч нь газар эзэмшигчээс давуу эрхтэй, газар ашиглах эрх дууссан ч төрийн байгууллага, албан тушаалтнаас ямар нэгэн газар чөлөөлөх мэдэгдэл өгөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийн хугацаа дуусахад хэдий хугацаагаар ч тухайн газраа ашиглаж болно гэсэн утга агуулж байна.

Газар ашиглах, эзэмших эрх дуусгавар болсон бол газар эзэмшигч 90 хоногийн дотор, харин газар ашиглагч нь газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болоход газраа чөлөөлөх тухай газрын тухай хуульд заасан байна.

Газрын тухай хуулийн 3.1.5-д “газрыг чөлөөлөх” гэж тухайн газрыг эзэмших,

ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг зар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг, 47.2-д “Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байсан

иргэн, аж ахуйн нэгж байгууллага газрыг нөхөн сэргээж, сайжруулсан байна” гэж тус тус заасан байна.

          Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй гэх зөрчлийн үндэслэлд “ЗХЮТ ” ХХК нь 2018 оны хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа Байгаль орчин аялал жуулчлалын яамаар 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан хэдий ч тухайн төлөвлөгөөнд заагдсан ажлуудаас өрмийн замыг нөхөн сэргээх ажлыг хийж гүйцэтгэсэн. Бусад ажлуудыг огт хийж хэрэгжүүлээгүй нь газар дээрх нөхцөл байдал, холбогдогчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

          Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний 4 дүгээр хуудсанд байгаль хамгаалах талаар түр замуудыг хааж тэмдэгжүүлэх,  Цооногийн туршилтын ажил хийх үед тоног төхөөрөмжийн дор шингэн үл нэвчих хальс дэвсэх, хөрс хамгаалах, Ахуйн хаягдал бохир ус, жорлонгийн цооногт ариун цэвэр халдваргүйжүүлэлт хийх, ахуйн хог хаягдлыг ангилан ялгах, бага оврын хогийн цэг байгуулах, тоос дарах ус шүршигч машин авч ажиллуулах зэрэг ажлуудыг тусгасан боловч огт хэрэгжүүлээгүй болно.

          Эрх бүхий албан тушаалтны даалгавар өгсөн үндэслэлд “ЗХЮТ ” ХХК-ийн зөрчлийг шалгаж хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй бөгөөд зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагаануудыг явуулж нотлох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр шийтгэл оногдуулсан болно.

          Дээрх зөрчлүүд үйлдэгдсэн нь хангалттай нотлогдсон, хууль тогтоомжоор тодорхой зохицуулсан байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасны дагуу зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор эрх бүхий албан тушаалтны даалгавар гаргасан болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“ЗХЮТ ” ХХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Ханбогд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0142078 дугаар “Шийтгэлийн хуудас”, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1604324/07 дугаар “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”-ыг тус тус хүчингүй болгуулах”  шаардлага бүхий гомдлын хэргийг хянан хэлэлцээд, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Ханбогд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А  нь (цаашид “ улсын байцаагч” гэх) гомдол гаргагч “ЗХЮТ ” ХХК-ийг “газар ашиглах эрх дуусгавар болоход газар чөлөөлөөгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлээр 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0142078 дугаар шийтгэлийн хуудсаар 10,500,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, эрх бүхий албан тушаалтны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1604324/07 дугаар албан даалгавар хүргүүлсэн байна.

Улсын байцаагч “ЗХЮТ ” ХХК-ийн холбогдох зөрчилд 1929000001 дугаар бүхий зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шалгасан боловч хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулахаар шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч зөрчлийн үйл баримтуудыг буруу тогтоосон, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж маргасан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ...”, 4.4 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 1 дэх хэсэгт зааснаар бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж хуульчилжээ.

Улсын байцаагч шийтгэл оногдуулах үндэслэлээ Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2-д “.Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох газарт тайлагнаагүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, 8.1 дүгээр зүйлийн 3-д “Газар эзэмшигч, ашиглагч газар чөлөөлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасныг зөрчсөн гэж тодорхойлсон.

Гэтэл улсын байцаагч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрхэн, ямар байдлаар хэрэгжүүлээгүй, газар чөлөөлөх талаар ямар хугацаа тогтоосныг шалгаж тогтоогүйгээс гадна  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасан  хууль ёсны төлөөлөгчийг тогтоож зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбар, нотлох баримт гаргах зэрэг эрх, үүргийг холбогдогчид эдлүүлэх боломжоор хангаагүй болох нь холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл (“ЗХЮТ ” ХХК-ийн талбайн менежер HAO MINGYUAN)[1], хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “... тухайн кэмпыг хариуцаж байсан хүнээс  тайлбар, мэдүүлэг авсан...” гэх тайлбараар тогтоогдож байна.

Мөн тухайн зөрчил тус бүрд бус хамтад нь торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэж заасантай нийцээгүй байна.

Улсын байцаагчаас дугаар бүхий зөрчлийн хэрэг нээж шалгасан боловч хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэж оногдуулж шийдвэрлэсэн үндэслэлээ шүүх хуралдаанд “... шийтгэлийн хуудсын маягт дууссан байсан тул энэхүү маягтыг ашиглаж шийдвэрлэсэн...” гэх тайлбарыг зөвтгөх үндэслэлгүй.

Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан  тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.”, 2.3-д “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх”, 2.4-д “зөрчлийн хэрэг нээх” гэж хуульчилснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, зөрчлийн хэрэг нээж шийдвэрлэх нь зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд баримтлах 2 өөр журам юм.

Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий ажилтан хуульд заасан журмыг зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан болох нь дээрх байдлаар тогтоогдож байх  тул зөрчилд дурдагдаж буй “ЗХЮТ ” ХХК-ийн газар ашиглах эрхтэй холбогдох болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй  гэх үйл баримтад дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1.1, 6.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “ЗХЮТ ” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, “Өмнөговь аймгийн Ханбогд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0142078 дугаар “Шийтгэлийн хуудас”, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1604324/07 дугаар “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”-ыг тус тус хүчингүй  болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж, гомдол гаргагчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАЯРМАА

 


[1] Хэргийн 34 дэх тал