Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0035

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т...ы нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 118/ШШ2022/0029 дүгээр шийдвэрийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э... давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Б.Т...,

Хариуцагч Завхан аймгийн Яруу сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд Х.Л...,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 64 дүгээр захирамжийн Хуушаан овогтой Л...д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг захирамжийг үндэслэн Х.Л...д олгосон 8113000333 дугаар бүхий 5000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаартай захирамжийн хавсралтаас Б.Т...д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Т...,

Хариуцагч Завхан аймгийн Яруу сумын Засаг дарга Д.Э...,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э...,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М...,

 

Хэргийн индекс: 118/2022/0024/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 118/ШШ2022/0029 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Х.Л...д олгогдсон нэгж талбарын 8113000333 дугаар бүхий газар эзэмших эрхийн 0128472 дугаар гэрчилгээг хүчингүй болгож, Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамжийн Х.Л...д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар гуравдагч этгээд Х.Л...гийн Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаар захирамжийн хавсралтаас Б.Т...д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” тус тус шийдвэрлэжээ.

2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э... дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Өмгөөлөгч Б.Э... миний бие Б.Т...ы нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Яруу сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Х.Л...тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа буюу давж заалдах гомдол гаргах шатанд өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 118/ШШ2022/0029 дугаартай шийдвэрийг гуравдагч этгээд Х.Л... нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр гардаж аваад бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Завхан аймгийн Яруу сумын засаг даргаар 2016 оноос 2020 оны хооронд ажиллаж байсан н.М.. нь нэхэмжлэгч Б.Т...д 2017 онд Завхан аймгийн Яруу сумын Жаргалант багийн Нурамт өвөлжөөний газар олгож байгаагүй бөгөөд Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаартай захирамжин дахь гарын үсэг минийх биш байна гэж гуравдагч этгээд Х.Л...д хэлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт “...Яруу сумын Засаг даргын 2017 оны 06-р сарын 02-ны өдрийн А/25 дугаартай захирамжийн хавсралтаас Б.Т...д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор гуравдагч этгээдийн газар эзэмших эрх сэргэхгүй, ...А/25 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор гуравдагч этгээдэд Нурамт нэртэй өвөлжөөний газрыг ззэмших эрх шууд үүсэхгүй, түүний зөрчигдсөн гэх эрх тогтоогдохгүй байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Гуравдагч этгээд Х.Л... нь бие даасан шаардлага гаргасан ба Яруу сумын Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу Нурамт нэртэй өвөлжөөний газрыг эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтооогдож байхад шүүхээс дээрх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нь хууль тогтоомжинд нийцсэн эсэх дээр нотлох баримтыг бүрдүүлээгүй бөгөөд нэхэмжпэгч нэхэмжлэлдээ Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаартай захирамжийг хавсаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлд дурьдаагүй байдаг. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч Б.Т...ы шүүхэд гаргаж өгөөгүй буюу шүүхэд мэдэгдээгүй баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нь нэхэмжлэгч Б.Т..., хариуцагч нар нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэнэт Яруу сумын Засаг дарга нар Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаартай захирамжийг гаргаж өгсөн нь тухайн захиргааны акт хуульд нийцсэн эсэх талаар нотлох баримтыг нягтлан шалгаж шаардлагатай байсан. Энэ байдал нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлобол зохих асуудал байсан байна.

Мөн гуравдагч этгээд нь Завхан аймгийн Яруу сумын Нурамт нэртэй өвөлжөөний газрыг эзэмших Засаг даргын шийдвэрийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, харин нэхэмжлэгч Б.Т... нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, хууль ёсны эзэмшигч эсэх нь тодорхойгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэх үндэслэлээр дүгнээгүй байдал нь үндэслэлгүй байна.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 118/ШШ2022/0029 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн оролцогчдын маргаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй асуудалд дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад дурдсан захиргааны актууд нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслээгүй, хэргийн оролцогчид уг хуульд заасан “хүндэтгэн үзэх шалтгаанаар газраа ашиглаагүйгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” талаар маргаагүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй байхад анхан шатны шүүх “... Х.Л... тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул гуравдагч этгээдэд олгосон нэгж талбарын 81130000333 дугаар бүхий 0128472 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь үндэслэлтэй....” гэж дүгнэн мөн хуулийн заалтыг хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна.”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна. 

2. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч гуравдагч этгээдийн  тайлбараар маргаан бүхий өвөлжөөг анх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн алиных нь таньдаг, төрөл садангийн хамаарал бүхий иргэд хамтарч эзэмшсэн, улмаар газар эзэмших гэрчилгээг Х.Л...гийн нэр дээр гарсныг мэдэж байсан, гуравдагч этгээд Х.Л... нь нэхэмжлэгч Б.Т...д өөрийн эзэмшил хувиа шилжүүлэн өгсөн гэх н.Б...г өвөлжөөг хамтарч эзэмших эрхтэй байсныг үгүйсгээгүй, мөн 64 дүгээр захирамж олдохгүй байгаа нь огт гарч байгаагүй гэж үзэх үндэслэл болохооргүй байхад анхан шатны шүүх Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамж гэж байхгүй байхад гуравдагч этгээд Х.Л...д уг 64 дүгээр захирамжийг үндэслэж газар эзэмших эрхийн 0128472 дугаартай гэрчилгээ олгосон нь хууль бус гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

3. Гуравдагч этгээд Х.Л... нь 2006 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, хамтран өмчлөгчөөр Н.Н.. бүртгүүлж, газар эзэмших гэрээ байгуулан тухайн газарт хашаа барьж өвөлжиж байсан, гэрч газрын албаны ажилтнуудын болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдээгүй байна.

4. Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... Яруу сумын Засаг дарга 2017 онд газар олгож байгаагүй бөгөөд  захирамжид зурсан гарын үсэг миний гарын үсэг биш гэж Х.Л...д хэлсэн, мөн уг захирамжийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн зэрэг нөхцөл байдлыг шүүхээс тодруулаагүй, мөн гуравдагч этгээдийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэж бие даасан шаардлагыг дүгнээгүй...” гэжээ.

5. Анхан шатны шүүх “...Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаар захирамжийн хавсралтаас Б.Т...д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор гуравдагч этгээдийн газар эзэмших эрх сэргэхгүй. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нь “Хар хад” нэртэй өвөлжөөний газрыг эзэмшдэг, А/25 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор гуравдагч этгээдэд “Нурамт” нэртэй өвөлжөөний газрыг эзэмших эрх шууд үүсэхгүй, түүний зөрчигдсөн гэх эрх тогтоогдохгүй...” гэж дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

6. Учир нь нэхэмжлэгчээс Яруу сумын Засаг даргад хандан 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “.. “Нурамт”-ын өвөлжөөг эзэмшихээр 2019, 2020 онд иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлсэн боловч одоо хүртэл уг асуудлыг шийдвэрлээгүй тул шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт хэрэгт авагдсан байх бөгөөд уг хүсэлтийн агуулгаас үзвэл, маргаан бүхий 2017 оны А/25 дугаар захирамжийг хэний хүсэлтээр, ямар үндэслэлээр гарсан эсэх, гуравдагч этгээдийн дээрх газар эзэмших гэрчилгээг тухайн үед хэрхэн шийдвэрлэсэн, газрыг давхцуулан олгосон эсэх талаар холбогдох баримтыг цуглуулж, дүгнэлт өгөөгүй байх тул гуравдагч этгээдийн гомдлыг үгүйсгэхээргүй байна.

7. Иймд дээрх тодорхойгүй нөхцөл байдлуудыг тодруулж, шаардлагатай баримтуудыг бүрэн цуглуулж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхэд тус бүрчлэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 118/ШШ2022/0029 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           А