| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0183/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/177 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/177
2021 03 15 2021/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч Ч.Батбаатар,
шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103000160041 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, Улаанбаатар хот төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн журам боловсруулалтын албаны шалгалтын инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.М, /регистрийн дугаар /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.М нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зуун айлын уулзварын баруун талын явган хүний гарц дээр “Тоёота приус-41” маркийн 93-83 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 52 настай, эрэгтэй, Л.Насанбадралыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн прокурорын газраас яллагдагч Д.М 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зуун айлын уулзварын баруун талын явган хүний гарц дээр “Тоёота приус-41” маркийн 93-83 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 52 настай, эрэгтэй, Л.Насанбадралыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Д.М хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Д.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.М нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зуун айлын уулзварын баруун талын явган хүний гарц дээр “Тоёота приус-41” маркийн 93-83 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 52 настай, эрэгтэй, Л.Насанбадралыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
хохирогч Л.Насанбадралын “…2020 оны 12 дугаар сарын 22-нд Зуун айлын уулзварын баруун талын гэрлэн дохиогоор явган хүний гарцаар гарч явсан ертөнцийн зүгээр зүүн талаас иржявсан суудлын машин миний баруун талаас мөргөж би зүүн талаараа газар унасан... Би ногоон гэрлээр гарч явсан. Жолооч надад 120.000 төгрөг өгсөн өөр эрүүл мэндэд анхаарсан зүйлгүй. Би өөрөө явж босож чадахгүй болохоор төрсөн эгч Л.Насанцэнгэлийг оролцуулмаар байна...” гэсэн мэдүүлэг,
Хууль ёсны төлөөлөгч Л.Насанцэцэгийн “…Ослын талаар мэдэх зүйл байхгүй миний дүү Насанбадрал сүүлд надад хэлсэн. Эрүүл мэндийн хувьд аарцаг яс хугарсан гэхдээ одоогоор нэхэмжлэх зүйл болон санал гомдол байхгүй. Эрүүл мэндийн хохиролд жолооч 1.700.000 төгрөг өгч барагдуулсан тул санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №44 тоот актын “…Л.Насанбадралын биед зүүн умдаг ясны дээд доод салааны далд хугарал, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь Шүүх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...“ гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.М яллагдагчаар өгсөн “…Би өөрийн санамсар болгоомжгүй байдлын улмаас хүний биед хохирол учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг бичиж, яллагдагч Д.Мд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Мд 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч Д.Мд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Д.М нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.М Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР