| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00255/И |
| Дугаар | 151/ШШ2017/00396 |
| Огноо | 2017-04-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2017/00396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Эрдэнэсант сум, 1-р баг, Баян-Уулд оршин суух НФ58112711 регистрийн дугаартай Бад овогт Лувсандоржийн Галцогын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Галцог нь Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн “Баянтуул” бригадад 1978 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн малчнаар ажиллаж байгаад аж ахуйн нэгжийн хуулийн дагуу 1992 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” ХК-д шилжин малчнаар 1992 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл тасралтгүй ажилласан. Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 1976, 1981, 1991 онуудын хөдөлмөрийн дэвтрүүд бичилттэй боловч зарим нэг үсгийн засвартай, тухайн үеийн тамга тэмдгийн зөрчилтэй байгаа тул улсад ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Галцог нь Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн “Баянтуул” бригадад 1978 оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл малчин, адуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
Үүнд:
- Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн зөвлөлийн даргын 1978 оны 05 сарын 19-ний өдрийн 40 дугаартай завод тасгийн ажилчид томилох туахй тушаалд “..Л.Галцог нарыг 5-р сарын 20-ноос эхлэн томилон ажиллуулсугай..” гэх бичилт,
- Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 02 сарын 26-ны өдрийн 27 дугаартай малчнаар томилох тухай тушаалд “..Лувсандоржийн Галцогыг 1986 оны 02 сарын 26-наас эхлэн хоньчноор ....” гэх бичилт,
- Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 сарын 01-ний өдрийн 200 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалд “..Ямааны хэсэгт 25-т Л.Галцог ..” гэх бичилт,
- Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн даргын 1992 оны 02 сарын 01-ний өдрийн 05 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал түүний хавсралтад “..2-т Лувсандоржийн Галцог малчин ..” гэх бичилт,
- Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн дарын 1989 оны 11 сарын 21-ний өдрийн 123 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал түүний хавсралтад “..5-т Л.Галцог ямаачин ..” гэх бичилт,
- Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн даргаас 1978 оны 09 сарын 10-ны өдөр олгосон №743 дугаартай Лувсандоржийн Галцогын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн дарга В.Рагчаабазарын 1984 оны 02 сарын 28-ны өдөр олгосон Лувсандоржийн Галцогын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн дарга Ц.Улам-Оргихын 1995 оны 01 сарын 01-ний өдөр олгосон Лувсандоржийн Галцогын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Гэрч Д.Батдорж: Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн “Баянтуул” бригадад 1978 оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл малчин, адуучнаар ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт хамт ажиллаж байсан талаарх тэмдэглэл,
-гэрч Ц.Наранчимэг: Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн “Баянтуул” бригадад 1978 оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл малчин, адуучнаар ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.
Л.Галцогын хөдөлмөрийн дэвтрийн бичилт засвартай, тамга тэмдэг зөрчилтэй,ажилд анх томилогдсон тушаал болон цалингийн баримтууд нь архивт хадгалагдаагүй болох нь архивын тасгаас ирүүлсэн магадлагаагаар нотлогдож байна. Иймд түүнд Төв аймгийн Эрдэнэсант сумыын “Саруул амьдрал” нэгдлээс олгож байсан 743 дугаар бүхий хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн 8-9 дахь талд “ 1978 оны 9 сарын 15- нд ... бригадад малчин “ гэх бичилтийг үндэслэн анх ажилд орсон өдрийг тогтоож зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.
Түүнчлэн түүний хүсэлтээр хамт малчин байсан гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг мөн тэдний хөдөлмөрийн дэвтрийн бичилт хийгдсэн байдал хүсэлт гаргагчийн өөрийнх нь хөдөлөмөрийн дэвтэр дээрх бичилт,
Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн зөвлөлийн даргын тушаалууд зэргийг ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэв.
Бад овогт Лувсандоржийн Галцог нь Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн “Баянтуул” бригадад 1978 оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл малчин, адуучнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д тус тус зааснаар НФ58112711 регистрийн дугаартай Бад овогт Лувсандоржийн Галцог нь Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн “Баянтуул” бригадад 1978 оны 09 сарын 15-ний өдрөөс 1992 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл малчин, адуучнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ