| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00258/И |
| Дугаар | 151/ШШ2017/00402 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 151/ШШ2017/00402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Баяндэлгэр сум, 2-р баг, Галуутад оршин суух НЧ50091917 регистрийн дугаартай Авандай овогт Пүрэвийн Гантулгад 1972 оны 06 сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбажав, нарийн бичгийн дарга О.Нямдоржийг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбажав нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ах П.Гантулга 1950 онд төрсөн. 67 настай, өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээрх овог зөрүүтэй бичигдснээс тэтгэвэрт гарч чадахгүй байгаа болно. Шагдарсүрэн гэдэг нь манай төрсөн эцэг, Пүрэв гэдэг ахыг өргөж авсан хүн. П.Гантулга нь багаасаа Пүрэвийнд /өргөсөн/ өссөн. Ажилд орохдоо тухайн үеийн боловсон хүчин төрсөн эцэг нь Шагдарсүрэн юм чинь гээд Шагдарсүрэнгийн Гантулга гэсэн байсан. Эрх зүйн бүх бичиг баримтууд дээр Пүрэвийн Гантулга гэж явдаг. Цуглуусан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн 1972 оны 06 сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань ТМСургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Авандай овогт Пүрэвийн Гантулга мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Пүрэвийн Гантулгад 1972 оны 06 сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань Техник Мэргэжлийн Сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэрт “Шагдарсүрэн” гэх овгоор бичигдсэн нь түүний /НЧ50091917/ регистрийн дугаартай Авандай овогт Пүрэвийн Гантулга гэх иргэний үнэмлэх, төрсний бүртгэлийн лавлагаанд бичигдсэнтэй тохирохгүй байгаагаас дээрх бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр Авандай овогт Пүрэвийн Гантулга мөн болохыг шүүхээр тогтоолгох зайлшгүй шаардлага гарсан байна. Нэхэмжлэгчээс ирүүлсэн дараах баримтуудаас үзвэл:
- 1972 оны 06 сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань Техник Мэргэжлийн Сургуулиас олгосон Гантулгын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян сумын даргын 1978 оны 02 сарын 28-ны өдрийн 25 дугаартай машин шилжүүлэн хариуцуулах тухай тушаалд “... машиныг жолооч Д.Гантулгад..” гэх бичилт,
- 2016 оны 06 сарын 20-ны өдөр олгосон иргэний цахим үнэмлэхийн хуулбар, Авандай овогт Пүрэвийн Гантулга, НЧ50091917, 1950 оны 09 сарын 19-ний өдөр төрсөн гэж,
- Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газар, Жлсын бүртгэлийн төв архивын 2017 оны 03 сарын 09-ний өдрийн №05/004058 дугаарай 1-р маягтын лавлагаа – А нд рдНЧ50091917, Авандай овогт Пүрэвийн Гантулга гэж,
- Гэрч Л.Мэндсайхан: Шагдарсүрэн гэдэг нь П.Гантулгыг өргөж авсан ах нь тэгээд ажилд орохдоо Шагдарсүрэнгээрээ явсан байсан. Улсын бүртгэлээр Пүрэвээрээ байдаг. Одоо Пүрэвийн Гантулга гэж явдаг нь үнэн гэх тодорхойлолт,
–гэрч Ш.Саранцэцэг: П.Гантулга манай хамгийн том ах байгаа юм. Шагдарсүрэн гэдэг нь манай төрсөн эцэг, Пүрэв гэдэг ахыг өргөж авсан хүн. П.Гантулга нь багаасаа Пүрэвийнд /өргөсөн/ өссөн. Ажилд орохдоо тухайн үеийн боловсон хүчин төрсөн эцэг нь Шагдарсүрэн юм чинь гээд Шагдарсүрэнгийн Гантулга гэсэн байсан. Одоо хүртэл Пүрэвээрээ овоглодог. Бид эцэг, эхээс 6-уулаа ах Гантулга нь Пүрэвийн Гантулгаар овоглодог бусад нь Шагдарсүрэнгээр овоглодог, П.Гантулга ах өвөө Пүрэвийг насан эцэстэл нь хамт амьдарсан. Эрх зүйн бүх бичиг баримтууд дээр Пүрэвийн Гантулга гэж нэрлэгддэг нь үнэн гэх тодорхойлолт, зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд 2016 оны 06 сарын 20-ны өдөр олгосон иргэний цахим үнэмлэхийн хуулбар, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 03 сарын 09-ний өдрийн №05/004058 дугаарай 1-р маягтын лавлагаа, гэрч нарын мэдүүлэг зэргийг ач холбогдолтой нотлох баримт гэж үзлээ
Иймд 1972 оны 06 сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань Техник Мэргэжлийн Сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Авандай овогт Пүрэвийн Гантулга мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар НЧ50091917 регистрийн дугаартай Авандай овогт Пүрэвийн Гантулга нь 1972 оны 06 сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань Техник Мэргэжлийн Сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ