Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/50      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,

Шүүгдэгч: Б.П /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П холбогдох эрүүгийн 2129000470057 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.П нь Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төвд Бага хачигийн 12-09 тоотод 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр фэйсбүүкээр буюу олон нийтийн сүлжээгээр мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр мөрийтэй тоглоом зохион байгуулан 2.264.000 төгрөгийн бооцоо цуглуулан 1.644.000 төгрөгийг буцаан өгч 620.000 төгрөгний ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П холбогдох эрүүгийн 2129000470057 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-8/,

 

-Цахим Фэйсбүүк хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-12/,

 

-Эд мөрийн баримтаар тооцох тухай 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 09 дугаартай прокурорын зөвшөөрөл /хх-13/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.П гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-18-19, 21-22/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Мөнхтогтохын өгсөн мэдүүлэг /хх-24/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ганбатын өгсөн мэдүүлэг /хх-26/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.П яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-34-35/,

 

-Шүүгдэгч Б.П ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-42-51, 56-66/

 

-Шүүгдэгч Б.П иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, бүрэн дунд боловсролын үнэмлэх /хх-38, 39, 68, 69, 70-71, 72, 73, 74/,

 

-Шүүгдэгч Б.П хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт /хх-84/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Б.П нь Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төвд Бага хачигийн 12-09 тоотод 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр фэйсбүүкээр буюу олон нийтийн сүлжээгээр мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр мөрийтэй тоглоом зохион байгуулан 2.264.000 төгрөгийн бооцоо цуглуулан 1.644.000 төгрөгийг буцаан өгч 620.000 төгрөгний ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

-2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Цахим фэйсбүүк хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-11/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.П гэрчээр өгсөн “...тухайн үед би “texas yndoo” нэртэй фэйсбүүк хуудас нээгээд Live хийхээр болохгүй дээд тал нь 20 секунд болоод тасраад байхаар нь шинээр “az yondoo” нэртэй фэйсбүүк хуудас нээж тоглуулахад зүгээр байсан. Би az yondoo нэртэй фэйсбүүк хуудсаар 2020 оны 12 дугаар сарын 02-ноос 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 10-11 удаа мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Миний цахим орчинд гар утсаараа шууд дамжуулж тоглоом зохион байгуулж байгаа бичлэгт тоглох хүмүүс чатаар 1-6 /суудал/ хүртэлх тоогоо сонгоод хэдэн төгрөгөөр тоглохоо тоглогчид тохироод /5000-50000 төгрөгийн хооронд/ миний данс /5006267225/ руу мөнгөө шилжүүлцгээдэг тэгээд би тоглоомыг зохион байгуулдаг. 4-6 хүн мөнгө шилжүүлээд тоглох үед би нэг хүний бооцооны мөнгийг зохион байгуулсаныхаа хөлсөнд авна харин 2 хүн халз тоглоход тухайн тоглож байгаа хүмүүс надад хэдэн төгрөг  өгөхөө шийддэг /5000-10000/ төгрөг өгдөг...” гэх мэдүүлэг /хх-21-22/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Мөнхтогтохын өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед Б.П миний гар утас руу залгаад хэлэхдээ аз ёндоо нэртэй фэйсбүүк хаягнаас покщрийн лайв хийж байна тийшээ ороод шейр хийгээд өгөөч хүч ордоггүй гэж хэлсэн. Тэгээд тухайн фэйсбүүк хаяг руу нэвтэрч шейр хийж байгаад хүн бүрдэхгүй байхаар нь сонирхоод нэг удаа тоглосон. Тухайн үед би өөрийн голомтын 5145101805 дугаарын данснаас 5006267225 дугаарын данс руу 10.000 төгрөг шилжүүлж нэг удаа тоглоод мөнгөө алдсан” гэх мэдүүлэг /хх-24/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ганбатын “...би П танина 2009 онд анх Оюу толгой ХХК-д цуг ажиллаж байхдаа танилцаад найзалж нөхөрлөж байсан. 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.П өөрийн П П гэсэн фэйсбүүк хаягнаасаа миний фэйсбүүк чатруу аз ёндоо нэртэй фэйсбүүк хаягаар лайваар покер тоглуулж байгаагаар шейр хийсэн байсан. Тэгээд би аз ёндоо нэртэй фэйсбүүк хаягнаас явуулж буй мөрийтэй тоглоомыг 2020 оны 12 дугаар сарын 03-наас 04-ний хооронд 2 өдөр тоглосон...” гэх мэдүүлэг /хх-25-26/,

 

-Б.П 5006267225 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, мөрдөгчийн тэмдэглэл /хх-42-48, 51/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.П өгсөн “...би 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 12 удаа лайв хийж тоглуулсан байсан. Нийт 620.000 төгрөгийн ашиг олсон гэсэн тооцоо гарсан. Би уг тооцоотой санал нэг байгаа” гэх мэдүүлэг /хх-34-35/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос  шүүгдэгч  Б.П Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Б.П үргэлжилсэн үйлдлээр “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б.П нь үргэлжилсэн үйлдлээр “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.П урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж Б.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн AL4394453, AL2750955, AF5142935, AK5874703, AF6132696, AL1282887, AZ8167592, AL27500954, AF5602143, AF5207543, AL2750956, AG2863163, AH1261161, AJ0954181, AK3724281, AK0143595, AL4809786, AF5008565, AF5224046, AK9433417, AG4610802, AK0317870, BZ0640439, AF5190322, AL9371211, AF5106158, AH7928631, AG8925541, AK2272179, AG4030382, AG5467288 гэсэн серийн дугаартай 31 ширхэг, 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нийт 620.000 төгрөгийг шүүгдэгч Б.П мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого гэж үзэж, 620.000 төгрөгийг хурааж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б.П үргэлжилсэн үйлдлээр “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн AL4394453, AL2750955, AF5142935, AK5874703, AF6132696, AL1282887, AZ8167592, AL27500954, AF5602143, AF5207543, AL2750956, AG2863163, AH1261161, AJ0954181, AK3724281, AK0143595, AL4809786, AF5008565, AF5224046, AK9433417, AG4610802, AK0317870, BZ0640439, AF5190322, AL9371211, AF5106158, AH7928631, AG8925541, AK2272179, AG4030382, AG5467288 гэсэн серийн дугаартай 31 ширхэг, 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нийт 620.000 төгрөгийг шүүгдэгч Б.П мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого гэж үзэж, 620.000 төгрөгийг хурааж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.П урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН