Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/56    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: С.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Хохирогч: Н.Чимэддорж /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б холбогдох эрүүгийн 2129000310032 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны шөнийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт, нүүрс тээвэрлэлтийн авто замын 1 дэх км-т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 66-78 ӨМЭ улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ 46-30 УББ улсын дугаартай Исузу маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Н.Чимэддоржийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б холбогдох эрүүгийн 2129000310032 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэг гаргаагүй болно.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Чимэддорж мэдүүлэхдээ:

Би эмнэлэгт хэвтээд гарч ирсэн. Миний биеийн байдал сайжирч байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бүх зардлыг шүүгдэгч С.Б төлсөн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлага гарвал ах маань надад туслах байх, туслахгүй байсан ч би өөрөө төлөөд эмчилгээгээ хийлгэчихнэ. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, зөвшөөрч байгаа. Надад шүүгдэгч С.Б нэхэмжлэх төлбөр байхгүй. Би гомдол саналгүй гэв.

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-24/,

 

-Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-25/,

 

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-27/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Чимэддоржийн өгсөн мэдүүлэг /хх-37-39/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Шинэбаатарын өгсөн мэдүүлэг /хх-43-44/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баясгалангийн өгсөн мэдүүлэг /хх-45-47/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч С.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-49-51/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Оюунцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-54-55/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Нэргүйбаатарын өгсөн мэдүүлэг /хх-59-60/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 615 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-70-72/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний алба 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” дүгнэлт /хх-74-76/,

 

-2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Мөрдөгчийн магадлагаа” /хх-77/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч С.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-90-91/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-92-102/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны шөнийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт, нүүрс тээвэрлэлтийн авто замын 1 дэх км-т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл жолоочид дараах зүйлийг хориглоно гэсний 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөнөөс 66-78 ӨМЭ улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 46-30 УББ улсын дугаартай Исузу маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Н.Чимэддоржийн эрүүл мэндэд “дух зулайн заадас дагасан, баруун зулай, баруун чамархай, зүүн зулай, суурь ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн урд хэсэг, зүүн ухархайн ясны дээд хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зулайн тархины эд, баруун дагзны ар хэсгийн цус харвалт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-24/,

 

-Согтуурал шалгасан тухай тэмдэглэлээр “...С овогтой Бдрагер алкотест багажаар шалгахад 2.19 хувийн согтолттой гарсаныг гэрэл зургаар бэхжүүлэн, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл /хх-25/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 615 дугаартай шинжээчийн “1.Шинжилгээнд ирүүлсэн ”С.Б ЙК66123011” гэж хаягласан цусанд 1.8 промилли спиртийн агууламж илэрч байна. 2.Цусанд 1.8 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-70-71/,

 

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-27/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Чимэддоржийн өгсөн “...Би хэрэг гардаг өдөр Нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт байдаг хадам дүү Нэргүйбаатарын машинд засвар хийж байгаад ажлаа дуусгаад сум руу буцах санаатай хадам талын хүргэн ах Б ахыг дуудсан чинь эхнэр Оюунцэцэгтэй хамт хүрээд ирэхээр нь машинд сууж байгаад 1 шил архи гаргаж өгөхөөр нь түүнийг нь хувааж ууцгаасан. Тэгээд би Б ахын машинд суугаад сум руу буцаж байснаа санаж байна. Нэг мэдэхэд осолд ороод сумын эмнэлэгт ухаан орсон. Намайг аймгийн эмнэлэгт хэвтүүлсэн байсан би тэр талаар огт мэдэхгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-37-39/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Шинэбаатарын өгсөн “...Манай компанийн 46-30 УББ улсын дугаартай автомашины арын дугуйг мөргөсөн байсан. Манай машинд хойд тэнхлэгийн 2 татуурга тахийсан байсан. Өөр ямар нэгэн эвдрэл гараагүй байсан.” “Уг өөрөө буулгагч машины эвдрэл гайгүй байгаа. Манайх эвдэрсэн эд ангийг өөрийн хүчээр засах боломжтой болохоор үнэлгээ гаргуулах шаардлагагүй гэж үзсэн. Манай зүгээс ямар нэг нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болохоор би хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /хх-43-44/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Оюунцэцэгийн өгсөн “...Тэгээд нүүрсний зам хөндлөн гараад Цогтцэций сумын төв рүү явах гэхэд Чимэддорж манай нөхрийг ахаа ийшээ явчих хүнээс ажлын хувцас аваадахъя гээд засмал руу оруулсан. Би хаашаа явж байгааг нь мэдээгүй. Тэгээд би тэр хооронд дуг хийгээд зүүрмэглэх шиг болсон. Нэг мэдэхэд тас хийгээд машин мөргөлдсөн. Би тэр хооронд юу болсныг мэдэхгүй шоконд орсон байсан. Нэг мэдэхэд цагдаа, эмнэлэг ирчихсэн байсан. Тэгээд эмнэлгийн хүмүүс Н.Чимэддорж бид 2-г аваад сумын эмнэлэг явсан. Эмнэлэг дээр ирээд миний толгой өвдөөд байна гэж хэлэхэд надад өвчин намдаах тариа хийгээд намайг үзчихээд гэр рүү явуулсан. Чимэддорж тархиндаа гэмтэл авсан гээд ухаан орохгүй байсан. Маргааш би эмнэлгийн машинаар Чимэддоржийг аваад Өмнөговь аймгийн эмнэлэгт очиж Чимэддоржийн хоол ундыг зөөж эм тариаг нь авч өгч сахьсан” гэх мэдүүлэг /хх-54-55/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баясгалангийн өгсөн “...Тэгээд 17 цаг 20 минутын үед уурхай дээр ирээд ачилтанд орох гэж их удаж байгаад 22 цагийн үед уурхайн хашаагаар ороод пүүн дээр очиж пүүлүүлэхэд 50 тонноос доош бага жинтэй машинд ачихгүй гэсэн журам байгаа таны машинд ачилт хийх боломжгүй гэхээр нь буцаад уурхайн хашаагаар гараад нүүрс тээврийн засмал руу ороод 1 дэх км арай хүрээгүй явж байхад өөдөөс нэг жижиг машин ирж байхаар нь би их гэрлээ шилжүүлээд зөөлөн явж байхад миний машинаас 10-20 метрийн зайтай ирж байгаад халз өөдөөс ирмээр шинжтэй урсгал сөрөөд даялаад ороод ирэхээр нь би араагаар салгаад машинаа зогсооход тэр машин миний жолоодож явсан машины зүүн талаар, машины урд залуурын дугуйг шүргээд хойд дугуй орчимд маш хүчтэй мөргөөд хажуу тийшээ шидэгдээд зам дээр хөндлөн зогссон. Тэгээд би сандраад машинаасаа буугаад харахад саарал өнгийн приус 11 маркийн машин зүүн урд талд нь их эвдэрсэн харагдаж байсан. Тэгээд тэр машины жолоочийн хаалгыг онгойлгоход жолооч нь өөдөөс бууж ирээд шууд газар хэвтээд өгсөн. Ах аа та яаж байна гэж асуухад ёо ёо үхлээ үхлээ гэж хэлж байхад тэр хүнээс архи үнэртэж байсан. Нэлээд согтуу байх шиг санагдсан. Тэгээд би урд суудал руу нь харахад жолоочийн хажуугийн суудал дээр нэг эмэгтэй доошоо тонгойгоод хөдөлгөөнгүй сууж байхаар нь би Цогтцэций сумын цагдаа, эмнэлгийн дугаар мэдэхгүй болохоор манай компанитай ажлын шугамаар хамтарч ажилладаг Б.Хашбаатар гэдэг хүний 80703151 дугаарын утас руу залгаад зам тээврийн осол гарчихлаа эмнэлэг, цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би утсаар ярьчхаад эргээд нөгөө жижиг машин руу очиход жолоочийн хажууд сууж байсан эмэгтэй ухаан орж байх шиг байсан. Суудал дээрээ хөдөлж байхаар нь та яаж байна бие нь гайгүй юу гэж асуухад өөдөөс хараад дуугарахгүй байхаар нь хойд тал руу харахад хойд суудал дээр нэг хүн хэвтэж байгаа харагдахаар нь баруун талын хаалгыг татахад хаалга нь онгойхгүй байхаар нь дотроос нь түгжээг нь тавиад онгойлгоход арын суудал дээр эрэгтэй хүн баруун тийш налсан байдалтай хэвтэж байсан. Би тэр эрэгтэйг хөөе гэж дуудаад хувцаснаас нь татахад толгойноос нь цус гарчихсан хурхираад байх шиг байхаар нь орхичхоод хүлээж байхад удалгүй эмнэлгийн машин ирээд эмч нар арын суудал дээр байсан хүнийг өргөж гаргахад нь тусалж хамжиж өргөлцөхөд тэр эрэгтэй 2 хөлнийхөө голд шилтэй архи тавьсан харагдаж байсан, мөн тэр хүнээс архи үнэртэж байсан. Тэгээд тэр эрэгтэй хүнийг эмнэлгийн машинд өргөж оруулсан. Эмнэлгийн машин ирэхээс өмнө урд суудалд сууж байсан эмэгтэй машинаасаа бууж ирээд жолоочтойгоо юм яриад надаас нэлээд зайтай зогсоод байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирж хэмжилт хийсэн. Намайг үлээлгээд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байгааг тогтоосон. Нөгөө жижиг машины жолоочийг үлээлгэхэд 2 бүхэл гаруй согтолттой гарч байсан. Яг хэд гарсныг одоо санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-45-47/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Нэргүйбаатарын өгсөн “...Б ах архи уухгүй гээд 2 лааз пиво уусан. Оюунцэцэг бага уусан үлдсэн архийг Чимэддорж бид 2 хувааж уусан. Тэд нар гайгүй л байх шиг байсан.”, “Б ах машинаа жолоодоод 23 цаг өнгөрч байхад явсан. Яг хэдэн цагт явсныг мэдэхгүй байна.”  гэх мэдүүлэг /хх-59-60/,

 

-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Диваажигмэдийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн магадлагаагаар: “...6.1. 66-78 ӨМЭ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл: жолоочид дараах зүйлийг хориглоно гэсний 3.7.а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна гэж үзэв.” гэсэн магадлагаа /хх-ийн 77/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн: “...1.2 Н.Чимэддоржийн биед дух зулайн заадас дагасан, баруун зулай, баруун чамархай, зүүн зулай, суурь ясанд хугарал, тархины баруун тал бөмбөлгийн урд хэсэг, зүүн ухархай ясны дээд хэсэгт хатуу бүрхүүлийн дээрх цусан хураанууд, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зулайн тархины эд, баруун дагзны ар хэсэгт цус харвалт, баруун шанаа яс, хамар яс, зүүн ухархай ясны дотор болон доод хана, 21, 12, 13, 14-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослоос хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. 4.Н.Чимэддоржийн биед учирсан дух зулайн заадас дагасан, баруун зулай, баруун чамархай, зүүн зулай, суурь ясны хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар тархины баруун тал бөмбөлгийн урд хэсэг, зүүн ухархайн ясны дээд хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зулайн тархины эд, баруун дагзны ар хэсгийн цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Н.Чимэддоржийн биед учирсан 21, 11, 12, 13-р шүдний хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 15% нөлөөлнө. Бусад гэмтлүүд нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-74-76/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

1. Хохирогч Н.Чимэддоржид учирсан хохирол, хор уршгийн тухайд. 

 

Хохирогч Н.Чимэддоржийн эрүүл мэндэд “дух зулайн заадас дагасан, баруун зулай, баруун чамархай, зүүн зулай, суурь ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн урд хэсэг, зүүн ухархайн ясны дээд хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зулайн тархины эд, баруун дагзны ар хэсгийн цус харвалт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах хүнд хохирол учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-74-76/-ээр тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Н.Чимэддоржийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

Хохирогч Н.Чимэддорж гомдол саналгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч С.Б нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бүх зардлыг төлсөн. Надад шүүгдэгч С.Б нэхэмжлэх төлбөр байхгүй. Би гомдол саналгүй” гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хохирогч Н.Чимэддорж нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

2. Иргэний нэхэмжлэгч “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн нэхэмжилсэн хохирол, төлбөрийн тухайд:

 

Шүүгдэгч С.Б унаж явсан 66-78 ӨМЭ улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн “Исузу” маркийн 46-30 УББ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Монголын Төмөр Зам” ТӨХК болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр “Монголын Төмөр Замын” ТӨХК-ийг  тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

“Исузу” маркийн 46-30 УББ улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд: “хойд тэнхлэгийн 2 татуурга тахийсан” гэх эвдрэл учирсан байх ба иргэний нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэлд шинжээчийн үнэлгээ гаргуулахгүй, өөрийн хүчээр засварлах боломжтой тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Шинэбаатарын өгсөн “...Манай компанийн 46-30 УББ улсын дугаартай автомашины арын дугуйг мөргөсөн байсан. Манай машинд хойд тэнхлэгийн 2 татуурга тахийсан байсан. Өөр ямар нэгэн эвдрэл гараагүй байсан.” “Уг өөрөө буулгагч машины эвдрэл гайгүй байгаа. Манайх эвдэрсэн эд ангийг өөрийн хүчээр засах боломжтой болохоор үнэлгээ гаргуулах шаардлагагүй гэж үзсэн. Манай зүгээс ямар нэг нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болохоор би хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэгээр нотлогдож байна.

 

Иймд иргэний нэхэмжлэгч “Монголын Төмөр Замын” ТӨХК нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Үйл явдал болох үед “Монголын Төмөр Замын” ТӨХК-ийн эзэмшлийн “Исузу” маркийн 46-30 УББ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг Б.Баясгалан жолоодож явсан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогддог ба тэрээр өөрийн биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би машиндаа ганцаараа явсан...би биедээ ямар нэг гэмтэл аваагүй. Шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг болон Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан “Б.Баясгалан миний бие нь 2021.01.13-ны өдөр Цогтцэций сумын нутаг дэвсгэрт автомашинтай явж байхад prius маркийн авто машин ирж мөргөсөн. Миний биед гэмтэл байхгүй. Автомашин эвдрэл гэмтэлгүй “МТЗ” компанийн зүгээс гомдол санал байхгүй. Миний зүгээс гэмтэл хохирол учраагүй тул шүүх эмнэлгийн магадлагаа гаргуулахгүй” гэх тайлбараар тус тус нотлогдож байна.

 

“Монголын Төмөр Замын” ТӨХК-ийн эзэмшлийн “Исузу” маркийн 46-30 УББ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Баясгалан нь өөрийн биед гэмтэл учраагүй гэж шүүх эмнэлэгт үзүүлээгүй, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

3. Үйл явдал болох үед шүүгдэгч С.Б унаж явсан 66-78 ӨМЭ улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.Оюунцэцэгийн тухайд:

 

Үйл явдал болох үед шүүгдэгч С.Б-ийн унаж явсан 66-78 ӨМЭ улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлд Ч.Оюунцэцэг зорчиж явсан болох нь “...тэгээд бид 3 манай машинд суугаад манай нөхөр машинаа жолоодоод би хажууд нь суугаад Чимэддорж хойд суудал дээр нь ганцаараа суугаад явсан...” гэх мэдүүлгээр тогтоогддог.

 

Тэрээр өөрийн биед гэмтэл учраагүй гэж шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...мөрдөгч намайг шүүх эмнэлэгт үзүүл гээд тогтоол бичиж өгсөн. Би биедээ гэмтэл аваагүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж бодож байна. Одоо миний бие зүгээр байгаа. Осолтой холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг болон Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан “2021.01.13-нд 66-78 ӨМЭ дугаартай автомашинд сууж яваад авто осолд орсон. Чимэдцэеэ овогт Оюунцэцэг миний бие зүгээр учраас шүүх эмнэлэгт үзүүлэх хэрэг байхгүй” гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд иргэн Ч.Оюунцэцэг нь өөрийн биед гэмтэл учраагүй гэж шүүх эмнэлэгт үзүүлээгүй, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч С.Б нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлт гаргасан боловч шүүх шүүгдэгч С.Б согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь санаатай үйлдэл хэдий ч урьдаас төлөвлөж зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэнд болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах зэрэг санаа зорилго байхгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хохирогч Н.Чимэддоржид эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, эмчилгээг хийлгэж, гомдол саналгүй болгосон, иргэний нэхэмжлэгч “Монголын Төмөр Зам” ТӨХК нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэж, тэнссэн хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Б-д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, түүнд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоож, эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт жолоочийн В ангилалын №1230483 дугаартай жолооны үнэмлэхийг хүргүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосон болно.

 

Шүүгдэгч С.Б нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч С.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч С.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч С.Б-д хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн жолоочийн В ангилалын №1230483 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч С.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8.  Иргэний нэхэмжлэгч “Монголын төмөр зам” ТӨХК, хохирогч Н.Чимэддорж нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

9. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН