Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/54

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Р.Б /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Б холбогдох эрүүгийн 2129000000059 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Р.Б нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газар байрлах “Дорнын Өртөө” ХХК-ийн ажилчдын амрах байрны 136 тоот өрөөнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Ёндонрэнцэнтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу “хоол хэн нь хийх” асуудлаас маргалдаж, улмаар баруун бугалган тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Б холбогдох эрүүгийн 2129000000059 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б мэдүүлэхдээ:

2021 оны 03 дугаар сарын 15-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг “Дорнын өргөө” ХХК-ийн ажилчдын амрах байранд тус компанид хамт ажилладаг Ёндонрэнцэн Улаанбаатар хотоос ирээд нэг хонож байсан юм. 2-3 сар уулзаагүй байсан. Би нэг рейс хийсэн байсан. Ёндонрэнцэн мөнгө муутай байсан учраас би Цагаан хаднаас хоолны мах, 2 шил архи аваад 1 шил архийг түүнтэй хувааж уусан. Хоол хийх гээд мах хөшиглөж байсан хутгаараа Ёндонрэнцэнгийн баруун гар руу хутгалсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6/,

 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-9/,

 

-Эд зүйл, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Ёндонрэнцэнгийн өгсөн мэдүүлэг /хх-17-21/,

 

 -Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Энхтөрийн өгсөн мэдүүлэг /хх-24-25/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Р.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-28-29/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Тайваны өгсөн мэдүүлэг /хх-32-33/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 209 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-35-36/,

 

-Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-37-40/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Р.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-47-48/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Ёндонрэнцэнгийн гаргасан тайлбар /хх-67/,

 

-Шүүгдэгч Р.Б оршин суугаа хаягийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51, 52, 53, 60/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Р.Б нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газар байрлах “Дорнын Өртөө” ХХК-ийн ажилчдын амрах байрны 136 тоот өрөөнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Ёндонрэнцэнтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу “хоол хэн нь хийх” асуудлаас маргалдаж, улмаар баруун бугалган тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Р.Б гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-9/,

 

-Эд зүйл, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Ёндонрэнцэнгийн өгсөн “...тэгээд хоол хийж идэхээр болоод махаа хөшиглөөд Р.Б сууж байхдаа бид хоёр уусан архиндаа болоод чи хоол хий, би хоол хий гэж маргалдаад байж байтал Р.Б миний баруун гарны буглаг хэсэг рүү мах хөшиглөж байсан хутгаараа нэг удаа хутгалсан. Тэгтэл миний баруун гарнаас их хэмжээний цус гараад тогтохгүй болохоор нь хөвөн шатааж тавиад тогтохгүй болохоор нь үдээсээр боогоод тогтохгүй болохоор нь 135 тоот өрөөнд байсан тээвэр хариуцсан ажилтай Л.Энхтөр гэдэг залууг Р.Б дуудаж оруулж ирж үзүүлээд Л.Энхтөр эмч цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг /хх-17-21/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Энхтөрийн өгсөн “...би 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “Дорнын өртөө” ХХК-ийн ажилчид амрах байранд өрөө хөлсөлж нүүрс тээврийн жолооч нараа байлгадаг 136 тоот өрөөний хажууд байдаг 135 тоот өрөөндөө ороод сууж байхад “Улаанбаатар тээвэр” ХХК-д нүүрс тээврийн жолоочоор ажилладаг Р.Б гэдэг залуу 135 тоот миний өрөөнд орж ирээд та манай өрөөнд ороод ирээч гээд хэлэхээр нь би 136 тоот өрөөнд ороход “Улаанбаатар тээвэр” ХХК-д нүүрс тээврийн жолоочоор ажилладаг Ч.Ёндонрэнцэн гэдэг залууг орон дээр хэвтүүлчихсэн өрөө байр ор дэр цус болчихсон байхаар нь эхлээд “Дорнын өртөө” ХХК-д эмчээр ажилладаг Тайван гэдэг эмчид болсон явдлын талаар хэлээд дараа нь цагдаагийн байгууллагын жижүүрийн утсанд болсон явдлын талаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-24-25/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Тайваны өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “Дорнын өртөө” ХХК-ийн ажлын өрөөндөө байж байхад Л.Энхтөр гэдэг хүн миний өрөөнд орж ирээд яаралтай 136 тоот өрөөнд хүн үзээд өгөөч гээд надад хэлсэн. Тэгээд би 136 тоот ажилчид амрах өрөөнд ороход 136 тоот өрөө энэ тэнд цус болчихсон Ч.Ёндонрэнцэн гэдэг хүн орон дээрээ суучихсан байхаар нь би Ч.Ёндонрэнцэн гэдэг хүнийг үзэхэд баруун гарны бугалганы гадна дунд хэсэгт нэвт хурц үзүүртэй зүйлээр нэвт хатгагдсан шарх үүссэн цусыг нь чанглуур тавьж тогтоосон байдалтай байсан. Тэгээд би шарх цэвэрлэж сэтгүүрээр шарх хатгаж үзэхэд нэвтэрсэн шарх үүссэн шархыг ариутгаж цэвэрлэж шарханд эм хийж үзэхэд нэвтэрсэн шарх үүссэн шархыг ариутгаж цэвэрлэж шарханд эм хийж нийт зургаан ширхэг оёдол тавьж өгсөн. Намайг оёдол тавьж байхад цагдаа нар орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-32-33/,

 

-Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-37-40/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн “...1.Ч.Ёндонрэнцэнгийн биед баруун бугалганы хутгалагдсан шарх гэмтэл үүсчээ. 2. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-35-36/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос  шүүгдэгч  Р.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Р.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Ч.Ёндонрэнцэнгийн эрүүл мэндэд “баруун бугалганы хутгалагдсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №209 дугаартай дүгнэлт /хх-35-36/-ээр тогтоогдож байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Ч.Ёндонрэнцэнг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

Хохирогч Ч.Ёндонрэнцэн гомдол саналгүй болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан “...Б миний баруун гарыг хутгалсан улмаар бүх эмчилгээг хийлгэж өгсөн надад гомдол санал алга. Бие сайн байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэх тайлбараар нотлогдож байна. /хх-67/

 

Иймд хохирогч Ч.Ёндонрэнцэн нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Р.Б нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газар байрлах “Дорнын Өртөө” ХХК-ийн ажилчдын амрах байрны 136 тоот өрөөнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Ёндонрэнцэнтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу “хоол хэн нь хийх” асуудлаас маргалдаж, улмаар баруун бугалган тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Р.Б нь хохирогч Ч.Ёндонрэнцэнд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, эмчилгээг хийлгэж, гомдол саналгүй болгосныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж Р.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Р.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн бариултай, бариулын урт нь 12.6 см, ажлын хэсгийн урт нь 9.7 см, нийт 22.3 см урттай, төмөр эвхэгддэг, ажлын хэсгийн зүүн талд maxam, ажлын хэсгийн баруун талд Mt.gin china, nat1 Headquarters гэсэн бичиглэл бүхий, ирний дээд хэсэгт 2.6 ховилтой, ажлын хэсэг, бариулын хэсэг цус хүрэн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгахаар комисст даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Р.Б нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Р.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Ч.Ёндонрэнцэн нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн бариултай, бариулын урт нь 12.6 см, ажлын хэсгийн урт нь 9.7 см, нийт 22.3 см урттай, төмөр эвхэгддэг, ажлын хэсгийн зүүн талд maxam, ажлын хэсгийн баруун талд Mt.gin china, nat1 Headquarters гэсэн бичиглэл бүхий, ирний дээд хэсэгт 2.6 ховилтой, ажлын хэсэг, бариулын хэсэг цус хүрэн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгахаар комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Р.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН