| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0072/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/72 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0072/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Б.Нарангэрэл
Шүүгдэгч Г.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Бд холбогдох 2139000000072 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баян-овоо сумын 3 дугаар баг Хараат гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, давж заалдах шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 сар 20 хоногийн баривчлах ял болгон өөрчлөгдсөн, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тсугай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил 2 сар хорих ялаар шийтгэгдэж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, А овгийн Г Б /СД000000/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г Б Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар баг Хараат гэх газарт Г.Цгийн гэрт 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчимд Г.Цтай маргалдаж нүүр хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисны улмаас Г.Цгийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүрний зүүн хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Г.Цгийн өгсөн:... Манайх Хэнтий аймгийн Баян-овоо сумын 3 дугаар баг “Хараат” гэх газар Б гэх айлтай хамт өвөлжиж, одоо хамт хаваржиж байна. 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай нөхрийг хүн гуйгаад цагаан сарын бэлтгэл хангах ажлаар Дорнод аймгийн Хөлөнбуйр сум явсан байсан юм. Ойролцоогоор 16 цагийн орчимд манай хөрш Г.Б утсаар яриад та ачааныхаа машиныг асааж ирээд намайг авчих гэж хэлэхэд нь би манай машин асахгүй, олон хоног асаагүй Идэрээ байхгүй байна гэж хэлээд утсаа тасалсан. Орой 21 цагийн орчимд Б манайд орж ирэхдээ архи уучихсан байсан. Орж ирээд Идэрээ ах яасан бэ гэж 2-3 удаа асуухад нь би Хөлөнбуйр сум явсан гэж 2-3 удаа хариулаад Идэрээг чи ирвэл юу гэж, ирэхгүй бол юу гэж хэлсэн, мөн уусан идсэн архиа зөв шингээгээрэй гэж хэлсэн юм. Тэгтэл би аав, ээждээ ч загнуулж үзээгүй гэж хэлээд миний нүүрэнд 2 удаа цохьсон. Тэр үед гэрийн гаднаас эхнэр нь орж ирээд аваад гарсан. Ийм л зүйл болсон...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний төлбөрийг өгч бид сайн дураараа эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу /
Гэрч Г.Хийн өгсөн:...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн орчимд манай нөхөр Г.Б ганцаараа Хэнтий аймаг орж машиныхаа батерейг цэнэглэх ажлаар өөрийнхөө 98-77 ХЭҮ улсын дугаартай приус 11 маркын машинтай явсан. Оройн 21 цагийн орчимд манайхан ойрхон өвөлжиж байсан Болдоогоор хүргүүлж ирсэн. Ирэхдээ бага зэргийн архи уусан байсан. Тэгээд машин эвдэрсэн Бгийнд орхиод ирлээ, буцаж явж авна гэж хэлээд хөрш Идэрээгийнд орсон. Би ардаас нь ороход манай нөхөр Б, хөрш айлын эгч Ц нар юм яриад сууж байхаар нь би гараад явчихсан юм. Удалгүй чанга, чанга дуу гараад байхаар нь эргээд ороход Ц эгчийн нүдийг цохьчихсон байсан. Тэгээд би Быг аваад гэртээ орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуу/
Гэрч Х.Сийн өгсөн:... Б ах 2 хүүхэдтэй, хүүхдүүд нь 6, 4 дүгээр ангид Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Б ах эхнэртэйгээ хөдөө айлын мал малладаг. Урьд нь сумын төв дээр байдаг байж байгаад өнгөрсөн жилээс малжих гээд айлын мал аваад хөдөө гарсан юм. Хэнтий аймгийн төв дээр ирэхдээ манай гэрт ирдэг. Б ахын ааш зангийн хувьд эелдэг, бид муудалцаж байгаагүй, уур, уцааргүй, ажилсаг, гэр бүлдээ анхаарал халамж сайн тавьдаг. Хааяа нэг баяр ёслолын үеэр архи ууж иддэг. Уухаараа унтаад өгдөг, хүнтэй муудалцаад байдаггүй. Тамхи хааяа татаж байгаа харагддаг. Ямар нэгэн гаж муу зуршилгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу /
Гэрч Л.Цы өгсөн:.. Миний найз Б нь айлын 4 хүүхдийн 3 дахь нь дээрээ нэг ах, нэг эгчтэй, доороо нэг дүүтэй. 2019 онд Х гэх хүнтэй гэр бүл болж 2 хүүтэй болсон. Ааш зангийн хувьд уур, уцаар багатай, хүнд тусч, цайлган цагаан хүн. Гэр бүлдээ анхаарал халамж сайн тавьдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 91 дугаартай дүгнэлт:
1.2 Г.Цгийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүрний зүүн хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 34 хуу /
Яллагдагч Г.Бын өгсөн:... Би хөрш айл болох Идэрээгийнд ороход түүний эхнэр Ц бага насны хоёр хүүхдийнхээ хамт байсан. Би ороод Идэрээг асуухад Дорнод аймгийн Хөлөнбуйр сум явсан, хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна гэж хэлэхэд нь та ачааны машинаа асаачих миний машиныг чирээд ирье гэж хэлсэн юм. Тэгтэл машин асаахгүй, чи архи дарс уугаад малаа хаяж явлаа гэж уурлахаар нь миний уур хүрээд маргалдаж эхэлсэн. Тэгээд би уурандаа баруун гараа нэг удаа нүүрэн тус газар нь цохисон. Намайг зөрүүлээд галын хайчаар зүүн нүдний хөмсөг хавьд цохиход нь би ахиад нэг удаа нүүрэнд нь цохисон. Тэр үед манай эхнэр гэрийн гаднаас намайг дуудаад битий хэрүүл хийгээд бай гэж хэлээд гэртээ хамт орсон...Би Цд гэмтэл учруулсанаа хүлээн зөвршөөч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/
Г.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 хуу/
Г.Бын нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 хуу/
Г.Б нь 2020 оны жилийн эцсээр 168 толгой мал тоолуулсан тухай тодорхойлолт /хх-ийн 76 хуу/
Хохирогч Г.Цгийн гаргасан “Г.Бд гомдолгүй ” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 82 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 83-84 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Б нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар баг Хараат гэх газарт 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчимд хохирогч Г.Цтай “машин чирж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж нүүрэнд нь гараараа 2 удаа цохиж зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүрний зүүн хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Хохирогч Г.Цгийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Г.Ц, гэрч Б.Х нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно
Аймгийн Прокурорын газраас Г.Бын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 87 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 89 хуу/ гарган яллагдагчид 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Г.Б нь хүлээн зөвшөөрч /хх-ийн 94 хуу/ гарын үсэг зуржээ.
Иймд шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, учруурсан хохирлыг төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Г.Ц нь “Г.Бд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” тухай мэдүүлэг өгсөн, тодорхойлолт /хх-ийн 82 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Г Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ