| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0161/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/159 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/159
2021 3 09 2021/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч Д.Даваадорж,
шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109000000093 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Шилдэг ширмэл” ХХК-д чулуучин ажил эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамтаар тоотод түр оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
урьд Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, Э.Т/регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр
Яллагдагч Э.Тнь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар буян” ХХК-ийн хашаан дотор иргэн Б.Ганбаатартай “оройтож ирсэн” гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 4-5 удаа цохиж биед нь “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Тшүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би “Улаанбаатар буян” буюу “Шилдэг ширмэл” ХХК-д чулуучин ажил эрхэлдэг бөгөөд өдөр болгон мужааны цехээс ирсэн хайрцгуудыг хүлээн авдаг. 2020 оны 12 дугаар сарын 29-ний орой мужаан Б.Ганбаатар ах хайрцгуудаа хүргэж ирэхгүй удаад байсан. Уг нь орой болгон л 18 цаг гэхэд ирээд хайрцгаа хүлээж аваад дууссан байдаг юм. Гэтэл тухайн өдөр Ганбаатар ахын гар утас руу залгахад тэрээр “ах нь очиж байна” гэсээр байгаад 2 цаг гаран болсон. Би мужааны үйлдвэр дээр байдаг нэг хүн рүү залгахад “Б.Ганбаатар ахыг хамт ажилладаг хүмүүстэйгээ хамт архи ууж байна” гэж хэлсэн. Би түүнийг хүлээгээд 2 цаг гаран болсон. Тэгж байтал 20 цаг өнгөрч байх үед Б.Ганбаатар ах хайрцгуудыг авч ирсэн. Би тухайн үед оройтлоо гээд нэлээн бухимдалтай байсан юм. Тэгээд би Б.Ганбаатар ахад хандан “...хүн хүлээлгээд арай дэндэж байна” гэж хэлсэн. Тэгтэл Б.Ганбаатар ах над руу толгойгоо өгөөд “чи тэгээд яах гээд байгаа юм” гэж хэлээд ойртоод байсан. Тэгэхээр би угсраад 4-5 удаа түүний толгой, нүүрний хэсэг рүү гараараа цохиход тэрээр цохисныг маань тоолоод байсан. Одоо бодоход анхнаасаа цагдаад хандах бодолтой байсан юм шиг байна. Бид хоёрыг зууралдахад манай ажлын Пүрэвдорж, манай дүү Бат-Эрдэнэ нар голоор ороод салгасан. Б.Ганбаатар намайг цохиогүй, харин сүүлд намайг заамдаж аваад боож дараад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,
Хохирогч Б.Ганбаатарын “...Би 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Гачууртад байдаг компанийнхаа үйлдвэрээс 19 цагийн орчимд ажил тараад гарсан. Үйлдвэрт хийсэн бараа материалаа төв байран дээр авчирч хүлээлгэн өгөх ёстой байдаг ба тухайн өдөр бараа материал хүлээн авах ёстой хүн нь Төмөрбаатар гэх залуу байсан. Тэгээд би явсаар байгаад 19 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Улаанбаатар буян” ХХК-ийн хашаанд ирсэн. Намайг ирэхэд Төмөрбаатар утсаар залгасан байсан. Би машинаас дөнгөж буугаад байж байтал Төмөрбаатар ирээд надад хандан “Ганбаатараа чи арай давраад байгаа юм биш үү, хэдий болтол ингэж оройтох юм" гэж хэлээд шууд гараараа миний нүүр хэсэг рүү цохисон. Түүний хамгийн эхний цохилт нь миний зүүн нүдийг оносон ба намайг тонгойход угсраад 4-5 удаа нүүр болон толгой руу цохисон. Тэгээд би түүнийг болиулах гэхэд тэрээр тойрч зугтаагаад “чи намайг барахгүй шүү” гээд чанга хашгираад байсан. ...Миний тухайд Төмөрбаатарыг цохисон зүйл огт байхгүй. ...Би гомдолтой байна, намайг зүгээр байхад үл ялих зүйлээр шалтаг хийж шууд зодсон..." гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,
Гэрч С.Пүрэвдоржийн “...Би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар буян” буюу “Шилдэг ширмэл” ХХК-д мужааны ажил эрхэлдэг. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай ажил 16 цагийн орчимд дууссан. Би орой болгон мужааны үйлдвэрээс ирсэн хайрцгийг хүлээлгэж өгдөг. Би мужааны үйлдвэрээс Ганбаатар ахын хамтаар хайрцаг ачаад төв компани дээрээ авчирдаг. Тухайн өдөр Ганбаатар ах мужааны үйлдвэр дээр байхдаа тэнд байсан ажилчидтай архи уугаад нэлээд оройтсон. Тэгээд бид хоёр орой 20 цагийн орчимд төв компани дээрээ ирсэн, уг нь 18 цаг гэхэд ирчихдэг юм. Тэр үед манай ажлын чулуучин хийдэг Төмөрбаатар хайрцаг хүлээж авах гээд хүлээж байсан. Бид хоёрыг хайрцагнуудаа авчрах үед Төмөрбаатар нь “оройтлоо” гээд уурласан. Тэгтэл Ганбаатар ах Төмөрбаатарт хандан “чи намайг яах гээд байгаа юм” гээд толгойгоо өгөөд түүн рүү ойртоод байсан. Тэгтэл Төмөрбаатар гараараа Ганбаатар ахын нүүр рүү хэд, хэдэн удаа цохиод байсан. Тухайн үед Ганбаатар ах “чи намайг 4 билүү 5 удаа цохилоо шүү” гээд цохихыг нь тоолоод байсан. Тэр хоёрыг заамдалцахад Төмөрбаатарын дүү Бат-Эрдэнэ бид хоёр тэр хоёрыг салгасан. Ганбаатар Төмөрбаатарыг цохиогүй бөгөөд түүнийг заамдаад дараад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,
Гэрч Э.Бат-Эрдэнийн “...Би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар буян” буюу “Шилдэг ширмэл” ХХК-д өөрийн төрсөн ах болох Э.Төмөрбаатартай хамт ажилладаг юм. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мужааны цех дээр Ганбаатар ахын хамтаар ажилласан. Тухайн өдөр манай ажил 16 цагийн орчимд дууссан. Тэр орой хамт хайрцаг хүргэж өгөх ёстой байсан Ганбаатар ах Гачууртад байх мужааны үйлдвэр дээр ажлын хэдэн ах нартай хамт архи уугаад цагтаа хөдлөөгүй нэлээн оройтсон. Гэтэл хайрцаг хүлээж авах ёстой төв компани дээр байсан Төмөрбаатар буюу манай ах залгаад байсан. Тэгсээр байгаад орой 20 цаг өнгөрч байхад хайрцгуудаа компани дээр хүргэсэн. Тэгтэл компанийн хашаан дотор манай ах Төмөрбаатар нь Ганбаатар ах руу “оройтлоо” гээд уурласан. Гэтэл Ганбаатар ах “чи намайг яах гээд байгаа юм бэ п... минь” гэж хэлээд Төмөрбаатар ах руу толгойгоороо тулаад байсан. Тэгтэл Төмөрбаатар ах Ганбаатар ахын нүүр рүү гараараа хэд, хэдэн удаа цохиод авсан. ...Тэр хоёр заамдалцаад зууралдаад, улмаар Ганбаатар ах Төмөрбаатар ахыг боогоод байхаар нь Пүрэвдорж бид хоёр голоор нь орж салгасан. ...Ганбаатар ахын зүүн талын нүд нь хавдсан харагдаж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 12/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №398 тоот актын “….Б.Ганбаатарын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн цаг хугацаанд үүсэх боломжтой. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-15-16/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/, хувийн байдалтай холбоотой баримт /хх-31-34, 40-46/, хохирлын баримт /хх-14/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-22/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Э.Тнь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар буян” ХХК-ийн хашаан дотор иргэн Б.Ганбаатартай “оройтож ирсэн” гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 4-5 удаа цохиж биед нь “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Ганбаатарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №398 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Э.Төмөрбаатарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Т хохирогч Б.Ганбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Т дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Э.Төмөрбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч Э.Т 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Э.Тнь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ганбаатарт 108.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч Э.Тнь мөрдөн шалгах ажиллагаанд төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тнь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Тнь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Э.Тнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР