Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 9

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ууганчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Д ” ХХК,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Ө , Б.М   нарт холбогдох,

“Татварын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1102201807 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “Д ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Н , хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Д ” ХХК шүүхэд гаргасан гомдол болон гүйцэтгэх захирал Т.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.М  , С.Ө  нар нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1102201807 тоот дугаартай шийтгэлийн хуудсыг манай компанид 02 дугаар сарын 26-ны өдөр танилцуулсныг хүлээн зөвшөөрөөгүй болно. Уг шийтгэлийн хуудас нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 11.1 (Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх ...) дэх заалтыг зөрчин бичигдсэн.

          Манай компани нь 2011 оны 10 дугаар сард “СС ” ХХК-иас 7 272 730 төгрөгийн, 2011 оны 12 дугаар сард “ЭББС” ХХК-иас 15 409 091 төгрөгийн, 2012 оны 08 дугаар сард “СС ” ХХК-иас 33 426 640 төгрөгийн бараа материалыг тамга тэмдэгтэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалт хийсэн бөгөөд Монгол улсын үнэт цаас болох уг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хуурамч гэдгийг мэдээгүй болно.

          Дээрх гурван Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь 2011 оны 10, 12 дугаар сар, 2012 оны 08 дугаар сарынх байгаа тул Татварын ерөнхий хуулийн 11.1 (Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх ...), мөн Зөрчлийн тухай хуулийн 1.5.8 (Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө) заалтаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна.

2011 оны 10 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 10 дугаар сард, 2011 оны 12 дугаар сарын НӨАТ-ын падааны хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 12 дугаар сард, 2012 оны 08 дугаар сарын НӨАТ-ын падааны хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 08 дугаар сард тус тус дууссан байна.

          Үнэт цаас болох Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд хуурамч гэдгийг татвар төлөгч болон татварын байгууллагууд аль аль нь мэдээгүй байсан байтал үүнтэй холбогдох хариуцлагыг зөвхөн татвар төлөгчдөд ногдуулж, тухай бүр хяналт шалгалт хийн баталгаажуулж байсан Татварын байгууллага, түүний ажилтнуудад ногдуулахгүй байгаа нь шударга бус гэж үзэж байна.

          Шийтгэлийн хуудсанд 2011 оны 12 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг 2012 оны 12 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэж оныг зөрүүтэй бичсэн.

          Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад Шийтгэлийн хуудас бичсэн талаар тодруулахад Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.М  , С.Ө , хяналт шалгалтын тасгийн дарга А.Д  нар нь хуулийн үндэслэлтэй тайлбар өгөлгүй, Татварын ерөнхий газраас ирүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны 07/140 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг ирсний дагуу гэсэн аман тайлбар өгсөн.

          Гэхдээ энэ тоот яг танай компанид зориулж ирүүлээгүй гэдэг тайлбарыг тасгийн дарга А.Д  нэмж хэлсэн бөгөөд уг албан тоотонд бичигдсэн зүйл нь манай компанид ямар ч хамааралгүй гэж үзэж байна.

          Манай компани нь Татварын хэлтсийн дуудсанаар тухай бүр санхүүгийн тайлан, баримтыг хянуулан шалгуулж байсан бөгөөд 2013 онд манай компанийн 2008-2012 оны санхүүгийн баримтад, 2014 онд 2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд тус тус Өмнөговь аймгийн Татварын хэлтсээс хяналт шалгалт хийж тухай бүр зохих актуудыг бичсэн бөгөөд одоо манай компани нь төлбөрийн үлдэгдэлгүй болно.

Иймд манай компанид бичигдсэн 1102201807 дугаар бүхий Шийтгэлийн хуудсыг

хянан шалгаж, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.М  , С.Ө  нарын шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч Б.М   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.М  , С.Ө  нар нь Татварын Ерөнхий Газрын ХШАЗГ-ын даргын 2017 оны 05 сарын 25-ний өдрийн 07/1574 дугаартай албан бичиг, Татварын Ерөнхий Газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/03 дугаар тушаалаар «Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж», Татварын хяналт шалгалт хийх 11170600093 тоот томилолтын дагуу 2011-2012 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, 2018 оны 02 сарын 23-ны өдөр 2799782 тоот регистрийн дугаартай “Д ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу №1102201807 тоот дугаар бүхий хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудсыг үйлдсэн.

Уг шийтгэлийн хуудсаар 56 108 454,6 төгрөгийн хуурамч хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 5 610 846 төгрөгийн нөхөн татвар, 1 683 254 төгрөгийн торгууль, 2 805 423 төгрөгийн алданги, нийт 10 099 523 төгрөгийн төлбөр ногдуулах шийтгэл оногдуулсныг татвар төлөгч зөвшөөрөхгүй Захиргааны шүүхэд гомдол гаргасан байна.

“Д ” ХХК нь 2011, 2012 онуудад Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй “ЭББС” ХХК /рд:9750971/, Сонгино хайрхан дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй “СС ” ХХК/рд:2785846/-иас 56 108 454,6 төгрөгийн хуурамч хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан.

Падаан тараасан үйлдэл нь эрүүгийн хэрэг үүсэж, хуурамч хий бичилттэй падаан болох нь нотлогдсон бөгөөд падаан худалдан авсан “Д ” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн, залилан мэхэлсэн үйлдэл хийсэн нь баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа тул холбогдох хуулийн заалтыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж шийтгэлийн хуудас бичсэн.

Татварын ерөнхий хуулийн 33.2.6-д “Татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэх болсон зөрчлийн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд, татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг/эх/-ийн нэр, гарын үсэг тухайн зөрчилд холбогдох этгээдийн тайлбар, уг дүгнэлтийг үйлдсэн болон холбогдох этгээдэд нь танилцуулсан он, сар, өдрийг тусгана” 35-р зүйлийн 35.3-д “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болсон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9-д “Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гаргасан өдрөөс эхлэн тоолно” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбар гаргаж байна.

Татварын газраас гаргасан Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллагуудад татвар төлөгчийн хүсэлтийн дагуу тараагдсан үнэт цаас мөн бөгөөд энэхүү падаан дээр “СС ” ХХК-ийн 2011 оны 10 сарын 12 -ны 7 272 730 төгрөг, 2012 оны 08 сарын 31-ний 33 426 640 төгрөг, 2011 оны 12 сарын 10-ний 15 409 091 төгрөг бүхий нийт 56 108 461 төгрөгийн дүн нь хий бичилттэй дүн юм.

Өөрөөр хэлбэл тараасан падаан нь татварын албанаас авсан үнэт цаас падаан мөн боловч падаан үйлдсэн бичилт нь хуурамч хий бичилттэй болох нь тогтоогдсон болно.

Татварын албанаас падаан авч хуурамч хий бичилт хийж татвар төлөхөөс зайлсхийсэн хууль бус үйлдэлд Татварын алба, Татварын улсын байцаагчид оролцоогүй, оролцох ч үндэсгүй байхад Татварын улсын байцаагчид хариуцлага хүлээлгэнэ гэдгийг ойлгохгүй байна.

“Д ” ХХК-ий 2008-2012 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд төлөвлөгөөт иж бүрэн шалгалт хийж 2013 оны 12 сарын 11-ний өдөр 11/0003017 тоот актаар 21 611 000 төгрөгийн зөрчил илрүүлж 3 188 900 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон.

“Д ” ХХК-нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч хий бичилттэй падаан тараасан мэдээлэл ирж, 2012 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын

Ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж 2014 оны 12 сарын 26-ны өдөр Татварын улсын байцаагчийн 110003342 тоот актаар 63 636 364 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч хий бичилттэй худалдан авалт хийж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 10 557 558 төгрөгийн акт тогтоож байсан. Энэхүү актыг зөвшөөрөхгүй Өмнөговь аймгийн маргаан таслах зөвлөл, Татварын Ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөр орж актыг хэвээр баталж маргаан эцэслэж байсан.

Мөн 2013-2015 онуудад Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан авах хүсэлт гаргасны үндсэн дээр хэсэгчилсэн шалгалт хийгдсэн, тухайн үед хуурамч хий бичилттэй падааны мэдээлэл ирээгүй байсан. Ер нь хуурамч хий бичилттэй болох нь илт мэдэгдэхгүй энэ компанийн хувьд кассын орлого зарлагын падаан байхгүй, бараа материалын зарлагын падаан байхгүй, гүйлгээг харилцах дансаараа хийгээгүй НӨАТ-ын падааны бичилт нь хуурамч хий бичилттэй гэдгийг падаан тараагдсан татвар төлөгчдийг шалгаж, хуурамч хий бичилттэй падаан тараасныг нотолж, татварын улсын байцаагчийн дүгнэлт бичигдэж, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэний дараа падаан худалдан авагч нарт татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд захиргааны хариуцлага тооцуулахаар дээд газар, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн албан тоотоор мэдээлэл ирүүлснийг үндэслэн шалгалтыг хийсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нар 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1102201807 дугаар шийтгэлийн хуудсаар “Д ” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд “СС ” ХХК-иас 7 272 730 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд “ЭББС” ХХК-иас 15 409 091 төгрөг,  2012 оны 08 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд  “СС ” ХХК-иас 33 426 640 төгрөг, нийт 56 108 461 төгрөгийн хуурамч хий бичилттэй баримтыг худалдан авалтад тусган, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 5 610 846 төгрөгийн нөхөн татвар, 1 683 254 төгрөгийн торгууль, 2 805 423 төгрөгийн алданги оногдуулахаар тогтоожээ.

Уг шийдвэртэй холбогдуулан гомдол гаргагчаас “...Манай компанийн дээрх онуудад худалдан авалт хийж байсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамч гэдгийг мэдээгүй... тухай бүр санхүүгийн тайлан баримтыг татварын байгууллагад хянуулж, шалгуулдаг байсан...нөхөн татвар, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад шийтгэл оногдуулсан” гэж маргажээ.

Хариуцагч маргаж  буй шийтгэлийн хуудасны үндэслэлээ “...Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь жинхэнэ боловч хий бичилт хийгдсэн, хий бичилттэй падаан тараасан нэр бүхий 2 компанийн үйлдлийг холбогдох байгууллагууд тогтоосон” гэж тайлбарлаж байна.

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-д “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заажээ.

Дээрх хуульд зааснаас үзвэл хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлээ нуух гэсэн санаа зорилгыг агуулсан байхыг шаардах бөгөөд уг үйлдэлд нь хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.

Гэтэл татварын улсын байцаагч нар 1102201807 дугаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулахдаа хэсэгчилсэн шалгалт хийсэн гэх боловч “ЭББС” ХХК болон “СС ” ХХК-ийн зөрчилд бичигдсэн 2012 оны 06 дугаар сарын 29, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бичигдсэн татварын улсын байцаагчийн дүгнэлтүүд, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоолыг үндэслэн “Д ” ХХК-ийг татвар төлөхөөс зайлсхийсэн, залилан мэхэлсэн гэж нэр бүхий компанийн захирлуудын гэм буруугийн асуудалд холбогдуулж, уг үйлдэлд хамтран оролцсон мэтээр буруутган татвар ногдуулсан нь үндэслэлгүй байна.

“СС ” ХХК-ийн захирал Ч.М  нь нэр бүхий 485 аж ахуйн нэгжид 1443 ширхэг падаанд хий бичилт хийж татвар төлөхөөс санаатай зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №1407 дугаар тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Харин “ЭББС” ХХК-ийн удирдлагуудад холбогдуулан шалгасан эрүүгийн хэрэг мөрөн байцаалтын шатанд тогтоогдоогүй тул 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болжээ.

Тодруулбал, эдгээр баримтуудад “Д ” ХХК-ийг хуурамч баримт авсан гэдгийг тогтоогоогүй байна.

Татварын улсын байцаагч нар нь дээрх шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа үндэслэл бүхий баримтад тулгуурлаагүй, татвараас зайлсхийсэн орлого гэж ногдох татварыг тодорхойлж, нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байгаа нь уг шийдвэрийн улмаас гомдол гаргагчийн эрх зүйн байдал дордсон буюу “татварын өр” шинээр бий болгосон гэж үзэх үндэслэлтэй, улмаар “Д ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж дүгнэв.

Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил...”, гэж заасан, хөөн хэлэлцэх хугацааг ямар байдлаар тоолж эхлэхийг мөн зүйлийн 11.3.1-11.3.4-т тодорхойлжээ. 

Татвар нөхөн ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт 5 жил байхаар зохицуулсан тул “Д ” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд “СС ” ХХК-иас 7 272 730 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд “ЭББС” ХХК-иас 15 409 091 төгрөг,  2012 оны 08 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд  “СС ” ХХК-иас 33 426 640 төгрөг, нийт 56 108 461 төгрөгийн хуурамч падаан ашигласан гэх зөрчилд нөхөн татвар, алданги, торгууль ногдуулах хугацаа өнгөрсөн байна.

Дээрх үндэслэлүүдээр Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М  , С.Ө  нарын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1102201807 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Д ” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.М  , С.Ө  нарын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1102201807 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй  болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж, гомдол гаргагчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАЯРМАА