| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0165/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/162 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/162
2021 03 09 2021/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч Г.Түвшинбаяр,
шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.С холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109000000269 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1968 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын инженер мэргэжилтэй, “Пирамид өргөө” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт. тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д.С, /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр
Яллагдагч Д.С согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимпийн гудамж 35 дугаар байрны 15 тоот гэртээ өөрийн эхнэр Г.Ариунаатай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр, цээж, гуя хэсэгт нь цохиж зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Д.С согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимпийн гудамж 35 дугаар байрны 15 тоот гэртээ өөрийн эхнэр Г.Ариунаатай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр, цээж, гуя хэсэгт нь цохиж зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Д.С хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Д.С холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.С согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимпийн гудамж 35 дугаар байрны 15 тоот гэртээ өөрийн эхнэр Г.Ариунаатай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр, цээж, гуя хэсэгт нь цохиж зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Г.Ариунаагийн "...Д.Сгэрт байсан хэдэн пиво, архинаас уусан. Тэгээд шөнийн 01 цагийн үед гэнэт уурлаад үснээс зулгаагаад шууд миний нүүр хэсэгт 2-3 удаа, зүүн талын цээж, хавирга хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд нэг юм гайгүй болоод унтаад өгөхөөр нь би өөрийн төрсөн дүү Ганболдыг дуудаад гэр рүү нь хамт явсан. Одоо миний зүүн нүд хөхөрч хавдсан, зүүн цээж, зүүн гар хөхөрч хавдсан. Зүүн талын хавирга хатгуулж өвдөөд амьсгалж чадахгүй байгаа. Мөн миний баруун хөлийн хуруу, баруун гуя хөхөрч хавдсан байна. Миний биед учирсан гэмтлүүдийг манай нөхөр Д.Снадад гараараа цохиж учруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 14 дугаар хуудас/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №1394 тоот актын “…Г.Ариунаагийн биед тархи доргилт, зүүн дээд доод зовхи, зүүн бугалга, гуя, тавхайд цус харалт, зүүн чамархай, хацар орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн 4, 6-р хавирганд шинэ хугарал тогтоогдов. ...Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно...“ гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
яллагдагч Д.С "...Эхнэр Ариунаа бид хоёр зовлон жаргалаа ярьж сууж байгаад архиныхаа халуунд хамаатан саднуудаасаа болж маргалдаж хэрэлдсэн. Хэрүүл маргааны үеэр би уурандаа эхнэрийнхээ зүүн нүд хэсэгт нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд чамтай хэрүүл маргаан хийхгүй гэж маргалдаж хөлөөрөө нэг удаа бие рүү жийж өшиглөөд, цээж хэсэг рүү түлхэхэд шат руу унасан..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.Снь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Д.Снь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Соронзонболдод танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Соронзонболдод 800 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч Д.С 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Д.Снь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Снь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.С 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Снь энэ тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Снь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Д.Снь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР