| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2021/0058/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/64 |
| Огноо | 2021-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.А |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,
Шүүгдэгч: Н.Ү /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ү холбогдох эрүүгийн 2129000920064 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Ү нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн баруун талд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Өнөболдтой үл ялих шалтгаанаас болж маргалдан гараараа толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ү холбогдох эрүүгийн 2129000920064 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ү мэдүүлэхдээ:
Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас шүүхэд мэдүүлэг гаргахгүй гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Өнөболдын өгсөн мэдүүлэг /хх-ийн 10, 13/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Адъяахүүгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 221 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Ү-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34/,
-Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 37-39/,
-Шүүгдэгч Н.Ү-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42, 43, 44, 45, 46/,
-Хохирогч Б.Өнөболдын хүсэлт /хх-ийн 79/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Н.Ү нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн баруун талд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Өнөболдтой үл ялих шалтгаанаас болж маргалдан гараараа толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд “зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Өнөболдын өгсөн “...Би 2021 оны 03 дугаар сарын 18-ны орой 18 цагийн орчимд хамт ажилладаг Адъяахүү, түүний танил Үнэнбүрэн гэх хоёр залуутай цэргийн баяр тэмдэглээд 2 шил 0.75 литрийн Соёрхол гэх архи Ханбогд сумын төв багш нарын байрны гадаа хувааж уугаад би согтуураад Үнэнбүрэн гэх залуу руу агсарсан. Би яг юунаас болж агсарсан талаараа сайн санахгүй байна. Тухайн үед би нэлээн согтуу байсан. Тэгээд нэг мэдсэн намайг Ү гэх залуу миний нүүр рүү цохиод авах шиг болсон. Тэгээд маргаан болоод тараад явцгаасан. Би тэгээд байрны гадаа сууж байгаад тамхи татаж байсан чинь цагдаа ирээд намайг дагуулаад эмнэлэгт үзүүлсэн. Миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Адъяахүүгийн өгсөн “...Би 2021 оны 03 дугаар сарын 18-ны орой 18-19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Ерөнхий боловсролын дунд сургуулийн багш нарын байрны гадаа найз Өнөболд, Ү нарын хамтаар сууж, 0.75 литрийн 2 шил Соёрхол гэх архи хувааж ууж дуусгаад сууж байтал Өнөболд над руу хандаж чи ер нь хэн юм чадахгүй байж томроод байгаарай гэх мэт үг хэлээд тоглоом шоглоом нь мэдэгдэхгүй байж байтал хажуугаас Үнэнбүрэн ах чи юу гээд байгаа юм гээд энэ хоёр хоорондоо маргалдахаар нь би Өнөболдыг салгаад гэрт нь оруулсан чинь удалгүй араас гарч ирээд Ү ахтай дахиад маргалдсан чинь Ү ах гараараа нүүр лүү нь нэг удаа цохиод авахаар нь би салгаад байж байтал удалгүй цагдаа ирсэн. Өнөболдын зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 221 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “1.Б.Өнөболдын биед зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын зулгаралт гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Хамрын зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Ү яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв ерөнхий боловсролын 1-р сургуулийн баруун талд архи ууж байгаад Б.Өнөболдтой үл ялих зүйлээс болж маргалдан бие эрх чөлөө эрүүл мэндэд нь халдаж хөнгөн гэмтэл учруулсан. Би уурандаа 2 удаа цохиж авсан. Би Өнөболдын нүүр лүү гараараа 2 удаа цохиж авч гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Ү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Н.Ү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч Б.Өнөболдын эрүүл мэндэд “зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 221 дугаартай” дүгнэлт /хх-23-24/-ээр тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.Өнөболдыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.
Хохирогч Б.Өнөболд нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь шүүхэд ирүүлсэн “Б.Өнөболд миний бие шүүгдэгч Н.Ү харилцан тохиролцсон гомдол байхгүй тул энэ хүсэлтийг минь хүлээн авна уу. Миний бие шүүх хуралд оролцохгүй. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэсэн хүсэлтээр нотлогдож байна. /хх-79/
Иймд хохирогч Б.Өнөболд нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Н.Ү нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн баруун талд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Өнөболдтой үл ялих шалтгаанаас болж маргалдан гараараа толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд “зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч Б.Өнөболд нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Өнөболд нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Н.Ү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /Таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Ү урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Н.Ү нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Н.Ү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ү 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ү оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Б.Өнөболд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Н.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Ү урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН