Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0153/З |
Дугаар | 221/МА2023/0045 |
Огноо | 2023-01-11 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2023/0045
“Э.И.С.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Нэхэмжлэгч: “Э.И.С.Т” ХХК,
Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О, Б.М нар,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О, Б.М нарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-22210000087 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 723 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, хариуцагч Т.О, Б.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,
Хэргийн индекс: 128/2022/0153/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э.И.С.Т” ХХК нь Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О, Б.М нарт холбогдуулан “Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О, Б.М нарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-22210000087 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 723 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 7, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э.И.С.Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай НА-22210000087 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Татварын улсын байцаагч Б.М, Т.О нар нь “Э.И.С.Т” ХХК-ийн 2017-2020 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж, татварын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн HA-22210000087 дугаар нөхөн ногдуулалтын актаар 4,843,600.00 төгрөгийн зөрчилд 4,843,600.00 төгрөгийн нөхөн татвар, 1,453,0650.00 төгрөгийн торгууль, 968,720.00 төгрөгийн алданги, нийт 7,265,400.00 төгрөгийг ногдуулсан. Тус аж ахуйн нэгж нь зөвхөн “М.Э.К” ХХК-ийн нүүрсийг тээвэрлэдэг бөгөөд хяналт шалгалтад хамрагдсан хугацаанд буюу 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 24,6 сая тонн нүүрсийг, 1 машинд дунджаар 72.4 тонн нүүрсийг тээвэрлэсэн нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл болох гаалийн мэдээгээр нотлогдож байсан. Дээрх мэдээллээс үзэхэд чиргүүлийн даац нь 65.0 тонноос дээш даацтай болох нь нотлогдож байх тул гомдол гаргагчийн гомдолдоо дурдсан “Манай компанийн эзэмшиж буй чиргүүлүүдийн дийлэнх нь 44,200 кг даацтай бол үлдэх хэсэг нь 25,000 кг даацтай” гэсэн нь шүүх хуралдааны явцад тогтоогдоогүй.
3.2. Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д “Авто чиргүүл”, 5 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж заасан. Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/06 дугаар тогтоолын 1-д “Аймгийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай”, хавсралт 1-д “ачааны машин 70-80 тонны даацтай 400.000.00 төгрөг, Чиргүүл /тонн тутмаас/ 6,000 төгрөг” гэж тус тус тогтоосон. Иймд гомдол гаргагчийн “манай компанийн эзэмшиж буй чиргүүлийн дийлэнх нь 44,200 кг даацтай бол үлдэх хэсэг нь 25.000 кг даацтай бөгөөд татварын хэмжээг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоосноор тооцож үзвэл 44,200 кг даацтай чиргүүлийн татвар 265,200 төгрөг, 25,000 кг даацтай чиргүүлийн татвар 150.000 төгрөг байна” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байсан.
3.3. Мөн “Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 6 дугаар зүйл “Албан татвар ногдуулах”-ийн 1-д “Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна” гэж заасан. 2020 оны албан татвар ногдуулалт нь Монгол Улсын Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан авто тээврийн гэрчилгээнд заасан даацаар албан татвар ногдуулахаар шүүх шийдвэр гаргасан нь дараах байдлаар үндэслэлгүй. А. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн заалтын хувьд авто тээврийн үндэсний төвөөс гаргасан гэрчилгээний тонн тутамд албан татвар ногдуулна гэсэн заалт байхгүй. Б. Тухайн тээврийн хэрэгсэл олон улсын тээвэр гүйцэтгэж байгаа нь олон улсын тээврийн үйл ажиллагаанд /тухайн тээврийн хэрэгсэл Бүгд Найрамдах Хятад Ард Улсын авто тээврийн тухай хуульд/ хэдэн тонны даацтай байгааг тодорхойлох боломжтой байсан гэтэл шинжээч томилолгүй шууд нэг тал барьсан шийдвэр гаргасан. В. Гаалийн байгууллагаас татварын албанд ирүүлсэн гаалийн мэдүүлгээр тухайн тээврийн хэрэгслийн даацыг үнэн зөв гаргасан байхад татвар төлөгчийн гэрчилгээг үндэслэн шийдвэрлэсэн. Г. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл мэргэжлийн дагуу шийдвэр гаргасаар байхад харгалзан үзээгүй зэрэг.
3.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 723 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч “Э.И.С.Т” ХХК нь “Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О, Б.М нарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-22210000087 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
2.2. Маргаан бүхий НА-22210000087 дугаар нөхөн ногдуулалтын актаар “... 28 чиргүүлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2020 онд 4,843,600.00 төгрөгөөр дутуу ногдуулсан” гэж үзээд 4,843,600 төгрөгийн татвар, 1,453,080 төгрөгийн торгууль, 968,720 төгрөгийн алданги, нийт 7,265,400 төгрөгийн төлбөр төлүүлэхээр” шийдвэрлэсэн, Нийслэлийн татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 45 дугаар тогтоолоор “... нийт 645,000 төгрөгийг бууруулж, нийт 6,620,400 төгрөгийг төлүүлэхээр өөрчилсөн” байна.
2.3. Анхан шатны шүүх “... маргаан бүхий албан татвар ногдох автотээврийн хэрэгсэл нь хэрхэн ашиглагдаж байгаагаас үл шалтгаалан зөвхөн улсын бүртгэлд бүртгэгдсэн байдлаар татвар ногдуулахаар хуульчилснаас биш тухайлбал, татвар ногдох жилд огт ачаа ачихгүйгээр, эсхүл даацын хэмжээ нэмэгдсэн эсэхээс үл хамаарна, ... нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техникийн тодорхойлолтын дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөх үүргээс чөлөөлөгдөөгүй, харин маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар даацыг нь тодорхойлж “ачааны машин” гэсэн ангиллаар 400,000 төгрөгөөр тооцож нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй, актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
2.4. Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “автотээврийн хэрэгсэл” гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг ойлгох бөгөөд Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар бүх төрлийн ачааны автомашин, авто чиргүүл зэрэгт албан татвар ногдуулахаар, 5 дугаар зүйлийн 3-д зааснаар автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохоор байна.
2.5. Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Татварын хэмжээг өөрчлөн тогтоох тухай” 6/06 дугаар тогтоолын хавсралтын 6-д “70-80 тонны даацтай ачааны машин 400,000 төгрөг, 10-д чиргүүл /тонн тутмаас/ 6000 төгрөг байхаар” заажээ.
2.6. Нэхэмжлэгчээс “... хариуцагч нар өөр өөр төрлийн, тус тусдаа улсын бүртгэлийн дугаартай байдаг автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл буюу чиргүүлийн татварын хэмжээг ачааны автомашины татварын хэмжээгээр тооцон тогтоох нь хууль зүйн үндэслэлгүй, ... чиргүүлийн албан татварын хувь хэмжээг тогтоохдоо тухайн тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт, тэдгээрийг тооцон автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтоосон албан ёсны даацын хэмжээгээр тооцох ёстой байтал улсын байцаагч нар өөрөө даацын хэмжээг тодорхойлох, эсхүл тодорхой хугацаанд ачсан ачааны хэмжээгээр тооцох зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй, ... гэрчилгээнд холбогдох бичилтийг хийсэн тул татварын байгууллага, улсын байцаагч хууль ёсны энэ мэдээллийг үндэслэх ёстой, ачааны машины татварыг чиргүүлд тооцож байна, эдгээр нь тус тусдаа улсын бүртгэлд бүртгэгддэг тээврийн хэрэгслүүд ...” гэж, харин хариуцагч нар “... “Э.И.С.Т” ХХК 1 машинд дунджаар 70-80 тонн нүүрс ачсан, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд заасан 44,2 тонны даацаас хэтрүүлж нүүрс ачсаныг тогтоосон, даацаа хэтрүүлж илүү ачсан нь хууль бус, үүнд татвар ногдуулсан, тус компанийн нүүрс тээврийн экспортын мэдээгээр 66.05 тонноос 75.0 тонны ачилт хийн тээвэр хийсэн байх тул яав ч 44, 23 тонны даацтай машин дээр 66-75 тонн ачих боломжгүй, ... удирдамжийн дагуу тухайн тээврийн хэрэгслийг 65 ба түүнээс дээш тоннтой гэж тооцон албан татвар ногдуулна” гэх зэргээр тус тус тайлбарлан маргасан.
2.7. Хэрэгт “Э.И.С.Т” ХХК-ийн 2020 оны авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг авто машин, чиргүүлийн дугаар тус бүрээр тэмдэглэж төлсөн татвар болон төлөх ёстой татварын зөрүүг тооцоолон ирүүлсэн байна. Үүнд “Э.И.С.Т” ХХК-ийн 7*** ХОА, 6*** ХОА, 4*** ХОА зэрэг дугаартай нийт 28 автомашины автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварыг тухайн авто машины гэрчилгээнд 30400 кг, 26400 кг зэрэг өөр өөр даацтай байгаагаас үл хамааран 20,000 төгрөгийн татвар ногдуулж төлсөнтэй холбогдуулан зөрүү үүсээгүй гэж тооцсон байна.
Харин 0*** УЧ улсын дугаартай, 44200 кг-ын даацтай, 6***БЧ улсын дугаартай 23300 кг-ын даацтай чиргүүл бүрт ижил дүнгээр буюу 400,000 төгрөгөөр тооцож, тодруулбал “Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн “Э.И.С.Т” ХХК-ийн нүүрс тээврийн экспортын мэдээгээр 66.05 тонноос 75.0 тонны ачилт хийн тээвэр хийсэн байх тул яав ч 44, 23 тонны даацтай машин дээр 66-75 тонн ачих боломжгүй” гэж үзэж нэхэмжлэгчийн төлсөн татвараас зөрүүг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй байна.
2.8. Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулах бөгөөд энэ тохиолдолд нийт 28 авто машинд болон чиргүүл тус бүрд нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан үнийн дүнгээр татвар ногдуулах эсэх, ингэхдээ машины ачсан ачааны хэмжээг харгалзаж эсхүл тээврийн хэрэгслийн гэрчилгээнд заасан даацын хэмжээг үндэслэн татвар тооцох эсэх нь уг маргааныг үүсгэсэн байна.
2.9. Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны “Татварын хэмжээг өөрчлөн тогтоох тухай” 6/06 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад 1 тонн хүртэл даацтайгаас 100 тонноос дээж даацтай ачааны машины албан татварын хэмжээг 25000-550000 төгрөг хүртэл байхаар, чиргүүлд даацын 1 тонн тутамд 6000 төгрөг байхаар тодорхой заасан бөгөөд хэрэв гэрчилгээнд заасан даацын хэмжээгээр татварыг тооцно гэж үзвэл ямар учраас өөр өөр даацтай 28 ширхэг ачааны машины толгойд ижил хэмжээгээр 20000 төгрөгийн татвар төлсөн гэж үзээд, 28 ширхэг чиргүүлд нийт экспортоор ачсан ачааны хэмжээг хувааж дээрх 6/06 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 6 дахь хэсэгт заасан “ачааны машин 70-80 тонн даацтай” гэх ангилалд хамааруулан ногдох татварыг тус бүр 400000 төгрөгөөр тооцож байгаа нь ойлгомжгүй байна.
2.10. Давж заалдах шатны шүүх хуралдаанд толгой машинд юуг үндэслэж 20000 төгрөгийн татвар төлсөн гэж тооцоолсон талаар тодруулахад нэхэмжлэгч “... энэ тоог татварын улсын байцаагч нар тайлагнана, чирэгч толгойнд татварын зөрчил байна гэсэн акт гаргаагүй учир чирэгч толгойнд төлсөн татварын баримтуудыг хэрэгт өгөөгүй” гэж, хариуцагч “... автотээврийн хэрэгслийн татвар ногдуулсан, гаалийн татвар биш, 20000 төгрөг төлсөн талаарх баримтууд хэрэгт авагдсан, өөрсдөө 20000 төгрөг төлснөөр тайлагнасан, бид зөвхөн чиргүүлийн тонн тутмын зөрүүнд акт тавьсан, бусад толгой машинд акт тавиагүй” гэх тайлбарыг хийсэн.
2.11. Дээрхээс үзвэл 6/06 дугаар тогтоолд ачааны машин болон чиргүүлд өөр үнээр татвар тооцохоор заасан байхад 28 ширхэг чирэгч толгойн татварт ямар учраас тус бүр 20000 төгрөг төлснийг нягтлан шалгаагүй атлаа чиргүүлд төлөх татварын хэмжээг нийт тээвэрлэсэн нүүрсний хэмжээг дундажлан 70-80 тонн даацтай ачааны машинд хамааруулан тус бүр 400000 төгрөгөөр тооцсон байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулж, холбогдох баримтыг бүрэн цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
2.12. Түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/10 тушаалаар батлагдсан “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг зохион байгуулах ажлын удирдамж”-ийн 4.3.5-т “Уул уурхайн хүнд даацын тээврийн хэрэгслийн хувьд ... МNS 6278:2011 стандартыг баримтлан даацын хэмжээг 65 тонн ба түүнээс хэмжээгээр тооцож АТБӨЯХ-ийн албан татварыг ногдуулах, Үүнд: Уул уурхайн хүнд даацын Howo8 Sino truck, LCT, CIMC, JIDONG гэх мэт маркийн тээврийн хэрэгсэл, чиргүүл хамаарна...” гэж заасанд нэхэмжлэгч компанийн эзэмшиж буй тээврийн хэрэгсэл, чиргүүл хамаарах эсэх талаар тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр дүгнэлт хийж хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.
3. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, тэдгээрийг нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтад хамаатуулан харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн эсэхийг хянах боломжгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 723 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН