Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/60   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэнд,

Шүүгдэгч: Б.Х  /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х холбогдох эрүүгийн 2129000200060 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Х  2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэх газарт таарамжгүй харилцааны улмаас Б.Отгон-Эрдэнийн биед татаж газар унагах, дээрээс нь дарах, зүүн шанаанд цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х холбогдох эрүүгийн 212900020060 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ:

2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр миний эхнэр Ганчимэг, Болдоо, Батжаргал бид 4 Болдоогийн машинтай Цагаан хад руу явах гээд кемпийн урдуур Цагаан хад руу явж байх замд манай эхнэр wi чатаар доромжлоод байсан Баттулга гэх залуугийн машин байна гэж хэлээд манай эхнэр Ганчимэг бууж очоод чи яасан хүнийг хэл амаар доромжилдог юм бэ? гээд маргалдаад байхаар нь би гүйж очоод зогсож байсан чинь Бүрэнтэгш хажуугаас нь орж ирээд Бямбасүрэн гэх хүнийг цохиод авсан. Тэгээд цохиод авсан чинь нөгөө хүн нь зөрүүлээд цохиод автал Отгон-Эрдэнэ Бүрэнтэгшийг заамдаад байхаар нь би дундуур нь ороод 2 цохисон байх. Тэгээд бид хоёр ноцолдож байгаад газарт унахад миний нуруу сонин болоод байхаар нь харсан чинь нурууны зүүн доод талд нь хутгалсан байсан. Тэгээд эхнэр рүүгээ нуруу сонин болсон байна гээд гүйгээд очсон чинь чиний нурууг хутгалсан байна гэж хэлсэн. Ийм зүйл болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-6/,

 

-Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-23/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Отгон-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-37/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Болдбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-40/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Х гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-43, 46/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баттулгын өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-56/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Бямбасүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-60, 70-71/,    

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Хуягбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 61/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Бүрэнтэгшийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-64/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Батжаргалын өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-66/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Ганчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-69/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 46 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-80/,

 

 

 

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Х-ын яллагдагчаар өгсөн

мэдүүлэг /хх-ийн 94-95/,

                           

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106/

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Х гаргасан хүсэлт, хохирогч Б.Отгон-Эрдэнийн гаргасан хүсэлт /хх-ийн 135-136/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Б.Х 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэх газарт таарамжгүй харилцааны улмаас Б.Отгон-Эрдэнийн биед татаж газар унагах, дээрээс нь дарах, зүүн шанаанд цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “зүүн шанаа, хүзүүний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, хүзүүний зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Б.Х-ын гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Отгон-Эрдэнийн өгсөн “...Тэр үед хамт нүүрсэнд явдаг Баттулга ах аав, бид хоёр дээр ирээд хамтдаа янзалж байсан ба Баттулга ахтай тухайн үед жолооч Ганчимэг гэх эмэгтэй ирээд хоорондоо маргалдаад байсан. Ганчимэг гэх эмэгтэй 4, 5 танихгүй залуучуудтай ирсэн юм. Тэгтэл нэг танихгүй залуу аавыг зүүн талын шанаа руу нь баруун гараараа шанаадаад цохичихсон тэр үед би болиулахаар салгахад араас намайг Х гэх хүн малгайнаас татаж газар унагаагаад дээрээс хэд хэдэн удаа хөл гараараа цохисон юм. Надад гомдол санал байхгүй. Би эмчилгээ хийлгүүлээгүй. Өөрөөр нь эдгээчихсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баттулгын өгсөн“...Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаанд хаданд 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэрийн транс” ХХК-ийн зогсоол дээр би нүүрс тээврийн машиндаа байж байгаад би нүүрс тээврийн машинаасаа буугаад ирэхэд Ч.Бямбасүрэн гэдэг хүн нүүрс тээврийн машины арын дугуйнд нь нүүрс тээврийн машины бүтээлэг орооцолдчихсон байхаар нь би туслаад байж байхад Н.Ганчимэг гэдэг хүн нэг газарт хамт нүүрс тээврийн машин барьдаг хүүхэн ирээд чи wi чатаар намайг доромжлоод байдаг хэн бэ гэж хэлээд бид хоёр хэрэлдэж маргалдаад байж байхад тэр хүүхэн намайг чи намайг доромжилсон гэж хэлээд намайг нэг хөшиглөөд нэг алгадаад авсан. Тэгтэл Бямбасүрэн ах миний хажууд байж байсан. Тэгээд миний хүүхдүүд одоо хэл амаа ололц гэж хэлээд байж байхад Д.Бүрэнтэгш гэдэг хүн хүрч ирээд Ч.Бямбасүрэн гэдэг хүнийг нэг удаа шанаанд нь цохиод авахаар нь Ч.Бямбасүрэн ах зөрүүлээд нэг удаа нүүрэн тус газар нь зөрүүлээд цохиод авсан. Тэгтэл Ч.Бямбасүрэн гэдэг хүний хүүхэд Б.Отгон-Эрдэнэ Д.Бүрэнтэгш гэдэг залуутай зууралдаад байж байхад Н.Ганчимэг гэдэг хүний нөхөр нь Б.Х Б.Отгон-Эрдэнэ гэдэг залууг заамдаж аваад газарт унагаад дээр нь гарчихсан байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-56/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бүрэнтэгшийн өгсөн “...Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэрийн транс” ХХК-ийн зогсоол дээр би нүүрс тээврийн машиндаа байж байхад хамт ажилладаг Х.Болдбаатар гэх залуу ирээд Н.Ганчимэг, Б.Х, Т.Батжаргал бид дөрөв Х.Батжаргалын жижиг машин суугаад хоол хүнсээ авах гээд дөнгөж зогсоол дээрээс хөдөлж байхад миний дүүг чатаар доромжлоод байсан Б.Баттулга гэдэг залуу нүүрс тээврийн машин дээрээ байна гээд миний хамаатан садны дүү болох Н.Ганчимэг намайг wi чатаар доромжлоод байсан нөгөө халзан машин дээрээ байна очиж уулзана гээд яваад өгсөн. Тэгээд Б.Х буугаад араас нь би буугаад яваад очиход миний дүү нэг хүнтэй хэрэлдээд хажууд нь Н.Ганчимэгийн нөхөр Б.Х бид нар халзан гээд дуудаад байдаг хөгшин /Ч.Бямбасүрэн/ халзангийн хүү гээд нэг залуу зогсож байсан. Тэгэхээр нь бид нар халзан гээд дуудаад байдаг Ч.Бямбасүрэнг чи миний дүүг доромжлоод байдаг хэн бэ чи хаа сайгүй хор найруулаад явж байдаг гэж хэлээд Ч.Бямбасүрэнг зүүн шанаан дээр нь нэг удаа гараар цохиод авахад Ч.Бямбасүрэн зөрүүлээд намайг нэг удаа цохиж авсан. Тэгтэл хүү нь гээд нэг залуу намайг заамдаад аваад намайг түлхээд байж байхад миний хажуу талаар Б.Х орж ирээд салгаад Ч.Бямбасүрэнгийн хүүг заамдаж аваад үлдсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Ганчимэгийн өгсөн: ”...Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “Алтанговь” ХХК-ийн нүүрс тээврийн машины зогсоол дээр нүүрс тээврийн машиндаа миний нөхөр болох Б.Х бид хоёр байж байхад Wi чатаар Б.Баттулга гэдэг хүн намайг эр эр тоохгүй эрлэг тоохгүй ямар олигтой байж энэ нүүрс тээврийн шланз барьж явдаг юм энэ хүүхэн нүүрс тээврийн машинаа хөдөлгөж мэдэхгүй яс юман дээр хаана очиж зогсохоо мэдэхгүй гээд намайг жолооч нарын групп чатаар доромжилсон. Тэгэхээр нь би энэ Б.Баттулга гэдэг залуугийн чатанд блок хийгээд би чатан дээр байсан утасны дугаар руу нь залгаад намайг Ганчимэг гэдэг чи ирээд надтай уулзаарай гээд хэлсэн. Тэгээд тэрнээс хойш явж байгаад би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би өөрийн найз болох Х.Болдбаатар гэдэг залууг дуудаад Цагаан хад орж чиний машинаар нь хамт явж хоол хүнс авахаар болж би гуйгаад миний нөхөр Б.Х, Т.Батжаргал, Д.Бүүрэнтэгш бид дөрөв Х.Болдбаатарын машинд нь хамт суугаад хөдлөөд явж байтал “Тэнгэрийн транс” ХХК-ийн нүүрс тээврийн машины зогсоол дээр намайг Wi чатаар доромжилсон Б.Баттулга гэдэг залуу нүүрс тээврийн машинаасаа буугаад чиргүүл рүү эргэж байгаа харагдсан. Тэгэхээр нь би хамт явсан хүмүүсээ үлдээгээд Б.Баттулгатай уулзаад уучлалт гуйлгаад ирье гэж хэлээд би Б.Баттулга гэдэг залуу дээр очоод Wi чатаат хаяган дээр Гануукаа гэдэг хүүхэн чинь би байна гэж хэлээд эр эр тоохгүй, эрлэг эрлэг тоохгүй хүүхэн байна уу би гэж хэлээд бид хоёр маргалдаад эхэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаж эхлэхэд Ч.Бямбасүрэн гэдэг хүний хүүхэд нь гээд залуу зогсоод байхаар нь би жаахан ийшээ явж байгаад уулзья гээд хэлтэл Б.Бямбадорж миний өөдөөс хэдэрлээд эхлэхээр нь би нэг удаа Б.Баттулга гэдэг залууг алгадаж аваад нэг удаа шилбэ рүү нь өшиглөөд байж байтал миний нөхөр Б.Х хүрч ирээд бид нарын хажууд дуугуй зогсож байхаар нь би Б.Баттулга гэдэг залууд хандаж энэ манай нөхөр гэж хэлээд би нөхөр ах дүү нартайгаа цуг энд явдаг юм. Би тийм яахаа алдсан хүүхэн биш гээд хэлээд бид хоёр ам зөрөөд байж байтал миний авга талын хамаатан болох Д.Бүрэнтэгш ирээд чи яахаараа хүүхэд доромжлоод байгаа юм бэ гээд нэг удаа цохиод авсан. Тэгтэл Б.Баттулга цаашаа эргээд зугтаагаад байхаар нь би явуулахгүй заамдаад явж байхад Ч.Бямбасүрэн, миний нөхөр, Ч.Бямбасүрэн гэдэг хүний хүүхэд ойролцоогоор 5-6 метр зайтай ард үлдээд тэд нар хоорондоо зодолдох чимээ гараад...” гэх мэдүүлэг /хх-67-69/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Отгон-Эрдэнийн гэрчээр өгсөн “...Миний аав болох Ч.Бямбасүрэнг Д.Бүрэнтэгш гэдэг хүн нүүрэн тус газарт нь цохиод автал миний аав Д.Бүрэнтэгш гэдэг хүнийг хальт цохиод авсны дараа би ааваа өмөөрөөд Бүрэнтэгш гэдэг хүнийг түлхээд байж байтал Д.Бүрэнтэгш бид хоёрын дундуур Б.Х орж ирээд намайг газарт дугтарч унагаагаад миний дээрээс дараад байж байхад миний хөл рүү хэн нэгэн өшиглөөд байсан. Тэгээд би босоод ирэхэд газарт нүүрс тээврийн машины чиргүүлийн хажууд хутга байхаар нь нуух гээд гартаа бариад байж байтал Б.Х ах эхнэр дээрээ очоод нуруугаа харуулаад үзүүлэхэд нуруунаас нь цус гарч байсан. Тэгэхэд эхнэр нь намайг хутгалсан гэж хэлтэл Н.Ганчимэг гэдэг хүний нөхөр нь Б.Х чи намайг хутгалсан байна гээд намайг гартаа хутга барьчихсан болохоор андуураад над руу дайраад миний гарт барьсан хутга булааж аваад намайг ална гээд дайраад эхэлсэн. Тэгтэл эхнэр нь наад хүүхэд чинь чамайг хутгалсан хүн биш гээд хутгыг нь автал Х ах намайг заамдаж аваад нүүрс тээврийн машин руу шахаад миний нуруун тус газар зүүн шанаанд 2-3 удаа цохисон. Тэгтэл Болдбаатар ах ирээд Б.Х ахыг татаж салгаад цамцаар бооход миний амьсгал давчдаад эхэлтэл би Болдоо ахад намайг боогоод байна гээд гарыг нь цохитол Болдбаатар ах заамдсан гараа тавьчихсан. Тэгээд би зодоон болоод өнгөрсний дараа би куртикний карманд байсан миний редмин нөат гэдэг гар утас байхгүй болчихсон байсан. Өөр хэн нэгэн хүн халдаж зодож цохисон зүйл байхгүй. Би хэн нэгэн хүнийг зодож цохисон зүйл байхгүй. Зодоон болоод өнгөрсний дараа миний хар өнгийн куртикний халаасанд байсан редмин нөат найм гэдэг нэртэй 2020 ны 07 дугаар сарын 10-ны үеэр сугалаанд хожиж байсан гар утас, гар утасны хар өнгийн гэрний баримт бичиг хийдэг хэсэгт жолооны үнэмлэх, цахим үнэмлэх, худалдаа хөгжлийн банкны карт, дампын операторын үнэмлэх, 20 доллар, 80.000 төгрөг, миний нүүрс тээврийн машины түлхүүр гар утастай цуг нэг халаасанд байсан. Тэгээд гар утсаа хайж байхад миний нэр усыг нь мэдэхгүй огт танихгүй хүн авчирч өгөхдөө энэ чиний түлхүүр мөн үү надад хэлээд өгсөн...би хэнтэй зодолдож цохисон талаар мэдэхгүй байна. Одоо би тэр хүнээ танихгүй. Би тухайн үедээ сугалаанд хожиж байсан болохоор ямар үнэтэй гар утас байсан талаар мэдэхгүй байна. Одоогийн хншаар би судалж үзэхэд 400.000 төгрөгөөс 500.000 төгрөгийн ханштай байсан. Миний гар утсыг газарт унасан хойгуур хэн нэгэн хүн олж авсан байх гэж би бодож байна. Би хэн хэнтэй зодолдож цохилцсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг Б.Х цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 47-51/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Хуягбаатарын өгсөн “...би тухайн өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Очерт нүүрс тээврийн машиндаа байж байхад хүмүүс хэрэлдэж маргалдаад байх шиг болохоор нь би тэр зодоон болоод байгаа газар дээр нь яваад очиход нэг залууг Х газарт унагаагаад дарчихсан байхаар нь би очоод тэр залууг 1-2 удаа хөшиглөсөн. Тэгээд би Баттулга гэдэг залуу руу яваад очтол Баттулга намайг дугтраад газарт унагаагаар нь би босоод иртэл Батжаргал тэнд байсан бөөрөнхий болоод хөлдсөн шавраас аваад Баттулга гэдэг залуу руу шидсэн. Би хоёр удаа газраас хөлдсөн шавар аваад шидэхэд миний шидсэн шавар Баттулга гэдэг залууг онож цохисон. Миний шидсэн шавар яг хаана оносныг мэдэхгүй байна. Би Х Отгон-Эрдэнэ гэдэг залууг газарт унагаагаад дарчихсан байсан. Би цохиж байхыг хараагүй. Батжаргал ямар ч байсан хөлдүү шавар аваад Баттулга гэдэг залуу руу шидэж байсан. Баттулга гэдэг залууг онож цохисныг би хараагүй. Би уусан архиндаа болоод зарим зүйлээ санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Бямбасүрэнгийн өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан баг Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэрийн транс” ХХК-ийн зогсоолд зогсоод машинаа тойрч үзэхэд миний нүүрс тээврийн машины арын дугуйнд нүүрс тээврийн машины бүтээлэг орооцолдсон байхаар нь би миний хүү болох Б.Отгон-Эрдэнэ, Б.Баттулга нарын хамт орооцолдсон бүтээлэг хутгаар би таслаад дугуйнаас нь салгах гээд байж байтал би нэр усыг нь мэдэхгүй /Ганчимэг/ ирээд миний хажууд байсан Баттулга дээр ирээд чи намайг wi Чатаар элдвээр хэлж доромжилдог хэн бэ гээд уурлаад хэрүүл маргаан хийгээд эхэлсэн. Тэгээд би хажуугаас нь ороод өмөөрөөд байж байтал тэр хүүхний нөхөр нь гэх залуу ирээд хэрүүл маргаан хийгээд байж байхад намайг нэг танихгүй хүн ирээд хальт цохиод авсан. Тэгэхээр нь би тэр хүнийг зөрүүлээд хальт цохиод автал миний хүү болох Б.Отгон-Эрдэнэ тэр хүнийг заамдаад авсан. Тэгтэл хажуугаас нь нэр усыг нь мэдэхгүй /Х/ залуу миний хүүг заамдаж байгаад газарт унагасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн “...1.Б.Отгон-Эрдэнийн биед зүүн шанаа, хүзүүний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, хүзүүний зулгаралт гэмтэл үүсчээ. 2. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 79-80/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Х гаргасан “Б овогтой Х миний бие Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан цагаан хад гэх газарт Б.Отгон-Эрдэнэ гэдэг залуутай үл ойлголцож биед нь хөнгөн хохирол учруулсан хэргийг хялбаршуулсан аргаар шийдвэрлэж өгнө үү. Гэм буруугаа сайн дураар хүлээж байна” гэх тайлбар /хх-135/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос  шүүгдэгч  Б.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Б.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Б.Отгон-Эрдэнийн эрүүл мэндэд “зүүн шанаа, хүзүүний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, хүзүүний зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” 46 дугаартай дүгнэлт /хх-79-80/-ээр тогтоогдож байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.Отгон-Эрдэнийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хх-31-32/

 

Хохирогч Б.Отгон-Эрдэнэ нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд түүний гаргасан “Б.Отгон-Эрдэнэ миний бие 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд бусдад зодуулсан. Одоо Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27-р хороо, Орчлон хороолол 46-44 тоотод ажиллаж амьдарч байна. Миний биеийн байдал хэвийн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээр нотлогдож байна. /хх-136/

 

Иймд хохирогч Б.Отгон-Эрдэнэ нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б.Х 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэх газарт таарамжгүй харилцааны улмаас Б.Отгон-Эрдэнийн биед татаж газар унагах, дээрээс нь дарах, зүүн шанаанд цохих зэргээр зодож, эрүүл мэндэд “зүүн шанаа, хүзүүний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, хүзүүний зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч Б.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-106/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Отгон-Эрдэнэ нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Б.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /Таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 26 см урттай, бариулын урт 11.5 см, ажлын хэсгийн урт 14.5 см, ажлын хэсэгт цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон, HONG LI гэсэн бичиглэлтэй, шар эрээн өнгийн 2 хадаас бүхий бариултай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгахаар комисст даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Х нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Б Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-рыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Б.Отгон-Эрдэнэ нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 26 см урттай, бариулын урт 11.5 см, ажлын хэсгийн урт 14.5 см, ажлын хэсэгт цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон, HONG LI гэсэн бичиглэлтэй, шар эрээн өнгийн 2 хадаас бүхий бариултай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгахаар комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ДАВААНАРАН