Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/45    

 

                           

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч: Д.Б, С.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, С.Ө нарт холбогдох эрүүгийн 2029000000035 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс Дархад, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Цэц капитал” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй боловч Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3-р баг, Цэций уул-906 тоот хаягт түр оршин суух, урьд 2014 онд Сум дундын 27 дугаар шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Д.Б  /РД:РВ88100115/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Б, С.Ө нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт үйл ажиллагаа явуулж буй “Энгүүн Болор Хуяг” ХХК-ийн авто зогсоолоос “Их Хурд Хүч” ХХК-ийн эзэмшлийн 11-52 УЧ дугаарын чиргүүлтэй, 91-07 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 48.000.000 төгрөгийн хохирол, тээврийн хэрэгслийн гэмтэлд 1.755.000 төгрөгийн хохирол нийт 49.755.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, С.Ө нарт холбогдох эрүүгийн 2029000000035 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ө мэдүүлэхдээ: “Миний бие хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 3 сарын хугацаанд цагдан хоригдохдоо маш их зүйлийг эргэцүүлж бодсон. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна” гэв.

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “Миний хувьд ийм зүйл хийсэндээ маш их гэмшдэг. Ийм үйлдэл хийсэндээ өөрөөсөө ичдэг. Цагдан хоригдож байхдаа их зүйлийг эргэцүүлж бодсон. Мөнгөний асуудлаас болж гэр бүлээ хүнд байдалд оруулаад хоёрын хооронд зүйл хийсэндээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй гэж өөртөө амласан.  Шударгаар явж байвал болно доо гэж боддог. Эхнэр маань төрөөд биеийн байдал муу байнгын эмнэлгээр явдаг. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /1-р хх-ийн 1-4/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 8/,

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 9-21/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч “Их Хурд Хүч” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Төмөрболдын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 27-29/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч С.Ө гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-30-32/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхжаргалын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 35-37/,

 

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 38-40/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Алтансүхийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 41-42/,

 

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр №167 дугаартай тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 45-49/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч С.Ө яллагдагчаар дахин авсан мэдүүлэг /1-р хх-ийн 59-61/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Б яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 64-66/,

 

-С.Ө иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдэд бүртгэлгүй болох талаарх лавлагаа,  шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 67, 68, 69, 70,71, 73, 74, 135/,

 

-Д.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдэд бүртгэлгүй болох талаарх лавлагаа, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Д.Б гэрлэлтийн лавлагаа, хүүхэд Б.Цэцүжин, Б.Биндэрьяа, Б.Сүндэрьяа нарын төрсний гэрчилгээний  /1-р хх-ийн 78, 79, 81, 82, 83, 84, 88, 134, 2-р хавтас 108-114/,

 

-Тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 103-105/,

 

-Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2018/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 111-117/,

 

-Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 127-132/,

 

-“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №01/50 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-248/

 

- Хохирол төлсөн баримт /2-р хавтас хх-91/,

 

-Тээврийн хэрэгслүүдийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтас хх-122/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч*******, С.Ө нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт үйл ажиллагаа явуулж буй “Энгүүн Болор Хуяг” ХХК-ийн авто зогсоолоос “Их Хурд Хүч” ХХК-ийн эзэмшлийн 11-52 УЧ дугаарын чиргүүлтэй, 91-07 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 48.000.000 төгрөгийн хохирол, тээврийн хэрэгслийн гэмтэлд 1.755.000 төгрөгийн хохирол нийт 49.755.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Төмөрболдын өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай “Их хурд хүч” ХХК-ийн эзэмшлийн 11-52 УЧ чиргүүлийн дугаартай 91-07 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн цагаан өнгийн чирэгч толгойтой цэнхэр өнгийн чиргүүлтэй хүнд даацын тээврийн хэрэгсэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Энгүүн болор” ХХК-ийн хашаан доторх зогсоолоос хулгайд алдагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхжаргалын өгсөн “...Өсөхбаяр надад хэлдээ машин зарах хүн хэрэгтэй байна. таньж мэдэх хүн байна уу? гэхээр нь би хүнээс машин авах уу? гэж асуусан...Болд Өсөхбаярт чи энэ машиныг хямдхан зарах хэрэг байна уу одоо удахгүй ажил сайжирна зарах гээд байгаа үнэ чинь арай хямд биш үү гэж хэлсэн. Өсөхбаяр харин яах уу гэж ярилцахыг би сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Алтансүхийн өгсөн “...Би 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө алга болсныг нь мэдэж цагдаад мэдэгдсэн. Би 2020 оны 01 дүгээр сарын 14-нд Цагаан хадны “Энгүүн Болор” ХХК-ийн урд зогсоолд байршуулж тавьсан. Тэр өдрөөс хойш унаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд С.Ө яллагдагчаар өгсөн “...”Энгүүн Болор” ХХК-ийн хашаанаас би унаж гараад 3 дугаар постыг тойрсон. Постоор богинын тээвэрт явж байгаа машин орж болдоггүй болохоор тойрч гараад буцаад засмал руугаа ороод нүүрс тээврийн авто замын 97 дахь км-т байрлах гуанз дээр солигдоод тэндээс Б унаад 6 дахь км-т ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б яллагдагчаар өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хавьд Чойрын ачаанд явах машин хэрэгтэй болоод Цагаан хад орж хүн амьтантай уулзаж машин авахаар Ө хамт 6 дахь км-ээс яваад Цагаан хаданд очиж “Энгүүн Болор” ХХК-ийн хашаанд очиход таньдаг хүн амьтантай таараагүй. Тэгээд “Энгүүн Болор” ХХК-ийн хашааны хавьд 91-07 гэсэн дугаартай Нордбенз маркийн машин байсан. Машины эзэнтэй уулзъя гээд машиныг асаагаад хүлээсэн боловч ирээгүй. Тэгэхээр нь асаагаад гарч яваад түлш хийгээд нүүрс тээврийн 6 дахь км-т ирсэн”  гэх мэдүүлэг /хх-ийн 64-66/,

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 9-21/,

-2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Тээврийн хэрэгслүүдийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр: “...11-52 УЧ чиргүүлийн дугаартай, 91-07 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Г.Төмөрболдод хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв” гэх /1-р хавтас хх-122/,

 

-2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хохирол 1.500.000 төгрөг төлсөн гэх ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-91/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос  шүүгдэгч  Д.Б, С.Ө нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч С.Ө, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор “Их Хурд Хүч” ХХК-ийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

Liang shang маркийн 11-52 УЧ улсын дугаартай чиргүүл, beiben маркийн 91-07 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Их Хурд Хүч” ХХК-ийн эзэмшил болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /1-р хх-102, 103, 105/

 

Liang shang маркийн 11-52 УЧ улсын дугаартай чиргүүл, beiben маркийн 91-07 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 48.000.000 төгрөгийн үнэлгээтэй, тээврийн хэрэгсэлд 1.755.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 167 дугаартай шинжээчийн “БНХАУлсад 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2017 оны 07-р сард МУ-д орж ирсэн, Nordbenz beiben ND4250 /дизель, механик/ маркийн автомашин нь чиргүүлийн хамт 2020 оны 03 дугаар сарын байдлаар манай улсын зах зээл дээр дундажаар 48.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. Жич: Уг машины зүүн толь хагарч бутарсан, зүүн хаалганы шил хагарсан, дотор хавтасгүй, хаалга солигдсон, агаарын хоолой хагарсан, чиргүүлийн 1 ш дугуй язралттай, кабины спойлер хагарсан байв” гэх дүгнэлт /1-р хавтас хх-45-49/, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01/50 дугаартай шинжээчийн: “толь 1 ш 55.000 төгрөг, кабины зүүн хаалга 1 ш, хуучин 550.000 төгрөг, агаарын хоолой 1 ш хуучин 350.000 төгрөг, кабины спойлер 1 ш хуучин 350.000 төгрөг, дугуй 1 ш хуучин 450.000 төгрөг нийт 1.755.000 төгрөгийн үнэлгээтэй” гэх дүгнэлт /1-р хх-248/-ээр тус тус тогтоогдож байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Их Хурд Хүч” ХХК-д 48.000.000 төгрөгийн үнэлгээтэй Liang shang маркийн 11-52 УЧ улсын дугаартай чиргүүл, beiben маркийн 91-07 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь Тээврийн хэрэгслүүдийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтас хх-122/-ээр, тээврийн хэрэгсэлд учирсан 1.755.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Д.Б, С.Ө нар 1.500.000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төлсөн болох нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-91/-аар, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Их Хурд Хүч” ХХК нь гомдол саналгүй болох нь тус хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч Г.Төмөрболдын “...2020.08.19-ний өдөр 1.500.000 төгрөг өгч манай компанийг хохиролгүй болгосон нь үнэн болно. Нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбар /1-р хх-250/-аар тус тус нотлогдож байна.

 

Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч “Их Хурд Хүч” ХХК нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Д.Б, С.Ө нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт үйл ажиллагаа явуулж буй “Энгүүн Болор Хуяг” ХХК-ийн авто зогсоолоос “Их Хурд Хүч” ХХК-ийн эзэмшлийн 11-52 УЧ дугаарын чиргүүлтэй, 91-07 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 48.000.000 төгрөгийн хохирол, тээврийн хэрэгслийн гэмтэлд 1.755.000 төгрөгийн хохирол нийт 49.755.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогч, иргэний нэхэмжлэгчид нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах”-аар санал гаргасан,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар дүгнэлтдээ: Улсын яллагчаас оруулж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн төгс үйлдэгдсэн байна. Энэ хэргийг миний үйлчлүүлэгч нар хийсэн гэдэг нь хавтас хэрэгт авагдсан баримтаар бүрэн дүүрэн нотлогдож байгаа учир гэм буруугийн тал дээр маргаж, мэтгэлцэхгүй байгаа. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэх саналыг оруулсан байдаг. Миний үйлчлүүлэгч нарын хийсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал хэргийн тухайд байдаггүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байгаа. Миний үйлчлүүлэгч нар өмнө гэмт хэрэг үйлдээд, тухайн гэмт хэргийн хугацаа дууссан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасан байна. Тийм учраас залуу хүмүүс, Д.Б хувьд 3 хүүхэдтэй, сүүлд 2020 оны 10 дугаар сард төрсөн 2 ихэр охинтой болсон, эхнэрийн биеийн байдал өвддөг, эмнэлгээр явдаг зэрэг хувийн нөхцөл байдал, дээрээс нь хохирогч талаас нэхэмжлэх зүйл байхгүй гэдэг нөхцөл байдлууд байгаа учир улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна гэж тус тус санал, дүгнэлтээ гаргаж шүүгдэгч нарын гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

Иймд улсын яллагчийн гаргасан санал нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж С.Ө, Д.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө, Д.Б нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд тогтоосон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д.Б 104 хоног, шүүгдэгч С.Ө 104 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч нарт хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б, С.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шарнууд овогт Д,Б, Т овогт С.Ө нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, шүүгдэгч С.Ө нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Б, С.Ө нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Б, С.Ө нарт хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч нар нь хохирогч “Их Хурд Хүч” ХХК-д 48.000.000 төгрөгийн үнэ бүхий 11-52 УЧ дугаарын чиргүүлтэй, 91-07 ӨМҮ улсын дугаартай, “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн, тээврийн хэрэгслийн эд ангид учирсан 1.755.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч нар нь 1.500.000 төгрөгийг төлсөн, хохирогч “Их Хурд Хүч” ХХК нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Д.Б 104 хоног, шүүгдэгч С.Ө 104 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч нарт хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Б, С.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН